Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эдийн засгаа нээх тухай асуудал Америкт яаж шийдэгдэх бол гэж бид бүгд анхааралтай ажиглаж байна.

Энэ тэнд эдийн засгаа нээхийг шаардсан цуглаан болж байна. Манай мужид хүртэл Huntington Beach-д болсон. Та бүхэн анзаарсан байлгүй бүгд Шарыг дэмждэг хот, мужуудад ихээр гарч байгаа. Манай хүн хатгаад байгаа л даа. Мичиганыг чөлөөл, Виржинааг чөлөөл, Миннесотаг чөлөөл гэхчилэн бүгдийг том үсгээр бичиж жиргэсэн. Өөрөө бол том компани, бизнесүүдийн удирдагчдын шахалтанд. Жагсаад байгаа хүмүүс түүний болон бусад баячуудын золиосны хүмүүс гэдгээ мэдээгүй л орилцгоож байгаа нь өрөвдмөөр. Аз болж гайгүй өнгөрвөл яахав, хэрэв олноор өвдөөд, амь нас нь аюулын ирмэгт тулаад ирвэл нэг юм толгойд нь орох байх даа. 1,2 сард "үнэг" тв-ээр мань хүн болон нэвтрүүлэгчид нь бүх юм зүгээр, ажилдаа явж болно, вирусаас айх юм байхгүй, дулаан болонгуут л алга болчихно гэх зэргээр пропоганда ярьж байсныг санаж байна уу? Тэгвэл нэгэн ашгийн бус байгууллага хүмүүсийн амь насыг аюулд оруулсан гэдгээр уг тв-ийг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Удахгүй бүр баталгаатай нас барагсдын төрөл садангууд тэдний буруугаас болж амь насаа алдсан гэж нэхэмжлээд явчих өндөр магадлалтай. Бүх зүйлийг нь хуульчид хаацайлаад хаацайлаад олон тооны амь нас алдсаныг аргалж чадах болов уу даа. Шар маань нөхцөл байдлын хүндэрсэн шалтгааныг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд, мэдээлэл нуусан, хоцруулсан гэдгээр Хятадыг, хэдийгээр 3 жил гаруй ажиллаад байгаа ч бэлтгэл муу үлдээсэн гэдгээр өмнөх ерөнхийлөгчөө болон бэлтгэлгүй байснаар мужийн захирагч нарыг тус тус буруутгаад байгаа.

WSJ-д түүнтэй ойр ажилладаг хүний хэлснийг буулгаснаар бол мань хүн эдийн засгийн зөвлөгч нараасаа амжилттай болбол өөрийнх нь нэр хүндэд сайнаар нөлөөлөхийн хамт хэрэв буруудсан зүйл гарвал хэн нэгэн үрүү түлхэж болохоор тийм уян хатан эдийн засгийн төлөвлөгөө гаргаж өгөхийг шаардсан ба түүний зөвлөгч нар ийм эсрэг тэсрэг 2 зорилгыг биелүүлэх боломжгүйг хэлсэн нь ч "түүний ойлгож хүлээн авсан эсэх нь эргэлзээтэй" гэжээ. Түүний хувьд өөрийгөө магтуулах, мөнгөний хувьд ашигтай байх, энэ жил буучихвал ерөнхийлөгч учраас аргалаад байсан олон асуудлууд гарч ирэх тул бүх боломжоороо суудлаа авч үлдэх зэрэг нь юу юунаас чухал. Ямар сайндаа л дэм тэтгэмжийн чек дээр The department of treasury гэдгийн оронд өөрийнхөө нэрийг тавихаар болсон байхав. Улсаас өгч байгаа туслалцаан дээр өөрийнхөө сонгуулийн рекламаа хийхээ мартсангүй мань хүн.

Шарын талаар бичихэд хүрдэг нь түүний бодол санаа үйл хөдлөлөөс хэдэн сая хүн, түүний дотор өчүүхэн миний амь нас, нөхцөл байдал хүртэл шалтгаалж байгаа учраас тэр юм шүү. Мужууд нээх эсэхээ өөрсдөө шийд гэсэн гэж өмнө нь бичсэн дээ. Одоо болохоор манай хүн надад л ганцхан бүрэн эрх нь байгаа тул би шийднэ гэчихсэн нь ярьж байна.
Эдгээрээс харвал бэлтгэл бүрэн хангагдаагүй, оношлуур, эмнэлгийн бусад хэрэгслийн хүрэлцээ муу хэвээрээ, эмчилгээ, халдвар тархалт, дархлаа үүсч байгаа эсэх нь бүрэн хэмжээгээр тодорхой болоогүй байлаа ч эдийн засаг муу байвал сонгогдох магадлалыг бууруулах тул дээр нь өөрийн нэр хүндэд сайнаар нөлөөлнө гэж тооцоолбол нээх шийдвэр гаргах нь ойлгомжтой харагдаж байна. Тэрээр мужийн захиарагч нарт эхнээсээ дарамт үзүүлж эхэлсэн гэж бичигдсэн харагдана. Гэхдээ ядаж алслагдсан, хүн багатай, өвчлөл багатай мужуудаасаа эхлэх байх гэж найдаж байна.

Манай мужийн захирагч бусад захирагч нараас "зөвхөн зөв юмыг л хийгээрэй. Үүнд улс төрийн ашиг бүү хараарай. Бидний цуг орчихсон энэ нөхцөл байдалд ардчилсан намынх байна уу, бүгд намынх байна уу хамаагүй шүү" хэмээн хэт эрт нээхгүй байхыг гуйж байна лээ. Гэтэл манай хотын харьяа Placerville county хөл хориог цуцлахыг мужийн захирагчаас хүссэн гэж хотын маань төв хэвлэлд бичжээ. Дээр доороос шахалт гарч эхлэх нь дээ. Хэрэв хөрш мужууд, хотууд нээгдээд ирвэл дархлаагаа л сайн байлгах тал дээр ажиллана шүү хэдүүлээ. Мөн дархлааны оношлуул боломжтой болмогц өгцгөөе. Дархлаа тогтсон байвал ёстой айдгаа авдартаа хийчихсэн гэсэн үг.

Солонгост өвдөөд эдгэрсэн 160 гаруй хүн дахин вирустэй гарчээ. Өөрөөр хэлбэл вирус хүний биед удаан хугацаагаар хадгалагдаж үлддэг байх нь. Эдгэрсэн хүмүүсээс ханиагаад эхэлсэн нь сайн дуруураа шинжилгээ өгчээ. Мөн ямар нэгэн өөр шинж тэмдэггүй байсан нь ч өөрсдөө мэдрээд хүрч ирсэн гэжээ. Эдгээр хүмүүс бүгд 2 удаа шинжилгээ өгч вирусгүй болсон гэдгээ нотлоод эмнэлгээс гарсан, бусдаас тусгаар байсан хүмүүс гэж байна. Судалгаа шинжилгээг хариуцсан эмч нар дарагдсан вирус нь "дахин идэвхжидэг" гэж үзэж байна. Айхтар золиг юмаа энэ вирус. Энэхүү судалгаа үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд Солонгосын ЗГ-аас үр дүнг албан ёсоор гаргахад наад зах нь сар шаардагдах аж.

Тэгэхээр өвдөж байсан хүмүүсийг дахин дахин шинжлэхэд хүрэхнээ дээ. Гэтэл оношлуур нь хүрэлцээ муутай байдаг.

Түүнчлэн Хятад, Япон, Энэтхэг улсуудаас эдгэрсэн хүмүүсээс дахин эерэг үзүүлэлттэй тохиолдлууд гарсныг мэдээлжээ.

Эмч, судлаачдын толгой эргэж гүйцэж байх шиг байна. Корона вирус нь хүний биеийг 2 шаттай колончилдог. Эхлээд амьсгалын замын дээд хэсгүүд хамар, синус халдварладаг. Халдвар хүндрэх үед амьсгалын системийн доод хэсэг, уушгинд халдварлах ба энэ үед дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа оношлуураар тогтооход хэцүү болж ирдэг аж. SARS, MERS зэрэг өмнөх коронагийн төрлийн вирусуудад ингэж дахин идэвхжих, дахин халдварлах тодорхой тохиолдлууд бүртгэгдээгүй гэж London College их сургуулийн профессор Deenan Pilay өгүүлжээ.

Солонгосын эрүүл мэндийн албаны ажилтнууд оношлуурын чанар үүнд хамаарахгүй гэж үзэжбайна. Учир нь энэхүү оношлуурыг үйлдвэрлэгч компани болон лабораторийн мэдэгдсэнээр шинжилгээний дүн 95% найдвартай гэжээ.

ДЭМБ Солонгосын ажилтнуудтай холбогдсоны дараа эдгэрсэн бүх хүмүүс эсрэг биет үүсч дархлаа тогтохгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. Дээрх тохиолдлууд эмнэлгээс гарснаас хойш дунджаар 13.5 өдрийн дараа гарсан байгаа бөгөөд энэ нь өөр хүнээс дахин халдсан байх магадлалыг бууруулж байгаа юм гэж Солонгосын CDC байгууллагаас мэдээлэлд дурджээ. Хамгийн анхны 73 настай өвчтөн эмнэлгээс 2/22-д эмнэлгээс гарсныхаа 5 дараа хоногийн дараа бага зэргийн вирусын шинж тэмдэг үүссэн тул клиник утастжээ. Уг өвчтөн эмнэлгээс гараад гэртээ ганцаараа тусгаарлагдсан ба 5 хоногт хэн нэгэнтэй харьцаагүй байсан аж. Тест өгөхөд эерэг гарсан тул 2/28 буцаж эмнэлэгт хэвтжээ. Насны байдлаас хамаарч дархлаа нь сул байснаас хангалттай хэмжээнд эсрэг биет үүсч чадаагүй гэж эмч нар үзжээ.

Хятадын ЗГ-аас өмнө мэдээлсэн Ухань хотод гарсан нас баралтын тоо гэнэт ихэссэн нь (1290 байснаа 3869 болсон) өмнө нь гэртээ, асрамжийн газар, шорон зэрэгт нас барагсдыг дутуу тоолсноос үүдэлтэй гэж албаны хүмүүс нь мэдээлжээ. Америкийн байдлаас харвал яаж ч байсан энэ тоо нэлээд дарагдсан тоо байх магадлалтай юм. Хятад гэлтгүй Америк ч гэсэн энэ тэнд хөгшчүүлийн асрамжийн газар гэхчилэн дарагдсан тоонуудыг нэмвэл тоо өгсөх байхаа даа.

UC Davis medical center-ээс New England Journel of Medicine-д нийтлүүлсэн судалгаан дээр тус эмнэлэгт болон олон улсын эмнэлэгүүдэд корона вирусээр хүндээр өвчилсөн хүмүүст эбола өвчнийг эмчлэхэд зориулсан remdesivir эмээр эмчлэхэд 2/3 нь бие нь сайжирсан гэсэн байна. Эмнэлгүүдэд хэвтсэн 23-82 насны хүндрэлтэй амьсгалж байгаа болон амьсгалын аппаратанд орсон 53 өвчнүүдэд уг эмийг эхний өлөр 200 мгр, бусад өдөр 100 мгр-аар 9 өдөр тасралтгүй өгөхөд 34-д нь хүчилтөрөгчийн түвшин нь нэмэгдсэн, амьсгалын аппараттай байсан 30 өвчтөний 17 нь аппаратнаасаа гарч, 53-ийн бараг тал нь эмнэлэгээс гарсан байгаа. 53-ын 7 нь нас барсан ба эдгээр хүмүүсийн олонх нь 70-аас дээш насныхан, бөөрний ажиллагаа муутай хүмүүс байсан гэж дурджээ. Эдгээр эрдэмтэд арай өргөн хэмжээнд авсан судалгааныхаа үр дүнг хүлээж байгаа юм байна. Мөн энэ эмний талаар өөр хэд хэдэн судалгааг олж харлаа. Ерөнхийдөө л хүндэрсэн өвчтөнүүдэд үр дүнгээ өгч байна гэж ойлголоо.

Өө мартсанаас Covered CA эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх special enrollment period тусгай хугацааг дахин сунгаж 6/30 болгосон байна шүү. Хэдийгээр өнгөрсөн жилээс улсын хэмжээнд заавал эрүүл мэндийн даатгалтай байх албатай биш болсон нь 20 оноос СА иргэд заавал эрүүл мэндийн даатгалтай байх, үгүй бол торгууль ноогдуулах болсныг та бүхэн мэдэж байгаа байх.

Маргааш бүтэн өдөр ажиллах тул ингээд мэдээллээ оруулчихлаа.
Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу