Раажав сонсоод ажлаа хийж буй нь. Долгион бол FM88.5

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын өглөө эрт Нью Йорк мужийн захирагч Андрью Куомогийн мэдэгдлийг бүтэн сонслоо. Эмх цэгцтэй, илэн далангүй, найрсаг сайхан ярьж байна. Улс төрч хүн бол манлайлагч байх, манлайлагч хүн л ийм байх ёстой доо гэсэн сэтгэгдэл төрөв. Манай мужийн захирагч Гэйвн Ньюсом, Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп ч бас лут илтгэх юм аа. Хүнд бэрх цагт тэд ард түмэнтэйгээ цуг байж, зөв буруугаа хэлэлцэж, асуудлын ард хамтдаа гарахыг хичээдэг юм байна. Орос, Хятад, Англи, Франц, Япон, Герман, Итали, Испанийн тэргүүлэгчид бүгд үлгэр жишээ сайн харагдаж байна. Манлайлна гэдэг маш чухал авьяас билэг юм байна шүү. Яах гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Канцлер, мужийн захирагч болсон билээ дээ, үүрэг хариуцлага нь нэн өндөр, үзэл бодол нь ил тод байна.

Хохирол их амссан улс орнуудын удирдагчид Хятадтай санхүүгийн хохирлын тооцоо хийнэ гэж ярьж байсан бол одоо Хятадыг тэд эрчимтэй шахаж эхлэв. Герман улс корона вирусын улмаас гарсан хохирлыг тооцож, 130 тэрбум фунт стерлингийн өр Хятадаас нэхлээ гэж мэдээлж байна (хуурамч мэдээлэл гэж зарим хүн хэлэв). Ямар ч байсан хүнд байдалд орсон улс орнууд сэхээ авахаараа Хятадаас төлбөр нэхэх янзтай. Цаг хугацаа үүнийг нотолно биз ээ. Ингээд Хятад улс гадагшаа алдсан корона вирусын хариуцлагыг үүрэх нь тодорхой болж байна. Хятадын засгийн газар маш их хэмжээний дарамт, үзэн ядалт гаднаас ирнэ гэдгийг тооцоолон мэдэж, түүнд хариу өгөхөөр бэлдэж эхэлсэн ажээ. Саяхан Хятадын Шиньжанд хийсэн цөмийн зэвсгийн туршилт сансраас илэрч, том гүрнүүдийн дургүйцлийг илт хүргэжээ. Цар тахлаас сэхээ авах цагт эдгээр орнуудын Хятадтай харилцах харилцаа хүйтэн дайны хэмжээнд хүрэх вий гэсэн таамаг бий боллоо. Монгол жижиг улс учраас томчуудын зодооныг чимээгүй зайнаас харах хэрэгтэй болно. Манай улсад бол Орос, Хятадын харьцаа хэрхэн өрнөх л туйлын чухал билээ.

Америктаа цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Нью Йорк мужийн захирагч Андрью Куомо эмнэлэгт хэвтэх өвчтөний тоо буурсан хэдий ч өчигдрийн байдлаар 1300 хүн хэвтлээ, нугарч байна гээд тайвширч баярлах зүйл огт биш, өчүүхэн амжилтдаа ер ташуурч болохгүй, бидний өмнө хүнд өдрүүд үргэлжилнэ, Ерөнхийлөгчийн баг сайн ажиллаж буй болохоор тооцоолсноос бага хохирол амсаж байна гэх зэргээр ярив. Миний бодлоор бол цар тахлын тархалт нааштай болсон нь тус мужид коронатай тэмцэх галын шугам дээр дайтаж буй 85 мянга орчим эмч, эмнэлгийн ажилчдын гавьяа юм. "Дэлхийн 2-р дайны ялалтыг нүүрэн эгнээнд тулалдсан эгэл орос цэрэг авчирсан" хэмээн маршал Жуковын хэлсэн алдарт үг бий. Түүнтэй агаарнэгэн зүйл болно биз ээ.

ДЭМБ-гаас санаачилсан бүх оддын онлайн тоглолт дэлхий нийтэд эв эеийг хичээж, нэгдэн нягтрахад маш чухал сэтгэлийн дуудлага боллоо. Олон улсын ямар ч байгууллага монголчууд бидэнд тун чухал хэрэгтэй билээ. Монгол цэрэг энхийг сахиулах үйл хэрэгт оролцох болсон нь Монголын тусгаар тогтнолыг бататгаж, нэр хүндээ дэлхийд өргөсөн ариун үйлс болсон билээ. Манай улс хойшид мэргэжлийн аврах баг бий болгож, дэлхийн хэмжээний тахал хижгийн голомт, байгалийн аюулаас аврах үйл ажиллагаанд оролцуулж, олон улсад нэр төрөө алтан соёмбот далбааны хамт мандуулах боломж бидэнд байна.

Энэ их улсад тархан суугаа бидний цөөхөн монголчууд цар тахалд өртөж буй нэгэнтэйгээ хэрхэн холбогдож, мэдээлэл солилцож, ямар замаар туслах талаар эмч найз нар маань ярилцаж байна. Анагаах төгссөн андууд мэйсэжээр холбогдоорой!

Ш.Баатар
2020.4.19

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу