Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амар сайн уу манайхан.

Өнөөдрийн байдлаар Америкийн хэмжээнд үхлийн тоо 33 мянга орчим, үүнээс 15 мянга орчим нь Нью Йоркт, СА мужид 821 гэж бүртгэгджээ. Нийтдээ 3 сая орчим хүн шинжилгээ өгсөн ба эдгээрээс 700 мянга гаруй нь вирустай гарлаа. Үүний хамтаар хүнд өвчтэй хүмүүсийн гэр бүлүүд эдгээж магадгүй найдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн цусны плазмаа ихээр хайж байна. Нью Йоркийн The independent blood center, түүний Maryland, Kansas, Missouri мужийн салбаруудад элгэрсэн хүмүүсээс цусны хандив авч эхэлжээ.

The Northeastern-ийн судлаачид хэрэв хөл хориогүй байсан бол Америк дахь нас баралт 159 мянга байх байсан. Ойролцоогоор 100 мянган хүний амийг аварсан гэж үзжээ. Түүнчлэн энэ сарын сүүлчээр нас баралт 53 мянга хүрэх ба хэрэв хөл хориогүй байсан бол энэ тоо 584 мянга хүрэх байсан тул нийт хагас сая хүний амийг аврах болно гэжээ. Тэд хамгийн хохирол багатайгаар эдийн засгаа нээхийн тулд маск хэрэглэж, эмзэг бүлгүүдийг тусгаарлаж, шинжилгээг өргөн хүрээнд хийж, халдвартай хүнийг хайж олж тусгаарлаж явдал гэж байна.

Хэн нэг нь нууцаар мэдээлсний дагуу New Jersey нэгэн хотын хөгшчүүлийн асрамжийн газар 18 цогцос олдсон байна. Мөн хэд хэдэн газрууд, түүний дотор манай мужийн нэгэн асрамжийн газар өвчин тусахаас айгаад олон тооны ажилчид ажилдаа ирээгүйгээс муж, хотын захиргаанаас хөгшчүүлийг нүүлгэж өөр газар байршуулахад хүрсэн тохиолдлууд гарсан байгаа. Мөн олон газрууд хөгшчүүлийн үхлийн шалтгаан, тоог нууж дарж байгаа. Монголд ч бай, америкт ч бай, хичнээн тансаг асрамжийн газар байсан нь ч насны эцэст тэнд амьдрах нь оновчтой шийдэл биш гэдгийг л бидэнд хэлээд байна л даа. Тэнд ажиллагсдын олонход нь сэтгэл гээч зүйл бараг байдаггүй. Аав ээж нь Хүүхдээ өсгөж өндийлгөсөн, насны эцэст эргээд аав ээжээ асарч өргөх нь амьдралын жам юм даа. Үүнийг л хүүхдийнхээ толгойд хийгээд явах нь зөв. Ялангуяа өөр соёлд өсч байгаа үеийхэнд.

Үхэлтэй зэрэгцээд тархалт бага байгаа алслагдмал хотуудын оршин суугчид хөл хориог зогсоож эдийн засгаа хөдөлгөж эхлэхийг мужийн захирагчаасаа шаардсан жагсаал гарч байна. Хэцүүхэн хүмүүс нь өөрсдийгөө тусгаарлана биз, бид ажилламаар байна гэцгээж байна. Нэг бодлын бас хэцүү л байгаа байлгүй хөөрхий. Эхний үед ажилгүй болсон хүмүүс дээр нэмэгдээд 2 дахь давалгаагаар цагаан захтнуудаас нэлээд нь ажилгүй болж байх шиг байна. Гэхдээ бэлтгэлээ базаахгүйгээр нээж орхивол бүгд баларна биз дээ. CDC захирлын мэдэгдсэнээр хүндрэл багатай 20-оод мужууд 5/1-ээс "онгойход" болно гэж үзжээ.

Гавин бид 2 хэ хэ антибоди дархлааны шинжилгээнд их найдвар тавиад байсан даа. Уханьд өвчлөлийн төв болж байсан эмнэлэг дээр дархлааны шинжилгээг ажилдаа эргэн орсон, ямар нэгэн шинж тэмдэг үзүүлж байгаагүй хүмүүсээс олноор аваад эхэлсэн байна. Нийт 3600 эмч сувилагч, цэвэрлэгч, харуул хамгааоалт гэхчилэн эрүүл мэндийн ажилчид, ажилтнууд, дээр нь 5000 орчим шинжилгээ өгөх гэж ирсэн, эсвэл эргэлтийн хүмүүс оролцжээ. Үүний үр дүн нь найдвар тавьж байгаа бусад улсуудад сайн болон муу мэдээг авчирлаа. Сайн мэдээ нь өвчтэй гэж шинжлэгдсэн хүмүүсийн тооноос давсан хэмжээнд олон тооны хүн эсрэг биеттэй гарсан нь олон тооны хүн өөрсдөө мэдэлгүйгээр ямар нэгэн шинж тэмдэггүй, эсвэл бага хэмжээний шинж тэмдэгтэйгээр тусаад, одоо дархлаатай байх магадлал өндөр байна. Гэвч муу мэдээ гэвэл эдгээр хүмүүсийн тоо нь "herd immunity” дархлааны сүрэг үүсэх хэмжээ буюу вирус орж ирээд шууд устах нөхцөл болох 50-аас дээш хувьд хүрэхгүй байгаа явдал юм. Уханийн нэг эмнэлэгийн ажилчдын 2.4%, одоогоор эмчлүүлж байгаа өвчтөнүүд, эргэлтийн хүмүүс, ажилд орохоор тест өгсөн хүмүүсийн дөнгөж 2-3 % нь эсрэг биеттэй гарчээ. 50% хүртэл яагаа ч үгүй байх нь. Эдгээрээс дүгнэж тус эмнэлгийн ерөнхий эмч вакцин нь л эцсийн найдвар болж байх шиг байна гэжээ. Ирэх 3 дахь гэхэд Ухань хотын харуул хамгаалалт, таксины жолооч гэхчилэн нийт 11 мянган гаруй иргэдээс дархлааны шинжилгээ авахаар мэдээлжээ. Үүнтэй адилаар Шанхай, Бээжин зэрэг том хотууд, 9 мужуудад ийм өргөн хэмээний шинжилгээ хийх аж. Үүний үр дүнг харж байж бусад улсууд хөдөлж эхлэх байх. Мөн дэлхий даяараа эсрэг биеттэй хүмүүсийн дархлаа нь ямар түвшинд байна гэдгийг мэдэх маш чухал байгаа. Үнэхээр дахиж тусахгүй болж чадаж байна уу гэдэг.

Авахаас Европид нийгмийн халамж сайн юмаа. Герман, Францад гэхэд л улсын тэтгэмжээр олон сая хүний цалинг олгосоор байгаа гэж байна лээ.
Эдийн засгаа Европод зарим улсууд үе шаттайгаар нээж байна. Герман хамгийн түрүүнд ирэх долоо хоногоос Volkswagen үйлдвэр, жижиг дэлгүүрүүд ажиллаж эхэлнэ гэнэ. 5/4 гэхэд сургуулийн том ангиудаас эхлээд хичээл орж эхэлнэ. Харин бар, ресторан онгойхгүй, том нийтийн үйл ажиллагааг 8/31 хүртэл хориглосон аж. Эцэг эхчүүд сургуулийг нээх хүсэлтэй 18 мянган гарын үсэг цуглуулсны дүнд Дани улсад бага дунд сургуулиуд бөөн журам дүрэмтэйгээр хичээлээ эхэлжээ. Өдөрт 2 удаа сургуулийг ариутгаж, нэг ангид 10-аас дээш хүүхэд сууж болохгүй, ширээнүүд хоорондоо 2 метр зайтай байрлажээ. Гэрээс нь хэн нэг нь өвдсөн бол хүүхэд гэртээ үлдэх ёстой гэх мэтчилэн. Ахлах болон коллеж их сургуулиуд 5 сарын дундуур хичээл эхлэхээр төлөвжээ.
Эдгээр улсаас түрүүлж хэцүүдсэн азийн улсуудад сургууль хаалттай хэвээр байгаа.
1.3 тэрбум хүн амтай Энэтхэг 500-аас доош хүн вирусаар оношлогдож, 10 үхэл бүртгэгдсэн үеэс нэлээд хатууд тооцогдож байгаа хөл хорио тогтоосон, үүнийгээ 5/3 хүртэл сунгажээ. Одоогоор баян улсуудыг бодвол нөхцөл байдал харьцангуй гайгүй байна гэж үзэж байна. Хэдийгээр ядуу ч энэ оронд хэд хэдэн давуу тал байгаа. Энэтхэг орон дэлхийн хамгийн залуус ихтэй орны нэгд ордог. Хүн амын дөнгөж 6% нь 65-аас дээш насныхан (Италид 23%, Америкт 16, хятадад 11%). Хөгшчүүлд голдуу хүнд тусаад байгаа өвчин тул нэг давуу талыг өгч байна. 2-т зарим судлаачдын үзэж байгаагаар халуун орны цаг агаар вирусын халдварыг бууруулж байна гэж үзэж байгаа. Энэтхэг ч халуунаараа алдартай. 3 дахь нь хүүхдүүдээ төрөнгүүт нь тарьдаг сүрьеэгийн вакцины ач тус байж магад гэж үзжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт 7 хоногийн дотор вирустай гэж оношлогдсон хүмүүсийн тоо 4,400 байснаа 10,400 болжээ. Оношлуурын хүрэлцээгүйгээс олон хүн өгч чадахгүй байгаа байх. Хүн амын нягтрал ихтэй энэ орон яаж давж гарах болдоо. Вирусээс илүүтэй өлсгөлөнгөөр их хүн нас барах байхаа даа яана даа.
Халуун дулаан оронд вирусын хор хохирол бага байна гэсэн яриа, судалгаа их гарч байгаа. Корона вирус нь үнэхээр халуун тэсвэрлэж чаддаггүй вирусын бүлгээс гаралтай аж. Ерөнхийдөө өөх, уургаар хучигдсан байдаг ба энэ бүрхүүл нь өндөр температурт хайлж хэлбэр дүрсээ алдсанаас вирусыг үйлчлэлгүй болгодог юм байна. Харин хамгийн удаанаар бага чийглэгтэй орчинд тэсдэг гэсэн. Монголын хүйтэн энэ тэр гээд байсан үгүй байх нь шүү.
Хонг Конгын их сургуулийн судлаачдын лабораторид хийсэн туршилтаар корона вирус 40F (4С) орчимд тогтнуун, 72F (22C) температурт яваандаа устжээ. Халуун гадаргуу, жишээ нь халуун хаалганы бариулаас арай хурдан алга болох жишээтэй. Гэвч хүний ханиад, найтаалтаас шууд авахад агаарын дулаан, хүйтэн тэгтлээ нөлөөлөхгүй гэж үзэж байна. Гэсэн нь ч доорх граффикийг харахад дулаан, чийгтэй орнуудад хүн амд ноогдох өвчлөл нь арай гайгүй байгаа биз?
Тэгээд бодохоор монгол маань дулаан нь ч биш чийгтэй ч биш байдаг. Харин Калифорни, ялангуяа Сакто ч шатаана шүү дээ зун. 90, 100F хүрэх бол энүүхэнд. Ядаж гадаргуу дээр тогтохгүй болох юм байна даа.

Калифорни мужийн хувьд мөн л Африк гаралтай америкчууд, дээр нь Хавай, номхон далай гаралтай хүмүүс бусад үндэстэнтэй харьцуулбал харьцангуй олон тоогоор нас барсан байна. Өвчилсөн болон нас барсан хүмүүс дээр ямар ямар суурь өвчин гол шалтгаанууд байна вэ гэхэд нөгөө анхааруулаад байсан астма чинь гол шалтгаанд орсонгүй. Харин таргалалт, сахарын өвчин, зүрхний архаг өвчтэй хүмүүс эрсдэл өндөртэйд оржээ.
Эдгээр хүмүүс ерөнхийлөө мяраалаг л даа. Таргалалт нэлээд том нөлөөлөлд тооцогдож байна. Хэрэв бусад эрсдэлийн хүчин зүйлсийг ижил хэмжээнд гэж тооцвол ковид вирустай тарган хүмүүсийн эмнэлэгт хэвтэх магадлал нь 6 дахин, эрчимт эмчилгээнд орох магадлал нь 1.8 дахин их байна гэжээ. Алхаад, гүйгээд, дасгалаа хийгээд байж дээ хэдүүлээ. Тэгээд ч нар салхинд гарахгүй бол D витамины дутагдал дархлааг бууруулна шүү дээ. Түрүүчийн 7 хоногт гарсан судалгааны дүнгээр хамгийн их үхэл ихтэй байсан Итали, Испани, Франц-ын дундаж D витамины түвшин бусад тахалтай тулалдаж байгаа орнуудтай харьцуулбал хамгийн доогуур байжээ. Нарны хэт ягаан туяанаас бидний арьс боловсруулж D витаминаа авдаг. Хар, бор, бараандуу арьстай хүмүүст цагаануудаас илүүтэй их D витамин шаардагддагийг мэдэж авлаа. Бидний арьс бодвол япон, хятадын арьсны ангилалтай адил биз. Хүний арьсны нарнытуяанд үзүүлэх үйлчлэлээр нь ангилдаг Fitzpatrick гэдэг ангиллаар монгол арьс Fitzpatrick IV орчим юм байна. Цагаануудаас 2,3 дахин илүү их D витамин буюу арай удаан хугацаанд гадаа байж байж л өдрийн нормоо авахнээ.

Муж маань эдийн засгийн хүндрэлтэй үед хэрэглэхээр сүүлийн 10-аад жил цааш нь хийж цуглуулсан 90 тэрбум долларын хөеөгөө идэж дуусч байх шиг байна. Аргагүй дээ. Наад зах нь гэхэд л эмнэлгиын тоног төхөөрөмж, хэрэгсэлд л тэрбум тэрбумаар нь зарцуулахад хүрч байна. Сая Хятадын нэг компанитай маск авахаар 1 тэрбум долларын гэрээ хийсэн гэж бичсэн байсан. Энэ сарын сүүлээр эхний хэсэг нь орж ирнэ гэсэн.
Одоо яахав дээ. Ийм л үед хэрэглэнэ гэж цуглуулсан юм чинь. Гэхдээ гайгүй ээ. Өнгөрсөн их хямралаар 60 тэрбум долларын төсвийн алдагдалд орж, төсвөө танаж байснаа бодвол ч цуглуулсан нөөцтэй орж байнаа. Эдийн засаг ажиллаж эхлэхгүй бол татвар төлөгдөхгүй тул төсвөө хасч багасгах байх.

Өвчлөл багасахын хэрээр Хятадад өөр үндэстэн, арьстан, гадаадынхныг ялгаварлан гадуургах, үндсэрхэг үзэл ихээр гарч байна гэжээ. Нэгд гадаадад хятадууд азиудыг ялгаварлан гадуурхсан, 2-т гадаадаас өвчин орж ирнэ гэдэг айдсаас болж байгаа болов уу. Тэднийг хэлэлтгүй өвчин зовлонгийн үед монголчууд маань ч гэсэн монголд гаднаас орж ирсэн вирустай гэсэн нэг үрүүгээ дайрч давшлах хандлага үзүүлж магадгүй санагдсан шүү. Айдсаас үүдэлтэйг ойлгож байна, гэхдээ хүн л юм чинь бидний нэг номерын үүрэг бол хүнлэг байх явдал билээ.
Өө тийм. Хятадын цөмийн туршилт хийдэг lop nur төв дээрээ туршилт хийхгүй байх гэрээгээ зөрчиж дэлбэрэлтийн бага хүчлэлээр цөмийн туршилт хийж байж магадгүйг 3/29-д хиймэл дагуулын зургаас харагдаж байна гэж WJS сонинд бичжээ. Тэр төв нь манай монголын баруун урд хэсэгтэй ойр, Казакстан хил залгаа оршдог цөлд байрладаг юм байна. Тарьсан балгаар нь дэлхий даяараа сандарч байхад бас зүгээр байж чаддаггүй юмаа дуракууд.

Зарим хүмүүс дэм тэтгэмжийн (thanks Chingis Gant "дэм " үгийг чинь авлаа) мөнгө нь ирээгүй талаар надаас лавлаж асууж байна. Дансны дугаар чинь татварын газарт бүртгэлтэй бол тийшээ чинь автоматаар орох ёстой. Хэрэв бүртгэлгүй бол шуудангаар чек ирнэ. Шууданд чекээ сарын сүүлчээр хийнэ гэсэн. Орлого багатайнуудаас эхэлж 7,7 хоногоор 5 сая чек илгээгдэнэ гэсэн шүү. Мөнгөө аваагүй хүмүүс татварын газрын сайт уруу орж шалгаж болно. Мөн "get my Payment" вэб хуудаснаас https://www.irs.gov/coronavirus/get-my-payment шалгаарай.

Нэмэлт: Эрдэмтдийн тогтоосон, маш тодорхой болоод байгаа зүйл бол: Гол халдварын зам нь вирус тээгчтэй 6 алхмаас ойр байхад, ялангуяа ханиах, найтаахад нь үсэрсэн шүлс ойр байгаа хүмүүсийн ам, хамарт орсноор дамждаг. Мөн вирустай зүйлд хүрсэн гараараа нүүр амандаа хүрснээс халдварлаж болно. Гэхдээ энэ нь гол дамждаг зам нь биш. Иймээс ч сошиал зай үүсгэхэд л халдварын хурд буурч байгаа биз дээ? Хэрэв эд зүйл, дэлгүүрийн хоол хүнс голчлон халдварладаг байсан бол хэвээр үргэлжлэх байсан бизээ. Мэдээж гадуур явж байгаа бол маск зүүгээд, машиндаа орж суухдаа гараа ариутгагчаар арчаад, гэртээ орж ирээд гараа сайн угаах нь зөв. Харин гадуур явж байхдаа нүүрэндээ хүрэхгүй байх чинь жаахан хэцүү тиймээ. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг нүүр ам энэ тэнд загтнаад хэ хэ. Хэдэн ариутгагчтай салфетка жижиг гялгар уутанд хийгээд цүнхэнд хийчихвэл зүгээр санагдсан. Гараа гялс арчаад, нүүрээ маажаад л. Энэ л чухал болохоос жишээ нь гэрт чинь гадны хүн хаалганы бариулаас бариагүй бол ариутгаад нэмэргүй л гэж бодоод байгаа юм. Хүн өөрөө л тээгч болчхоод гэртээ ирчихвэл бусад зүйлс огт хамаагүй болчихож байгаа юм л даа. Зарим нэг хүн арай хэтрүүлээд байгаа юм шиг санагдаад л бичив. За тэрийг миний монголчууд мэдэж байгаа байлгүй дээ.
2 дахь зүйл нь гэвэл бусдыгаа бага айлгаарай хүмүүсээ. Аймаар аймаар гарчиг өгөөд юм бичих юм, эсвэл шэйрлэх юм. Бусаддаа дамжуулж, мэдээлэл хүргэж байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ үнэн зөвийг нь магадлалгүй, эх үүсвэрийг шалгахгүйгээр дамжуулах чинь тус болохоосоо илүү хор хүргэнэ. Учир нь ихэнх хүмүүс авсан мэдээллээ магадлалгүй шууд хүлээгээд авчихна. Тэгээд айж сандарна, тавгүйтэнэ. Эрүүл мэндэд нь аюул авчирч байгаа биз? Жишээ нь масканд вирус шингээгээд явуулж гэнээ гээд л дамжуулаад байх юм. Эрүүл ухаанаар нэг бодоод үзээрэй. Тэрнээс болоод хүмүүс маскаа зүүхгүй болбол яахав? Сайн сайхан зүйл түгээхийн оронд зүгээр л үзэн ядах үзэл түгээх нь хэнд хэрэгтэй юм бэ? Тиймэрхүү мэдээллийг уншиж цаг үрэлгүй, шууд устгаж байгаарай миний монголчуудаа. Ер нь бол мэдээллийн чухал эх үүсвэрээ авдаг найдвартай сонин, мэдээллийн хэрэгсэлтэй болчихвол зүгээр байгаа юм. Жишээ нь миний бие либерал, консерватив үзлийг голчилдог сониныг аль алиныг нь захиалж дундаас нь харж дүгнэлт хийхээр зүгээр байдаг юм. Хэрэв завгүй, унших боломжгүй бол найдвартай хүний постыг уншаад явахад баримжаа авах нь зөв байх.

Сайн мэдээ:

- хувиараа хөдөлмөр эрхлэгч independent contractor -аар ажилладаг хүмүүс ( Business owners, Self-employed individuals, Independent contractors) ажилгүйдлийн тэтгэмж emergency benefits авах боломжтой болсон гэж өмнө мэдээлсэн тиймээ. Калифорни мужаас тэдэнд apply хийхэд амар болгож нэг дороос бүх асуудлаа шийдэх one-stop вэб сайтыг удахгүй бэлэн болгоно гэжээ. Төлөвлөсөн хугацаа нь 4/28. Өөрөөр хэлбэл 4/28 эхлээд Covid вирус улмаас ажилгүй байсан нөхцөл нь тэтгэмж авах нөхцөлийг хангаж байвал 2/2-3/28 хооронд долоо хоног бүрт $167, 3/29-7/25 хооронд $167 дээр нь $600 долоо хоног бүр, 7/26-12/26 хүртэл $167, нийт 39 хүртэлх долоо хоног тэтгэмж авах эрхтэй болно.
Одоо толгой эргэх зүйлгүй, өргөдлөө бөглөөд, нэг дор өөрсдөө баталгаагаа оруулаад, тэтгэмжээ 24-48 цагийн дотор авчихна гэж байна. Мөн асуулт гарвал мужийн EDD утастаарай. Хэдийгээр оффис нь өдөрт 4 цаг ажиллаж байгаа боловч энэ 1 дэхээс эхлээд 1-5 дахь өдөр утасны шугамаа өглөө 8-орой 8 хүртэл ажиллуулна гэнэ. Өөрсдөө бөглөөд бусаддаа туслаарай. Миний хувьд ажлуудаа хийж байгаа болохоор нэг бүрчлэн тусалж чадахгүй байх, болохгүй бол том хүүгээ жаахан дадлагажуулж бэлдэж өгөөд утсыг нь бас дахиад тавьчихнаа. Бусад мужид бас хэрхэн яаж түгээгдэх талаар EDD-аасаа мэдээлэл аваарай.

- манай гоё мужийн гоё захирагч маань дэм тэтгэмжүүдээс хүртэж чадахгүй байгаа бичиг баримтгүй иргэддээ нэг хүнд $500, гэр бүлд бол $1000-ийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэр гаргасан. Үүнд нийт 125 сая доллар зарцуулах бөгөөд үүний 75 саяыг нь мужаас, 50 саяыг нь буяны хандивлагчид өгч байгаа юм билээ. Хэрхэн яаж тараагдах нь тодорхой болмогц бичнээ.
Түүнчлэн хэрэв бичиг баримтгүй хүн клиник дээр шинжилгээ өгөх, эмчлүүлэх бол эдгээр зардлыг клиникт MediCal системээс гаргаж өгнө гэдгийг мэдэгдсэн. Иймд даатгалгүй иргэд санаа зоволтгүй очоод тест өгөөрэй.

- хүүхдүүдийн сургуулийн жилийн эцсийн шалгалтуудыг авахгүй гэсэн. Гэхдээ их сургууль, коллежийн элсэлтийн SAT, ACT хаврын тестүүдийг кэнсэлдсэн, намар 8-сарын сүүлийн долоо хоногт сургууль дээрээ, хэрэв сургууль нь хаалттай бол гэрээсээ онлайнаар SAT өгөх болж байх шиг байна. ACT-ийн хувьд гэрээсээ компьютер дээр өгөх тестийг намрын сүүлээр, эсвэл өвлийн эхээр санал болгоно гэжээ. Бодвол камераар хянах биз. Мөн UC-ууд энэ жилдээ эдгээр тестгүй оноогүйгээр өргөдөл бөглөж болно гэчихсэн байхаа. Уг нь монгол хүүхдүүдийн хувьд тестийн оноогоороо л олон хүүхдийн урд гарах боломжтой. Иймээс ирэх жил төгсөх хүүхдүүд хавар, зун сайн бэлдэж байгаад намар өгчихсөн нь л дээр байх гэж бодож байна.

- Алим компаниас 4/24-ээс $399 үнэтэй iPhone гаргана гэжээ. Хэмжээ нь 2014 загвартай ижил ч хүчин чадал хурд нь 11-тэй тэнцэх юм байх. Дэлхий дахинаа хүмүүсийн орлого багасч байгаад зориулж гаргаж байгаа юм байна. Хурдан сэтгэж, шийдвэр гаргаж байгаа юм даа. Багачуулд зүгээр утас юм биш үү.

- мужийн захиалгаар Idaho мужийн компанид үйлдвэрлүүлсэн амьсгалын аппаратын түрүүч 240 нь Сактод буулаа гэжээ. Нийтдээ 1000 захиалсан юм бх. Энэ нь мөн л хялбарчилсан загвар бололтой. Нэг аппарат 25-50 мянган үнэтэй байдаг бол энэ аппарат 5 мянга гэж байна. Аппаратын хомсдол гайгүй болох нь дээ.

- сактод шинжилгээ өгье гэвэл Cal Expo дээр машинтай очоод өгөх цэг ажиллаж байна. Аппойнтментаа Verily’s screening сайт дээр асуултанд хариулаад тест өг гэж гарвал хийгээд болоо.

- ухаалаг утсаар вирустай эсэхээ тогтоох туршилт хийж байна. Сонирхоод уншсан чинь амьсгал, ханиад, ярианы бичлэгээр тогтоох юм байна. Тэд вирус туссан хүмүүсээс хэдэн мянгаар нь дууны бичлэг хийж сан үүсгэсэн ба үүнийг тест өгөх хүмүүсийн бичлэгтэй харьцуулах аж. Ковидтой хүмүүс нэг хуурай өвөрмөц ханиадаг ба эмч нар тэр ханиадыг сонсоод ковидтой байх магадлалтай гэж тодорхойлдог юм байна. Энэ төсөл дээр voca.ai компани Carnegie Mellon их сургуультай хамтарч ажиллаж байна. Амьсгалын замын өвчин учраас бас л боломжийн нь л сонсогдож байна. Гүйцэд биш нэг тийм хуурай ханиад (цэргүй), халуурах, амьсгал давхцах нь ковид вирусын халдварын анхны шинж тэмдгүүдэд орж байгаа. Энэ шинж тэмдгүүд нь халдвар авснаас хойш зарим хүнд 2-14 хоногт илэрдэг, зарим нь нь туссанаа ч мэдэхгүй яваад дархлаатай болдог гэж үзээд байгаа.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу