Дүүгийн зүслүүлсэн, хурдан угсааны алаг унага. Манай нутагт бол халиун шаазгай гэдэг юм даа

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цар тахлын тархалтын улмаас Америкийн эдийн засагт томоохон хямрал нүүрлэсний нэгэн илрэл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн царцалт эхэлж байна. Ажилгүйдэл улам ихсэж, олон зуун мянган хүн байрны зээлээ төлөх чадвараа алдаж, шинээр байр худалдан авах хүмүүст хүлээлт үүссэн зэргээс байрны борлуулалт зогсож, хиймлээр хөөрөгдөж ирсэн байрны үнэ 20-30% буурч байна. Америкт байрны үнэ байршлаасаа шалтгаалж муж бүрд харилцан адилгүй өөр байдаг. Дундаж хэмжээний 3 өрөө байр Алабама мужид 80-100 мянган долларын үнэтэй бол манай энэ Бэй Аэриад 1.2-1.6 саяас дээш болсон байх жишээтэй. Уур амьсгал зөөлөн, хүн амын нягтрал, ажлын байрны олдцоос болж, Бэй Аэриад байрны үнэ асар их өссөн билээ. Үнийн хэт хөөрөгдөл цар тахлаас шалтгаалан ойрын үед бууж, цаашид бүр унах төлөвтэй болов. Орон байр авахаар төлөвлөж буй монголчууд маань ядаж нэг жил хүлээх хэрэгтэй байх аа.

Гэрийн хорионд буй хүүхдүүд онлайн хичээл хийх болсноор ашиглахад хялбар Зүүм, Гүүгл хангоут зэрэг программын хэрэгцээ эрс ихэсжээ. Хакерууд эдгээр програмд нэвтэрч хичээлийг үймүүлж бусниулах, зогсоох зэрэг саад тотгор болж байна. Зүүм програмыг хийхдээ сүлжээний нууцлалыг муу хийсэн нь илэрч, тус компаниас сайжруулах ажил эхэлсэн ажээ. Бид бол компанийнхаа сүлжээнд тусгай нууцлалтай VPN-ээр холбогдоод, Skype, Microsoft Messenger зэргээр дамжин ажлаа хийдэг болохоор хакеруудын элдэв довтолгоонд өртдөггүй. Эдгээрээс харж байхад яваандаа онлайн сургалт сайн хөгжих төлөвтэй байна.

Зай барихаас болж хүмүүсийн харьцаа их өөрчлөгдөж байгаа тухай раажаваар тодорхой ярьж байна. Гар барих, тэврэх, алгаа тулах (хай-файв) зэрэг мэндчилгээ корона вирусээс болж бүх арилах төлөвтэй гэнэ. Олон нийтийн газар ханиалгах ч бас асуудал болж байна. Өнөөдөр дэлгүүрт юмаа бичүүлэхээр дараалалд зогсож байтал нэг хүн хүчтэй ханиахад урд хойно нь байсан хоёр бүсгүй огло үсрэн зайлж, бусад хүмүүс "гадаа гар!" гэж хашгиралдав. Хилэн нь бадарсан олон хүний шахаанд орсон нөгөө хүн юмаа орхиод гадагш гарч харагдав. Хүн болгон нэг тийм айдас хүйдэст хүлэгдсэн нь илт байлаа. Уг ханиасан хүн ямар нэгэн харшилтай байж болно л доо. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр түүнийг бүгд л корона вирустэй гэж бодсон байж таараа. Бидний амьдрах орчин ийнхүү өөрчлөгдөж байна.

Найз нар маань гадуур махны үнэ нэмэгдэж байна гэж анхааруулаад байсан. Хүнсний дэлгүүрт үхрийн сайн чанарын махны үнэ лав нэг нугарчихжээ. 7 хоногийн өмнө ороход 400г буюу 1лб махны үнэ 5.99$ байсан юм. Өнөөдөр 11.99$ болчихжээ. Манай мужийн нэг махны үйлдвэрийн ажилчдад корона вирус туссан учир тус үйлдвэрийн үйл ажиллагаа удааширч, улмаар махны үнэ бага зэрэг өсөж магад хэмээн раажаваар ярихыг сонссон юм. Эндээс харахад эдийн засаг яг гангар шаазан мэт хэврэг болсон нь илт байна. Монгол хүн болохоороо махнаас өөр юманд бараг санаа зовохгүй байх чинь ээ.

Бүгд л хол ойрын мэдээг нүд чилээн үзэж, чих тавин сонсож буй гэж бодоод цар тахлын тоо баримтыг энэ удаад дурдсангүй. Биднээс үл шалтгаалан бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйд хэрхэн яаж амархан дасах хэрэгтэй вэ гэдэгт л сэтгэл чилээж сууна. Халуун бүлээн сэтгэл, харамгүй дулаан үгс бид бүхэнд хэрэгтэй цаг болсон байна шүү. Эрүүл саруул байвал бүх юмны арга эв аяндаа олдох тул дор бүрдээ хичээгээрэй андууд аа.

Ш.Баатар
2020.4.18

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу