Ид шидийн орны хүүхдүүдэд монгол соёл түгээх өргөөнд

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Калифорни мужийн захирагч маань бичиг баримтгүй гадаад хүмүүст ямар нэгэн хэлбэрээр хишиг хүртээх мөнгөө хүргэнэ, хүн л бол хүн, ялгаж салгаад байх юмгүй гэж ярианыхаа завсар хавчуулж хэллээ. Гэйвн Ньюсом гуай их буурьтай, тайван сайхан, ухаалаг ярьдаг хүн юм. Хүн бол хамгийн үнэтэй капитал болохоор ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулж буй Америк орон ийм энэрэнгүй бодлого явуулах нь аргагүй биз ээ. Түүнийг Сан Франциско хотын дарга байхад нь Улаанбаатар хоттой эгч дүү хот болгох асуудлаар элчин сайд Р.Болд гуай бид хоёр уулзах гэж оролдоод дийлээгүй. Хотын гадаад харилцааны дарга нь мурьж бултуулчих шиг болсон.

Цар тахлын тархалт Америкийн эдийн засгийг ингэтэл самарч, ажилгүйдэл газар авна гэсэн тооцоогүй байсан тул бүгд л барьц алдаж байх шиг байна. Бэлтгэл, зохион байгуулалт сайтай улс орнууд гэнэтийн ажилгүйдлийн асуудалд өөрөөр хандаж байна. Жишээлбэл, 83 сая хүнтэй Герман улс цар тахлын хямрал дуустал ажилчдаа халахгүй, ажлын байрыг нь хадгалан хэдэн сар амраах, тэдний цалингийнх 60%-ийг сар бүр улсын сангаас гаргахаар болж, нийтдээ нэг их наяд долларын тусламжийн сан үүсгэжээ. Ажлаас халагдах эрсдэлгүй болсон хүмүүс гэртээ хэдэн сар суугаад, цалингийнхаа 60%-ийг авах тул улс орон тийм амархан хямрахгүй байх болно. Асуудлыг ингэж төгс шийдэж буй нь гайхалтай санагдав. 1.3 тэрбум хүнтэй Энэтхэгт мөн ажилчдын ажлын байрыг хямрал дуустал хадгалах зарлиг буулгажээ. Харин тэдний цалингийн асуудлыг шийдээгүй, 60 тэр бум долларыг ядуусын хоол хүнсний хангамжид зарцуулахаар шийдсэн байна. Улсаа улаан, шар, ногоон өнгийн 3 бүсэд хувааж, Мумбай мэт хүн ам нягт хотыг гэрийн хориотой улаан бүсэд үлдээж, тариалан эрхэлдэг хөдөө нутгаа хориггүй ногоон бүсэд оруулан ажлаа хийх, завсрын шар бүсэд тодорхой хэмжээний хяналт хязгаар тогтоох юм байна. Цар тахлыг даван туулахын тулд зарим улс ийнхүү арга хэмжээ авч байна.

Өчигдөр Трамп Ерөнхийлөгч бүх тээвэрчдэдээ баяр хүргэж, тэднийг Америкийн ард түмэнд амьдрал залгуулж буй өнөө цагийн баатрууд хэмээн үнэлж, төлөөлөгчдийг нь хүлээн авч уулзав. Энэ бол сайн үйлс мөн. Америкт нийт 3.5 сая тээврийн жолооч бий гэнэ. Тэдний дунд хэдэн мянган монгол жолооч мөн орсон билээ. Америкчуудын амьдралыг үүрч, цавчих илдний ир, цариг дуулганы дэл болсон монгол тээвэрчдийн маань алтан шар зам өлзийтэй байх болтугай. Муж муж дамжин тээвэр хийдэг мундаг найз, саятан жолооч нараараа бахархахгүй байхын аргагүй ээ.

Цар тахлын талаар элдэв цуу, буруу мэдээлэл тарааж, сөрөг коммент бичиж буй этгээдүүдийг сайтар хянаж, тэдэнтэй ширүүн тэмцэхээ Фэйсбүүк компанийн удирдлага мэдэгдлээ. Ялангуяа англиас бусад хэлээр гарч буй мэдээллийг нарийн хянана гэсэн тул монголчууд маань элдэв худал цуу гүтгэлгийг шэйрлэж тараахгүй, янз бүрийн муу коммент бичихгүй байхыг хүсье. Нойронд морио, сээрэнд хутгаа гэдэг шиг шалихгүй юмнаас болж акаунтаа хаалгав уу зай. Дотроо бодолтой доороо суурьтай байж муу зүйлээс аль болох зайлж л яваарай!

Ш.Баатар
2020.4.17

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу