Өнгөрсөн зун Улсын наадамд аман хүзүүнд ирсэн, нутгийн дүүгийн уясан зээрд үрээг хөтлөж хийморио сэргээв

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажилгүйдлийн хороонд (Unemployment Department) ажилгүйдлийн тэтгэлгийн өргөдөл өгсөн хүний тоо 28 хоног буюу сарын дотор 22 саяд хүрчээ. Энэ бол АНУ-д ажиллаж буй нийт хүний долооны нэгтэй тэнцэх их тоо юм. Үүний цаана ямар нэгэн шалтгаанаар өргөдлөө бөглөж амжаагүй олон мянган хүн бий. 40 сая хүнтэй Калифорни мужид огт бичиг баримтгүй 2 сая хүн амьдардаг, тэдний ихэнх нь ажилгүй болсон ч тэтгэлэг авах, бүр 1200$-ын хишгийг хүртэж боломжгүй гэнэ. Тэд татвараа бодож явуулдаггүй учраас ийм байдалд оржээ. Хоосон хоцорсон эдгээр олон хүнд олдож буй цорын ганц боломж гэвэл хоол хүнсний нөөцөөс 7 хоног бүр үнэгүй тарааж буй бараанаас олж аваад, гэр бүлээрээ өлсөх аюулаас гарах хэрэгтэй. Хэрвээ та боломжтой бол хоол хүнсний нөөцөөс тарааж буй зүйлээс хороож бусдын боломжийг бүү булаагаарай гэж раажав хүү зөвлөж байна. Энэ зөвлөгөөг хятадуудад л хандаж хэлсэн байх гэсэн бодол зурсхийв. Энд амьдарч буй хятад хүмүүс цаанаа нэг өлөн, сувдаг шунахай зантай харагддаг. Өндөр настан, гэр оронгүй хүмүүсийг хооллож буй буяны байгууллагын дараалалд хятадууд л голдуу зогсож байдаг. Хуванцар сав түүгээд, губ шуб хийж яваа хүмүүс бол хятадууд л байдаг. Хүн олонтой болоод ч тэр үү, хятад хүмүүс энд ер нь их хомхой, бохир заваан амьдрах юм. Тэдний баян нь баян, чадалтай нь чадалтай, харин ийм өлөн зэлмүүн нь шоргоолж мэт олон байна. Эдгээр сонин хүмүүсээс болж азиудын нэр хүнд алхам тутамдаа унаж байна.

Өндөр настны асрамжийн газрууд, шоронгууд, усан цэргийн баазад цар тахал тараасан этгээдийг олж тогтоох, хариуцлага тооцох зэрэг мөрдөнгийн шинжтэй ажил давхар өрнөж буй юм байна. Бэй Аэриагийн зүүн урд талд буй Хэйвард хотын өндөр настны газрын 2 ажилтан нь цар тахлын халдвар авснаа хэлсээр байхад удирдлага нь тэднийг дарамталж хүчээр ажиллуулсны улмаас өндөр настай хүмүүс халдвар аваад үхжээ. Амь үрэгдэгсдийн хүүхдүүд тус асрамжийн газрыг шүүхдэж эхэлжээ. Америкчууд сайн хуульч аваад шүүхдээд ялж, мөнгө ихээр олж сурсан хүмүүс дээ. Тэдний энэ хандлага надад ер таалагддаггүй. Бас Аламеда хотын өндөр настны газар 47 хүн корона вирусын халдвар авсан нь тогтоогдож, чухам ямар замаар халдвар орж ирснийг нарийвчлан судалж байна. Энэтхэг улсад хорионы үеэр мөргөл үйлдэж олон мянган хүнд корона вирус тараасан хэрэгт лалын шашны тэргүүлэгч нь 10 жилийн хорих ял авсан байна. Орос улсад санаатайгаар корона тараавал 7 жилийн ял өгнө гэж мэдээгээр нь гарч байна лээ. Корона вирусыг мөрдлөг, тойрсон ял шийтгэл нэг иймэрхүү өрнөж байна.

Гэрийн хориогоо нэгэнт эрхээ хязгаарлуулсан учраас шоронд байгаатай адил гэж үзээд, стрессдэж хямарсан хүмүүс улам олширч, заримынх нь сэтгэцэд өөрчлөлт гарч буй ажээ. Үүнд социал ертөнц дайран дээр нь давс үрэх мэт хүчтэй нөлөөлж байна гэнэ. Хүмүүс ядуурах тутам нийгэм дэх баян хоосны ялгаа зааг улам гаарах төлөвтэй болов. Баян хүмүүс өөрсдийгөө нийгмээс амархан тусгаарлаж чадаж байхад нийгмийн дунд, доод давхаргын хүмүүс корона вирустэй өдөр тутам улаан нүүрээрээ тулж байна. Зарим нэг од, баян хүмүүс коронагаас зугтаж, хувийн усан онгоцоороо Карибын арлууд тойроод аялж яваагаа сошиалд сайрхан тавьснаас тэднийг үзэн ядсан олон мянган коммент хөвөрчээ. Бусдыг зовж байхад баян тарганаараа гайхуулж, ёс суртахуунгүй загнасан гэж тэднийг зэмлэн шүүмжилжээ. Нийгмээрээ ядуураад бас бухимдаад ирэхээрээ мораль, ёс суртахууны тухай яриад эхэлдэг юм байна. Ядуусын тоо олшрох тутам хөрөнгөтнийг үзэн ядах коммунизмын үнэр ханхалдгийг ийнхүү олж мэдэв. "Сохрын газар сохроор, доголонгийн газар доголонгоор яваарай!" гэдэг өвгөдийн сургаал юутай үнэн бэ? Хүнд хэцүү цагт хүн хүнээрээ үлдэх хамгаас чухал ажээ.

Ш.Баатар
2020.4.16

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу