Хөгнө тарнийн хайрхан хүрэх замд

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Трамп Ерөнхийлөгч жил бүр ДЭМБ-ыг санхүүжүүлдэг, хагас тэрбум долларын төсвийг царцаах зарлиг буулгав. Тэрээр "Америкийн ард түмний татвараас нэр төрийн хэрэг болгож өгдөг энэхүү санхүүжилтээ зогсоож буй нь ДЭХБ зөвхөн Хятадын талд ашигтай ажиллаж, бидэнд цар тахлын тухай зөв, шуурхай мэдээлэл өгч, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах үүргээ гүйцэтгээгүйгээс болж дэлхий дахинд олон хүний амь нас хохирсон учир ийм шийдвэр гаргахад хүрлээ" хэмээн тайлбарлав. Энэ бол америкчуудын талаас зөв мэт харагдавч цагаа олоогүй, олон улсын хэмжээнд муу уршигтай шийдвэр боллоо. Европын Холбоо тус шийдвэрийг буруу хэмээн эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. ДЭМБ бол буурай хөгжилтэй улс орнуудад ач тустай, манай улс олон жил харилцаж, үр шимээс нь хүртэж ирсэн арвин түүхтэй билээ. Монгол улс ДЭМБ-ын Зүүн өмнөд азийн бүсийн салбарын гишүүн байхад Г.Зуунай гуайг дагаад Шинэ Дели хотноо болсон бүсийн хуралд 1989 онд оролцож байлаа. Хятадтай харилцаа сайжирсны дараа манай улс Манила хотод төвтэй Номхон далайн бүсийн салбарт шилжсэн билээ. ДЭМБ зөвхөн Хятадын талыг барьсан гэж би бодохгүй байна. Тэд цаг тухайд нь удирдамжаа гарган, шаардлагаа Хятадад тавьж, тусгай комисс ажиллуулсан боловч хятадууд ямар нэгэн байдлаар тэднийг хуурч, ажил төрлийг нь назгайруулсан байж болох талтай. Яг үнэндээ ДЭМБ нь хоёр том гүрний үзэл бодлын зөрчил дээр хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт хүнд байдалд орж байна. Цар тахлын энэ бэрх цагт ДЭМБ-ын тус дэм маш олон улс оронд хэрэгтэй болохоор санхүүгийн хувьд тэд хямарвал харамсалтай л байна. Энэ болж буй эгзэгтэй үйл явдлаас манай улс төрчид тодорхой хэмжээнд сургамж аваасай хэмээн бодном.

Трамп Ерөнхийлөгч гэрийн хориог цуцлах хугацааг зарлаж, эдийн засгийг эргэлтэнд оруулах бүрэн эрхтэй боловч Үндсэн хуулинд заасан засаглалын тэгш эрхийн үүднээс хэрхэхийг 50 мужийн захирагчдад даатгаж, уснаас хуурай гарахаар шийджээ. Энэ бол үнэндээ үхэл сэхлийн зааг дээрх маш хүнд сонголт юм. Калифорни мужийн захирагч Гэйвн Ньюсом эмнэлэг, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, эм бэлдмэлтэй болох, өндөр настнаа хамгаалах зэрэг урьдчилсан 6 нөхцлийг хангасны дараа гэрийн хориог цуцлах өдрөө товлоно гэж хэлэв. Мөн Орегон, Вашингтон мужуудын захирагчтай ярилцаж асуудлыг шийдэх ажээ. Зай барих тодорхой журмын дагуу бизнесүүдийг нээж, хэрвээ халдвар ширүүсвэл ахиад гэрийн хорионд орох гэнэ. Хоригоо цуцлахгүй бол эдийн засгийн гүн хямралд улам орохоор байна. Нэг жишээ хэлэхэд хориг тавьсан оройноос Бэй Аэриа дахь загасны бизнес шууд зогсжээ. Загас, хавч зэрэг далайн гаралтай хүнсийг шинээр хэрэглэдэг зоогийн газрууд захиалгаа цуцлахад л загасчдад хохирол шууд нүүрлэж, бизнес нь зогссон байна.

Гэрийн хорионы үед гадуур явах хязгаартай ч манайхан дор бүрдээ оногдсон ажлаа хийгээд, ажилд нь хүргэж авахын тулд хурдны зам дээр би давхиж л явна. Раажав сонсоход дэлхийн олон газар хөл хорионоос болоод өлсгөлөн нүүрлэж эхэлсэн ажээ. Зөвхөн нэг жишээ дурдахад зах дээр лимбэ үлээж, сармагчин тоглуулан өдрийнхөө хоолны мөнгийг залгуулдаг пакистан эр гэрийн хорионд сууж, орлогогүй болсон тул жирэмсэн эхнэр, таван хүүхдэдээ өгөх хоолгүй өлсөж, улсын тэтгэлэгт бөглөж дараалалд ороод, хариу хүлээж сууна гэж ярьж байна. Цар тахлын гэнэтийн тархалтаас цочирдсон Пакистаны Засгийн газар ямар ч урьдчилсан бэлтгэлгүй хориг тавьснаас ард иргэд нь ингэж өлсгөлөнгийн байдалд орсон байх жишээтэй. Тэгэхээр манай улсын Засгийн газар, 1.5 сая хүнтэй нийслэлийн дарга маань хэр зэрэг бэлтгэлтэй сууж байна даа? Усан оргилуур бариад эхлэхийг бодоход цар тахлын гамшигт хангалттай сайн бэлдсэн биз ээ. Бусад орны жишгийг харахад ямар нэгэн ноцтой нөхцөл байдал үүсвэл хотын дарга л гардан ажилладаг юм байна.

Цар тахлыг хазаарлах шинэ вакцин гарах гээд удаж буй гол шалтгаан нь ямар ч эрсдэлгүй сайн вакцин хийтэл маш их цаг зарцуулдаг байна. Зөвхөн 1%-ийн эрсдэлтэй вакцин бүтээчихвэл 100 сая хүнд тарихад 1 сая хүн хохирох жишээтэй. Тэгэхээр огт эрсдэлгүй болтол вакцины туршилт, сайжруулалт хийхэд тодорхой хугацаа шаардлагатай байна. За бүгдээрээ төгс сайн үйлчилдэг вакцин гартал тэсэхдээ л тэснэ шүү!

Ш.Баатар
2020.4.15

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу