Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Зуны дэлгэр цаг ойртож, эрт үүр цайгаад, өдөр алгуурхан уртсаж байна. Дэлхийд дайны хэмжээний гамшиг чирч ирсэн цар тахал 2 сая шахуу хүнийг өвчлүүлж, 120 гаруй мянган хүний амь насыг авчихаад, оргил өөдөө мацаж явна. Хэдийд энэ аюул хэрхэн буурахыг хэн ч тааж хэлэхийн аргагүй болов. Хохирлын статисикт үндэслэн олон нарийн дүгнэлт цувран гарч ирсээр байна. Корона вирус нь ахмад настан, архаг өвчтэй хүмүүст ноцтой тусдагийг мэдсэн бол харин одоо илүүдэл жинтэй хүмүүс цар тахалд илүү өртөж буйг тогтоож, учир шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн эд эсийн бүрхүүлд корона вирус маш амархан наалдаж, богино хугацаанд олон вирус наалдуулж авснаар өвчлөлт нь хүндэрдэг ажээ. Үүнийг үхлийн гол шалтгааны нэг мөн хэмээн үзэж буй гэнэ. Азид халдвар авсан хүмүүсийн үхэл харьцангүй бага хувьтай байгаа нь тэд туранхай байдагтай шууд холбоотой болж таарав. Европ болон Америкийн зүүн эрэг хүйтний улиралтай, түүндээ зохицоод илүүдэл жинтэй хүмүүс олон байдаг тул тэд корона вируст өртөх магадлал өндөр гэнэ. Ази талдаа ойрхон орших Америкийн баруун эрэгт цар тахал бага тархсан нь дулаан уур амьсгал, түүнийгээ дагаад хүмүүсийн биеийн жин ерөнхийдөө энгийн байдгаас хамаарсан байж ч мэдэх ажээ. Иймд архаг багтраа, чихрийн шижин өвчинтэй, ялангуяа мяраалаг хүмүүс маш болгоомжтой байгаарай.

Корона вирус ямар замаар анх хэрхэн тархсан талаар нэлээд маргаантай яриа болж байна. Хятадаас корона вирусийн халдвартай хүн Европ руу нисэхдээ онгоцонд буй хүмүүст корона вирус тараасан гэсэн таамгийг их ортой хэмээн үзэж байна. Учир нь онгоц агааржуулахдаа хуучин агаарыг шүүгээд онгоцон дотроо эргэлдүүлдэг, халдвар авсан хүний амьсгалаас гарсан корона вирус муу шүүлтүүртэй агаарын эргэлтээр дамжиж зорчигчдод өндөр тунгаар таржээ хэмээн тодорхойлж байна. Үүнийг батлах шалтгааныг усан онгоцон дээрх корона вирусын тархалтаар жишээ болгон тайлбарлажээ. Усан онгоцны агааржуулах систем нь нисэх онгоцтой бараг адилхан юм гэнэ. Японы эрэгт буусан Даймонд Принцес круиз, Калифорнийн эрэгт буусан Принцес круиз, далайд хөвж яваа цөмийн цэнэг тээгч, байлдааны "Рузвельт" хөлөг онгоц дээр корона вирус их хурдан тархжээ. Эдгээр усан онгоцон дээрх 1, 2 хүнд анхандаа халдварын шинж тэмдэг илрээд, хэдэн 7 хоногт 6, 7 зуун хүн өвчилснийг онгоцны агааржуултын системээр корона вирус дамжиж эргэсэнтэй холбон тайлбарлаж байна. Нью Йорк хотын хувьд бол цар тахал хурдан дэлгэрэхэд хүн амын нягтрал, агаарын солилцоо муутай метро их үүрэг гүйцэтгэсэн бололтой. Бөөгнөрсөн хүмүүсийн дунд орохгүй, аль болох хүнээс зай барьж явах нь аминд өлзийтэй юм байна. Нийтийн тээврээр аль болохоор явахгүй байхыг хичээгээрэй.

Эдийн засгийн хямрал нүүрлэж, өдөр бүр хүмүүс ажилгүй болж, цаашид улам гүнзгийрэх төлөвтэй болов. Цар тахал намжихад, эдийн засаг эргэж хөл дээрээ бостол хэдэн жил хэрэгтэй гэж ярьж байна. Байрныхаа түрээсийг төлөөд, хоол ундаа залгуулдаг ихэнх хүмүүс энэ хямралд гүн өртөж эхэллээ. Америкт сурч, ажиллаж, амьдардаг монголчууд маань эдийн засгийн хямралтай гарцаагүй учирна буй за. Тэгэхээр хямралыг даван гарахад хэрхэн бэлдэх вэ гэдэг нь монгол хүн бүрийн тулгамдсан асуудал болж ирэв. Тухайн газар нутагтаа мөрдөгдөж буй, хурдан өөрчлөгдөх дүрэм зааврыг түргэн шуурхай ойлгох, байрынхаа түрээсийг багасгах элдэв арга хайх, Food bank-аас хүнс түгээх цэгүүдийн мэдээллийг өөр хоорондоо хуваалцах, илүү зардлаа танах, цаг алдалгүй ямар ч хамаагүй ажил олж хийх, шинэ ажлын мэдээллээ шуурхай хуваалцах зэргээр сошиал ертөнцөд нэгдэж нягтрах шаардлагатай болж байна. Манайхан нэрэлхүү, таг дуугүй явсаар яг гацахаараа бусдад ханддаг, туслахад нэгэнт оройтчихдог сул талтай билээ. Тулгарсан асуудлаа холбоодын сүлжээнд нээлттэй тавьж, бусдын санаа оноог сонсож, эртнээс хэлэлцэж байвал сайн байна. За бүгдэд эрүүл энхийг хүсэн ерөөе!

Ш.Баатар
2020.4.14

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу