Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хурдны замд гарахдаа раажав хүүтэйгээ өглөөнөөс эхлээд эргэж найзлав. Хоёр хоног сонсоогүй болохоор хол ойрын өчнөөн сониноос хоцорсон нь лавтай. Трамп Ерөнхийлөгч Улаан өндөгний баяраар 4 сарын 12-нд чадвал гэрийн хориог цуцална гэсэн юм. Цар тахлын тархалт нугарах янзгүй өрнөж буй учраас 5 сарын 1 хүртэл гэрийн хорио үргэлжлүүлэн сунгасан билээ. Цаашаа ч ахиж сунгах магадлал өндөр байна. Зайлшгүй шаардлагатай бус бизнесүүд хаалттай хэвээр үлдлээ. Испани улс цар тахлын тархалт багассан гэж үзээд, элдэв хоригоо цуцалж, бизнесээ тодорхой дэг журмын дагуу нээхээр болжээ. Тэгэхээр Испанид байдал ямаршуухан байхыг харах боломж Америкт нээгдлээ гэнэ дээ. Цар тахлын тархалтаараа Испани дэлхийд аман хүзүүнд, нас баралтаараа гуравт жагсаж явна. Тэд их зоримог шийдвэр гаргажээ.

Цар тахлын үед Америкийн ард түмнийг өлсгөхгүй байх чухал асуудал Трамп Ерөнхийлөгчид тулгарчээ. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө хөдөө аж ахуйн салбарыг гоц анхаарч ажиллах, зарим өөрчлөлтийг тус салбарт хийх санал гаргажээ. Хүнсний барааны үнийг тогтмол барихын тулд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүсийн цалинг багасгаж өртөг хэмнэх замаар шийдэх заавар өгчээ. Хөдөө аж ахуйн салбарт цалингийн доод хэмжээгээр гэрээний ажилчдыг авч ажиллуулдаг болохоор тэдний цалинг танаж багасгах нь улам хүндрэлтэй болж байна. Мужаасаа шалтгаалаад цалингийн доод хэмжээ цагийн 10-15$ бөгөөд энэ цалингаар Эн-2-Эй ангиллын визтэй гадны иргэд ажилладаг, тэр бүү хэл тал мөнгөөр нь хууль бусаар оршин суугаа гадаад иргэд ажилладаг, тэдний өчүүхэн цалинг танаж багасгахаар үлдсэнээр нь хүн амьдрах ямар ч боломжгүй болох ажээ. Эл асуудлыг шийдэж чадаагүй тул одоохондоо нээлттэй орхив. Цагаан захтны шийдвэр амьдралаас хэт хол тусдагийн нэг илрэл нь энэ болов уу.

Бидний амьдарч буй Бэй Аэриагийн хэдэн дүүргийн өндөр настны асрамжийн газруудад цар тахал дэлгэрч, нөхцөл байдал хүндэрч байна. Асрамжийн газрын өндөр настнууд, архаг өвчтөнүүдэд цар тахал хүнд тусаж, үхлийн хувь ихсэж байна. Халдвар тархсан газруудад хөл хорио тогтоогоод, эмч, сувилагч, ажигчдыг тэр даруйд нь 2 долоо хоног тусгаарлаж байна. Асрамжийн газарт байдал улам хүндэрвэл өндөр настнуудыг усан онгоц руу нүүлгэж тусгаарлах гарц хайж буй гэнэ. Сан Франциско хотын Бэй Вью хэмээх орлого багатай хүмүүс амьдардаг дүүргийн орон гэргүй хүмүүсийн орогнох байрны 75 хүн цар тахлын халдвар авсан тул гэр оронгүй хүмүүсийг зочид буудалд шилжүүлэн хуваарилж, орогнох байрыг нь ариутгаж цэвэрлээд, цар тахлаар өвчлөгчдөд зориулсан түр эмнэлэг болгожээ.

Цар тахлаар өвдсөн хүнийг эмчлэх өртгийг дундажаар 75 мянган доллар хэмээн тогтоосон байна. Хэрвээ даатгалгүй бол энэ мөнгийг өөрөө төлнө гэсэн үг биш юм. Энэ үнээр нэг хүний эмчилгээг тооцоолж, тус мөнгийг ямар нэгэн эх үүсвэрээс олж авах ажээ. Улсаас тусгай сан байгуулах, ямар нэгэн даатгалаас цар тахлын зардлыг гаргах нь одоогоор тодорхой бус байна. Ямартай ч Медик-Эйд даатгалаас гаргахгүй гэж шийджээ. Зарим хүний ярьж буйгаар цар тахлаас үүссэн бүх хохирлыг нэгтгээд, Хятадаас хожим нэхэмжлэх бололтой. Энэ талаар тогтсон шийд алга, одоохондоо санал төдий явж байна. Барууны орнууд ч тиймэрхүү чиг хандлагатай болсон ажээ. Энэхүү маргааныг томчууд хэрхэн шийдэхийг цаг хугацаа л харуулна буй за. Зүгээр ч нэг хаяхгүй юм шиг байна. Зодолдохгүй л бол дүүрчээ.

Цар тахлаар өвдсөн мөртөө шинжилгээгээр халдварыг тогтоож болохгүй тохиолдол гарч буй гэнэ. Нэг америк эмэгтэй мэс засалд эцгээ Австралид очиж сахиад, 4 сарын 1-нд Солонгосоор дайрч, Инчёны онгоцны буудалд 3 цаг дамжих нислэгээ хүлээгээд, онгоцондоо суухын өмнө хамар шархирч, хоолой тороод байжээ. Нисэж гэртээ ирээд нэг хоноход өндөр халуурч, ханиалгаж эхлэхээр нь Кайзер эмнэлэгт очжээ. Эмнэлгийн хүлээлгийн зааланд амьсгал нь үе үе давчдаад, шинжилгээний хариу хүлээх зуур ухаан алдаж, хиймэл амьсгалын аппаратад орж, корона вирусийн эмчилгээ хийлгээд, хоёр хоноод тэнхэрч, улмаар эмнэлгээс гарчээ. Удаа дараагаар шинжилгээ авахад "сөрөг" буюу халдваргүй гэсэн хариу гарсаар байгаа гэнэ. Ийм тохиолдол олширвол цар тахлын халдварыг оношилж, эмчлэхэд улам бэрхшээлтэй болох ажээ.

Монголчууд маань халуураад унавал шалавхан эмнэлэг бараадаарай! Даатгалын талаар санаа зоволтгүй, учир нь олдоно. Олонд тустай, илүү нөхөрсөг байгаарай, хий сандарч, уурлаж бухамдаад дархлаагаа бүү унагаарай гэж раажаваар захиж байна шүү, хичээгээрэй!

Ш.Баатар
2020.4.13

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу