Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын өглөө хоол хошоо базааж татахаар хүнсний дэлгүүр рүү шогшлоо. Цагаан хүмүүсийн хороололд буй цаанаа нэг цэвэр цэмцгэр хүнсний дэлгүүрт давхиж хүрэв. Хүмүүсийг 2 метр зайтай зогсоох тул дэлгүүрийн гадна бага зэргийн дараалал үүссэн байлаа. 10 хүнээр тасалж оруулахад, удаж төдөлгүй дэлгүүрт нэвтрэв. Бараа таваар урьдын адил элбэг дэлбэг, хүмүүсийн харьцаа найрсаг тайван хэвээрээ, ихэнх хүн маск зүүснээс өөр нэг их өөрчлөгдсөн юмгүй байна. Нойлийн цаас хүний нэг боодлыг өгч байна. Нэг боодол дотроо 9 ширхэг, үнэ нь 18$ болсон ажээ. Үнэ нь хуучнаасаа 3 дахин өссөн байна. Саяхан л Костко бөөний төвд 48 ширхэгтэй, бас ширхэг бүр нь 2 дахин их орцтой цаасны үнэ 18$ байсан даа. Ямартай ч нойлийн цаас хаданд гарч, үнэ нь ийнхүү ихэсчээ. Бусад хүнсний зүйл жаахан нэмэгдсэн байна. Жишээлбэл 3.70$ үнэтэй 1 галлоны хэмжээтэй витамин Д, цөцгийтэй сүүний үнэ 5$ болжээ. Би урд өмнө 120$ орчим үнэтэй хүнс цуглуудаг байсан бол олоо өсөөд 180$ хавьцаа болж байна. Нийтдээ хүнсний үнэ энэ дэлгүүрт л лав гуравны нэгээр өсчээ. Энэ байдлаараа 2 сарын дараа бараг үнэ нугарч магад. Цар тахлын нөлөөнөөс болоод хүнсний хангамж, түгээлт, борлуулалт зэрэгт өөрчлөлт гарч буй хэрэг. Эмээ маань дайны үед цай тамхи ховордож, боодол дүнзэн тамхи нэг хонь, дугуй булантай ногоон цай нэг морьтой дүйцэж байсан гэдэгсэн.

Дэлгүүрийн худалдагч маск зүүгээгүй хүнд "Дараа ирэхдээ та заавал маск зүүгээрэй!" гэж сануулж, "Таны уутанд хийж чадахгүй, хэрвээ уут шинээр авахгүй бол тэргэнд шууд хийж өгнө. Мужийн захиргаанаас гаргасан зааврыг өчигдрөөс бид мөрдөж эхэлсэн" хэмээн тайлбарлаж байв. Ер нь бухимдаж сандарсан хүн таарсангүй, саадгүй сайхан үйлчлүүлж байлаа. Маскгүй яваа хүн тоон дотор үсэг цохиж яваа юм шиг харагдана. Машиндаа хүнсээ хийх зуураа цар тахал бидний амьдралыг хэрхэн өөрчилж буй талаар элдвийг сонжин бодож зогсов. Дэлхийг хамарсан хижиг тахал болно гэж Орост оюутан байхдаа багшаасаа сонссон билээ. Ванга эмээ тааж, Степен Кинг зөгнөн бичихээс өмнө хижиг тахал дэлхийг бүрхэх талаар ухаантай хүмүүс мэдэж л байснаас харин бидний үед болно гэж би яаж бодох билээ. Багшийн ярьсныг сонирхуулж хэлье.

Новосибирскийн Электротехникийн дээд сургуульд сурч байхад сургуулийн хөтөлбөрөөс гадуур гурван зүйл нэмж сурахыг гадаад оюутнуудад санал болгож байв. Жолооны курс, англи хэлний курс, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль гурав л даа. Нэг насандаа мөнгөө хурааж, хувийн машин авна гэдэг нь тухайн үедээ харганын унгас түүж эсгий хийхтэй адил санаанд багтамгүй явдал байв. Түүнийг орхиод 3 жил англи хэлний курс, 2 жил оройн дээд сургуульд давхар сурлаа. Новосибирск хотын Коммунист Намын Төв Хороо нь хотын төвд буй тул Оби мөрний доогуур гардаг метрогоор явж хүрнэ. Долоо хоногт хоёр удаа хичээлдээ явдаг байв. Тэнд би олон улсын харилцааны эрх зүйн сэтгүүлчийн мэргэжлээр сурч төгссөн. Олон улсын эрх зүйн мэдлэг маань Япон, Америкт сурахад их тус болсон доо. Олон улсын хууль заадаг, еврей үндэстэн болох өвгөн багш бидэнд "Дэлхийн дайны дараагийн голомт арабын ертөнцөд цог мэт нургилж байна. Дэлхийн тахлын голомт хятадад мина булсан мэт нуугдаж байна. Та бүхэн түүнийг харж магад, харахгүй ч тэр хоёр осол хүн төрөлхтөнд тун ойрхон ирсэн" гэж хэлж, биднийг гайхшруулж билээ. Японд сурч байхад Иран Иракийн дайн, Америкт сурч байхад Персийн булангийн дайн болж, Сирид лалын шашны урсгал хоорондын дайны гал одоо ч унтраагүй байна. Тэр багш үнэн хэлснийг үргэлж санаж явдаг байлаа. Харин би цар тахлыг өөрөө үзнэ гэж ер бодсонгүй. Ахиад л мэргэн багшийн яриа сэтгэлд зурхийн буув. Аливаа хүн эрдэм сурвал тэр багш мэт холыг хардаг мэргэн ухаантай болох хэрэгтэй юм шиг ээ. Диплом төдий авснаараа хүн мэргэжлийн болохгүй билээ. Сайхан мэргэжлийн диплом ямар нэгэн аргаар олж авчихаад, бусдыг сайн дурын, бөөн дурын гэж шоолдог мэдлэг нимгэн хүмүүс үүнийг илүү сайн анхаарах хэрэгтэй гэж бодном.

Цар тахлын тухай сэдэвтээ эргээд оръё. Америкийн дээд удирдлага, ард түмэн нь хоёр намаараа талцаж, хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн байлдсаар байх зуур цар тахлын аюул уутныхаа амыг улам хумьсаар байна. Ардчилсан намын угшилтай нэг сэтгүүлч Трамп Ерөнхийлөгчид хандаж "Үхсэнээ хийж маск ч байхгүй, ямар ч бэлтгэлгүй байсан юм бэ?" гэсэн утгатай үгийг омогтой чулуудахад, уснаас хуурай гарч сурсан хашир өвгөн хариуд нь "Өмнөх Ерөнхийлөгч лангуун дээр юу ч үлдээлгүй, сум хийгээд буудчихсан. Харин ч би сүйрсэн эдийн засгийг гардаж аваад ийм сайн болгов" гэж хэдэрлэв. Гэтэл Обама экс-Ерөнхийлөгч гарч ирээд, "Энэ хүн Ерөнхийлөгч байх хүн яавч биш. Үгээ бодож яриарай" гэж матрын нулимс унагав. Обама бол аядуу зөөлөн яриатай, төвийг сахисан үзэлтэй, хуульч тул эдийн засагт А ч үгүй хүн л дээ. Гадаадад байр сууриа алдахгүй гэж дайн хийж ирсэн урьд урьдын Ерөнхийлөгчдийн түрэмгий бодлого нь дотоодын эдийн засгийг сүйрэлд аваачсаныг дотор нь амьдарч буй хүний хувьд би ч мөн гадарлаж байна. Тэр алдаан дээр нь Трамп тоглолт хийж, сиймхий л гарвал шархан дээр дарах арга хэрэглэж байна. Дээдэс нь эвээ олохгүй бол доодос бид л гүйдлээ олохгүй уймарсаар байгаад цар тахлын хөлд чирэгдэх вий гэж бодном.

Үхэл фронт дээр үргэлжилсэн үнэхээр хэцүү энэ цагт амьдарч буй ч монголчууд маань том гүрэнд зовхи нь өөдөө яваа билээ. 4 сарын 17-нд Сөүлээс нисэх онгоцны билетээ зарах асуудлаа Монголын Засгийн Газар ил тод болгож үзээрэй! Танил талаараа далдуур хувааж аваад, буцах хүсэлтэй монголчуудаа бүү бухимдуулаарай, шударга байгаарай хэмээн хүсье!

Ш.Баатар
2020.4.11

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу