Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын өдөр раажав хүүгээ сонсолгүй хоёр чихээ амраав. Хол ойрын сониныг ч хайсангүй. Бодол бэлчээн ном шагайж хэвтэв. Улаан өндөгний баярын өдөр болохоор гадуур дэлгүүр хоршоо хаалттай, хүн хар цөөн, хөл ихэд татарсан байна. Америкчууд гадуур салхилахдаа ер нь маск зүүж дадах янзгүй харагдана. Сураагүй юмыг ч сураар боож бас болохгүй бололтой. Монголд маань хавар ирж дулаараад, хүмүүс ч бас маск зүүхээсээ тээр шаах болжээ. Маск зүүх нь зөвхөн энэ цар тахлын тархалтаас хамгаалах төдийгүй олон төрлийн ханиад томуу, халдварт өвчнөөс өөрийг болон өрөөлийг хамгаалах болно. Освенцимийн хорих лагериас маскийн ачаар оргож гарсан эмчийн тухай нэгэн яриаг дурдаж хэлье.

Социалист интернационализмын зарчмаар эхний хоёр курст заавал орос оюутнуудтай хамт дотуур байранд орох ёстой болохоор Андрей, Вася гэдэг хоёр оростой амьдарч, Вася надад их дотно болохоор орос хэл сэтгэлээсээ зааж өгдөг байлаа. Ямарч байсан оросоор гуталчин шиг харааж сурав. Высоцкий, Токарев нарын хориотой дуу сонсож, Гитлерийн "Миний тэмцэл"-ийн гар бичмэлийг гар дамжуулан уншдаг Вася маань надад Освенцийн хорих лагериас оргож чадсан цорын ганц еврей эмчийн талаар сонирхолтой зүйл ярьж өгч билээ. Хорт хийн камерт бөөнөөр нь устгасан еврей нарын хүүрийг шатаах зуух барихаасаа өмнө хорих лагерийн гадна ухсан том алам шуудуунд бөөнөөр нь хаяж, дүүрээд ирэхээр нь шороогоор булдаг байжээ. Тэр еврей эмч хувцас тайлах өрөөнд орохдоо сатин турсийкээ урж алгандаа тааруулж нуугаад, газын камерт оржээ. Эхлээд халуун уураар үлээж, хүмүүс амьсгаа авч чадахгүй, амь нь тэмцээд, бачуурч бахардаад ирэхээр нь нөгөө сатин дээрээ шээгээд, ам хамраа сайтар таглаад, түүгээрээ арай гэж амьсгалж байгаад ухаан алджээ. Нэг сэрэхэд үдшийн бүрий нөмөрчихсөн, олон үхдэл дотор хэвтэж байжээ. Чармай нүцгэн тэрээр арай хийж нүхнээс мацан гарч явсаар тосгоны нэг польш тариачин айлд хүрч хоол хувцастай залгасан байна. Нуугдан амьдарч байгаад партизантай нийлж, амь гарсан тэр хүний эмгэнэлт түүхийг Вася надад ярьж өгсөн билээ. Мөн ч олон юм ярьж өгсөн дөө. Амны хаалт, анагаахын мэдлэг хоёр хэрхэн амь аварсныг тэр ярианаас олж мэдсэнээ бодол хэлхэж хэвтэхдээ санав.

Ургуулан бодоод хэдэн зүйлийг учирлан хэлье! За бид энэ корона вирусийн тахлын ард хэдэн сарын дараа гарлаа гэж бодъё. Бидний амьдралд бүү хэл улс орнуудын харилцаанд мөн их өөрчлөлт гарна даа. Америк болон Европын орнуудын Хятадтай харьцах харьцаа лав өөрчлөгдөнө биз ээ. Ямартай ч Хятадаас хамаарах хамаарлаа бүх шатанд багасгаж, өөрийн үйлдвэрлэлээ улам сэргээх чиг хандлага тогтох болов уу. Хэрвээ Хятад бүтээгдэхүүнээ гадагшаа урьдын адил ихээр зарж чадахгүй болбол үйлдвэрлэл нь багасаж, дотооддоо хямралд лав орно. Хятад дотроо их хямарвал гадагшаа зад тэлэх нүүдэл эхэлнэ. 400 сая хятад манайхыг дамжин баруун тийш нүүнэ гэж үзвэл дор хаяж 4 сая орчим хүн манайд үлдэх магадлалтай. Царцаа нүүхэд хичнээн нь замдаа хөл далавчаа хугалж үлддэг билээ дээ. Түүнтэй л яг адил юм болно. Монголын хүн амаас илүү хятад манайд орж ирээд үлдчихвэл юу болох вэ? Нөгөө "хөрсөнд нь тариагаа, хүйсэнд нь үрээ цацах" андгай нь биелнэ буй за. Тэгэхээр бид нутагтаа хятад хүний хөл тавиулахгүй байх бодлогыг эртнээс барьж ажилламаар санагдана. Хятадад сурах, хятадаас технологи оруулах зэрэг байж болох ч хятад хүнийг нутагтаа суурьшуулж л лав болохгүй. Энэ бол улс үндэстнээ царцааны нүүдлээс цэвэр авч үлдэх гэсэн зөвхөн миний бодол. Хятад хямарвал бид яах вэ гээд та нэг бодоод үзээрэй!

Цар тахал нэгэн цагт дарагдаж, олон мянган монголчууд эсэн мэнд нутаг буцах болтугай хэмээн залбирч сууна. Энэ улс гүн хямрах нь нэн тодорхой боллоо. Нурж унасан эдийн засаг тийм хурдан сэргэхгүй, цаг хугацаа орох тул явуулын болоод байр сууриа бэхжүүлж хараахан амжаагүй олон мянган монголчуудад цаашид шилжилтийн үеийг тэсэж туулах боломж тааруу гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл билээ. Үнэн үг эм мэт хэрэгтэй байдаг тул бодож санаснаа та бүхэнтэй илэн далангүй хуваалцахад ийм байна. Хэлсэн болгоныг мушгиад байлгүй авах гээхийн ухаанаар хандаарай таминь.

Ш.Баатар
2020.4.12

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу