Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Албан тасалгааны цонхоор... гэдэг шиг авто машины цонхоор манан суусан модтой нуруу жирэлзэн өнгөрнө. Миний нутгийн уулстай ихэр мэт адилхан харагдах энэ нуруу ч яахын аргагүй хүдэн татаж униартсан хүний нутгийн хангай юм даа. Уулын замаар давхих бүрт хүдэнтэж, манан татсан Баарай, Баянзүрх, Өвт, Орхоны хөндий тэр чигтээ сэтгэлд бууж, нутагтаа морин дэл дээр дарцаглаж яваа мэт сайхан мэдрэмж төрдөг билээ. Замын уртыг эвхэхэд үерхэлдээ чин үнэнч раажав хүү л хань болж байна. Ертөнцийн сонинг базаж аваад, чих рүү шиддэг тул би юунд уйднам бэ.

Өнгөрсөн 3 долоо хоногийн турш Америкт 17 сая хүн ажилгүйдлийн тэтгэлэг хүссэн нь тус улсын ажиллах хүчний 10% болох ажээ. 320 гаруй сая хүнээс 170 сая нь идэвхтэй ажилладаг юм байна. Ажилгүйдлийн тоо Их Хямралын үеэс хэдэн арав дахин их болсон тул төрийн сангаас ахиад 2.5 их наяд доллар гаргаж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэмж зээл олгохоор болов. Тэднийг л аварвал энэ улс элгээрээ гулсаж, өвдгөөрөө мөлхөхгүй байх бололтой. Жижиг дунд бизнесийнхэн тусламж, зээлийн өргөдлөө зэрэг шахам бөглөхөөр хуучирсан мэдээллийн систем цахиур буу шиг гацаж баараад, иргэдийг улам бухимдуулж байна. Мятаршгүй оролдсоор байгаад нэг сиймхийгээр нь бөглөөд аваарай гэнэ. Нэгэнт өргөдөл бөглөсөн бол банктай тань тэд яриад тусламж, зээл олгож эхлэх юм байна. Том банкууд ачааллаа даахгүйн улмаас хүнд суртал гаргаж, хөлдөө чирэх төлөвтэй тул жижиг банкуудыг сонговол өлзийтэй болохыг зөвлөж байна. Хувийн бизнес хийдэг монголчууд маань бизнес дансгүй байсан ч хамаагүй өргөдлөө бөглөж өгөөд л байгаарай.

Хүн бүрт 1200$ өгөх нь бас л удааширч, цаад хугацаа нь он давах янзтай болов гэнэ. Хүний гар ширтэж суугаад байваас бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болох шинжтэй учраас та өөрөө л хичээгээрэй. Татварын албаны мэдээллийн хуучин систем ачааллаа даахгүй болсон, төсвөө танаж ажилчдаа өнгөрсөн жил нэлээд халсан болохоор хүн хүчний нөөц дутмаг, ажиллаж буй нь ачааллаа дийлэхгүй гэх мэт унасан бөхийн шалтаг учиргүй олон буй ажээ. Ямартай ч эхлээд татвар төлөхөд тань мэдэж авсан дансанд тэр мөнгийг шилжүүлнэ гэнэ. Хэрвээ дансаа өгөөгүй бол татвар төлсөн хаягаар тань чек бичиж явуулах ажээ. Өгсөн данс, хаяг тань өөрчлөгдсөн бол өөрөө л самбаачилж хөөцөлдөхгүй аваас мөнгө олж авах нь нохойн жогорхой болох аястай. Нөгөө хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар хоолой нь таг гэдэг шиг л юм болоод байна. Гэхдээ яахав авах юмны арга аяндаа нэг олдох биз ээ. Яарч буй хүнд бол тамтай юм даа.

Манай мужийн захиргаа эрт хөдөлж, олон талт арга хэмжээг шуурхай авсны үр дүнд цар тархалтын тархалтыг тодорхой хугацаанд торгоон барьж, цаг хожиж, бэлтгэл ажлаа чамгүй базаасан байна. Жишээлбэл Сан Франциско хотод халдвар авсан хүмүүстэй шууд харьцах эмч, эмнэлгийн ажилтнуудын тусгаарлалтад зориулан зочид буудлын 17 мянган өрөө бэлдэж, түүний төлбөрийн асуудлыг шийджээ. Н95 маскийг ариутгах цэгүүд, шинжилгээ өгөх газруудыг бий болгож байна. Халдвар авсан байж мэдэх хүнтэй шууд ажиллаж буй хүчний байгууллагын хүмүүс, цэвэрлэгээний байгууллгын ажилчдыг халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн ч маск, бээлийтэй 14 хоног үргэлжлүүлэн ажиллуулах талаар дүрэм журам нэмж боловсруулсан байна. Хэрвээ тэд ажлын байраа шууд орхивол нийгэмд ямар нэгэн эмх замбараагүй байдал үүсэхээс болгоомжилж байна.

Цар тахлыг далимдуулан залилангийн гэмт хэрэг ихсэх төлөвтэй тул холбооны мөрдөх товчооноос тавих хяналтыг улам чангатгаж байна. Хуурамч эм хэрэгсэл хийж зарах, маск зэрэг хамгаалалтын хэрэгслийг дамлах, цар тахалтай холбоотой хандивын сан байгуулах, хүмүүсийн банк санхүүгийн мэдээллийг хуурч авах, баталгаагүй хоол хүнс зарах гэх мэт далимдуулан ашиг хонжоо олохыг онцгой анхаарах ажээ. Хоол унд хийж хувиараа зардаг монголчууд маань давхар анхаарахад илүүдэхгүй биз ээ. Ялихгүй юм ямааны гарзтай гэдэг ардын мэргэн үгийг нэг санагтун!

Тахлын голомт Нью Йорт хотын орчим эмнэлэг тойрсон маш олон хүндрэл нэмэгдэж байна. Цар тахлын тархалт маш огцом өссөн тул өвчтний тоо эмнэлгийн даацаас хэтэрч, эмч, эмнэлгийн ажилчид, тоног төхөөхөмж хүрэлцээгүй болж, улмаар чандарлах болоод оршуулах үйл ажиллагаа даацаасаа давж, сүүлдээ улсын мэдлийн цэцэрлэгт хүрээлэнг түр оршуулгын газар болгох дээрээ тулж байна. Тэнд үүссэн бүх хүндрэлүүд бусад мужуудад маш том сургамж болж буй ажээ. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг Америк улс ингэж барьц алдаж байхад бусад орнууд ямар байдалд орох нь ойлгомжтой билээ. Хүн бүрт үхнэ гэсэн айдас төрүүлдгээрээ цар тахал нь зарлаагүй дайн мөн юм. Энэ дайнаас хохирол бага гарах аргаа олох нь дэлхийн хүн бүрийн өмнө тулгарсан жинхэнэ үүрэг, хариуцлага болоод байна. Монголчууд бид ч ялгаагүй дор бүрдээ чадах чинээгээрээ хичээх хэрэгтэй. Ирж буй хямралд сэтгэл санааны бэлтгэлтэй, бие эрүүл, ухаалаг тайван байхын ерөөл тавья.

Ш.Баатар
2020.4.8

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу