Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Алтан шар зам минь өлзийтэй болохоор аймшигтай давхидаг хүмүүсийн завсарт хавчуулагдаад, амар мэнд жирийж л явна. Раажав хүүгийн яриа заримдаа замын чимээнд дарагдаж, чих сунган дэлдийлгэнэ. Ойр орчны элдэв сониноос саарыг гээж, сайныг шигшин хэлье.

Миний ажилладаг компани хөдөлшгүй хөрөнгийн даатгал хийдэг, түүн дотроо авто машины даатгалыг багцлан оруулж болдог юм. Автын даатгалыг дангаар нь хийлгэвэл арай үнэтэй л тусна. 35 мянган ажилтантай, жилийн 1.8 тэрбум орчим долларын цэвэр ашигтай ажилладаг, АйТи-гийн 2 мянга гаруй ажилтантай тус компанийн Цахиурын хөндий дэх салбарт нь олон жил ажиллаж байна. Хувь заяаны эрхээр хуучин компанийнхаа технологийг дагаад энд гулсаад орчихсон хэрэг. Манай компани өвөл, зуны Олимпыг 350 сая доллараар ивээн тэтгэдэг тогтсон уламжлалтай. Энэ удаад машинаа даатгуулсан хүмүүст төлсөн хураамжийнх нь 15% хувийг буцааж өгөх боллоо. Нэгэнт даатгуулагчид зам дээр явах нь цөөрсөн тул осолд орох эрсдэл түүнийг дагаад багасах тул тодорхой мөнгө буцааж өгөх нь ариун явдал болно. Буцаасан нийт мөнгөний хэмжээ 600 сая доллар болж байна. Бусад даатгалын компанийг хөлдөө чирч, сайн үйлсийн төлөө ингэж манлайллаа.

Өвчтний мэдээлэл нууц тул цар тахлын халдвар авсан хүмүүсийн нарийвчилсан мэдээг эмнэлгүүд ил гаргахгүй байсан юм. Судалгаа хийх, зарим шийдвэр гаргахад зайлшгүй шаардагдах болсон тул өвчтөний зарим мэдээллийг ил гаргаж эхлэв. Ямар арьстан цар тахалд илүү өртөж буйг авч үзэхэд харуудын үхэл өндөр гарчээ. Луизана муж болон Чикаго хотын хүн амын 30% нь хар арьстан байдаг гэнэ. Эдгээр бүс газарт цар тахлаар нас барсан хүмүүсийн 60-70% нь хар арьстан байжээ. Энэ статистикаас үүдээд харуудын өвчлөл дээр судалгаа хийх боломж нээгдэж байна.

Сошиалаар цар тахлын талаар элдэв мэдээлэл их цацагдаж буй тул зарим муу зүйлийг үзчихээд улам хямрахгүй, шэйрлэж бусдыг хямраахгүй байхыг хүсье! Монголчууд эртнээс хүүхэд, хүүхэндээ улай үзүүлдэггүй сайхан уламжлалтай ард түмэн билээ. Муу муухай юм харчихаад хэдэн цаг, хоногоор сэтгэл тавгүйрхэж явбал биеийн дархлаа аяндаа суларна. "Үүнийг шэйрлээд өгөөрэй" гэсэн хүсэлт хэдэн найзаас ирсэн боловч эл дурдсан зарчмаа бариад би шэйр хийсэнгүй. Америкт сэтгэлийн эмгэгээс иргэнийг хуулиар хамгаалдаг юм. Цагдаа нар ослоор үрэгдэгсдийн цогцсыг гэр бүлд нь үзүүлэхээс өмнө заавал асууж, сэтгэл санааны хувьд хохирогч болохоос татгалзахгүй гэсэн гарын үсэг авдаг. Зарим хүн муу муухай юм хараад насан туршдаа тэр дүр төрхийг бодож явсаар сэтгэл санааны хохирогч болдог. Тэгэхээр бидний өвөг дээдэс ямар мундаг хүмүүс байсныг ухаарна биз ээ.

Цагийн эрхээр бидний амьдралын хэв маяг хэлэхийн аргагүй болтлоо өөрчлөгдсөөр л байна. 9 сарын 11-ны халдлагаас хойш Америкийн нисэх буудал, хилийн шалган улам чангарсан билээ. Түүнээс өмнө бид зочноо онгоцонд оруулж суулгаж өгөөд гарч ирдэг байв. Цар тахлын тархалтаас болоод бидний азиуд өөр үндэстнээс дөлж явах нигууртай болов. Тэр бүү хэл ази хүмүүс ямагт хулмалзаж явж ч магад. Уг нь хаанаас хэн ч довтолно гэж бодохгүй амар амгалан алхдаг байлаа. Ороо бусгаа энэ цаг үед мэдээтэй, мэдрэмжтэй, бас зорилготой гадуур явж байвал өөрт тустай буй за. Одоо чинь тархиндаа такчигтай ташаандаа нагаантай явах хэрэгтэй үе шүү.

Ш.Баатар
2020.4.08

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу