Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өчигдөр үдээс хойш хурдны замын түгжрэлд саатаж, 40 минут таг зогслоо. 21 хоног ямарч саадгүй давхисан л даа. Сан Францискогийн нисэх буудлаас урагшаа нэг их холгүй газар 3 машин зад мөргөлдөж, замын нэг тарсан тул цагдаа, гал команд, түргэний тэрэг зэрэг шавж, замаа хэсэгчлэн цэвэрлэх зуур 5 эгнээ таг зогсох нь тэр. Тэгж саатах зуураа Раажав хүүгээ л сонсов.

Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахлын хямралаас болж, газрын тос үйлдвэрлэгчид хоорондоо зодолдож эхлэв. Хятад, Америк зэрэг орнууд корона вирусын хөл хорионоос шалтгаалан газрын тосны хэрэглээ багасаж, газрын тосны үнэ олон улсын хэмжээнд унав. Газрын тосны үнийг унагахгүй барихын тулд Саудын Арабын ханхүү Оросын Ерөнхийлөгч Путинээс газрын тосны үйлдвэрлэлээ багасгахыг хүссэн ч зөвшөөрсөнгүй. Уг санаа нь хэлэлцэж тохироод, үйлдвэрлэлээ аль аль талдаа багасгачихвал газрын тосны үнийг ихэсгэх замаар хямралаа шийдэх гэсэн хэрэг юм. Нэгэнт Орос зөвшөөрөхгүй болохоор зөнд нь хаясан газрын тосны үнэ 20 жил унаагүйгээрээ унав. Энэ маргааныг зохицуулахаар Трамп Ерөнхийлөгч 2 талтай тус тусад нь аргадах маягаар ярьж үзэв. Тэднийг үгэндээ орохгүй болохоор нь Трамп "Бид өөрийгөө хангах газрын тостой болохоор хэт хямд газрын тос худалдаж авахгүйгээр газрын тосны үйлдвэрүүдээ хамгаална. Та хоёр хоорондоо ярьж тохир" гэж сүрдүүлж хэлээд, нохой зодооны дундуур дахин оролцохоо болив. Саудын Арабын ханхүү, Путин 2 өнөөдөр уулзаж, мухардлаас гарах тохиролцоо хийхээр шийдсэн бололтой. Асуудал хэрхэн өрнөх нь одоохондоо бүрхэг байна. Газрын тос хямд байх нь импортлогч орнуудад ашигтай боловч газрын тос өөрөө боловсруулдаг Америк мэт том гүрэнд халгаатай зүйл ажээ. Том улсын их эрх ашгийг Ерөнхийлөгч нь ингэж ашигладаг юм байна.

Цар тахалтай тэмцэх тэмцлийн үр дүнд Ерөнхийлөгч Трампын нэр хүнд эрс өсөж байна. Тэрээр энэ хямралаас гарахын тулд багийн тоглолт сайн хийж буйг бүгд анхааралтай харж байна. Трампаас манай улс төрчид, сэтгүүлчид сурах юм их байна. Түүний хэлсэн үгний зөв бурууг дүгнэхийн оронд аливаа асуудалд хэрхэн хандаж, хэрхэн оновчтой хариулж буйг анхаарвал зохино. Нас сүүдэр 73 хүрсэн гэхэд олон цагаар индэрт тэвчээртэй зогсоод, сэтгүүлчдийн асуултад цуцалтгүй хариулж чадаж байна. Товч тодорхой үгээр хий гаргахгүй ярьж чадаж байна. Трамп ямарч асуултад энгийн үгээр товч тодорхой, оновчтой хариулах юм. Хийг нь тааруулаад гэнэдүүлж цохих гэсэн сэтгүүлчийн асуултын мөн чанарыг явц дунд нь ойлгоод, асуултыг тасалж, эргүүлээд ам руу нь алгадахдаа гарамгай чадвартай хүн ажээ. Тэрээр Хонг Конгийн сэтгүүлчийн асуултыг сонсох зуураа "Чи илтгээд байна уу? Асуугаад байна уу? Тодорхой хэл" гэж шахаад, арай гэж асуултаа дуурсгахад нэг үгээр хариулчихаж байна. Сэтгүүлчид Трампаас үг авахын тулд эртнээс бэлдсэн, товч тодорхой, шулуун шударга асуулт тавих хэрэгтэй ажээ. Хэлснийг мушгих, занга тавихыг андахгүй, Трамп ямар нэгэн баримт сөхөж, товч хариулдаг ч дотоод зарчмаа ер алдаж бантахгүй. Улс төрч хүн ийм чадмаг байх ёстой гэсэн түвшин тогтоож чадав. Сиймхий л гарвал түүний давтан ярих дуртай сэдэв нь Ардчилсан намынхан төр барьж тоглоод, сүйрүүлсэн эдийн засгийг би сэргээсэн, тэд Дундад дорнодын дотоод асуудалд орооцолдож, 9 их наяд доллар зарлагадаж эдийн засгийн нөхөшгүй хохирол учруулсан, тэр их мөнгөөр Америкчууд боловсрол, технологи, дэд бүтцээ хөгжүүлэх ёстой байлаа, олон мянган залуусыг сургуульд үнэгүй сургана гэж хуурч цэрэгт мордуулаад, мэргэжлийн алуурчдын сумны бай болгов, харийнхан хоорондоо алалцана уу, байна уу бидэнд огт хамаагүй, америкчуудын амьжиргааг сайжруулах л чухал гэж ярихаар ард олны дэмжлэгийг олж чадаж байна. Хүнд байдалд орохоороо үндсэн хуулийн заалтаа бариад уснаас амархан гараад ирэх юм. Ардчилсан намынхан үндсэн хуулиасаа холдсоныг сайн олж харж байна. Трампыг тэнэг гэмээр юм ярьдаг боловч тэрээр дотроо мэдэхийн ихээр мэдэвч тэнэг асуултад тэнэгээр хариулж чаддаг, тогтсон бодол зорилготой, дээр нь хурдан сэтгэдэг, үг гээхгүй заргач хүн юм. Энэ хүний ярьсанд авах гээхийн ухаанаар хандаж, онцгой олон чадвараас нь манайхан үнэхээр суралцмаар байна.

Америкт цар тахлын халдвараар нас барагсдын дотор хар арьстны эзлэх хувь ихсэж буй гэнэ. Цаашид харуудыг хэрхэн хамгаалах талаар халуун яриа өрнөж байна. Калифорни мужийн захиргаа цар тахлыг тодорхой хэмжээнд барьж гэж үзээд, мужийн захирагч Гэйвн Ньюсом хиймэл амьсгалын 500 ширхэг аппаратыг нөхцөл хүндэрсэн бусад газарт шилжүүлж өгснийг Трамп Ерөнхийлөгч онцгой үнэлэв. Ардчилсан намаас гарсан хэдэн мужийн захирагчтай зохицон ажиллаж байхад сенатын хэдэн гишүүн намайг өөлөөд байна, тэд хэний төлөө ажиллах ёстой вэ гэсэн үгээ яриандаа хавчуулахаа Трамп Ерөнхийлөгч мартсангүй. Хоёр намын толхилцооноос болоод дээд шүүх нь асуудлаа шийдэж чадахгүй цаг алдсаар өнөөдөр Висконсин мужид сонгууль эхэлж байна. Цар тахлын халдвар авахаас айсан хүмүүс сонгуулийн тойрогт ажиллахаас татгалзаж, сонгууль өгөх олон цэг эзгүйрсэн гэнэ. Эв нэгдэлгүй байвал юу болдгийн нэг илрэл нь энэ юм даа.

Ерөнхий эмчийн зөвлөж буйгаар одоо хоёр долоо хоног гэртээ яс суучихвал хамгийн хүнд үеэ давж, Трампын хэлснээр хонгилын үзүүрт гэрэл үзэгдэх гэнэ. Болж өгвөл хүнсний дэлгүүр орохоо ч гэсэн тэвчээрэй гэж байна. Хичээгээрэй нөхдөө!

Ш.Баатар
2020.4.7

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу