Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цаг хугацаа мөн хурдан нисэн өнгөрөх юм аа. Нэг л мэдэхэд гэрийн хорио эхлээд 21 хоночихжээ. Нөхцөл байдал хүндэрснээс болж хорио тавигдсангүй, 5 сарын 1 хүртэл 24 хоногоор сунгагдчихлаа. Өнгөрсөн өдрүүдэд хорионы горимоор ажиллаад дасчихлаа. Хүйтэн дайны бэлтгэл, картын барааны зэлмүүн амьдралыг туулаад гарсан бидний хувьд гэртээ бүгэх нь хурууны үзүүрт хум пад юм байна. Дэлхийн дайнаас хойш зовж үзээгүй, эмнэг хангал зантай америкчуудын хувьд сэтгэл санааны ихээхэн дарамт болж буй ажээ. Раажав хүүгээ (манай хүүхэд биш, жинхэнэ радио) сонсоод, хурдны зам дээр давхиж явахдаа мужийн захирагч Гэйвн Ньюсом гуай цар тахлын шинжилгээний явц удаашралтайд сэтгэл зовниж буйг мэдэв. Шуурхай ажилладаг, мундаг шийдэмгий хүн. Өчигдөр ярианыхаа далимд Трамп Ерөнхийлөгч түүнийг магтаад авч байна лээ. Уг нь ардчилсан намыханд ам султай Ерөнхийлөгч шүү дээ.

Европ, Америкт, тэр тусмаа Нью Йоркод олон хүн эндэж буй нь хүн амын хэт нягтралтай газрын хүмүүсийн харилцааны соёлоос ихээхэн хамаарч байх шиг. Нэг үгээр хэлбэл сүргийн сэтгэлгээтэй газрыг цар тахал андахгүй мэдэрч байна. Нийтийн тээврийн нэг унаагаар зорчдог, нэг дор бөөгнөрч, шавалдаж суугаад хоолоо иддэг, хоорондоо ам булаалдан их ярьдаг, олон нийтийн ямар ч арга хэмжээг бизнес болтол хөгжүүлсэн, хаана л явна хүн сүрэг дотор байх тул вирус хурдан тарах үндсэн орчинг бүрдүүлжээ. Хэт ойр, бүлэрхэг байх ч тийм сайнгүй зүйл бололтой. Хамтач байхтай холбоотой, сүргийн сэтгэлгээний тухай багын нэгэн дурсамж санаанд буув.

1970-аад оны эхээр намайг 2-р ангид байхад болсон явдал билээ. Уянга сумын төв дээр Банжаа өвөөгийнд суудаг би хаврын амралтаараа Цармын аманд Бүдүүн Гянцан гуайнхтай хамт өвөлжиж буй эмээ дээрээ буцаж ирэв. Мал төллөх цагаар хурганы уут үүрээд, хонины ээлжинд гарч, салхинд сайрдталаа тэнэдэг хүүхэд байв. Нэг өдөр бүдүүн Гянцан гуайнд мотоцикль унасан ах аймгаас давхиж ирлээ. Тос нь үнэртсэн, 2 амтай, шувууны орос буу, ширэн дайз дүүрэн том сумтай тэр ахын буу, сумыг би нүд унаган сонирхов. Гуулин тавтай, улаан, ногоон цаасан хонгиотой, том сумыг анх үзэж буй нь тэр билээ. Өнөө ах "Маргааш би шувуу авлана. Чи дагаж яваад наад хонгиогоо аваарай" гэж хэлэв. Бөөн баяр болсон би өглөө нь өнөө ахтай сундлаад, Царам өгсөөд давхив. Чулуутай гэдэг газар очоод, сүрэг ятуутай таарч, өнөө ах бөөгнөрсөн шувуун дунд хараалах ч үгүй буудахад олон ятуу унаж, амьд үлдсэн нь үрлэн суманд оногдож үхсэн дээрээ овоорохоор нь дахин дахин буудахад нөгөө сүргээс нэг ч ятуу амьд үлдсэнгүй ээ, хөөрхий. Ах хүү алсан ятуугаа хоёр шуудайнд хийж ганзагалахад би ч түүж авсан улаан, ногоон өнгийн хонгиогоо өвөртөлж, араар нь сундлав. Гэртээ ирээд юу болсон тухай буурал ээжид тоочин хэлэхэд "Ятууны мах ядаргаанд сайн гээд шудах болсон юм гэнэ лээ. Ятуу дүлий шувуу болохоор буун дуунаас үргэхийг мэдэхгүй хядуулчихдаг юм гэсэн. Бас нэг нүгэл нь нүдээрээ гарсан амьтан ашиг хонжоо хайж явсан юм байжээ. Олон амьтны аминд хүрсэн наад хонгионуудаа гаргаж хая!" гэж зандрахаар нь би хайлсан тулга шиг уриалгахнаар гүйж гараад, ухаан сийлж, хонгионуудаа бүтээлэгтэй бараан дор нууж амжив. Хайран юмыг хаяна гэж юу байх вэ. Түүнээс хойш шувуу сүрэглэж явбал амархан хядуулдгийг мэдэж билээ. Энэ айхтар вирус хүмүүсийг сүрэглэх тусам шувууны бууны үрлэн сум мэт үй олон хүнийг хормын зуур сүйтгэж байна даа.

Нэгэнт тахал дэлгэрч үхэл үргэлжилж буй болохоор газар газрын оршуулгын ёсыг раажаваас сонссоноо товч ярья. Хинди голдуу хүнтэй Энэтхэгт одогсдоо уламжлалаараа чандарладаг, оршуулгын зан үйлд олон хүн цугларч оролцдог ажээ. Одоо бол 20 хүнээс дээш оролцож болохгүй гэж хорио хязгаар тогтоосон байна. Одогсдын чандрыг ариун Ганга мөрний усанд өргөдөг боловч аялахыг хориглосон тул тэд цаашид чадахгүй болжээ. Одогсдоо авсгүй оршуулдаг хэмээгдэх жүүдүүд мөн гэртээ олноороо цугларч долоо хоногийн турш найрлаж, гашуудал тайлдгийг цомхон болгож буй гэнэ. Хятадууд Төвдөд тэнгэрийн оршуулгыг хорих бололтой. Өдөрт нь одогсдоо оршуулдаг лалын орнуудад байдал огцом хүндэрчээ. Нэгэнт тахал юм болохоороо корона вирусын халдвар газар газрын оршуулгын ёсыг ийнхүү эвдэн өөрчилж байна. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг нь үнэн ажээ.

Тэр доктор Шивагийн ярьж буйд итгэхэд арай эрт санагдав. Гол агуулга нь цар тахлыг үгдрүүлж, нийгэмд айдас хүйдсийг ихэсгэж байгаад, хүн бүрийг бараг онцын шаардлагагүй вакцинаар хазаарлаж аваад, хэсэг бүлэг хүн, эмийн компани түүн дээр нь мөнхийн бизнес хийгээд суучихна. Үүнийг доктор Фаучи мэдэхийн цаагуур мэдэж буй ч нуугаад байна ухааны юм хэлэв. Ёстой бүү мэд. Цаг хугацаа л үүнийг нотолно буй за.

Ш.Баатар
2020.4.6

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу