Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бороо шивэрсэн өдөр аар саар ажлаа амжуулж, ямартай ч машиныхаа тосыг солиулав. Өдөрт 140 миль хурдны зам дээр давхих тул нэг л мэдэхэд 5000 миль болчих юм. Америкт машиныг эрх чөлөөний бэлэгдэл гэдэг. Өнөө цагт машин дотроо эрх чөлөөтэй, бас тахлын халдвар авахгүй баталгаатай явж байна. Хурдны зам дээр раажав сонсоод олон цаг давхиж явахад юу эсийг бодох билээ.

Хүнд бэрх цагт хүмүүсийн үнэн төрх илэрдэг нь эгэл хорвоогийн тогтсон жам биз ээ. Ийм хүнд үед өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс арай өөр, сэтгэлийн тэнхээтэй яваа мэт санагдана. Дотроо шүтлэгтэй хүн дороо суурьтай, барагтай юманд алаг урвахын хооронд хувираад арчаагүй царайлаад байхгүй, аливаад аль болох хүлээцтэй ханддаг ажээ. Би лал, христийн шашны талаар нарийн ширийнийг сайн мэдэхгүй ч Буддын шашны ажил бусдын сайн сайхны төлөө үйлчилдэг хэмээн итгэнэм. Бурханы шашны хувьд аливаа зүйл хоосон чанартай, энэ ертөнцөд буугаад мордохыг хорвоогийн хонины нэг ээлж гэж үзнэ. Тэгэхээр бидний амьдрал тодорхой дуусах хугацаатай түрээсийнх болох тул аливаад хэт шунаад байлгүй авах гээхийн ухаанаар хандаж, эргэн тойрныхоо бүхий л амьтныг энэрэн хайрлах хэрэгтэй, тусалж дэмжиж явах ёстой хэмээн бодном. Монголчууд маань энэ бэрх цагт бие биенээ үзэл бодол, шашин шүтлэг, баян хоосон, ар өвөр гэж ялгалгүй нэг элгээр хайрлаваас ямар ч бэрхшээлийг хамтдаа даваад гарна буй. Тэгэхийн тулд дор бүрдээ эе эвийг эрхэмлэн хичээмээр байна.

Бид амь амиа бодоод тийм ч хол явахгүй, нэгдэж нягтарч байж л сая бэрхшээлийн ард гарах тодорхой болоод байна. Зарим хүмүүс өрөөл бусдын боломжийг хулгайлж, өөрийхөө хар амийг бодсоноор нийгмийн бухимдал үүсэж буйг бид харж, хэсэг маань түүний эсрэг тэмцэж байна. Монголчууд маань үзэл бодол, шашин шүтлэг, нам эвсэл, нутаг орноороо талцаад түүнийг нь харийн санаатай нөхөд сэвээд байвал цаашид нэг улс болон бүрэлдэж, хөгжиж лав чадахгүй байх. Монголын нутагт амьдарч буй л бол монгол хэлээ сурч, монгол хэлээ хайрлаж, монгол хэлээрээ бүхнийг илэрхийлж, монгол бахархлыг хүн бүр бүрдүүлэх хэрэгтэй билээ. Бид хариас мэдлэг, техник, технологи олж аваад, эх орондоо нутагшуулахаас бус харийн бичил ертөнцийг Монголдоо байгуулах юун хэрэг байна!

Бид үндэсний бахархал гэхээр хэдэн зууны тэртээх, өөрийн мэдэхгүй орчин руугаа эргэж үсрэх гэж муйхарладаг билээ. Үнэндээ бидэнд сүүлийн гурван үеийнхээ алдаа оноо, амжилт бүтээлийг цэгнэх, түүнээс хэрэгтэйг хэрхэн залгамжилж авч явах нь чухал байна. Дан ганц Чингисийн бахархлаар тийм хол явахгүй, харин ахмад үеийнхээ сайн бүхнийг авч үлдсэнээр бидний бахархал улам аривжина. Урд өмнө бүтээсэн бүгдийг авч үлдээд, хажууд нь шинийг бүтээх замаар соёлын хуримтлал үүсгэдэг жамтай. Итали, Франц, Орос бүгд л тэр замаар явж өдийд бусдад үзүүлэх хэмжээнд соёлын өвтэй болжээ. Улс орныг удирдаж буй эрхэм хүмүүс үүнийг онцгой анхаарна буй за.

Бид нэг дороо бөөгнөрөх тутам гэнэтийн элдэв өвчин зовлонд нэрвэгдэж, олноороо эндэх осол аюул нүүрлэх нь өнөө болж буй цар тахлаас илэрхий харагдаж байна. Бидний монголчууд уудам сайхан нутагтай болохоор боломжоороо таран суугаад, эх орноо тэгш хөгжүүлэх, өөрсдөө давхар хөлжих асар их боломжтой байна даа. Бусдын амыг сахиж, бусдын гарыг харах нь нэг л явуургүй болжээ. Баялгийг цөөхөн хүн цөлмөж идээд байвал улс орон хэзээ ч хөгжиж, хүн ардын амьдрал дээшилж, баяжсан хүмүүст сайхан амьдрах орчин үүсэхгүй. Нийгмээрээ амьжиргаагаа сайжруулж байж гэм түүнийхээ хишгийг бүгд жигд хүрнэ. Хүн бүр тэжээлгэх бус чаддагаа хийж сурах сэтгэлгээтэй болж гэм бид хөгжлийн зөв чигтээ орох билээ.

Харьд ажиллаж, амьдарч, эх орондоо үлдсэн ах дүүсийнхээ амьдралыг давхар авч яваа олон мянган монголчуудыг өнөө цагийн баатрууд гэж би боддог. Тэд улс орны нуруун дээрх ачааны талыг лав үүрч яваа. Яагаад гэвэл уул уурхайн орлого хэдхэн хүний гарт ордог болохоор гадаадад буй монголчуудын ар гэртээ илгээсэн мөнгө төгрөг Монголд мөнгөний зөв хуваарилалтыг бий болгож, Монголын мөнгөний эргэлтийг гацаахгүй барьсаар байгаа шүү. Энэ утгаараа Монголд амьдарч буй бүх хүмүүс харьд хөлс, нулимсаа асгаруулж олсон мөнгөний эргэлтэн дээр тайван сайхан амьдарч буй хэрэг. Монголын төсөв ард түмний татвар дээр тогтож буй болохоор мөнгө төгрөгөө үр ашигтай зүйлд аятайхан зарцуулаарай гэж дээд дарга нарт энэ ялдамд уламжилья.

Амралтын өдөр аймшиггүйгээр сул бодол билчээв, авах гээхийн ухаанаар хандана буй за.

Жич: Үндэсний төв номын санд хийж буй цуврал лекцийг сонсоорой. Бид соёлын их өвтэй болохыг та улам их мэдрэх болно.

Ш.Баатар
2020.4.5

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу