Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өглөө босоод раажав хүүгээ нээж, орчлонгийн элдэв сонинг чих тавин сонсов. Зовлон үзээгүй хүмүүс гэрийн хорионд орж, бухимдсан хамаг уураа ойр дотнынхондоо гаргаж, гэр бүлийн хүчирхийлэл гаарсан байна гэнэ. Америкт ч, алсын хөгшин Европт ч адил мөн гэнэ. Ялангуяа Францад гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, эрчүүд нь эхнэр, хүүхдийнхээ тоосыг өдөр бүр гөвж буй тул засгаас нь янз бүрийн арга хэмжээ авч эхэлжээ. Франц эрчүүдийг Ален Деон шиг царайлаг, шадар гурван цэрэг шиг жэнтэлмэн гэж бодож явсан минь талаар болов. Хуучин эзэрхэг цагт байсан, одоо монгол хэлнээс бараг арчигдсан "Сайн эхнэрийн тоосыг сардаа нэг гөвж бай!" гэсэн хэлц үг байдгийг бодоход манайхан ч бас л хүнд гарууд байжээ.

Цар тахлын халдвар яван чангарч буй тул өөрийгөө, эргэн тойрныхоо хайртай бүхнийг хамгаалахын тулд гэрийн буг болох л чухал ажээ. Гарахгүй бол халдвар авахгүй, халдвар авсан бол үгдрэхгүй тул эмч, эмнэлгийн зүгээс үүнийг хичээнгүйлэн шаардаж байна. Гэртээ сууж тогтдоггүй бөөрөнхий бөгстөнүүдийн хувьд энэ хязгаарлал бэрх мэт боловч аюулт тахал өвчинд өртөхөөс аврах цорын ганц арга юм байх. Аливаа хүний хувийн жаргал ихдэхээр сэтгэл тогтдоггүй, сэтгэл тогтохгүйн эрхэнд гэртээ тогтдоггүй золиг юм гэнэ. Нүүр амандаа хаалт хийж, аль болох зайнаас бусадтай харьцахыг CDC буюу Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж тэмцэх төвөөс онцгойлон анхааруулж байна. Трамп Ерөнхийлөгч яахав маск зүүгээд хэрэггүй гэж буруу ярьсандаа бантаад одоо болохоор "дураараа бол би лав зүүхгүй" гэж гүрийж байна. Тэр хүний хөөрхийлөлтэй байдалд орсныг бас ойлгох хэрэгтэй.

Японы эрдэмтэд маск зүүх нь ашигтай эсэх талаар 11 хүн дээр туршилт хийж, өвчтэй хүнтэй ярихад масктай бол бүгдээрээ халдвар авахгүй, маскгүй бол 3 нь баттай халдвар авна гэж тогтоожээ. Маск хэрэгтэй гэдгийг америкчууд бага зэрэг ойлгож эхлэв. Одоо яаж бүх нийтээр маск зүүдэг ухамсартай, хариуцлагатай болох вэ гэдэг асуудал тулгарч байна. "Дургүй ламд дарж байж сахил хүртээв" гэгчээр хүчээр тэдэнд маск зүүлгэх боломжгүй биз ээ.

Америкийн шоронгуудад халдвар нэлээд газар авч байна. Манай мужийн захиргаа өмнө зарласнаараа хэрцгий гэмт хэрэг үйлдээгүй, ял эдлэх хугацаа 6 сар дотор орсон 3500 хүнийг шоронгоос гаргаж эхэлж байна. Хулгай зэлгий хийсэн хүмүүс үүнд мэдээж хамрах тул болгоомж, сэрэмж давхар хэрэгтэй боллоо. Сан Франциско хотын гэр оронгүй хүмүүсийн дотор цар тахлын халдвар авсан хүн илэрсэн тул хотын дарга захирамж гаргаж, 1500 буудлын өрөөг улсаас 75%-ийн төлбөрөөр хөлсөлж, гэр оронгүй хүмүүсийг оруулж эхлэв. Нэгэнт ажиллагаагүй болсон бизнесүүд зочид буудлуудаа улсад зарвал цаашид гэр оронгүй хүмүүсийн байнгын сууц болгохоор төлөвлөж байна. 150 мянган ажилтантай Бойнг компани үйлдвэрээ түр зогсоож буй тул ажилчдадаа сайн дураараа халагдах санал тавиад, яваандаа хүчээр халж эхлэх гэнэ. Энэ мэт элдэв мэдээлэл гарсаар л байна.

Өчигдөр үдээс хойш ажил хэргийн ярианы завсар итали найзаас Мадридад буй ахынх нь тухай асуув. Гэртээ нэгэнт бүгсэн болохоор халдвар аваагүй байна гэнэ. Тэр найз маань "Итали, Хятад хоёр ихэр юм шиг их түншилснээс болоод ийм зовлонд бид уналаа, танай монголчууд тийм ойрхон байж яаж сайн тэрж байна аа?" хэмээн асуув. "Монголчууд маань газар нутгаараа Хятадын хаяа дэрлэдэг ойр мэт боловч сэтгэлдээ тэдэнд тийм ойр биш, шаардлага гарвал маш хурдан зайгаа барьдаг төрөлхийн инстинкт нь хөдөлдөгтөө л учир байна" гэлээ. "Хятадаас болгоомжлох ямар нэгэн эртний сургаал үг байдаг уу?" гэж надаас нэмж асуулаа. "Байх нь байна, мэдэх нь цөөн буй. 1300 жилийн тэртээ босгосон Орхоны бичээст "Хятадын торго нь зөөлөн, үг нь уран, манай дээдэс хууртаж очоод амь эрсдэж, өчнөөн охид хөвгүүд боол болов доо" гэсэн харамслын үгс бий. Бидний өмнөх үеийнхэн түүнийг сайн мэддэг байсан тулдаа болгоомжтой явж иржээ. Бидний улс газар нутгийнхаа хагасыг хүн амтай нь тэдэнд алдаад зуун жил хараахан болоогүй байна" гэв. Мань хүн миний ярьсныг их сонирхож, би түүнд Орхоны бичээсийг олж явуулахаар боллоо.

Хятадын нэр хүнд, тэдэнд итгэх итгэл дэлхий дахинд улам л арилан алга болж байна даа. Манайхан харин энэ талаар юу гэж бодож явдаг юм бол? Бидний цөөхөн монголчууд Хятадын гар харалгүй амьдрахад бэлэнчлэх биш биеэ даах сэтгэлийн тэнхээ л зөвхөн хэрэгтэй болоод байна даа. Улс түмнийхээ үгийг сонсдоггүй, усан ориглуур баринаачууд олширвол улам л мөхөл рүүгээ мөлхөх вий. Сонгуулиар нийслэлээ ус бүжиглэсэн Лас Вегас шиг болгох гээд зүтгэж буй эргүү цагаануудыг (мөндлүүдийг) бурхан өршөө. Сонгууль болох нь их бүрхэг байна. Хэдийгээр бид цөөхүүлээ ч хийж бүтээж чадах ард түмэн билээ. Өгөр муу цар тахал бидний цаашдын хандлагад их өөрчлөлт чирч ирнэ дээ. Өөрөөр сэтгэж, өөрөө бүтээх цаг бидэнд яалт үгүй ирлээ. Ирж яваа цаг уг нь сайхаан.

Ш.Баатар
2020.4.4

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу