Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Орой буцах замдаа Костко бөөний худалдааны төвөөр дайрч шатахуун авлаа. Дэлгүүр хаах төхөж байсан тул урт дараалал алга болж, хэдэн хүн орж, гарч байв. Нэмж авахаар хүнс хэрэгтэй байсан учир, бээлий, малгай өмсөж, маск зүүж, түрдэг тэрэгнээс нь нэгийг олж аваад орлоо. Вакцин гартал сар жилээр иймэрхүү байдалтай хүнс хоол цуглуулна даа. Хүн цөөн, бараа таваар элбэг байна. Харин гайхал нойлийн цаас л алга. Маск хийсэн хүн мэр сэр харагдавч ихэнх нь маск ч үгүй, бээлий ч үгүй хоорондоо ярьж хөгжилдсөн нөхдүүд явж байна. Онгорхойн дотор уужуу гэгчээр олны дотор ийм нь их ажээ. Хүндэрсэн нөхцөл байдалд хүмүүс нэг л дасахгүй байгаа нь илт харагдана. Жимс, ногоо зэрэг хурдан дуусдаг хэдэн юм олж аваад, бичүүлэхээр дараалалд зогсов. Хаа ч гэж хүмүүс зайгаа сайн барьж байна. Ажилчид нь бүгдээрээ маск зүүж, бээлий хийжээ. Халдвар авах эрсдэлтэй болохоор тэд тэгэхээс өөр яах билээ.

Араажав хүүгээ л анхааралтай сонсов. Америкчууд цар тахал гээд сандарч байх хооронд Колумб, Венесуэлийн хар тамхины наймаачид тус улсын усан хилийг ноцтой зөрчиж эхэлжээ. Трамп Ерөнхийлөгч Маяами хавийн хилийн хамгаалалтыг чангатгаж, чоно борооноор нөхдийг үнсэн чадруу болгох зарлиг буулгав. Усан хилийн хамгаалалтыг тэнгисийн цэргийн байлдааны өндөржүүлсэн байдалд оруулснаа Пентагоны батлан хамгаалахын сайд итгэл төгөлдөр илтгэв. Сүртэй юм аа, гол асуудалдаа анхаарахгүй, бөөсөнд жад барих гэдэг нь л болж байна. Батлан хамгаалахын сайдын хийсэн бас нэг айж сүрдмээр мэдэгдэл нь хүүр хийх зуун мянган уутны захиалгыг хэн авах вэ? гэсэн утгатай юм хэлэв. Ямар ч байсан хохирлыг энэ хэмжээгээр харж эхний тохиолдолд тааруулан ийнхүү бэлтгэл хийж буй ажээ. Өдөр бүр ийм маягаар мэдэгдэл хийгээд явчих юм байна. Үнэхээр зарлагдаагүй дайны үеийн цаг мөчүүд бидэнд ирсэн гэлтэй.

Их, бага, дунд сургуулиуд намар хүртэл цуглахааргүй болж, Калифорнийн их сургууль элсэлт, төгсөлтийн талаар өөрчлөлт хийснээ мэдэгдэв. Элсэлтэд Эс-Эй-Ти (SAT) шалгалтын оноо хэрэггүй боллоо. Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулиас эхлээд төгсөлтөө онлайнаар хийхээр болж гэнэ. Сургалт, шалгалт бол онлайнаар яваад л байгаа ажээ. Ер нь яваандаа онлайн сургалт нийгэмд улам давамгайлах болов уу. Ийм эгзэгтэй цагт сурагч хүний үүрэг хариуцлага ихсэж, эцэг эхийн анхаарал халамж давхар шаардагдаж байна.

Америкт эдийн засгийн хүндрэл нүүрлэж буйг илэрхийлэх ноцтой асуудал бол ажилгүйдэл болно. 2 долоо хоногийн өмнө 3.2 сая хүн, өнгөрсөн долоо хоногт 6.6 сая хүн ажилгүйдлийн тэтгэлэг авах хүсэлтээ гаргажээ. Энэхүү бэрх үзүүлэлтээс болж үнэт цаасны арилжаа өчигдөр уналаа. Жижиг бизнесүүдэд мөнгө тэтгэлэг олгох юм яригдаж байна. Жилийн турш 5 түмэн долларын хүүгүй зээл авахыг манай мужид зөвшөөрөх гэнэ ээ. Монголчууд маань энэ хямралд хэр их өртөх бол? Болж өгвөл гайгүй л өнгөрөөсэй.

Монголд маань хотын захиргаа тансаг усан оргилуур талбайн урд барихаа мэдэгдэж, ард түмнээ ихэд бухимдуулжээ. Барьж бүтээснээ нураахын оронд өөр эзгүй газар олоод ядаж түүнийгээ барья гэж хэлж болдоггүй юм байх даа. Оргилуураас илүү амьсгалын аппарат л зайлшгүй хэрэгтэй байна даа. Ийм энгийн юмыг ойлгохгүй бол мөнхийн ус балгасан тэднийг яанам билээ? Цаг үеийн ямар ч мэдрэмжгүй тэдгээр даргыг Расул Гамзатоьын хэлснээр "аадар бууж аянга юу яаг!" гэлтэй. Зовж зүдэрсэн ард түмнээс минь цар тахал холуур өнгөрөх болтугай, бурхан өршөө!

Ш.Баатар
2020.4.2

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу