Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг идэр жинчний алдарт үг бий. Цар тахлын нэгэн голомтод буй бидний амьдрал урьдын адил хэвийн үргэлжилж, ажил төрөлдөө шамдсаар сууна. Хавар цаг ирсэн болохоор Калифорнийн хурц нар шарсаар байна. “Нарлаг Калифорни” гэж хэлдэг юм билээ. Биднийг Орост сурч байхад “Нарлаг Монгол” галт тэрэг ирэхээр сэтгэл догдлоод үнэхээр сайхан санагддаг байж билээ.

Ажилд нь хүргэх зам зуураа хүүгээсээ цар тахлын тухай нарийн ширийнийг лавлаж явлаа. Балдан маань эсийн биологи, ДНХ, биохимийн мэргэжилтэн болохоор корона вирус, халдвар нянгийн (бактерийн) талаар түүний тайлбар надад сонин байв. Лавлаа Даш миний бие хүүгийн ярианаас буруу зөрүү ойлгосноо аймшиггүйгээр жаахан сийрүүлье. Корона вирус амьсгалын замаар дамжиж уушгинд ороод, зөөлөн эд болох уушгины салстад наалдаж, уушгийг улайлган өрөвсүүлж, улмаар уушгийг урж, шарх сорви үүсгэнэ. Тэгж шархалж урагдсан уушги ямар ч хамгаалалтгүй болж өвчлөх үндсэн хоёр шалтгааныг бий болгоно. Нэгт, биеийн эсэргүүцэл сайн хүний дархлаа нь хэт эрчимжиж, шархалж гэмтсэн уушгиныхаа эд эсийг тун амархан иддэг ажээ. Үүнийг өөрөө өөрийгөө идэх дархлаа буюу аутоиммуны идэвхжилт гэдэг бололтой. Хоёрт, биеийн эсэргүүцэл сул дорой хүний хувьд элдэв нян уушгины шархалсан хэсэгт тогтож үрждэг байна. Аль ч тохиолдолд уушгийг ихээр гэмтээж, цусан хатгаа болдог ажээ. Хатгаа хүндэрч уушги бие даан ажиллах боломжгүй болохоор амьсгалын аппаратад орно. Миний яриад буй амьсгалын аппарат бол уушгийг амрааж, хиймэл амьсгаа хийх тусгай төхөөрөмж юм. Хэрвээ амьсгалын аппаратад орвол хүний амьдрах боломж 50% хүрэхгүй болох эрсдэлтэй. Хүнийхээ биеийн онцлогоос шалтгаалаад хөгшин, залуу ялгаагүй хүндээр өвчилж болно. Хөгшин хүмүүст цар тахал илүү хүнд тусаж буй нь тэдний дархлаа сул, ямар нэгэн суурь өвчинтэй, эсвэл тамхи татдаг зэргээс шалтгаалж байна. Хэн ч бай хувийн ариун цэврийг дээд зэргээр сахивал нян авахгүй дээ.

"Хавь ойрынхоо настай хүмүүстээ илүү анхаарал тавиарай, шаардлагатай бол хоол ундыг нь ойртуулж туслаарай!" гэж мужийн захирагч өчигдрөөс эхлэн хэлж байна. Өөрийн болоод ойр хөршийнхөө настай хүмүүстэй утсаар ярьж, хаалгыг нь тогшиж, мэнд усыг мэдэж, сэтгэл санааны дэм өгөхдөө эрүүл эсэхийг давхар тантах хэрэгтэй гэв. Үр хүүхэдгүй, ах дүү саднаасаа хол амьдардаг өндөр настнууд гэнэт халдвар авч, бие нь хурдан сулдаад гадагшаа холбоо барьж чадахгүй байсаар гэртээ өөд болох тохиолдлоос тэднийг урьдчилан сэргийлэх хэрэгтэй ажээ. Бас л байнга хэлж сануулж байх хэрэгтэй зөвлөгөө байна. Цар тахлын хүнд цагт нэн гярхай, алсын бодолтой, хянамгай хүн л хождог тухай раажав хүү нэгэн сонин жишээ дурдав. Хятадад цар тахал газар авсан сургаар Солонгосын хойгт байрладаг Америкийн цэргийн баазыг захирдаг нэг генерал цэргүүддээ хөл хорио тогтоожээ. Цар тахал нэг орноос хальж дэлхий нийтийн гамшиг болсноос хойш тэр цэргийн баазад халдвар илэрсэнгүй, тэгж урьдчилан сэргийлж чадсан овсгоотой тэр генералд талархаж байна.

Үдийн цайны цагаар Калифорни мужийн захирагч Гэйвн Ньюсом нийт иргэддээ хандаж, товчхондоо “Цар тахлын халдварын байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг бид урьдчилж мэдэхгүй байна. Бидэнд буй загварыг үндэслэвэл наанадаж 4,5 сар, цаашилбал 6,7 сар хүртэл цар тахлын халдвар тархах нь ойлгомжтой болоод байна. Вакцин хийгдээгүй өнөө үед гэр гэртээ байж, амь насаа авраарай! Бид байгаа бүх бололцоогоо ашиглаж аль болох хохирол багатай бэрхшээлийг туулахыг хичээнэ. Амьсгалын аппаратын тоо нэмэгдтэл бидэнд цаг байгаа нь сайн хэрэг. Ахмадуудад туслахын тулд ‘хөрш хөршөө’ хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Гүүгл компанийн тусламжтайгаар үнэгүй ашиглах чанарын өндөр түвшингийн интернэтийн 100 мянган цэгийг муж даяар нээнэ. Ажлын хүндийг үүрч буй ээж нарт, настай хүмүүсийг өргөж буй бүх хүмүүст баярлалаа!” хэмээн хэлж байна. Энэ цагийн элдэв гай барцдаас харийн нутагт сурч, ажиллаж, амьдарч суугаа монголчууд маань холуур өнгөрөх болтугай!

Ш.Баатар
2020.4.1

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу