Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За өнөөдрийн бодол, мэдээллээ оруулья даа. Хэрэв анзаарсан бол мууг сайнаар гэгчээр 1 муу мэдээ оруулбал түүнээс илүү тоогоор сайн сайхан мэдээ, эсвэл пост дагуулдуулахыг хичээж байгаа шүү хэ хэ.

Барууны орнууд ойрын өдрүүдээс л эхэлж маск зүүхийг зөвлөх боллоо. ДЭМБ-аас өвчтэй л бол зүү, маск зүүснээр хамгаалагдсан мэт хуурамч горьдлого үүсгэх тул улам аюултай гээд байгаа. Америкт CDC-ээс болон Шар маань өчигдөр маск зүүх нь зүйтэй гэв шиг. Инээдтэй нь бараг сарын өмнө бичихдээ би хүмүүс масктай хүнийг сэжигтэй хараад байна гэхээр нь ороолтоор хамгаалаад явбал зүгээр юм гэж байсан даа. Гэтэл манай хүн өчигдөр ороолт яриад явчихаж хэ хэ. Учир нь судалгаагаар тэд нарын эсвэл бид нарын бодоод байсан шиг эрүүл хүн өвчтэй хүнээс хамгаалах тухай биш голчлон вирусээс халдвар авсан ч шинж тэмдэггүй хүн маск зүйхгүйгээр яваад халдвар тарааж байгаа аюултайг олж мэджээ. Гэсэн нь ч үсрэх шүлс, болон агаар тогтсон маш нарийн дуслуудаас маск бол бидний амьсгалын замыг ямар нэг хэмжээгээр хамгаалах нь ойлгомжтой.

Мөн иргэд ихээр зүүж эхэлснээр эмч, эмнэлгийн ажилтнуудад маск хүрэлцэхгүй болно гэж айж байсан, харин одоо өмнө нь эмнэлэгт аль хэдийн туршигдсан, ууршуулсан hydrogen peroxide-оор вирусын эсийг задалж биологийн материалыг нь хатааж үйлчилгээгүй болгодог машинд FDA түргэвчилсэн журмаар зөвшөөрөл олгосноор одоо эмнэлгүүд хамгийн их хэрэгцээтэй байгаа нэг удаа хэрэглээд хаядаг байсан N95 маскийг 2 цаг хагаст ариутгаад дахин хэрэглэх боломжтой болсон нь асуудлыг шийдчих шиг боллоо. 1 машин өдөрт 80 мянган маскийг ариутгах чадвартай, нэг маск 20 удаагийн ариутгалыг даана, маск бүр дэх кодоор машин хэдэн удаа ариутгалд орж байгааг нь хянаад явчих юм байна. Neat.
Одоо л америкчууд маск зүүж эхлэх байх.

Италид халдварын хурд буурч эхэлсэн гэж ЗГ нь үзэж байна (графикийг хараарай). Эмнэлгүүд ирж байгаа болон сэхээн дэх өвчтнүүдийн тоо оргил үеийнхээсээ хэд дахин буураад байна. Мөн шинээр оношлогдож байгаа хүмүүсийн тоо ч гэсэн. Хамгийн хүнд үеэ давсан бололтой. Олон орноос, түүний дотор Орос туслалцаа болон хамгийн хэрэгцээтэй нутагт ариутгал энэ тэрд тусалцуулахаар цэргүүдээ явуулжээ. Путин ямар боломжийг алдах биш. Гудамжаар нь “from Russia with love” гэсэн бичигтэй, оросын тугтай цэргийн машинууд давхилдаж байгаа талаар WSJ бичжээ. Америк ч ойлгож байгаа бололтой 100 сая долларын үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмж илгээнэ гэж 2 өдрийн өмнө мэдэгдсэн байгаа.
Муу мэдээ нь Америкт ирэх 2 долоо хоногт Италид хүндэрсэн шиг, вирусээс үүдсэн хүндрэл дээд шатандаа хүрнэ гэж Шар өчигдөр мэдэгдлээ.

Энэ шарын бодол, амнаас нь унах үгнээс америк тэр чигээрээ хамаарч байгаа тул энэ хүний толгойд зөв бодол өгөх гэж эргэн тойронд нь ажиллаж, зөвлөж буй эрүүлийг хамгаалахын эрдэмтэд, мэргэжилтнүүд янз бүрээр үзэж овоо дүнд хүрэв бололтой. Нэг үг хэлэхдээ л зэрэг наад зах нь үнэт цаасны зах зээл яаж галзуу юм шиг дээшилж, доошилж савчиж байгааг харж байгаа байх. Манай хүнд өөрийн төрсөн хот Нью Йорк, районд байдал хэцүүдэж байгааг нүдээр нь харуулсан, дээр 2,2-ын найз нь сэхээнд ороод муу байгаа нь нөлөөлсөн бололтой. Тэрээр “би найзыгаа тусахад нь гайгүй л өнгөрөх байх гэж бодсон, гэтэл бүр ухаангүй маш хүнд байна” гэжээ. Хүн л юм байна зүрхэнд орж байгаа бололтой. Авахаас мань хүнд хэдэн сайн найз байх шиг байгаа юм.

Түүний зөвлөгч нар, түүний дотор дэлхийд гарсан халдварт өвчний үеэр америкийн 4 ерөнхийлөгчид энэ тал дээр нь зөвлөж байсан доктор Fauci-ын гаргасан статистикийн загварчлалаар америкт 100-240 мянга хүн амь насаа алдах болно гээд хүн бүрийг энэ тоог багасгахын тулд хичээгээрэй гэж гуйж байна.
Хэрэв арга хэмжээ аваагүй байсан бол хэдэн саяар тоологдох байсан гэж байна лээ. Шараар хэлүүлж л байж хүмүүст хүргэхгүй бол манай хүний өмнө хэлж байсан үгэнд итгэчихсэн “зүгээр” гэчихсэн хэдэн сая үнэнч фэнүүд нь вирус тээгээд, эсвэл тээх гээд хэнэггүй алхаж яваа. Ямартаа ч ийм тоо хараад жаахан нь ч гэсэн айдас төрөх биз.
Нью Йорк хамгийн хүнд цэг хэвээр байна. Эмнэлгийн ажилтнууд дутагдалтай байгаагаас тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтнууд, шинээр төгссөн оюутнуудыг шууд ажиллах зөвшөөрөл өгч ажиллуулж байгаа юм байна. Усан цэргийн хөлөг онгоц эрэгт нь зогсоод эмнэлэг болгон ашиглагдаж байна. Эртээд нэг сувилагчийн бичсэнээр нас барсан хүмүүсийг хийх гээд хөлдөөгчтэй трак ардаа зогсоосон байгаа гэсэн.

Essential буюу чухал бизнес, ажилчид гэдэг нэр томьёо гарч ирснийг та бүхэн анзаарсан байх. Эрүүл мэнд, хүнс, ахуйн барааны дэлгүүр, худалдаа, ногоо тариалан гэх мэтчилэн салбарыхан “чухал” хүмүүс тодорхойлогдож байгаа. Өөрөөр хэлбэл нийт олны төлөө ажиллаж, амь насаараа дэнчин тавьж байгаа хүмүүс юм. Бизнесийн хувьд “чухал”-уудыг хөл хорионы үеэр ажиллахыг зөвшөөрч байгаа. Гэтэл буу зардаг бизнесүүд шарыг лоббидож “чухал” болчихсон. Манай үл хөдлөх хөрөнгийн зуучдын холбоо бас л лоббидож. Би өнөөдөр л өөрийгөө “чухал” хүн болсноо мэдлээ.
Чухлуудаас Амазон, түүний мэдлийн whole food дэлгүүүрийн ажилчид эрүүл, өвчтэй хүмүүст хэрэгцээтэй барааг хүргэж, фронтын урд нэлээд урд эгнээд явж байгаагийн цалинтай чөлөө, эрүүл мэндийн даатгал, цалингийн нэмэгдэл энэ тэр шаардаж шийдвэрлүүлж байх шиг байна. Бусад дэлгүүрүүд аятайхан байхгүй бол ажилчид нь ч гэсэн үүнийг дагах байх.

Мөн өвчлөлийн 2 дахь давлагаа гэж яригдаад байсан. Өвчлөл хамгийн өндөр цэгтээ хүрээд буусан үед өндөр цэгүүдтэй байгаа улсаас буцаж орж ирэхийг хэлээд байгаа юм байна. Хятад гадаадыхныг оруулахгүй байгаа нь үүнээс болгоомжилж. Миний бодож байгаагаар Монголд нэг дэх азаар үе гайгүй өнгөрөөд, 2 давлагаа буюу гадаадаас ирэх монголчуудаас өвчин гарч байгаагаар илэрч байгаа юм болов уу. Америкийн хувьд энэ нь латин Америк, ер нь одоо дөнгөж өвчний тархалт эхэлж байгаа бусад орон байх бололтой. Баян орнууд ингэж байхад ядуу, эмнэлэгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл муутай Африк, латин америк, карибын тэнгисийн орнуудад маш хүндээр тусч, удаан хугацаагаар үргэлжлэх магадлалтай гэж үзэж байна. Манайх шиг удирдагчид нь улс орноо цөлмөж, эдийн засгаа сөгдүүлчихсэн Венесуэлд л гэхэд эмнэлгүүдэд нь саван, ус хүрэлцээгүй, Хайтид гэхэд улсын хэмжээгээр 100 (жинхэнэ тоо 50 л байх гэнээ) ширхэг амьсгалын аппараттай байх жишээтэй. Монголд маань хэд байдаг юм бол доо хөөрхий.

Гэхдээ тэр үед түрүүчээ хөл дээрээ боссон улсууд тусалж эхлэх нь ойлгомжтой. Харин намар Америкт 2 дахь урсгал орж ирвэл доктор Fauci-ийн хэлж байгаагаар илүү бэлтгэлтэй, шинжилгээ авах, илрүүлэх, тусгаарлах, халдварын түгэлтийн мөрдөлт сайжирсэн байна, түүнчлэн эмчилгээний хэд хэдэн аргуудын эмнэлгийн туршилт явагдаж байгаа, түүнээс ядаж нэг нь намар гэхэд бэлэн болно гэж найдаж байгаа гэлээ. Вакцины хувьд хэд хэдэн туршилт яагдаж байгаа, түүнээс нэг нь ихээхэн итгэл төрүүлж байгаа, 1 юм уу, 1 жил хагасын дараа түргэвчилсэн шугамаар ашиглахад бэлэн болох байх гэж байна.

Одоохондоо хэдүүлээ дарааагийн юманд санаа зовоод яахав, одоо ирэх хэдэн долоо хоногтоо болгоомжтой байж хичээцгээе.
Хүмүүс жижиг бизнес. Independent contractor -уудын авч болох зээлийн талаар асууж байгаа. Энэ талаар маргааш бичнээ. Одоо боруудтайгаа жаахан хайкин хийхээр гарлаа.

Түмэн амгалан байх болтугай.

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу