Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хурдны зам дээр гарахаар л нэг юм раажав хүүг тухлан сонсох боломж гарна. Бусад цагт нь ажлаа нухаад таарна. Нөхцөл байдал эрс өөрчлөгдөж буйг та нар юун эс андах билээ. Трамп Ерөнхийлөгч бүх нийтээрээ маск зүүхийг уриалав. Азийн орнуудын эмч нарыг сонсоод тэр гэнэ. Уг нь энэ бол ердийн ханиад, эмч, эмнэлгийн ажилчид л маск зүүнэ гэж мэдэгдэж байсан нь тун саяхан билээ. Хэлэх үг нь алга урвахын хооронд өөрчлөгдөнө гэдэг мөн тоогүй еэ. Буруу ярьсныхаа төлөө энэ эрхэм хариуцлага хүлээх болов уу? Үгэнд нь итгэж тоомжиргүй яваад халдвар авсан хүмүүс, үрэгдэгсдийн гэр бүл гомдол гаргах болов уу? Боломж гарвал шүүхтэх л гэдэг сэтгэлгээтэй ард түмэн мэт санагддаг юм.

Калифорни мужийн захирагч урьдчилж гэрийн хорио тогтоосны хэрэг гарч эхлэв. Энэ гэрийн хориог 5 сарын 1 болтол сунгажээ. Бас цагдаа хүчний байгууллагууд хөдөлгөөнийг хянах шинэ удирдамжаа ойрын хэд хоногт боловсруулж мөрдөнө гэнэ. Таньдаг хүн өнөөдөр Япон хотхоны ойролцоо алхаж явтал цагдаа зогсоож зайлшгүй ажиллах шаардлагатай эсэхийг нь шалгажээ. Машин тэргээр яваа хүнийг бол хараахан шалгаж эхлээгүй байна.

Эмнэлгийн ажилчдаас гадна ус, цахилгаан, сүлжээ, хүнсний үйлчилгээг тасралтгүй хангах ажилчдыг цар тахлаас хэрхэн хамгаалах талаар яригдаж байна. Тэдгээр ажилчдыг маск зүүж, бээлий хийхээс гадна өглөө бүр ажилдаа ирэхэд нь биеийн температурыг нь шалгаж байх горимд шилжлээ. Яван чангарах нь энэ буюу. Дээрх хэдэн үйлчилгээг тасалдуулахгүй бол нийгмээрээ хямрахгүй гэж үзэж байна.

Ажилгүйчүүдийн фронт улам өргөжиж буй тул сараас сарын цалингийн хооронд амьдарч байрны түрээсээ төлдөг хүмүүсийг юутай ч 60 хоног байрнаас нь хөөхийг хязгаарлах зарлиг гарав. Энэ нь байрныхаа мөнгийг бүү төл гэсэн үг биш юм. Үнийг юуны түрүүнд байрныхаа эзэнтэй ярьж тохирох, эс чадваас цар тахлын улмаас болж төлбөрийн чадвараа алдсан тухай баримт цуглуулж хуульчдаа өгөх хугацаа гэж ойлговол зохино. Гэрийн хориог сунгах тусам орлогогүй, хадгаламжгүй хүмүүсийн амьдрах боломж улам хумигдах гэж байна. Нэлээд монголчууд маань энэ бүлэгт хамрагдах тул цаг тухайд нь гарч ирэх заавар зөвлөмжийг сайтар дагаарай. Монгол хүн чинь цаанаа нэг зовхи нь өөдөө шүү дээ.

Нарийн хяналт тогтоож, тархалтыг хязгаарлаж чадвал 1-2 зуун мянган хүн, зөнд нь тавьбал 1.6-2.1 сая хүн үхнэ гэдэг мэдэгдэл олон хүнийг цочроож байна. Өчигдөр Костко бөөний худалдааны төв ороход маск, бээлийгүй, хүүхдээ дагуулсан, хэд гурваараа нийлсэн, бараа таваарыг гараараа барьж тавьсан хатуу чихтэй, бөх зүрхтэй хүн зөндөө таарлаа. Тийм хүмүүсээс зай барьж яваарай. Хувийн хамгаалалт, ариун цэврийг чанад сахиж, аль болох олны дотор орохгүй явсаар бүгдээрээ энэ гамшгийг давна шүү. Бүгдээрээ өөдрөг байхыг хүсье!

Ш.Баатар
2020.3.31

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу