Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цаг үеийн нөхцөл байдлаас тэс хөндлөн сэдвээр бичвэр тавив. Нэгэнт хүмүүст амалсан болохоор гүйцээхээс өөр аргагүй байлаа.

5. Сургууль,орчны сонголт

Хүүхдийн ирээдүйг амьдардаг газрынх нь зип код нь тодорхойлдог гэдэг яриа байдаг нь тухайн районы сургуулийн чанар, тээврийн хэрэгсэл, нөөц бололцоо, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол унд, ажлын байрны хүрэлцээ зэрэг нь муж, хот, нутаг дэвсгэр бүрт харьцангуй ялгаатай байдгаас үүдэлтэй билээ.

Learning Policy Institute байгууллагын 2019 онд 400 гаруй сургууль дистрикт дээр хийсэн судалгаагаар өмнө хийгдсэн олон судалгааны дүнтэй адилаар гэр орны нөхцөл байдал, аав ээжийн боловсрол зэрэг бусад нөхцөлүүдээс илүүтэйгээр багш нарын чадвар, туршлага нь хүүхдүүдийн сурлагын үзүүлэлтэнд хамгийн ихээр нөлөөлдөг гэж гарчээ.

Тааруухан районд ажиллах багш олдоггүйгээс багшлах үзүүлэлтийг хангаагүй хүмүүсийг ажилд авах нь олонтой тул ийм багш нараар хичээл заалгах нь хүүхдийн сурлага, сурах хүсэл эрмэлзэлд муугаар нөлөөлнө. Жишээ нь манай сургалтанд хамрагдагч охины сургуульд хичээл заах багш олдоогүйгээс түүний ангид бүтэн жил, нэг шавийн сургуульд зодоон цохион их гардгаас сахилга бат, дүрэм танилцуулсаар хичээлийн шинэ жилийн эхний 2 сар математикийн хичээл ороогүй байх жишээтэй. Өдөр бүр үзэх ёстой хичээлийг бүрэн хэмжээгээр орхигдуулахад хүүхдийн сурлагад, цаашилбал ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөх нь ойлгомжтой. Түүнчлэн эцэг эхийн хүлээлт, шаардлагын адилаар багш нар хүүхдэд өндөр шаардлага, хүлээлтийг тавих үед хүүхдүүд түүнд хүрэхийн тулд зүтгэдэг.

Эдгээрээс гадна зарим сургуульд суралцагч хүүхдүүдийн нөлөөлөл хүүхдийн эрмэлзэлд шууд нөлөөлдөг. Сайн сургууль гэж тооцогддог сургуульд ирээдүйн өндөр зорилготой, хичээл зүтгэлтэй, тэвчээртэй, шургуу хөдөлмөрлөдөг хүүхдүүд олонх байдгаас хүүхдэд хамгийн сайн нөлөөллийг үзүүлдэг. Иймээс ч хүүхдийг grit буюу бууж өгдөггүй, тэвчээртэй занд сургах аргын нэгд тэвчээр ихтэй хүмүүс дунд оруулах явдал гэж үздэг .

Санал асуулгаас харахад хэдийгээр нийт дүнгээр эцэг эхчүүд хүүхдэд сургуулийг сонгож харуулдаг нь харагдаж байгаа ч хүүхдүүдийн сурах эрмэлзэлд 1-3 оноо өгсөн эцэг эхчүүдийн хувьд бараг тал хувь нь хүүхдэд тохирох сургуулийг сонгож оруулаагүй бол 4-5 оноо өгсөн эцэг эхчүүдийн хувьд бараг ¾ хувь нь сонгож хүүхдээ элсүүлсэн нь ажиглагдаж байна. Сайн сургуулийн ач холбогдлыг харуулсан энэ тоо нь миний ажиглалт болон өмнө ази америкчууд дээр хийгдсэн судалгааны дүнтэй нийцэж байна. Ази америкчуудын хувьд боловсрол маш чухал зүйл гэж үздэг учраас хүүхдүүддээ хамгийн сайн сургуульд оруулахын тулд бүхнийг хийдэг. Үүний дүнд ч нийгэм эдийн засгийн хувьд амжилтанд хүрдэг. U.S. Census Bureau-ийн тоо баримтаас харахад бусад үндэстэй, цагаануудыг бодвол ази америкчууд илүү олон тоогоор коллеж төгсдөг, PhD болон мэргэжлийн өндөр зэрэг авдаг, гэрийн дундаж орлого илүүтэй, өндөр албан тушаалд ажилладаг аж. Өндөр боловсролтой амжилттай эцэг эхчүүд хүүхдээ өндөр боловсрол эзэмшүүлэхэд түлхэж урамшуулдаг гэж үзжээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу