Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хагас бүтэн сайн сайтар амарч аваад ажилдаа орлоо. Манай компани 35 мянган ажилтантай, бүгд гэрээсээ онлайн ажиллаж байна. Цар тахлын хурдан тархцаас шалтгаалаад ажлын хуваарь хойш урагшаа гүйж, үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж, элдэв мэдээ мэдээлэл тодорхой авах зав гарсангүй нар хэвийлээ. Ямарч байсан дэлхийн эмнэлгүүдэд амьсгалын аппарат их хэрэгтэй байна. Түүнийг винтилятор гэж нэрлээд буй хэрэг. Зарим хүмүүс ойлгохгүй, өөр зүйл мэт бичээд байна лээ. Амьсгалын аппарат эмнэлгүүдэд ер нь цөөн байдаг, үйлдвэрлэхэд их цаг ордог ажээ. Хүнд өвчтөний үхэх сэхэхийг шийддэг гол хэрэгтэй эд нь энэ юм. Монголын эмнэлгүүдэд бас л цөөхөн байдаг гэнэ.

Нэг сайхан санаатай дүү хандивын аян зарлаж мөнгө цуглуулаад, Монголдоо нэг амьсгалын аппарат авч өгье гэлээ. Энэ бол мэдээж сайхан санаа. Гэхдээ цаг үеийн ороо бусгаа байдлаас болоод амархан хэрэгжихгүй санагдсан тул одоохондоо дэмий, хүлээх хэрэгтэй гэв. Учир нь хүмүүсийн сэтгэл тавгүй энэ цагт хандив цуглуулах амаргүй, тэгээд дэлхий нийтээр амьсгалын аппаратын хомсдолд орсон өнөө цагт амар олдохгүй, олдлоо гэхэд нааш цааш амархан явуулахгүй ямар нэгэн байдлаар гацах магадлал өндөр тул байдлыг харж хүлээзсэн дээр гэж бодлоо.

Үүнээс үүдээд бас нэгэн болсон явдал санаанд орлоо. Намайг эрүүл мэндийн системд ажиллаж байхад манайдаа ганц байдаг бөөрний диализын аппарат эвдрэхээр гадаадаас засварын хүн иртэл 1-2 долоо хонодог, тэр хооронд олон сайхан залуус бөөрний дутагдлаар хорвоог орхидог байв. Японд эмнэлэгт суурилсан Анагаах ухааны их сургуульд 1990 оны эхээр сурч байсан тул дэл сул эмнэлгийн багаж төхөөрөмж битүүхэндээ хайж явдаг байлаа. Надтай хамт судалгаан дээр хамт ажилладаг Сүзүки эмчийн тасгаар ортол бөөрний диализын аппарат шинийг авчихсан, хуучныг нь салгаад тавьжээ. Сүзүки эмчээс үүнийг яах вэ? гэж асуутал комисс гаргаад эвдээд хог дээр хаяна гэж байна. Ажиллах уу? гэхэд Ажиллахаар барах уу? Зөвхөн 4 жил ашигласан, цаашаа 10-аад жил ажиллана. Заавал солих дүрэмтэй болохоор одоо яая гэхэв. Үрэлгэн байгаа биз? Баатар-гүн авмаар байна уу? Танай Монголд бол хэрэглээд байх биз? гэж байна. Орой нь монгол ярьж, эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцдаг Буян ахаас асуулаа. Аваад ирж чаддаг бол хэрэгтэй байлгүй яахав гэнэ. Маргааш нь элчинд буй нутгийн ахтай ярилаа. Газраар явуулбал бага контейнерийн үнэ хямддаа 2000$ болно. Онгоцоор явуулбал МИАТ-ын төлөөлөгчтэй ярих хэрэгтэй, болно гэвэл би элчингийнхээ ванаараа хүрээд очьё гэж байна. Маргааш нь профессортойгоо яриад тэр актлах гэж буй диализын хуучин аппаратыг өгнө үү, би Монголын эмнэлэгт явуулъя гэж гуйв. Аз болоход Канно Такаши багш маань эмнэлгийн дарга байсан юм. Хэдэн хүнтэй яриад устгалд оруулахгүй надад өгөхөөр болов. Сүзүки эмч ч их баяртай байлаа. Би тэр долоо хоногтоо чөлөө аваад МИАТ-ын төлөөлөгчтэй уулзахаар Токио явлаа. Токиод оройтож очсон тул Шибуяа дүүрэгт буй Элчин сайдын яамны байранд хүрч, Амгалан ахынд хонов. Нутгийн ах болохоор Токио л орвол тэднийд буудаг байв.

Маргааш нь эрхэм төоөөлөгчтэй уулзаж учраа хэллээ. МИАТ-ын онгоц 20 жил ниссэн хуучин онгоц, тийм хүнд (300кг) төмөр ачвал уначихна гэж луу унжив. Бүтэн хүнтэй явдаггүй онгоцонд 5 зорчигчийн жин л дарна шүү дээ гэж хэлчихмээр байсан ч сэтгэл үгүй бөгөөс юу ч хэлээд нэмэргүй гэж бодсон тул хэлээ хазаад, дотроо харуусаад өнгөрөв. Өнчин хүний ноён олон, өдрийн хоолны эзэн олон гэж үг байдаг хойно ядуу оюутныг хэн тоох билээ. Урамгүйхэн буцаж ирээд багшдаа хэлж тэр аппаратыг хаяулж билээ. Эхлээд явуулах асуудлаа жин тан болгоод япончуудаас гуйдаг байсан юм. Залуу насны оргилуун сэтгэлээр яарчихсан хэрэг.

Одоо бөөрний диализын аппарат хамаагүй хөнгөн бас хямд болсон тул эмнэлгүүдэд маань зөндөө байдаг биз ээ. Миний амьдралд нэг ийм гунигтай дурсамж үлдээсэн юм. Монголчууд бид бие биенээ гэж явахгүй бол нэг их амархан хөгжихгүй дээ. Вьетнамчууд шиг нэгнийгээ дэмждэг, улсаа гэсэн нэгдсэн бодлоготой болбол монголчууд бид хол явна аа гэж бодсоор л явдаг юм.

Ш.Баатар
2020.3.30

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу