Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бороо шивэрсэн ням гаригийн өглөө Алтайн бор гурил зуурч идэцгээв. Савлалт сайхан ч даана ч бага орцтой эд байна. 50 граммаар савласан бор гурилыг цайнд самардаг ч юм билэв үү? Гадаад дотоод мэдээ жаал сонслоо. Сайнаасаа саар нь олон юм. Америкийн Ерөнхийлөгч амь насыг хамгаална, ажил төрлөө ч хаяхгүй, хаа ч гэж хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна, бид ялна л гэж байна. Ерөөлөөр болтугай! Энэ удаагийн ярианаас статитик тоо баримт дээр тулгууран дүгнэлт гаргаж буй нь илт мэдрэгдэв. Статистикийн тоо баримт үнэн зөв байх нь их чинь чухал. Хятадыг буруутгаад буй шалтгаан нь цар тахлаар өвдсөн, өөд болсон хүмүүсийн тоог хэт дарж, түүнд нь хууртаж бид гэнэдлээ л гээд буй. Тэгэхээр бусдын статистикт итгэх нь бас л хангалттай биш л дээ.

Алдаатай тооноос авсан нэгэн сургамжаа эргэн санав. Ардчилсан хөдөлгөөн эхэлж байсан цаг, Цэрэннадмид сайдын үед болсон явдал билээ. Би тэгэхэд ажлыг бол машиндаад өгдөг барилгын цэрэг шиг л нөхөр явжээ. Тооцоолох төвийн бид нар дүн бүртгэлийнхээ эмч нартай нийлээд эмнэлгийн статистикийн мэдээг компьютер дээр боловсруулж, яаманд өгөөд, яам түүнийг Төв хороонд явуулдаг байв. Ажлаа хийгээд сууж байтал оператор Дашдулам эгч "Чамайг Зуунай дарга дуудаж байна" гэв. Газрын дарга Зуунай гуайн хаалгыг тогшиж, мэндлээд орлоо. Утсаар ярьж буй Зуунай дарга намайг харж нэг жуумайснаа "Дашзэвгэ сайд дээр ороотох" гэж зөөлөн хэлэв. Би ч дэгдээд л нэгдүгээр орлогч сайдын үүдний өрөөнд орж нарийн бичигт дуудагдаж ирснээ хэлэв. Сайдын үүдийг тогштол "За ор" гэх нь сонсогдов. Яваад ортол сайд босож ирээд "Та тэнд суу" гээд сандлаа заахаар нь дотор пал гээд явчихлаа. "Зуунай дарга намайг тань дээр ороотох гэхээр нь яваад ирлээ" гэж хэлтэл "Өө чамайг би Ардчилсан холбооны хүн ширээ сандлаа өг гээд ороод ирлээ гэж бодлоо. Чи манай ажилтан хүү байсан юм уу? Ийм жийнс мийнс өмссөн хүн орж ирэхээр нь сандраад" гэж намайг үгээр цохив. Би ч нээрээ хамаагүй хувцастай сайд дээр орсондоо санаа зовчихлоо.

Дашзэвгэ сайд бол зөөлөн үгтэй, хатуу багш хүн. Намайг суулгаад тооцоолох төвийн бидний гаргаж өгсөн мэдээний тухай ярив. "Юм хөгжөөд, залуус та нар хийгээд сайхан болжээ. Бид чинь дүн бүртгэлийнхээ мэдээг Статистикийн төв газар өгөөд хариуг нь хэд хоног хүлээдэг байлаа. Гэтэл та нар хэдхэн цагийн дотор гаргачихдаг болжээ. Их сайн хэрэг. Харин энэ сарын мэдээ хартал жаахан ойлгохгүй юм гараад, залуусаас нэгийг нь явуулчих гэж Зуунайд хэлсэн юм. Монголд 200 гаруй эрэгтэй хүн жирэмсэн болжээ. Урд нь би ерөөсөө тийм юм болж байсныг дуулаагүй, мэдэхгүй болохоор гайхаад. Та нар эрэгтэй хүнд 45, 56 хоног олгочихсон байх юм. Тийм юм байх уу даа. Үүнийгээ одоо засаад аваад ир. Би хяналгүй Магсаржав гуайд явуулчихсан бол банга авахуулах байлаа шүү дээ" гээд инээж хэлээд гаргав. Нурууны хөлс нэвт гарсан байлаа. Магсаржав гуай бол манайхыг хариуцсан Төв хорооны референт байв. Бид эрэгтэй эмэгтэй кодыг хяналтгүй оруулснаас оператор кодыг нь алдаж шивснээс ийм алдаа гаргав. Үүнээс хойш төрөхийн өмнөх 45 хоног, төрсний дараах 56 хоног авсан бол эмэгтэй гэж сольдгоор өгөгдөл оруулах програмаа өөрчилж билээ.

Энэ алдаа надад алдаагүй ажил хийхийн том сургамж болсон юм. Хожим Зуунай гуайтай Энэтхэг рүү нисэж байх даа "Лхамжав эгч, Нэрмөнх ах гээд ахмад ажилтнууд байхад та яагаад намайг дуудаж Дашзэвгэ сайд дээр оруулсан юм бэ?" хэмээн асуухад "Чамайг юм сураг гэж бодоод шок терапия хийсэн" гээд инээж билээ. Үнэхээр надад тэгж ухамсарын шанаа өгсөн юм. Одоо ч би хийсэн үйлдлээ ахиж нэг удаа шалгадаг зуршилтай болсон. Амралтын өдөр тул нянгийн сэдвээс амсхийе гэж бодоод үүнийг бичив. Алтаа бил хоёр хоол ундаа хийгээд л амарч өнжлөө дөө.

Ш.Баатар
2929.3.28

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу