Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын өдөр тул гэртээ ойр зуур эргэлдэж, бодож төсөвлөсөн ажлаа бага сага хумьж өнжив. Салхинд гарч хэдий болох ч цонхны салхивч нээгээд гэртээ суулаа. Өнөөдөр раажав сонсохоос залхуурч өчигдөр орой дуулсан зүйлсээс хуваалцъя.

Цар тахлын нянгийн судалгаанд хамгийн их хурдтай сүпер компьютеруудыг зээлдэж хэрэглэхээр болжээ. Америкийн Сансар судлалын нийгэмлэг (NASA), ИБМ компани, Түлш эрчим хүчний товчоонд тэр нь байдаг гэнэ. Хүчтэй компьютер ашиглаж тахлын нянгийн титмүүдийн өөрчлөлт, халдварын тархацыг магадлах, вакцины үйлчилгээг тодорхойлох, нянг ямар байлдаар програмчилж хөнөөх гээд маш олон төрлийн загварчлал хийхэд ашиглах ажээ.

Цар тахлын нянгийн судалгаа хийж буй Балдан хүүгээсээ яагаад настай хүмүүст хүнд тусаж буй талаар асууж сонслоо. Хүн хүний цусны найрлаг харилцан адилгүй өөр өөр байдаг тул түүнээс шалтгаалж халдвар хэрхэн авах нь тогтооддог, заавал хөгшин гэлтгүй тухайн хүний цусны протейны наалдуулах мэдрэмж өндөр бол тус нянгийн титэм нь амархан наалдан сууж халдвар түргэн авдаг, настай хүнд тэр наалдуулах мэдрэмж нь өндөр байгаа тул халдвар илүү авч, өвчлөл нь хүндэрч байна, одоогоор нянгийн тослог бүрхүүлийг судалж байна гэх мэтээр ярилаа. Энэ бол 1949 онд тогтоогдож судлагдсан нян боловч өөрчлөлтөнд орохдоо үндсэн 80% нь хэвээр үлддэг, тус нян өргөн дэлгэрч байгаагүйгээс болоод одоо болтол тухайлсан вакцин хийгдээгүй, энэ чиглэлийн судалгаа одоо эрчимтэй хөгжинө, вакцин хийсэн ч сөрөг нөлөөг нь тогтоотол цаг их ордог, богинодоо хагас жил тэгээд жил, бүр хэдэн жил ч орж болно, нэг осол нь вакцин гарахад тус нян хэд хэд өөрчлөгдөж болно, тэгвэл түүнийг нь тооцоолох цаг хугацаа орно гэж хүү хэллээ.

Япон зурагтын сувгаар олон улсын мэдээ харав. Энэтхэг улс ядууст зориулж хүнсний картын систем тогтоож байна. 1.3 тэрбум хүнтэй улсад хориг тогтоогоод удвал хэцүүдэх юм байна гэж ойлгов. Итали, Францын ард түмний нийгмийн хэвшил сэтгэхүй нь Герман улсаас их өөр байна. Германчууд яг япончууд шиг маш хурдан зохион байгуулалтад орж хохирол бага амсаж байна. Америкийн төрийн гол алдаа нь эрт бэлдэл хийлгүй цаг алдсан нь их үнэтэй тусаж байна.

Өглөө босоод статистик харахад манай хотын халдвар авсан хүмүүсийн тоо 300 давчихсан байна. Байдал эрс муудаж байхад гадуур явах, дэлгүүр хоршоо орохоо аль болох багасгах л тус болох янзтай. Монгол хүн орчиндоо амархан зохицдог тул гэрт бүгэх бол хийхэд амар ажил байна аа. Гэртээ суугаад өөрийгөө болоод өрөөлийг хамгаалах цаг ирнэ гэдгийг хормын төдий бодолгүй явжээ. Гарт баригдсан цаг хугацааг үр өгөөжтэй өнгөрүүлээрэй! Бусдыг стрессдүүлсэн нөхдийг блоклоод явчих нь амар байна. Сошиалын элдэв цуунд авталгүй тархиа амраагаарай андууд аа!

Ш.Баатар
2020.3.28

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу