Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амьдрал хэвийн, ажил төрлөө амжуулж хийгээд, араажав хүүгээ сонсоод жирийж л явна. Цар тахлын тархалт Америкт огцом газар авч, дэлхийд халдварынхаа тоогоор тэргүүлээд явчихлаа. Яагаад ийм байдалд энэ хүчирхэг гүрэн оров оо? Мэдээжийн хэрэг Америкийн төр засаг ноцтой асуудалд анхнаасаа хэнэггүй, назгай хойрго хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ огт аваагүйн гор ийнхүү илэрч буй хэрэг юм. Нэгэнт оройтсон гэмээ мэдэхгүй гэдгэр Трамп Ерөнхийлөгч Хятад руу чихэж, тэдний коммунист төр эрт анхааруулаагүй хэмээн гомдоллон, үнэхээр итгэхийн аргагүйгээр арчаагүйтэж байна. Хятад юу болж буйг нүдтэй болгон хэдэн сарын турш харж байсан баймаар сан. Бүх юм бэлэн, амьдрал байнга хангалуун, үргэлж бусдаар хоол халбагадуулж ирсэн хүний жинхэнэ сэтгэлгээ ийм л байдаг ажээ. Улс орон, ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй хүн байсан бол Хятадад цар тахлын халдвар үүссэн цагаас цочроо авч, төр засгаа шуурхай хөдөлгөж, хүчээ дайчлан сэргийлэх бүрэн боломж байсан. Даана ч тийм нинж сэтгэл, холч мэргэн ухаан энэ зөнөгт болоод Конгрессын олон гишүүнд байсангүй, зөвхөн намаараа талцаж, бие биеэ элдвээр хэмлэж, Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуульд хамаг анхаарлаа хандуулсны харгай гэж молхи би бодном. Одоо хүртэл зөнөг өвгөн буруугаа бусдаас хайсаар буй нь нэн харамсалтай, мөн ч харалган тэнэг үйлдэл нь хэвээрээ байна.

Бүх муж улс дотроо дүүргүүдээ эрсдэлээр нь ангилах, түүндээ зохицуулан ажил үүргийн хуваарилалт хийхээр бэлтгэж буй ажээ. Гэвч цэгцтэй шийд гаргах гэхээр бодит тоо баримт боловсроогүй учир хүлээгдэж буй гэнэ. Ирэх 2 долоо хоногийн турш үргэлжлэх цар тахлын тархалтаас хангалттай тоо баримт цугласны дараа даацтай шийдвэрүүд гаргах ухааны юм ярьж байна. Одоогийн байдлаар цар тахал хамгийн их тархсан Нью-Йоркт 2 мянган өвчин хүлээж авах даацтай цэргийн зөөврийн эмнэлэг илгээсэн, ирэх нэгдэхэд өвчтөн хүлээж авахад бэлэн болох юм байна. Нэг мянган өвчтөн хүлээж авах даацтай цэргийн зөөврийн эмнэлгийг Сан Диегогийн цэргийн баазаас Лос Анжелес хот руу ойртуулан татаж буй гэнэ. 8 сая орчим хүнтэй Сан Франциско орчмын хойгт (Бэй Аэриа) эмнэлгийн даацыг нэмэгдүүлэх талаар хараахан яриагүй байна. Сан Францико хотын Лагуна Хондагийн эмнэлэгт нэг хүн халдвар авсан тул тус эмнэлэгт хөл хорьж, эмч, сувилагчид эрүүл ахуйн өндөржүүлсэн байдалд ороод ажиллаж байна. Сан Франциско хот дотроо газар дээгүүр, доогуур зорчдог цахилгаан галт тэрэгний нэг жолоочоос тахлын нян илэрсэн тул өчигдөр бүх галт тэргийг түр зогсоож ариутгасан, ирэх нэгдэх өдөр бүрэн зогсоож, оронд нь автобусаар үйлчлэх болжээ. Автобусыг ариутгахад их хүндрэлгүй гэнэ.

320 гаруй сая хүнтэй АНУ нь жилдээ 200 мянган шинэ иргэнээр цус сэлбэдэг улс юм. Энэ долоо хоногт төлөвлөсөн 10 мянган иргэний тангараг өргөх ёслолыг Лос Анжелес хотод цуцалж, тодорхой бус хугацаагаар хойшлуулсан байна. Цагаачлалын албанаас түр аялагчид, гадаад оюутнууд визээ сунгах ажлыг хөнгөвчилсөн болохоо мэдэгдсэн тул шаардлага бүхий хүмүүс вэб хуудсаар нь орж, тодорхой мэдээлэл олж аваарай. Тэр бүү хэл гадаадын иргэдийг визийн зөрчил харгалзахгүй цар тахлын шинжилгээнд орохыг уриалж байна. Манайхан визийн хугацаа дууссан ч тахлын шинж тэмдэг илэрвэл даруй ойролцоох эмнэлэгтээ очиж шинжилгээ өгөөрэй. Өчигдөр ийм болзолтой шинжилгээг манай зүүн хойгийн Хэйвард хотноо хийхэд 230 гаруй хүн хамарч, 47 нь тахлын халдвар авсныг тогтоогджээ. Үүнээс авч үзэхэд гадуур халдвар авсан хүмүүс арвин их байна. Ийм ноцтой тохиолдолд хүнсний дэлгүүр орох зэрэг гадуур явах бүх ажлаа хязгаарламаар байна. Өөрийгөө болоод өрөөлийг хамгаалж аврах цорын ганц арга нь гэртээ бүгэх л болоод байна. Монголчууд минь хичээгээрэй.

Ази хүмүүсийг үзэн ядах, гадуурхах явдал ихээхэн тохиолдож, манайхан ч ялгаагүй түүнд өртөж байна. Нөхцөл байдал хүндрэх тусам халдлага улам гаарна биз ээ. Монголоос аяллаар ирсэн иргэд, монгол оюутнууд нутаг буцахыг хүсэж буй нь зүй ёсны хэрэг шүү! Ерөнхий сайд Хүрэлсүхийн бодолтой санал нэг байна. Монгол хүн бүр монголын баялаг мөнөөс мөн билээ. Төр засаг иргэнээ анхаарах нь хүнд бэрх энэ цагт зарчмын асуудал болно. Монголд буй, олон нийтийн дунд нэр нөлөө бүхий хүмүүс гаднаас ирэх хүсэлтэй монголчуудаа гадуурхан “Наанаасаа бүү ир, тэндээ учраа ол!” зэргээр сошиалаар бичиж буйг үнэхээр ойлгохгүй байна. Ингэхэд тэдгээр хүмүүст хүн ёсны ёс суртахуун байна уу? Та нар эргэцүүлэн сайн бодоорой. Зэвүү, дургүй хоёрыг зэрэг зэрэг хүргээд буй тэдгээр бэртэгчин хүмүүсийг ард түмэн сайтар анхаарч, ихэд жигшвэл зохино. Сошиал ертөнцөд буй олон монгол хүний яс чанар, тар нь үнэхээр танигдаж байна шүү.

Ам нээснийх уушги нээж хэдэн сул үг хэлье. Бидний өвөг дээдэс хэдийгээр хүчирхэг явсан ч дэлхийн олон ард түмнийг байлдан дагуулж, алж талж, үхэл хагацлын уй зовлонд унагаж байсан нь өнөө цагт үнэхээр бахархах зүйл мөн үү. Дуугүйхэн байвал яасан юм бэ? Дэлхийн соёлт ард түмэн бүгдээрээ ялгаж, салгаад ойлгох гэгээн ухаантай тул буруу юмаар эл бахархаж, илт бардамхан нь нэг л утгагүй зүйл дээ. Тийм ойворгон зантай хүмүүс л зовлон нүүрлээд ирэхээр зүдэрсэн монголчуудаа элдвээр гутаан доромжилж байна. Монголын байлдан дагуулалтын түүхийг уншихдаа одоогийн өнцгөөс огт өөрөөр хармаар, элдвээр эргэцүүлж бодмоор юм зөндөө таардаг. Монголчуудын довтолгооноос хот балгасаа хамгаалж буй цэргүүд өлсөж ядраад, хоол ундаар дутагдаж гачигдаад, тэсэхээ байхаараа эхлээд үр хүүхдээ, дараа нь өвгөд хөгшдөө, эцэст нь эхнэрээ алж идээд, өөхөөр нь тос хайлж, галт сум хийж харвасаар үхэцгээдэг байсан тухай судар бичигт бишгүй олон гардаг. Орших, эс оршихын төлөөний тэмцэл гэдэг бодит байдал дээр тийм байжээ. Тэгэхээр бидний өвөг дээдэс ийм мундаг алж булж, шатааж сүйтгэж явсан гэж бахархаад ярих зөв үү? Сонсож буй соёлтой хүн сайхнаар хүлээж авах уу? Бодох л хэрэгтэй зүйл байгаа юм даа. Түүний нэгэн адил тахалтай газар тарчилсан нэгнээ "Наанаа чи үх!" гэж хэлэх сайхан сонсогдох уу? Зарим ойлгохгүй хүмүүсийг бурхан өршөө! Зовлон нүүрлэсэн энэ хүнд хэцүү цагт монголчууд бидэнд эв нэгдэл хэрэгтэй байна. Хэлсэн буруу үгэндээ хариуцлага хүлээдэг, хэн зовж ядарсандаа тусалж дэмждэг, хүмүүнлэг нийгмийг төгс байгуулах сайн цаг бидэнд ирнэ буй за.

Ш.Баатар
2020.3.27

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу