Ш.Баатар: Миний өссөн монгол ахуй

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр Сүхбаатар жанжны талбайд хоёр дахь өдрөө номын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Тус үзэсгэлэнгийн баруун жигүүрийн хамгийн урд талд буй эрхэм номын садан Г.Нямочирын асарт Цолмон дүү маань "Миний өссөн монгол ахуй" номыг борлуулж байгаа. Тус номын орлогыг азай буурал эхийн ачийг санаж, цаглашгүй их номын цагаан буян дэлгэрүүлэхэд далайд тусал нэмэх мэт зарцуулж ирсэн билээ.

Зохиолч бус молхи бичээч болох миний хувьд дээд номын багш бол 100 насалж, нар дэрлээд дөрвөн намрыг үзэж буй эмгэн буурал эx минь билээ. Буурай ижийгээ ээдээгүй сэтгэлээр багшичлан шүтэж, 40 жилийн тэртээх бодлын зэргэлээн дунд бүдэгрэн алслагдсан "тарни" эхийн сургаалын сэтгэлд ойсон цуурайг эргүүлэн сонсож, сонссон төдийгөө чадлаараа санаж, тодруулж санаснаа шүүн тогтоож, тодруулж тогтоосноо үгээр эрхи мэт хэлхэн холбож, номын алтан үсгээр, дээдсийн мэргэн хэлээр буулган энэхүү номоо зурвас төдий учигласан билээ. Хэдийвээр шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос гэдэг боловч энэхүү номыг хэрхэн бичих нь зөвхөн мунхаг надаас хамаарч буйг бүрэн ойлгов.

Хэдхэн шөнө хэвтрийг нь хуурайлсанаас өөр эхийн ачийг эс хариулж чадсан би бээр асралт эхийн ачийг түмэнтээ санаж, тусыг мянгантаа бодон тунгааж энэхүү номоороо буяны суварга бүтээхийг зорив. Эмэг эхийн хэлсэн, эртний уламжлалт алтан сургаалыг гэрэлтэй өдөр сэтгэлдээ, сартай шөнө зүүдэндээ тээж явсаар газар унагалгүй, гадаа хээр гээлгүй номын хуудсан алтан үсгээр мөнхлөхийг хичээв. Ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдэд илүүц болох ч эгэл оюунлаг хүмүүст дуслын төдий тус нэмэр болтугай хэмээн цөвгүй сэтгэлээ дэвсэж, мэрийн бичсэн бэсрэгхэн ном билээ.

Уншигч авхай та энэхүү номыг сэтгэлийн хөөрөл, эрдмийн чадлаар товчлон харайлгалгүй, ухан шингээж, барин тавин үзвээс нэн зохистой санагдмуй. Монголын оюунлаг хүмүүсийн гар дээр ном маань чамгүй хүрсэнд урамшин баярлаж сууна. Өчигдөр номыг минь худалдан авсан номын садангуудад их баярлалаа. Хураасны эцэст барагддаг, хурсны эцэст тардаг энэ хорвоод номын буян л арвин юм. Номын цагаан буян түгэн дэлгэрвээс түүнээс арвин, далай мэт болох нь дамжиггүй.

Та бүхний гэгээрэх эрдэм номын ариун үйлс ашиг мөх бат oршиг!

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу