Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Яруу найрагч Дэлэгийн Ганчимэг Дундговь аймгийн Хулд сумын уугуул. Одоо Америкийн Лос-Анжелос хотноо гэр бүлээрээ суудаг. Сэтгэл зүйч мэргэжилтэй. Тэрээр "Аавын гэрийн бараа" нэртэй яруу найргийн ном туурвиж, нийтийн хүртээл болгосон. Д.Ганчимэгтэй ном бүтсэн түүх хийгээд номд ээнэгшиж, нөхөрлөх болсон талаар сонирхолтой яриа алсаас өрнүүлснээ та нарт хүргэж байна.

Та хүний газар, гүний нутагт олон жил суухдаа төрсөн нутаг, монгол эх орноо санасан сэтгэлийн гүнээс тунасан бодол, ухаарлаа шүлэг болгон уншигч танаа хүргэж байна гэж "Аавын гэрийн бараа" номынхоо өмнөтгөлд бичсэн байсан. Ном бүтсэн түүхээсээ хуваалцана уу.

Сайн. Сайн байна уу? Юуны түрүүнд намайг урьсанд баярлалаа. “Аавын гэрийн бараа” хэмээх шүлгийн түүврээ 2019 оны гуравдугаар сард хэвлүүлж, номын баяраа Калифорни мужийн Лос Анжелес хот орчмын монголчуудтайгаа хуваалцсан билээ. Хавар болж, урь ороод, мод нахиалаад ирэхийн цагт хүн бүрийн сэтгэл дэнслээд гэгэлзээд ирдэг дээ. Яг энэ үеэр онгод хийморь илүү сайхан хөглөгдөж, нэлээд олон шүлэг маань төрсөн байна, эргээд бодоход. Намрын сэрүүхэн манантай өглөө, зүсэр бороо шивэрсэн өдөр цонхоор харахад хөнгөн гунигт автаж, дотоод сэтгэлээ сонсдог юм шиг байгаа юм. Нутгийн тухай, намрын тухай шүлгүүд бас нэлээн бичжээ. Нэг л мэдсэн овоо хэдэн шүлэгтэй болчихсон, энд тэндгүй л цаас хөглөрөх шинжтэй. Тэгээд л гэнэт нэг өдөр ер нь ном болгодог юм билүү гэж шийдсэн нь зөв болсон шүү. Аав маань тэнгэрийн орондоо залрахаас өмнө миний номыг үзэж амжсан гэж бодохоор сэтгэл өег санагддаг юм даа. Ном маань ч бас хаврын яргуй дэлгэрч, хотонд төлийн дуу цангинахтай зэрэгцэн мэндэлжээ. Номын маань өмнөтгөлийг америк дахь Монголчуудын утга зохиолын нийгэмлэгийн тэргүүн Өлзийбатын Пүрэвсүрэн бичсэн. Зураач редактор Лувсангомбын Мөнхтөр хянаж шүүсэн гэхээр цэвэр хойт америкт амьдран суугаа монголчуудын дундаас төрсөн бүтээл юм даа. Хэвлэлтийг бол Монголдоо хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг утгаар “Хөх Монгол Принтинг”-д хэвлүүлсэн. Тэр жил Пүүжээ маань (Өлзийбатын Пүрэвсүрэн) “Шоргоолжны амьдрал” нэртэй шүлгийн түүврээ гаргаж, бас яг тэр үеэр Дундговь аймагт маань Пэрэнлэйн Нямлхагва тэргүүтэй зургаан зохиолч, яруу найрагчид нэгэн зэрэг хамтдаа номын баяраа тэмдэглэсэн үйл явдал давхцаж таарсан. Надаас бусад нь бүгдээрээ монголын утга зохиолд өөрийн байр суурьтай мэргэжлийн хүмүүс л дээ. Ингээд бодохоор нэг аймгаас нэг жилд найман ном зэрэг төрсөн тохиол нь өөрөө говь, тал нутгийн минь тэнгэр, уул, ус ивээсэн сайхан түүх болжээ гэж дотроо их билэгшээн боддог юм.

Та номоо "Аавын гэрийн бараа" гэж нэрлэсний учир юу бол?

Gana 2“Аавын гэрийн бараа” гэсэн энэ нэрэнд төрж өссөн эх орон, уугуул нутаг ус, төрүүлж өсгөсөн ижий аав, гал голомт гээд хайрлаж хүндэлж явдаг бүхэн минь багтжээ гэж номоо гар дээрээ тавиад маш ихээр баярласан даа. Номын нүүрэн дээрх зураг бол манай хөдөө гэрийн зураг, хүү маань жаахан янзалчихсан юм. Олон жилээр эргээгүй нутагтаа очиход хамгийн түрүүнд алсаас зэрэглээн дунд торойх хот айлын бараа тодроод, тоглож өссөн эрх багын дурсамж сэтгэлд ургаад үнэхээр сайхан байдаг даа. Номын маань эхний хуудсанд ийм дөрвөн мөрт бий:

Бөртийн бөртийн харагдах хөндий талын дундах
Бөмбөгөр цагаан гэртээ миний аав суугаа
Бадаг шүлэг тэрлэж тандаа барья гэхээр
Баялаг монгол хэл минь багадаад байх шиг санагдах юм аа.

Америкт зохион байгуулдаг яруу найргийн наадмуудад оролцож байсан хийгээд ямар бүтээлээ толилуулж байв?

“Америк дахь Монголчуудын утга зохиолын нийгэмлэг”-ээс уламжлал болгон зохиогддог “ Тулга” уран үгсийн чуулган хоёр хэсгээс бүрддэг. Эхний өдөр утгын чимэг уран уншлагын наадам, дараагийн өдөр нь “Хөх зөн” яруу найргийн наадамд өөрсдийн шүлэг бүтээлээр оролцдог. Нэгэнт зорьж очсоных аль алинд нь оролцож, түмний нэг нь болоод, сэтгэлээ баясгаж, найз нөхөдтэйгээ хуучлаад сайхан болдог шүү. Бүтээлийн хувьд гэвэл “Ханьдаа” зориулсан шүлгийг маань хүмүүс халуун дотно хүлээж авсан. Бавуугийн Лхагвасүрэн гуайгаас урмын үг сонсож байлаа.

Америкийн уран зохиол цоморлогоос таны шүлгийг уншиж байсан юм байна. Шүлэг бүтээлээ өөр хаана нийтлүүлж байв?

Хамгийн анх цахим ертөнцийн “Яруу найраг ба яруусал” бүлгэмд ороод зохиолч Шуурайн Солонго эмхлэн гаргасан “Яруу төгөлдрийн орчлон” номд гурван шүлгээ хэвлүүлсэн юм. Дараа нь 2017 онд “Цог” сэтгүүл тусгай дугаартаа АНУ дахь монголчуудын бүтээлийг хэвлэсэнд багтсан гэж байгаа. Тухайн үед монголын нэр хүндтэй сэтгүүлийг америкт байгаа хэдхэн хүнд зориулан гаргалаа гээд “Цог сэтгүүлийн цочмог ухралт” нэртэй шүүмж гарсан байх шүү. ( инээв.) 2018 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун гуай Монголын эмэгтэй зохиолчид 3 ботийг эмхэтгэн гаргасанд шүлгүүд маань орсон. “Шүлгээ явуул” гэж Ядамбатын Баатар гуай Сан Франциско хотоос над руу залгасан юм. Би зохиолчдын эвлэлийн албан ёсны гишүүн биш, шүлэг өгч болох юм болов уу? гээд дотроо жаахан эмээсэн байдалтай байлаа. Гэтэл дараа нь Я.Баатар гуайгаас зурвас ирсэн чинь: “Оюун найрагч чамайг сайн шүлгүүд явуулсан гээд баяртай байна билээ” гэснийг уншаад маш их догдолсон шүү.

Эх орноосоо алсад суугаа элэг нэгтэндээ нэг шүлэг хэлнэ үү.

Хувь тавилан, хүсэл мөрөөдлөө дагаад эх орноосоо алс нутагт сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаа монголчууддаа эх орны тухай нэгэн шүлгээ өргөн барья даа!

ҮРГЭЛЖ ДЭРГЭД ЭХ ОРОН

Алсад нүүхдээ таныгаа орхиогүй, сэтгэлдээ тээгээд л гарсан
Аньсага чийгтэхэд нь урсгалгүй, дотогшоо л зангирдаг, би
Зүрх сэтгэлийн угт залаатай бурхан - эх орон минь!
Зүүдлэхэд хүртэл үргэлж дэргэд - эжий орон минь ээ!
Хангалуун жаргалтай үедээ дүүлэн нисэж
Ханагар уудам талын чинь дээгүүр эргэлдэн зүүдэлдэг, би
Хал үзэж, хаяа жигүүр цуцахын цаг дор
Халил өндөр оргилоос чинь халтираад сэрдэг би, эх орон минь!
Наран шаргал говь ухаанд минь ургаж зусдаг
Намрын хангайн бороо цээжинд минь намирч зүсэрдэг
Бадамлянхуа цэцгийн дэлбээтэй - дэлхий орон минь!
Баярлахдаа ч таныгаа мартаагүй, амьдын шалтгаан - эх орон минь!
Санаа сэтгэлийн гүнд хадаатай оршихын учир
Саналаа, саналаа гэж одоо би нялхармааргүй байна
Сайхан эх орондоо бид зоргоороо эрхэлж өссөн юм
Салгуу холын нутгаас үгүйлэхийн шалтгаан олсон юм
Цэнхэр гараг дээр хосгүй уртын дуутай түмэн минь
Цэнгэл наадмын хоймор есөн цагаан тугаа залахад
Алсын газраас өндөлзөх үрс бүхний чинь тоогоор
Алтан соёмбот далбаа тань дэлхийн энгээр манддаг шүү, Эх орон минь!
Сүлдэт төрийнхөө заяанд алсаас сүслэн залбиръя!
Сүү шиг дэврээх хийморьтой нь шатаж хамт дүрэлзье!
Үргэлж дэргэд эх орон минь ээ!

“Аавын гэрийн бараа” номын нээлт дээр Та аавтайгаа лааны гэрэлд ном уншдаг байснаа дурсаж байсан. Өөрийнхөө бага нас, анх бичиг, номтой танилцсан дурсамж, түүхээсээ хуучлах уу?

Тиймээ, өвлийн шөнийн уртад лааны гэрэлд ааваараа ном уншуулж байсан минь үнэхээр жаргалтай бага насны тодхон үлдсэн дурсамжуудын маань нэг дээ. Хүний хэлснийг дөнгөж ойлгож ухаан орсон цагаасаа эхлээд малчны хотонд өсөж буй жаахан охин номд тэгтлээ шимтэн дурлаж байсан гэхээр би өмнөх төрөлдөө ном эрдмийн хүний сүнс байсан гэдэгт эргэлзэхгүй итгэдэг. Агаар нь ч, хүмүүсийн сэтгэл нь ч хиргүй тунгалаг уудам тал нутагт чулуугаар гэр барин тоглож, цагаан сараар тэмээ унаж айл хэсдэг хүүхэд байсан минь ёстой тавилан заяа биз ээ. Нүүдэлчин монгол ахуйдаа өсөн торниж, “жинхэнэ хүн байх” суурийг ижий, аав маань их зөв тавьж өгсөнд баярлаад баршгүй билээ. Албан ёсоор бичиг үсэгт хөтлөгдөх зам мөр маань гэвэл найман нас хүрсний намар цэцэрлэг байтугай сургуулийн бэлтгэл ангид ч суугаагүй хүүхэд 9 сарын 2 ны өдөр гуравдугаар ангийн эгчээрээ хөтлүүлж очсон юм. Аав маань тууврын замд явчихсан, ээж маань малаа харах хэрэгтэй, ер нь тэр үед малчид завгүй байдаг байж дээ…

Та нэгэнтээ одоо ч жинхэнэ (цаасан) ном, цахимаар унших, бас сонсдог ном гээд л ном унших боломж маш их болсон, өөрөө бол долоовор хуруугаар хуудсаа долоож эргүүлдэг зуршилтай гэсэн байсан. Та номыг хэр хурдан уншдаг вэ? Бас унших номоо хэрхэн сонгож, шилдэг вэ?

Хүүхэд байхдаа их хурдан уншдаг, за тэгээд уйлж, инээж, өөрийгөө номын дүрд оруулж, мөрөөдөж их сэтгэл хөдлөлтэй уншдаг байлаа. Одоо бол тэгж ч гялалзуулахгүй, өөрийн хайснаа олох, үнэлэмж дүгнэлт өгөх гээд мэдээж үзэл бодол чиг хандлага маань өөрчлөгдөж байгаа байх. Ялангуяа Достоевский, Габриель Гарсиа Маркес, Орхан Памук гэх мэт сонгодог орчуулгын зохиолуудыг нэлээн тогтож уншдаг. Номын сан маань бас овоо номтой болж байгаа. Сүүлийн үед гарсан роман, өгүүллэг, туужууд, дээр нь яруу найргийн номууд гээд. Гадаадад байгаа бидний хувьд цахимаар унших боломжтой болсон нь сайхан хэрэг шүү. Гэхдээ л ном, сонин, сэтгүүлийн хуудас эргүүлж унших нь нэг тийм сайхан мэдрэмж, сэтгэл ханамж юм даа.

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн ном бий юу? Яагаад?

За яг тэр гэх номоос амьдралд маань нөлөө үзүүлж өөрчлөгдсөн үү гэвэл үгүй дээ. Харин ардын аман зохиол үлгэр, ерөөл, магтаал, оньсого, таавар, зүйр, цэцэн үг бол намайг хүмүүжүүлж, хүн болоход их нөлөө үзүүлсэн гэж боддог. Ээж маань биднийг зэмлэхдээ заавал нэг зүйр үг оруулж хэлдэг байсан юм. Одоо би хоёр хүүхдэдээ үг тайлбарлахдаа наадах чинь монголоор ингэсэн утга гээд нөгөө зүйр үгээ хэлэх жишээтэй. Нүүдэлчин монголчуудын хувьд хэл соёлоо биеэс биед өвлөн үлдээдэг байсан учир “Монгол хүн өөрөө амьд ном, амьд судар байжээ” гэсэн үгэнд их дуртай.

Яг одоо Таны ажлын ширээн дээр ямар ном(нууд) байна? Яагаад?

Танаас номын тухай ярилцах урилга авах тэр үед би Л.Түдэвийн “Оройгүй сүм” роман уншаад сууж байлаа. Түдэв гуайн зохиолоор хорвоотой эхэлж танилцаад, мөн л Түдэв гуайн зохиолыг залуу насандаа анзааргагүй уншаад өнгөрснөө ахин эргэн тойруулж, цоо шинэ ном уншиж байгаа мэт суухтай таарсан нь бас л билэгшээлтэй юм даа. Ширээний ном гэвэл “Монголын нууц товчоо” байна даа. Ганц, хоёр уншаад нэвт шувт ойлгох боломжгүй байгаа учраас тэр. Сүүлийн үед уншиж байсан номоос зохиолч Б.Ойдов гуайн “Луу амталсан нулимс” гэдэг зохиолын санаа их өвөрмөц сонирхолтой санагдсан.

Ном унших зав чөлөө хэрхэн гаргаж, зохицуулдаг вэ?

Хэдийгээр алс газарт амьдарч, хүүхдүүдээ номын мөр хөөлгөж, ханьтайгаа хоёул өглөөнөөс орой хүртэл, тэр тусмаа хоолны салбарт ажилладаг ч гэсэн миний хувьд яаж ийгээд цаг гаргаад уншинаа, уншина. Ажилдаа гучин минутын өмнө очиж зогсоод машиндаа уншдаг, ажлын дараа бас гучин минут гаргадаг. Амралтын өдрөөр бол Номхон далайн эрэгт очиж номоо унших дуртай. Нээрээ хүүхэд байхад номоос : “Далайн зөөлөн салхи хацар илбээд…” гэсэн мөрийг уншихдаа за энэ ч ёстой нөгөө уран зохиолын халил гээч нь байхдаа гэж бодож байсан (инээв). Говийн хүнд төсөөлөгдөхгүй байсан хэрэг. Өөрөө биеэр үзсэн чинь үнэхээр үгээр илэрхийлшгүй гайхамшигтай сайхан байсан. Тэгээд л сэтгэл хөглөгдөөд , хөөрч догдлоод :

Энэ л нэг сайхан мэдрэмж
Энгэр нэвт үлээх салхи
Ээж минь хаа нэгтээгээс дуудах шиг
Эх нутагтаа яг одоо буцмаар ч юм шиг
Зүгээр байхад сэтгэл дэнслүүлсэн
Зүүд ч юм шиг Номхон далай…

гэх мэтчилэн үзгээ шүүрч аваад шүлгээ бичиж эхэлсэн дээ.

Ер нь ном, ном унших гэж юу болохыг энгийн үгээр хэлнэ үү.

Ном гэж юу вэ гэж үү, бодож байгаагүй юм байна. Товчхон хариулахыг хичээе!

Ном бол тархины хоол тэжээл юм даа, энерги эрчим гэж их ярих болсон энэ цаг үед тархи цэнэглэгч гэж хэлсэн ч болмоор санагдана. Ном уншихын тухайд гэвэл ямар нэг байдлаар тэр ном манайд ирчихсэн байж л байгаа бол би заавал уншихыг хичээдэг, бүр гүйцэд уншдаг. Одоо хүмүүс усан ном их байна, цагийн гарз гэж ярих болж, шүүлтүүргүй эрх чөлөөний алдаа байгаа нь үнэн л дээ. Гэхдээ л төгс шаардлага хангаагүй тааруухан ном гэж мэргэжлийн зохиолч шүүмжлэгчдэд өртсөн ном дотор заавал нэг авах сайн зүйл байгаа, түүнийг нь олж харахыг хичээдэг гэх үү дээ. Номын цагаан буян их гэж үг бий. Ном ер нь хүний адил өөрийн хувь заяагаар он цагаа олж төрдөг, бүтээгддэг байх гэж боддог доо.

Таны “Нарны живаа цацраг номын ширээн дээр асгарахад намуун зөөлөн ярих нь намбалаг билээ та, Багш минь!” гэх уянгалаг, гэгээлэг үгтэй “Миний багш” шүлэг сайхан дуу болсон байна лээ - https://www.facebook.com/naraa.olzii/videos/3153860434723323 Та одоо ямар уран бүтээл туурвиж байна?

Баярлалаа. Эрт үеэсээ манай монголчууд ижий ааваас илүүд багшийг хүндэлж, билгийг эрхэмлэдэг хүмүүс байжээ. Дууны тухайд гэвэл ард түмэнд зориулагдсан учир зөвхөн хэн нэгэн хүнд юм уу, зөвхөн өөрийн төрсөн газарт юм уу, хайртай хурдан хүлэгтээ гэхээс илүүтэй монгол даяараа бүр дэлхий даяараа сонсох сайхан дуу бүтээх мөрөөдөл бол байлгүй яахав. Манай ХҮ хамтлагийнхан шиг… Гэхдээ яагаад ч юм дэлхийн долоон ноён оргилд монгол түмний сүлд хийморийг мандуулсан уулчин бүсгүй Гангаамаад зориулсан сайхан дуу хийх юм сан гэж нэг өдөр хөөрөөд шүлэг бичээд тавьчихсан байж л байна. Хэзээ яаж дуу төрөх нь цаг хугацааны тохироо байдаг ч гэлцдэг…

Манай уншигчидтай уран бүтээлийнхээ талаар болон номын дотоод ертөнцөө уудлан илэн далангүй ярилцсан Танд их баярлалаа. Таны цаашдын уран бүтээл болон бодох, тунгаах, урлах үйлсэд улам их амжилт хүсэн ерөөе.
Бидний нэг уламжлалт асуулт бол Хойт америкийн Цахим өртөөний “Цахим өртөөчдийн номын өргөө”-ний дараагийн ярилцлагын зочноор хэнийг урих тухай асуулт юм. Та хэнийг уримаар байна?

Номын тухай баахан ярьсан болохоор хамгийн түрүүнд номын сангийн тодотголтой Ганаа эгч санаанд орлоо. Ингээд Бэгзжавын Ган- Энхбаяр эгчийгээ урья даа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу