Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

П.Увш: Манай Хойт америкийн Цахим өртөөний “Манайхан” сайтын уншигчдаас Эрхэмбаярын Жагдагдоржийн номын ертөнцөөр зочилж, номын ач, тус, нөлөөний талаар хууч хөөрөхийг даалгасны мөрөөр өнөөдөр тантай товч яриа өрнүүлбэл цаг, зав хэр байна?

Сонирхолтой гоё сэдвээр яриа өрнүүлэх гэж буйд баярлалаа. Манийг тоон уриалан дуудсан Х.Батсанаа эгчдээ баярлалаа. Боломжоороо цаг зав гаргалгүй яах вэ, тэгээд таны асуултад чадан ядан хариулъя аа.

Зарим хүнээс ажил, амьдралынх нь амжилтын нууцыг тандахад “Ном” гэж хариулах нь элбэг. Таны хувьд ном гэж юуг хэлэх вэ? Ер нь ном унших гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлана уу.

Амьдралын амжилт, ажлын бүтээмж өндөр байх миний гол нууц бол ном гэх нь арай юу билээ, би номд жаахан хойрго байж магад хүн, гэхдээ номын үүрэг бол их өндөр. Номгүйгээр өмнөхөө бүрэн гүйцэд, сайхан дуусгаж, дараа дараагийн ажил, шатанд хүрч бол дөнгөхгүй. Би нэлээд сониуч, шинэ содон зүйл таараад боломж олдвол гар хуруу дүрчих гээд өөрөө оролдоод бүтэлгүйтчих гээд байдаг зантай. Амжилттай бүтэлгүйтэх гол суурийг харин ном тавьж өгдөг, тодруулбал танин мэдэхүй болон аливааг бүтээхийн суурь бол ном, нэг талаас. Нөгөө талаас, номоос бас таашаал, амралт, тайвшрал олж авдаг.
Минийхээр ном уншина гэдэг хорвоог өөрийнхөөрөө бүтээж, ойлгож буй хийсвэр замаар алхаж буй мэт санагддаг. Олон салаа замын уулзвараас зохистой зөв, хамгийн оптималийг сонгох хэрэг гардгийг номоос олж авч буй мэдлэг, дүн шинжилгээ, бүтээлч сэтгэлгээний арга санаатай зүйрлэж болно. Байгалийн үзэсгэлэнтэй замаар алхахад сэтгэл сэргээд сайхан амралт болдог шиг зарим номоос үлэмж тайвшрал, ухаарал олж авдаг. Төсөөлөх чадвар нэмэгдээд, стресс буураад, оюуны бяд орох мэт болж өөртөө улам итгэлтэйгээр ажил, амьдралын асуудлыг шийдэх боломж бий болж буйг мөн ном уншихдаа мэдэрч эерэг, өөдрөг хүч олж авдаг.  

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн номоо нэрлэнэ үү. Яагаад?

Хамгийн анх их нөлөө үзүүлсэн, одоо хүртэл санаанд байдаг ном бол Ф.А.Бартенев автортой “Алгебрын стандарт бус бодлого” гээд нимгэн цагаан зөөлөн хавтастай ном. Бага байхад, дөрөвдүгээр ангийн зуны амралт эхлэхэд Д.Уртнасан гээд манай нэг хамаатны ах бэлэглэж, “Чи тоонд дуртай, дандаа сургалтын материал, шалгалтын номуудаас өгүүлбэртэй бодлого түүж бодож байгаа харагдах юм. Тэр бүгд чинь томьёонд оруулдаг сэтгэлгээ хөгжүүлнэ. Энэ номыг үзээд бодлогуудыг нь бод, ойлго. Алгебр гэж хичээл чамд орох болоогүй хол, тэр тусмаа сайн” гээд өгч байлаа. Хожим наймдугаар ангидаа тооны ангид ороод энэ номыг албан ёсоор сурах бичиг шиг үзэж билээ. Эндээс логиктой сэтгэлгээ, стандарт бус сонгодог арга барилд илүүтэй суралцах сонирхол, хорхой ихэд хүчтэй төрсөн байх.

Б.Ринчин гуайн “Заан залуудай” ном их багаас нөлөөлсөн. Манай хашаанд цонхтой пин гээд зуны модон амбаар байлаа. Дотор нь хоёр том тавиур, нэг шилэн нүүртэй өндөр шкаф дүүрэн ном өрөөстэй. Гэрт биш пинд байдаг нь тэр номуудын дийлэнх нь буриад хэлээр бичсэн төрөл бүрийн сурах бичиг, тухайн цаг үед нуудаг, хааж хорьсон, тэр бүү хэл зарим устгалд орсон ном зохиол нэлээд байсан. Үе, үе номоос салхинд гаргах, хулгана оготнын баас цэвэрлэх, шкафны тоос арилгах мэтийн ажилд дайчлагдахдаа эмээ, өвөөд эрхэлж өссөн сайн хүүгийн дүрээр зарим нэг “хэрэг тарина”. “Дэмий л юм байгаам, за яахав, түргэхэн гарчиглачих, хүн амьтанд харагдав, энд тэнд ярьж, барьж хэрэгт оруулав” гээд орхичих үе байх. Энэ үеэс санаанд их тод үлдэж, бас бага наснаас үүдсэн мэргэжлийн тухай төсөөлөлд нөлөөлж балар эртний аварга зааныг өнөө цагийн тооцуураар сольж, алмас олж аваад сурган орчин цагийн хүн болгох гэнэн мөрөөдөл өнөө цагийн роботыг сурган хүнтэй нөхөрлүүлэх хүсэлд хүрсэн байж болох. Мөн Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” гээд хүүхдийн бэсрэг ном их нөлөө үзүүлсэн. Бага, дунд сургуульд байхдаа хэдийгээр номд их ойрхон өссөн хэдий ч яг үнэндээ ном, ном гээд номд хачин дуртай, нэгийг дуусгаад нөгөөг барьж авдаг уншигч байгаагүй юмаа. Ер нь бол ном уншихдаа жаахан дургүй. Тэгтэл уншсан номын тэмдэглэл гэж байх хэрэгтэй, дээр нь уншсан номоо үе, үе ярьж даалгавар дүгнүүлж байх хэрэг бусад хүүхдийн ижил бий. Тэгээд яахав, энэ номын зах зух, урд хойноос эргүүлж тойруулж мэрсээр бараг ганц номоор хамаг даалгавраа бөглөчихдөг байсан хэрэг. Олон дахин нухсаар ер нь бичгийн арга барил, үгийн сан, өгүүлбэрийн бүтэц гээд олон зүйлд энэ ном эх хэлний минь багш болчихсон юм билээ.

Таны ажлын ширээн дээр байнга байдаг ном? Энэ номыг яагаад гарын ойрд байлгадаг вэ? Лавлагаа, магадлалаа бататгахаар уу, эсвэл харахад л эерэг цэнэг авч байдаг уу? Эсвэл өөр?

Ажлын ширээн дээр байдаг номууд байнга өөрчлөгдөж байдаг. Дийлэнхдээ ажил мэргэжлийн, технологийн төлөвлөлтийн номууд бий, лавлагаа магадалгаатай холбоотой. Яг одоо жишээ нь, “Design patterns explained”, “Applying UML and patterns” гээд хоёр ном байна. Ганц нэг уран зохиолын өмнө уншчихсан ном үе, үе ширээн дээр харагддаг. Харагдаж буй нь мэргэжлийн бус номуудыг би энд тэнд тараачихсан, харсан санасан үедээ шүүрч аваад, хаана зогссон тэндээсээ үргэлжлүүлээд уншиж байгаад, өөр газар орхичихдог. Ширээнд дээрх уран зохиолын ном гэдэг нь эдний нэг. Амралт таашаалын маягтай уншиж буй нь тэр. Өөр бас үүнийг нэг барьж авах юм шүү гээд өөртөө анхааруулж сануулсан ганц нэг номыг ширээн дээрээ анхаарал татах газар тавьчихдаг.

Та мэргэжлийн болон уран зохиолын номыг хэр хурдан уншдаг вэ? Та уншсан номдоо тэмдэглэл хөтөлдөг үү?

Ажилд хэрэг болж буй технологийн номуудыг бол өм цөм, энд тэндээс, хэрэгцээт зүйлүүдээ түүгээд уншдаг болохоор нэг талаас тухайн үедээ их хурдан уншиж буй мэт, нөгөө талаас бүтнээр нь уншиж дуусахгүй их удах үе зөндөө. Уран зохиолын номыг бол анх удаадаа ер нь нэг амьсгаагаар дуустал нь туучихдаг. Сонирхолгүй бол эхлүүлээд удалгүй орхичихно. Мөн сонирхолтой ч нэг барьж тавиад явж өгдөггүй ном бас таарна. Уран зохиолын сонирхолтой, гоё номыг эргэж дахин унших явдал элбэг, тэр үедээ тааваараа түүж, сонгож, энд тэндээс уншин урьд өмнөхтэйгөө харьцуулан боддог. Номын тэмдэглэл хөтлөхийн хувьд ёстой таг. Оролдож ч үзээгүй.

Та хэдэн хэл дээр ном уншдаг вэ? Аль хэл дээр түлхүү уншдаг вэ? Та номоо хэрхэн сонгож уншдаг вэ?

Сүүлийн үед англиар унших нь элбэгшээд байгаа. Nonfiction буюу зохиолын бус номд илүү дуртай, мэдлэг илүүтэй олж авдаг гэж санадаг. Ийм номуудыг дийлэнхдээ англиар уншаад буй. Монголчууд зохиолын бус ном жаахан сул бичээд байгаа мэт санагддаг, гэхдээ их гоё, гоё намтрууд монголоор зөндөө уншсан. Уран зохиолын номыг монголоороо унших дуртай, ялангуяа Ц.Гомбосүрэн гуайн болон Г.Аким гуайн орчуулсан романуудад нугасгүй. Сүүлийн үеийнхээс бол М.Саруул-Эрдэнэ орчуулсныг нэлээд дурлан уншдаг. Оросоор мөн уншина, оюутан цагтаа Доктор Живаго уншчихаад өөрийн орос хэлийг овоо болж буй юм уу гээд жаахан дөвийлгөсөн. Ном сонгохын хувьд тохиолдлоор олж харах явдал элбэг. Хүүхдүүдийн ахлах сургуульдаа, коллежид уншиж буй зохиолын бус номуудыг сонирхоод уншчихдаг, амтанд нь орчихдог, тэгээд араас нь юу байна гээд санал асууна. Манай гэрийн хүний мэргэжлийн номууд мөн их хорхой хөдөлгөдөг. Кино, ялангуяа баримтат кино үзчихээд таалагдвал үүнийг хийсэн зохиол, судалгааны ямар ном, материалууд байна гээд шүүгээд унадаг. “Нью Йорк таймс” сонины долоо хоног тутмын номын буланг харж сонирхдог.

Номтой анхлан танилцсан дурсамж, сургамжаасаа хуваалцвал манай уншигчдад сонирхолтой байна даа?

Энэ асуултад өмнөх хамгийн их нөлөө үзүүлсэн гурван номын талаар ярихдаа хариулчихсан байхаа. Дээр нь тодруулж нэмэхэд би оюутан байхдаа сургуулийнхаа номын сангийн програмчлалын чиглэлийн бүх номыг нээж салхи оруулж үзсэн. Дийлэнх дээрх бодлогыг бодож код бичсэн. Програмчлалын хувьд хоёр ном дурдъя. Н.Вирт автортой “Алгоритмы + структуры данных = программы” гэдэг ном хамгийн анхны, дурсамж ихтэй ном. Б.Керниган, Д.Ритчи нарын “Язык программирования Си” гээд орчуулга биеэ дааж, багш нартайгаа зэрэгцэж үзэж сурсан, амьдралд мэргэжилд хамгийн их хэрэг болсон, програмчлалын хэлний ном. Их сургууль төгсөөд Монголд ирсэн жилээ энэ номыг барьж байгаад оюутнуудад хичээл зааж байсан дурсамж тод сайхан байдаг.

Та яг одоо ямар ( мэргэжлийн, уран зохиолын) ном уншиж байгаа вэ?

Яг одоо И.Очирбал гуайн “Дипломат өвөөгийн дурсамж: амьдралын замнал, хүсэл эрмэлзэл, бодрол, эргэцүүлэл” номыг уншиж байна. Оюутан цагийнхаа тухай өгүүлсэн, транс сибирийн төмөр замаар давхиж буй хэсгийг уншаад би оюутан цагийн бүтэн 5.5 жилийг санан дурсаж, бүүр нутаг руугаа утас цохин, оюутан цагийн андуудтайгаа сайхан ярьж хөөрөлдсөн. Бүр тэгээд оюутан цагийнхаа тухай бичиж үзмээр санагдаад гурван ч багшийнхаа тухай блог эрээчсэн.

Д.Шуурайн “Манан дундах гэгээ” гээд ёстой хөөрхөн бичил ном уншиж сууна. Дахин дахин уншаад, санаанд маш ихийг бодуулж, сэтгэлд их ойрхон бууж байгаа. Энгийн сайхан үгнүүдээр, маш товчхоноор амьдралыг тод томруун өгүүлсэн, ухаарлыг ойлгуулсан санагдаж буй. Англиар бол “IBM: The Rise and Fall and Reinvention of a Global Icon” гээд ном уншиж сууна, зузаан ч ном, удаан ч уншиж байгаа. Энэ ном нэг компанийн 100 илүү жилийн түүхийг өгүүлж буй ч ганц компани бус бүхэл бүтэн мэдээллийн технологийн салбарыг өгүүлсэн, дандаа архивын материалд тулгуурлан архивын мэргэжлийн, түүх өгүүлдэг хүн бичсэн. Би өөрөө энэ компанид 5.9 жил ажиллаж, өмнө нь энэ компанийн бүтээгдэхүүнийг 13 жил хөгжүүлж, өдөр тутмын ажилдаа хэрэглэж, гэрээт гүйцэтгэгч компанид ажилласан болохоор олон зүйл, факт нь тун их сонирхолтой.

Та энэ их ажлын хажуугаар ном унших зав чөлөө хэрхэн гаргадаг вэ?

Өмнөх ажилдаа байхдаа уншлагын цаг гээд өдөр тутам тодорхой цаг ажил дээрээ хуваарилчихдаг байсан. Одоо харин ном унших цаг гэж зориулж хуваарилдаггүй, уул нь тэгмээр санагдах үе элбэг. Ажлын завсраар, нэг ажлаас нөгөөд шилжихдээ бусдыг хүлээх үед номоо бариад авах цаг гарчихдаг. Мөн орой орондоо ороод унтахын өмнө цаас шагайнгаа зурагт, утаснаас хол байх юмсан гэж хичээдэг. Одоо ковид гээд гэрээсээ ажиллаад нэг жил болчихлоо, тэрний өмнө ажилдаа ирж очихдоо тус бүр цаг гаран вагоноор явдаг, тэр бол ном унших ёстой гоё үе. Ковид гайгүй болоод вакцин хийлгээд оффистоо очих цаг ирэхээр вагондоо номтойгоо нөхөрлөнө дөө.

Сүүлд уншиж дуусгасан сонирхол татсан ном болон дараагийн уншихаар төлөвлөж байгаа номоо нэрлэнэ үү.

Хальт гарчиглаад, хооронд нь холбож энд тэндээс нь дахин дахин түүж уншсан гурван ном нэрлэе. “The black swan”, “Nudge”, “Understanding what you don’t want to know” гэж гурван ном, уншиж эхэлсэн шалтгаан нь Нэтфлексээр үзсэн олны анхаарлыг ихэд татсан, монголчууд овоо шуугиад авсан, одоо ч нутаг нэгтүүд үргэлжлүүлэн ярьж хэлэлцэж буй The social dilemma гээд кино. Мөн энэ номууд манай гэрийн хүний мэргэжлийн судалгааны чиглэлийнх, мань хүний ширээний болон орны номууд гэж болно.
Монголоос ном овоо их захиж, авхуулдаг, бас найзууд, дүү нар олон ном бэлэглэдэг. Ковидоос болоод аялал алга болж, ном ирэхгүй удчихлаа. Боломж гараад нутгаас ном ирвэл Л.Өлзийтөгсийн “Хараацай зогсолт” хоёр дэвтэр шинэ романыг уншина гэж санаж буй. Сүүлийн хэд хоног фэйсбүүк, клабхаусаар шуугиад байгаа В.Баярсайханы “Сая долларын стартап” номыг уншина даа. “Algorithms of Oppression: How Search Engines Reinforce Racism” гээд Гүүгл компанийн хайлтын систем ялгаварлан гадуурхах, мэдээллийн тэгш бус байдалд ямар нөлөө, үр дагавар үзүүлж буй тухай номыг уншина гэж төлөвлөсөн.

Сүүлийн үед цаасан номоос гадна e-book, audiobook гээд уншлагын шинэ сурвалжууд гарч байна. Та аль хэлбэрийг нь түлхүү сонгож уншдаг вэ? Яагаад? Тус бүрийнх нь давуу, сул талыг тайлбарлаж хэлнэ үү. Энэ талаар залуучуудад юу хэлмээр байна?

Би өөрөө технологийн чигийн хүн, дээр нь элдэв шинэ, соргог зүйлийн эхэн хавьд харайж явдаг товариш. Гэхдээ номын хувьд цахим ном, аудио ном хоёроос уламжлалт цаасан номыг хуруу илүүд үзээд буй. Цаасыг нь имрэх мэдрэмж гэж олон хүн хэлж ярьдаг, тэр надад хувь хүний хэвшил, заншил талаас илүүтэй тохироод байдаг. Миний ажил хөдөлмөрийн гараа өдөр тутмын сониноос эхэлсэн болоод тэр үү сонин, номын цаас аягүй их нөлөөтэй, илүү ойлгомжтой, мэдрэмжтэй, амттай уншуулж буй мэт санагдуулдаг. Цэвэр хувь хүний зан үйлийн талаасаа тэр л дээ, тэрнээс энэ нь илүү яагаад гэвэл гэж хэлж мэдэхгүй. Магадгүй өдөржин тооцуур, гар утастайгаа найзалдгаас болоод цахим номоос цаасыг илүүтэй үздэг байж болох. Сонсдог номын хувьд олон цагаар машин барьж аялахдаа их сонсдог. Гэхдээ уншиж байгаа хүний дуу хоолой, жүжиглэл илүү амт оруулаад байгаа мэт санагддаг. Тодруулбал, номыг өөрийнхөө амт, мэдрэмжээр уншихыг илүүд үздэг. Дээр нь сонссон зүйлээс харсан зүйл илүүтэй бууж, санаанд удаан тогтон үлддэг мэт санагддаг. Багадаа өвөө, эмээд ойр өсөж, “мянга дуулснаас нэг үз”, “чих нүд хоёрын хооронд дөрвөн хурууны зай бий” мэтийн сургамжуудаар хүн болж бойжсон нь нөлөөлдөг байж магад. Түүнээс энэ илүү, тэр дутуу гээд үнэлж дүгнэж хэлэх зүйл бага, тэгэхээр бусдад хэлэх зөвлөгөө ч энэ талаар хомс. Аль болох их унш, цахим байна уу цаасан байна уу хамаагүй ном унш, бусдын хэлэх ярихыг биш, бусдын товчилсон тайлбарласан нийтлэл, тоймоор дүгнэлт хийх биш, харин ориг номыг нь уншиж, өөрийн хувийн дүгнэлтээ хийж сур хэмээн залуучуудад хэлмээр санагддаг.

Манай уншигчидтай өөрийнхөө номын дотоод ертөнцийг харамгүй уудалж, номын талаар  олон сургамж, дуурайл, үнэлэмж, эргэцүүлэл, бодомжоо хуваалцаж, туйлын сонирхолтой яриа өрнүүлсэн Жагдагтаа их баярлалаа. Цаашдын бүтээх, бодох, тунгаах үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе.

Бидний нэг уламжлалт асуулт бол Хойт америкийн Цахим өртөөний “Цахим өртөөчдийн номын өргөө”-ний дараагийн  ярилцлагын зочноор хэнийг урих тухай асуулт юм. Та хэнийг уримаар байна?

Манай өртөөчдөөс Я.Борчулуун, Н.Баасандорж, М.Болорцэцэг, Х.Батсанаа гээд олон хүн номын өргөөний зочид болжээ. “Цахим өртөө” гэх нэрийг анхлан өгсөн, олны дунд америкийн баруун эргийн Бэй Эйриагийн гэж нэрлэгдэх болсон Ширчингийн Баатар өртөөчийг таны дараагийн зочноор урихыг хүсэж байна. Хүсэлт уриалгыг Баатар ах хүлээн авч, тантай номын талаар амтат яриа хөөрөлдөөн өрнүүлнэ гэж санаж байна аа.

П.Увш 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу