Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Манай Хойт Америкийн цахим өртөө ТББ “МАНАЙХАН” сайт ажиллуулж, америк газар аж төрөн суугаа монголчуудаа бодитой мэдээ, мэдээллээр хангах, монголчуудынхаа хүй элгэнийг чадварлаг, хүчирхэг байхад цучил нэмэх бодол агуулж, ажилладаг. Бид олон хүний номын ертөнц рүү өнгийж, тэдний ном унших арга, зүтгэлийг нийтэд хүргэдэг билээ. Энэ удаад хөрш хотынхоо суугуул хүн Викторын Пагвыг урьж байна.

Сайн байна уу? Сайхан шинэлэв үү? Бид хоёр Токиогийн олимпын үеэр Индианагийн их сургуулийн усанд сэлэлтийн багийн амжилтыг сахиж суухдаа өөрөөс нь чамгүй олон сонин, содон мэдээ авахын зэрэгцээ танай хөвгүүд усанд сэлэлтээр нэлээд амжилттай хичээллэж байгааг мэдэж билээ. Түүнээс хойш тэдний амжилтын мэдээ бүрийг анхааран уншдаг даа. Хөвгүүдийнхээ сүүлийн амжилтаас дурдах уу? Танай хүүхдүүд усан спортоор хичээллэхэд таны нөлөө их байсан уу? Таныг спортод элдэвтэй гэж сонсож байсан юм байна.

Сайн байна уу та? Бид сайхан шинэллээ. Та сайхан хаваржиж байна уу? Юуны өмнө энэ гэгээлэг ярилцлагад намайг урьж оруулж байгаад маш их талархаж байна. Мөн бага зэрэг гайхаж байлаа. Би бусадтай адил зүгээр л ажлын хүн болохоос боловсрол өндөртэй, их мэдлэгтэй нэгэн биш болохоор номын талаар олигтой юм хэлж чадах болов уу яах бол гэж их эргэлзлээ. Токиогийн олимп хэдий үзэгчгүй ч сайхан болсон. Зуны Олимпын гол төрлүүдийн нэг усанд сэлэлтийг үзэхэд урамтай байсан. Манай Индиана муж усанд сэлэлт болон усанд үсрэлтийн хөгжлөөр Америктаа дээгүүр ордог болохоор их сонирхолтой байсан. Манай хүүхдүүд усан спортоор хичээллэж өөрсдийнхөө түвшинд чамгүй л амжилт гаргаж байна. Миний хувьд хүүхдүүд ямар нэгэн амжилт гаргаж, медаль зүүхээсээ илүү өөрөө өөрийгөө ялж сурах, хатуужилтай, хөдөлмөрч байхад суралцахад л спортоор хичээллэсний ач холбогдол байдаг гэж боддог. Мөн эрүүл чийрэг, бие бялдартай болоход спорт хэрэгтэй. Ялангуяа усан спорт бол жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийдэг хүнд спорт. Зөвхөн тэмцээнд уралдахдаа л 2-3 минут сэлдэг болохоос тэр мөчийн төлөө бүтэн жил өдөр бүр доод тал нь хоёр цаг бэлтгэл хийдэг болохоор аргагүй л асар их хөдөлмөр, хатуужил шаарддаг спорт. Би хөвгүүдээ анх усанд сэлэхийг зааж өгсөн. Хүү маань дөрвөн настай байхдаа 25 метрийн замыг ажиггүй явчихдаг, гүнзгий усанд чамгүй удаан хөвдөг болчихсон байсан. Тэгээд 7, 8 настайд нь секцэд оруулсан. Би өөрөө нээх сүрхий сэлдэг хүн биш. Бусадтай адилхан Сэлбэ голд сэлж өссөн. Төв бассейнд бас хүүхэд байхдаа хэсэг явдаг байсан. Ер нь бол спортод сонирхолтой.

Та Б.Наминчимэдийн “Цагаан бороо” романыг уншаад сэтгэгдлээ хуваалцахдаа өөрийгөө “эгэл нэгэн номын найз, түүхийн хорхойтон, сонирхон уншигч бөлгөө” гэсэн байсан. Эндээс яриагаа үргэлжлүүлэх үү. “Цагаан бороо”-г би уншаагүй л яваа. Ер нь юун тухай ном юм? Ямар сэтгэгдэл үлдээв? Наминчимэд нэгэн үе манай Блүүмингтоны уугуул байсан айл даа.

Би МУИС-ын түүх болон археологи, антропологийн ангид сурч байсан юм. Аав маань түүхийн багш. Ээж минь болохоор хүн судлаач эрдэмтэн хүн болохоор манайх ном ихтэй айл байлаа. Багаасаа л түүхэн сэдэвтэй ном унших дуртай болсон. Одоо ч гэсэн зав зайгаараа уншсаар л байгаа. Тийм болохоор л өөрийгөө номын найз, түүхийн хорхойтон гэж хэлсэн юм. Хүмүүс “Цагаан Бороо” романыг мундаг болж гээд шуугиад эхлэхээр л унших хүсэл их байсан. Аз болж Чикагогоос Уранзул эгч номоо өгч явуулж унших завшаан гарсан. Би номыг хурдан уншиж чаддаггүй. Барьж, тавьж байгаад доод тал нь долоо хоног уншдаг. Унших завсраа бодно. “Цагаан Бороог” тун их бодож унших ёстой роман байна билээ. Энэ роман бол зөвхөн шилийн сайн эрсийн тухай, Засагт ханы хөх эрчүүдийн талаарх түүх биш байна лээ. Харин хэдэн мянганыг дамнан байгаа Монголын тэмцлийн түүх байна. Монгол, Хятад, Тангуд, Уйгар, Зүүн гар, Дөрвөн Ойрад, Урайнхайн хязгаар, Хөх нуурын монголчуудын хоорондох зуун, зуун жилийн ээдрээт харьцааг харуулж. Тэгэхдээ Манж гүрэн бутран унаж байх түүхэн эгзэгтэй үед монголын баруун хязгаар болон түүнтэй хиллэх Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуудын амьдралаар сайхан хүүрнэн өгүүлж. Ялангуяа монгол, хятад хоёр үндэстний хооронд болсон, болж байгаа, ирээдүйд болох хурц, эмзэг асуудлуудыг тодоор харуулсан нь олон хүнд нэгийг бодогдуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Зуун жилийн өмнө туулж байсан түүх өнөөдөр ч давтагдаж байгаа. “Цагаан Бороог” уншаад өнөөдөр ч гэсэн бид яг зуун жилийн өмнөх шигээ алдаж, гэнэдэж байна даа гэж их цочирдсон. Өмнөд хөрш маань улам хүчирхэг болчихсон байхад бид ямар байгаа билээ дээ. Гашуун үнэн шүү.Тэр бүхнийг зохиолч Номинчимэд бидэнд давхар сануулсан байна. Номинчимэд ах гэр бүлийн хамт хэсэг хугацаанд энэ хажуухан Блуумингтонд байсан ч би нүүр, нүүрээ харж танилцаж амжаагүй дээ харамсдаг. Уул нь манай аавтай нэг аймаг юм билээ. Гэхдээ миний чадан ядан бичээд явуулсан нийтлэлүүдийг редакторлаад тухайн үед америкийн монголчуудын гол мэдээллийн хэрэгсэл байсан “Даяар монгол” сайт руу оруулдаг байсанд баярлаж явдаг.

Таны хувьд ном гэж юуг хэлэх вэ? Ер нь ном унших гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлана уу.

Миний хувьд ном гэдэг бол үнэнч анд, найдвартай зөвлөх, эрхэм багш, амьдралыг харах цонх тэгээд нойрны эм гээд бүгд л юм даа. Үнэндээ ном гэж яг юу юм бэ гэж огт бодож яваагүй болохоор олигтой зүйл толгойд орохгүй нь.

Номтой анхлан танилцсан дурсамж, сургамжаасаа хуваалцвал манай уншигчдад сонирхолтой байна даа?

Хамгийн анх Лениний тухай хүүхдийн нэг зурагтай ном уншсанаа сайн санадаг. Володя хүү модны сүүдэрт байх ширээндээ суугаад өөрөө хичээлээ хийдэг байсан гээд л уншиж байсан санагдана. Тэгээд л амьтдын тухай болон үлгэрийн номууд уншиж эхэлсэн. Хүүхэд байхдаа Марк Твэйн, Майн Рид, Жуль Верныг шимтэн уншдаг байлаа. Намайг багад манайх хашаа, байшинд байсан. Тэгээд гадаа амбаарт нэг том цагаан хайрцагт номоо хадгална. Хэсэг байж байгаад л гарч хайрцгаас ном ухаж, гэртээ оруулж ирнэ. Оруулж ирснээ уншиж дуусгахгүй бол өвлийн хүйтэнд амбаар луу дахин, дахин гарах төвөгтэй. Тэр үед хүүхэд бүр л ном уншдаг, сайхан байж.

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн номоо нэрлэнэ үү. Яагаад?

Их гоё асуулт байна. Дөнгөж 90-ээд он гарах үеэр Утга зохиол юм уу Цог сэтгүүл дээр (би сайн санахгүй байна) Японы нэг зохиолчийн “Бөртэ Чоно” гэсэн зохиол цувралаар гарч байсан. Түүнийг манай аав дугаар бүрээр нь хайчилж цуглуулаад, хатуу цаасаар хавтаслаж наагаад ном болгочихсон. Тэгээд энийг эхлээд уншаарай. Нууц товчоо, Алтан товчийг миний хүү одоохондоо ойлгохгүй гэж байсан. Би түүнийг нь уншаад эцэг, өвгөдийнхөө бахархалт түүхээр омогшиж, түүх гэдэг зүйлд дуртай болох цучил асаасан гэж бодож явдаг. Тэр үед 4-5 дугаар ангид л байсан байх. Өмнө нь Монголын нууц товчоог унших гэж эхлүүлээд үнэндээ бараагүй юм. Олон хачин нэр ус, шүлэг гараад ойлгоогүй орхисон байсан. Харин тэр Япон зохиолчийнх их гоё, уран зохиол хэлбэрээр бичсэн байсан болохоор амархан хорхойссон. Даанч зохиолчийнхоо нэрийг мартчихаж.

Таны ажлын ширээн дээр байнга байдаг ном? Энэ номыг яагаад гарын ойрд байлгадаг вэ? Та хэдэн хэл дээр ном уншдаг вэ? Аль хэл дээр түлхүү уншдаг вэ? Та номоо хэрхэн сонгож уншдаг вэ?

Байнга унших дуртай ном гэвэл Шолоховын “Дөлгөөн Дон”, Анатолий Рыбаковын “Арбатын Хүүхдүүд”. Ганц, хоёр жил болоод л нэг уншихад дотно найзтайгаа уулзах шиг болдог. Таашаал авах гэж, сэтгэлийн цэнгэл эдлэх гэж дахин дахин уншдаг.
Англи болон монголоор л уншдаг. Орчуулгын номыг дээр үеийн орчуулгатай, оригналь хэвлэлээр нь олж унших гэж хичээдэг. Сүүлийн үеийн орчуулгад миний бие гологдоод байгаа хэрэг.

Та мэргэжлийн болон уран зохиолын номыг хэр хурдан уншдаг вэ?

Ажлын номууд гэвэл үнэндээ хэдэн хоолны жортой номууд байна. Мөн Restaurant Dream гэдэг номоос их зүйл ойлгож, өөрийн амьдралдаа ашигласан санагддаг. Анх пицца ресторан байгуулах гэж байгаа хэдэн нөхөд өөрсдөө таарсан бүх зүйлээ бичсэн хөөрхөн ном. Яг тэр үеэр өөрийн бизнесээ эхэлж байсан болохоор ашиглах, бодох зүйл их байсан. Номыг ер нь хурдан уншдаггүй. Цаг завдаа тааруулаад л зугуухан унших дуртай.

Та энэ их ажлын хажуугаар ном унших зав чөлөө хэрхэн гаргадаг вэ?

Ном унших цаг улам л хомсдоод байгаа. Зав гарах л юм бол гар утсаа мааждаг ажилтай болчхоод байна. Ерөнхийдөө амралтын өдрүүдээр өглөө эрт, эсвэл хоол идэх, цай уух зуураа уран зохиолын ном унших дуртай.

Сүүлийн үед цаасан номоос гадна e-book, audiobook гээд уншлагын шинэ сурвалжууд гарч байна. Та аль хэлбэрийг нь түлхүү сонгож уншдаг вэ? Яагаад? Тус бүрийнх нь давуу, сул талыг тайлбарлаж хэлнэ үү. Энэ талаар залуучуудад юу хэлмээр байна?

Үнэндээ е-ном гэдгийг сайн мэдэхгүй ээ. Хэрэглэж үзээгүй. Сонсдог ном харин таалагдаад байгаа. Над шиг хүн ажлаа хийгээд, юм хумаа бэлдээд зогсож байхдаа сонсож байхад таарсан сайхан эд. Залуучуудад хэлэхэд хүссэн номоо л уншицгаа. Номыг жаргаж унш. Манай залуучууд хувь хүний хөгжлийн ном хэрэгтэй, тийм зөвлөгөө чухал, ийм мэргэжлийн ном гэж яваад номыг жаргах гэж уншдаг гэдгээ мартчих бий гэж боддог.

Манай уншигчидтай өөрийнхөө номын дотоод ертөнцийг харамгүй уудалж, номын талаар олон сургамж, дуурайл, үнэлэмж, эргэцүүлэл, бодомжоо хуваалцаж, туйлын сонирхолтой яриа өрнүүлсэн Пагвадаа их баярлалаа. Цаашдын бүтээх, бодох, тунгаах үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе. Бидний нэг уламжлалт асуулт бол Хойт америкийн Цахим өртөөний “Цахим өртөөчдийн номын өргөө”-ний дараагийн ярилцлагын зочноор хэнийг урих тухай асуулт юм. Та хэнийг уримаар байна?

Би эрдэмтэн мэргэн биш, зүгээр л эгэл жирийн, олонтой адил хар бор ажлын намайг онцолж номын талаар энэ сайхан ярилцлагад оруулсанд баярлалаа. Үнэндээ анх надад хэлж яриад байх онцгой юм юу байх билээ гэж их эргэлзсэн. Та бүхэнд ажлын амжилт хүсье! Олон хүнийг дараагийн ярилцлагад ороосой гэж хүсэж байна. Гэхдээ Монгол хэл соёлын зуслангийн үндэслэгч, Пенсильванийн их сургуулийн багш, доктор Ц. Наранцэцэг болон эсвэл Дэлхийн банкны ажилтан, чингэлэг дүүрэн ном босгож, Монгол руу илгээдэг Вашингтон ДС-ын Зулаа гэдэг бүсгүйтэй ярилцаасай гэж хүсэж байна.

Жеферсонвилл, Индиана муж, 2022 он

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу