МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эхлэх үг

Манай Хойт Америкийн Цахим өртөөний МАНАЙХАН сайтын багийнхан Америкт аж төрөн суугаа монгол хүй элгэнийхнийгээ чадваржуулах, зөв, шуурхай, бодит мэдээлэл хүргэхийг зорин олон тооны ярилцлага, подкаст зохиох, содон зочидтой хүүрнэх гээд юм юмны захаас барьж аван, нийтэд хүргэхийг зорин ажиллаж байна. Манай сайтын содон зочноор уригдсан доктор Ш. Баатар маань дараагийн содон зочноор энэ жилийн оюунлаг хүнээр тодорсон доктор М.Саруул-Эрдэнэ багшийг онцлон нэрлэсэн юм. Жагдаг Саруулыг сураглатал Монгол соёлын өргөө Clubhouse-аас гарч явна гэж Э.Гантөмөр хэлээд холбоод өглөө. Саруул багш МУБИС-ийн багш Гантулгын Алтайн урианхайн талаарх ярианд сууснаа дурдаж, бидний урилгыг хүлээн авангаа: “Увш багш та урианхай биз дээ. Танай урианхайгаас ах дүү гурван эрдэмтэн төрсний нэг нь энэ Гантулга шүү дээ! Та мэдэх үү” гэж намайг хатгав.

Миний сониуч зан хөдлөн тэр гурван урианхайн талаар сониучирхваас, тэд монгол орны алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Жаргалант Сагсай сумын малчин ард Цэндийн гурван хүү Баатар, Гантулга, Баттулга нар байлаа. Түүхийн ухааны доктор, профессор Гантулгын дүү Баттулга нь МУИС-ийн Түрэг судлалын тэнхимийн эрхлэгч, эх бичиг судлалын нэртэй эрдэмтэн профессоруудын нэг аж. Гантулгын гэргий Д.Энхжаргал нь МУИС-ийн түүхийн багш юм байна. Энэ бүсгүй АНУ-ын Колумбын Их Сургуульд нэртэй монголч эрдэмтэн, доктор, профессор Моррис Россаби-гийн урилгаар 2011-2013 онд "Аман түүхийн судалгаа, арга зүйн" чиглэлээр зочин судлаачаар гэр бүлээрээ очиж ажиллаж амьдарсан, Гантулга багш тэнд байхдаа Монгол судлалын хуралд оролцож илтгэл тавьж байсан гэсэн сураг сонслоо. Тэдний ах болох Цэндийн Баатар нэлээд дээр манай Индианагийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан болж таарлаа. Ингээд Шинжлэх ухааны академийн Олон улс судлал (хуучнаар Дорно дахины судлал)-ын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эдийн засгийн ухааны доктор (Sc. D), профессор, Монгол улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Цэндийн Баатарын хуучилсныг тоймлон нийтэлж байна.
ah duu gurav

Өгүүлэх нь: Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж эхэлсэн үеэс олон улсын монгол судлал сэргэх хандлагатай болж, ардчилал, зах зээлийн нийгэм эдийн засгийн амьдрал, өөрчлөлт, шинэчлэлтийн талаар олон улсын монголч эрдэмтэд сонирхон судалж эхэлсэн. Нөгөө талаар дэлхийн улс орнуудын харилцан хамаарал гүнзгийрч, хөгжлийн бүсчилсэн хандлага хүчтэй болж эхэлсэн тухайн цаг үед Монгол Улс зүүн хойд азийн орнуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Дорно дахины судлалын хүрээлэнгийн хэсэг эрдэмтдийн санаачилгаар ШУА-ийн Зүүн хойд ази судлалын төвийг 1990 онд байгуулснаас хойш Америк, Япон, Өмнөд Солонгос зэрэг манай гурав дахь хөрш орнуудын бүс нутаг судлалын эрдэмтэд Монгол Улс бол Зүүн хойд азийн бүс нутгийн орны нэг гэдэг талаас нь ихээхэн сонирхон судлах болсноор эрдэмтдийн хамтын ажиллагаа ч өргөжин тэлж эхэлсэн. Энэ хүрээнд Америкийн эрдэмтэд манай улсыг ихээхэн сонирхож, ач холбогдол өгч, эрдэм шинжилгээний хурал, уулзалт семинар тогтмол зохион байгуулж, хоёр орны эрдэмтдийг харилцан солилцуулж, хамтран ажиллах болсон билээ. Миний хувьд АНУ-ын нэр хүндтэй томоохон их сургуулиудын нэг Иллинойсын их сургуулийн Зүүн ази, номхон далай судлалын төвд зочин профессороор уригдан бүс нутаг судлалын эрдэмтэдтэй 2 жил сайхан хамтран ажиллах ховорхон аз тохиож, эрдэмтэн судлаачдын бүтээлтэй танилцаж, бүс нутаг судлалын ажлын дөртэй болж, Америк орон, америкчуудын талаар өөрийн гэсэн ойлголттой болж билээ. Тэнд ажиллах хугацаа дуусах ойртох тутам хүүхдүүдээ цааш нь үргэлжлүүлэн сургах сан гэсэн бодол тээж яваад Америкийн Монгол судлалын голомт болсон Индианагийн их сургуульд хандах санаа төрж, Индианагийн их сургуулийн профессор, дэлхийд данстай, мажарын нэрт монголч эрдэмтэн Жорж Кара György Kara (манайхан Хар Дорж багш хэмээн авгайлдаг) багштанд хандсан юм. Ингэж л би гэдэг хүн энэ их хүний ач буян, халуун сэтгэлийн тус дэмжлэг хүртэж, Индианагийн их сургуулийн Төв Евроазийн судлалын тэнхимд урилгын эрдэмтэн, зочин профессороор 2 жил ажиллах ховорхон боломж тохиосон юм. Энд би монгол судлалын чиглэлээр магистрантурт сурч байсан америк, япон, солонгос оюутнуудад хичээл заах, эрдэм шинжилгээний жил тутмын хуралд илтгэл тавих, судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлэх, номын санд суух гээд ажлын өдрийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж хичээн мэрийн зүтгэсэн, сайхан эрдэмтэд, сайхан хамт олонтой өнгөрүүлсэн он жилүүд байлаа. Энэ нэр хүндтэй их сургуульд ажиллах хугацаанд Хар Дорж гуай, өдгөө америкийн монгол судлалын гол ноён нуруу нь болж яваа нэрт монголч эрдэмтэн Христофер Этвүүд нар миний, ажил амьдралын түшиг тулгуур болж, сайхан сэтгэлээр гар сунган туслан дэмжиж, зааж сургаж, зөвлөж ирсний хүчинд англи хэл дээр судалгааны өгүүлэл бичих бага сага туршлага сууж, өдий зэрэгтэй яваа маань тэдний сайхан сэтгэл, ач буян гэж дурсан санаж явдаг даа. Хар Дорж гуай хичээлд сургалтын материал ашиглах, заах арга барилд сургаж, намайг дагуулж Вашингтон орж Конгрессын номын санд суух хугацаагүй карт нээлгэж аль л байдгаараа тусалж дэмждэг сэн. Ажлын чөлөө заваар үдэш орой болтол сонин сайхан зүйл хуучилна. Тэрээр социализмын үед танай том дарга нар үгэндээ ёс юм шиг орос үг шургуулж ярьдаг сан. Нэгэн удаа танай томчуул Унгарт төрийн айлчлал хийх үеэр тэдэнд хэлмэрчилж яваад өглөөний цай цөцгийтэй талх, жимсний цуглуулгатай юм байна гэлээ. Тэгсэн нэг том дарга нь монгол судлаач байж юун цөцгий вэ. Наад үг чинь хоцрогдсон. Одоо бид чинь масло гэдэг болсон шүү гэж билээ. Монголоо алдсан гэдэг байхаа үүнийг. Ийм хөгийн юм алиныг тэр гэхэв. Одоо танайхан англи үг хавчуулж байна уу гээд ярьж өгнө шүү дээ. Тэгээд хүн эх хэлээ хутгаж хольж бохирдуулж болохгүй. Ямар хэлээр ярина тэр л хэлээр ярьдаг байх нь чухал шүү гэж сургамжилна. Заримдаа надаас чи ойрадын үр сад юм байна, урианхай аялгаар тэр үгийг яаж дууддаг юм гэхэд л би таг шүү дээ. Тэгээд л багш маань захчин аялгаар ингэж дуудна. Дөрвөд, баяд, торгууд, мянгад аялгаар тэгж дуудна гээд л намайг алмайруулдаг сан. Чамд цэвэр төв халхын аялга юу ч алга. Холимог хуурга шиг л юм сонстож байна л гэнэ. Ер нь гаднын аль ч оронд ганцхан монгол судлалаар хоолоо олж амьдарна гэж байхгүй. Монгол судлалаа хаялгүй явна гэвэл тухайн орны эрэлт хэрэгцээнд нийцсэн орныг сонгож зэрэгцсэн судалгааг хослуулж явахгүй бол амжилт олохгүй. Манай Индианагийн эрдэмтэд бүгд хос мэргэжилтэй, хэд хэдэн хэл устай. Ингэж хослуулж байж л оршин тогтнож байр сууриа олдог. Жишээ нь манай Этвүүд маш сайн хятадтай, хятад судлал түүний судалгааны нэгэн чиглэл гэж билээ. Алтай, славян хэлнүүдийн аль нэгийг нь сайтар эзэмшиж чадвал дараа дараагийн төрөл хэлийг сурахад тун амархан л гэнэ. Дорж гуай Европын бараг бүх хэл, төвд, хятад, манж, солонгос, япон гээд дорно дахины хэл, соёлыг нэвтэрхий мэддэг, судалдаг агуу эрдэмтэн болохыг өөрөөс нь бус тэнхимийн эрдэмтэн профессоруудын амнаас сонсож улам л бишрэн хүндэтгэдэг болж билээ. Тэнхимийн профессоруудаас мэдэхгүй зүйлээ асуухад тэд цаад нэвтэрхий толиосоо асуу л гэдэг сэн. Дорж багштан дугуйнаас өөр унаа унахгүй, эгэл даруухан аж төрнө. Айл хунар, зоогийн газраар орно гэж байхгүй хоолны дэглэмтэй л гэнэ. Цэвэр усны гоожуураас ус авч уухдаа “мөнгөн цоргоноос аршаан хүртнээ” л гэнэ. Жаахан зожигдуу юм уу гэхэд бас ч тийм биш. Чи хаагуур яваад байна ойрд харагдсангүй гэнэ. Таарсных хоёул сайхан хуучилнаа гэж хань татах их л өвөрмөц буурал. Тэгээд л монгол орон монголчуудын тухай, залуу насныхаа тухай, эрдмийн ажлынхаа тухай, Унгар орны тухай, агуу Ринчин гуайн хүргэн болж охин Шанзтай айл гэр болсноо, хүүхдүүдийнх нь ээж тухайн үед Унгарт суугаа Монголын элчинд ажилладаг байсан учир хүү охин хоёроо цэцэрлэгт өгөлгүй гэртээ харж монгол хэлээр анх хэлд оруулсан гэдэг сэн. Их эрдэмтний монгол хэл, соёлыг хүндэтгэн дээдэлдгийн нэгэн яруу тод илэрхийлэл нь энэ буй заа. Ажлынх нь умгар өрөөнд нь юм юм л овоорчихсон тохь тух муутайхан сууна. Таны ажлын өрөөг жаахан эмхлээд өгөх үү гэхэд хэрэггүй. Ийм л орчин надад таалагддаг гэнэ. Анхны жил эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих болж, Дорж багшид нэг үзүүлж зөвлөгөө авах санаатай очоод илтгэлээ үзүүлтэл: “ За хүү минь, чи өдий хүртэл өөртөө итгэлгүй явдаг юм уу. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс хардаг. Төгс юм гэж хорвоод байхгүй. Чи өөрийн хэмжээнд болсон гэж үзэж байгаа бол бусдад үзүүлэх гэж ингэж явсны хэрэггүй. Үүнээс хойш миний хэлснийг санаж яв” гэж сургамжилж билээ. Тэгсэн миний илтгэл тавих цаг болоход ороод ирчихсэн, илтгэлтэй холбогдсон асуулт дуусахад гараад явсан харагдсан. Хурлын дараа “Чамайг ер нь яах бол. Хэр зэрэг бэлтгэсэн юм бол, яаж ярих нь уу гээд санаа зовоод зориуд очиж харж суулаа, тун дажгүй шүү” гэж урам өгч билээ. Ийм л өгөөмөр сайхан сэтгэлээр надад хандаж ирсэн юм.

Atwood and Baatar

Кристофер Этвүүд (Christopher P. Atwood) маань байсхийгээд л гэртээ урьж, элдэв хууч хөөрч, сууцныхаа нэг давхрыг бүхэлд нь зориулсан арвин баялаг номын сан хөмрөгөө танилцуулж, унших ном өгнө. Гэргий нь Хятадын солонгос гаралтай сайхан ааштай, хоол цай болсон зочломтгой бүсгүй. Тэднийх хүү охин хоёртой, сайхан айл байх. Хүүхдүүд нь өдийд аль хэдийн сургууль соёлоо дүүргээд ажил амьдралын их аянд яваа биз ээ. Сүүлд Этвүүд багш Пенсильваны их сургуулийн профессороор очсон дуулдсан. Кристофер Этвүүдийг Олон улсын монголч эрдэмтдийн хуралд ирэхэд нь сүүлд 2019 онд МУИС-ийн хүндэт доктор цол хүртэхэд нь баяр хүргэж хальт мулт л уулзаж билээ. Монголд ирэхэд нь Индианад байдаг шиг чөлөөтэй уулзах боломж ер гарахгүй. Зав чөлөөгүй байсаар нэг л мэдэхэд яваад өгсөн байна. Монголд элэгтэй, тусархаг эгэл даруу сайхан залуу. Биднийг нутаг буцах болоход унаа гарган үдэж билээ. Индианагийн их сургуульд ойр дотно ажиллаж байсан хүмүүсийн нэг бол Монгол судлалын нийгэмлэгийн ажилтан эгэл жирийн эелдэг зантай, юу хэрэгтэй байна ямар нэг тусламж хэрэгтэй бол хэлж бай гэж явдаг сайхан сэтгэлт Сюзи Дрост (Susie Drost) бүсгүйг энд дурсахгүй өнгөрвөл алдас болно. Нийгэмлэгийн шугамаар жил бүр болдог Монгол судлалын хурал Вашингтонд болсон тэр жил бид хамт явахад Сюзи маань анх удаа нийслэл хотоо үзэж байна шүү дээ Баатар минь гэж ирээд л сайхан хуучилж билээ. Бид хэд тэнд нийгэмлэгийн тэргүүн, монголч эрдэмтэн Алиша Кампи гуайн гэр орноор зочилж, дайлуулж цайлуулж, Өмнөд Монголын нэрт тэмцэгч Германд байх Тэмцэлт, Англид суурьшсан Урадын Булаг гээд олон сайхан хүмүүстэй танилцаж явсан сайхан дурсамж үлдэж дээ. Индианагийн их сургуульд бараг өдөр тутам уулзаж зовлон жаргалаа ний нуугүй хуваалцдаг хүү бол яахын аргагүй манай Брайн Бауман. Мань эр даруу гэхэд арай л дэндсэн даруухан эгэл жирийн, хувцас хунартаа ч анхаарахгүй байдгаараа л байна. Хойд Дакота нутгийн хүү. Байгаль цаг уурын хувьд Монголтой ойролцоо гэдэг сэн. Брайны маань гэргий Өмнөд Монголын Тана гэдэг сайхан ааштай хөөрхөн бүсгүй байх. Удам судрыг нь хөөвөл Хангин Гомбожав гуайн хамаатан садан юм гэсэн. Брайн өрөвч зөөлөн сэтгэлтэй, тусархуу, эрдэм номтой чадалтай, юм, юм сонирхоно. Монголын одон зурхай их сонирхож судална. Хар Дорж гуайн гарын шавь. Брайн нэг удаа “ах минь би шүүхээс бусад газар бол хаа ч хамаагүй хэлмэрч хийж чадна. Хөөрхий ядарсан монголчуудынхаа мууг үзэх гэж байгаа юм шиг санагдаад хэлмэрч хийх сэтгэл хүрдэггүй. Шууд л татгалздаг” гэж билээ. Хожим Дорж багшийн шавь нараас маань Брайн Бауман, Петр Марш, Катрин Петри нар монгол судлалаар өөр өөрсдийн сонирхсон судалгааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Эднээс Брайн Бауман маань одоо Калифорны Берклийн их сургуульд монгол судлалын профессороор ажиллаж байна. Энэ мөрүүдийг тэрлэж суутал нэгэн дурсамж сэргэлээ. Нэг удаа номын санд сууж байхдаа “Америкийн олон угсаатны соёлын нэвтэрхий толь” гэсэн том номыг сонирхон авч уншиж үзвэл тэнд монголчууд бол хятадын нэг бүрэлдэхүүн хэсэг гэсэн байхыг хараад энэ толийнхон Монгол улс гэдгийг Өвөр монголоор төсөөлж байдаг юм байна. Даан ч дээ гэж бодоод редакц руу нь утасдаж, учир байдлыг хэллээ. Тэгсэн та бидэнд энэ бүлгийг шинээр бичиж өгч чадах уу, чадна гэвэл монгол судлалын эрдэмтдийн тодорхойлолт ирүүл. Тэд зөвшөөрвөл бид гэрээ байгуулж, хамтарч ажиллая гэдэг юм байна. Энэ учир байдлаа Дорж гуай, Кристофер Этвүүд нарт хэллээ. Тэд дуртай нь аргагүй сайхан тодорхойлолт бичиж өгснөөр хэвлэлийн редакцтай гэрээ байгуулж, “Америкийн монголчууд” гэсэн бүлгийг шинээр нэмж оруулахаар болж, Америкийн монголчуудын олон сайхан хүмүүсийн халуун сэтгэлийн тусламж дэмжлэг авч, халимаг монголчууд төвлөрөн суудаг нутаг орноор явж, судалгаа хийж, энэ ажлын ард гарсан даа.
(https://tranquanghaisworldthroatsinging.com/2019/03/05/baatar-tsendmongolian-americans/ )

Судалгаа хийж явахдаа америкийн монголчуудын эхэн үеийн төлөөлөгчид болох хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Жав Бурчинов, Тайванаас очсон нэртэй түүхч Захчид Цэцэн, Дилов хутагт Б.Жамсранжав агсны гарын шавь ороо бусгаа хэцүү цагт орон гүрэн дамжин үхэхээс бусдыг үзсэн, одоогийн Өмнөговь аймгийн Булган сумын гаралтай өвгөн лам Жамбалдорж гуай, Сөнөдийн лам Ёндонжамц гуай, түүх судлаач халимаг Түмэн Дамчаа гуай, Америкийн монголчуудын соёлын холбооны тэргүүн Санж Алтан, дараагийн үе болох Өмнөд хийгээд Буриад монголчуудын дунд орж, гэр орноор нь зочилж, зовлон жаргалаа хуваалцаж явсан сайхан дурсамж үлдэж дээ. Тэднийхээ дунд явахдаа зуун нас сүүдэр дөхөж яваа гэхэд ануухнаараа өвгөн лам Жамбалдорж гуайн гэрт хэд хоног хонон өнжин сайхан хуучилж билээ. Жамбалдорж гуайн туулсан амьдралын түүх үлгэр домгийн юм шиг үнэхээр гайхалтай. Тэрээр дурсахдаа “Хүний нутаг, гүний газар амьдрахын эрхээр хийгээгүй ажил, үзээгүй юм гэж бараг байхгүй хүү минь. Оёдол үйл хийж, хуврагуудын эдлэл хэрэглэл, бурхны зан үйлд хэрэгтэй юу л байна түүнийг хийж явлаа. Заримдаа эгэл жирийн ядарсан амьтны хувцас хунар оёж, хэд гурван зоос олж, амь зууж, гол зогоох үе ч гарна. Хүн гэдэг амьтан цагаа тулахаар манайхны хэлдгээр “нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг, болж бүтэхгүй гэдэг сэтгэл арилдаг юм билээ” гэж билээ. Өвгөн ламтан төвөдөөс өөр бичиг үсэг ер мэдэхгүй. Ардчиллаас хойш очиж золгосон албаны хүмүүсийн өгсөн хуучин, шинэ үсгээр бичсэн элдэв бэлэг дурсгалыг үзүүлж, уншуулна. Түүнээс гадна манайхан л болсон хойно ардчиллаас хойш элдвийн л монголчууд гэр оронд ирж, өвгөнийг их зовоож шаналгадаг байсан бололтой юм билээ. Өвгөний тэр тухай хуучилсныг энд бичвэл их л урт юм болно. Чойжилсүрэн гэдэг зохиолч хүү ирж нэлээд хэд хоноход нь Дилов хутагт багшийн тухай миний мэдэх, ой ухаанд хоногшин үлдсэн бүхнээ хэлж өгсөн. Хүү минь хожим миний тухай ярих бичих бол илүү дутуугүй, худал үнэн нэмэр хачир ер хэрэггүй. Хэлсэн ярьснаар минь үлдээж үз. Энэ л надад үйлдсэн чиний буян болж арвижна” гэж билээ

Индианад очоод танилцсан сайхан хүмүүсийн нэг нь Далай ламын ах, энэ их сургуулийн төвд судлалын профессор асан Түвдэн Норов гуай юм. Бид хэдийг хүүхдүүд ирлээ гээд сүйд болно. Машиндаа суулган дэлгүүрээр авч явж, гэр орондоо урьж, хууч хөөрч сайхан танилцаж, олон ч удаа өгөөмөр сэтгэлийн халуун тусламж дэмжлэг авч явлаа. Өвгөн ойрад аялгаар сайхан ярина. Та яахаараа ойрад аялгаар ийм сайхан ярьдаг билээ гэхэд арга байж уу хүү минь, 5 настайгаас Гүмбэн хийдийн нэртэй ойрад ламын шавь болсон юм гэдэг сэн. Индианагийн их сургуульд Хангин Гомбожавтай хамт байсан болохоор би хэдий энд ч туж л монголоороо ярьсаар насыг барж байна даа хүү минь гэнэ. Монголд очсоноо их ярина. Хонины хуруу зузаан өөхтэй хавирга зооглож, шимийн юм хүртэж, нанчид өргөж суух мөн ч сайхан шүү. Хүү минь нас өндөр болж ханан гэр холдож хадан гэр ойртож байна. Болдог сон бол Хангин шиг монголдоо очиж нойрсох юм сан гэж бодох боллоо. Надад тийм боломж олдох болов уу гэнэ.

Америкт амьдарсан он жилүүдийн ач буянаар хүүхдүүд маань тэндхийн их сургуулиудад өөрсдийнхөө сонгосон мэргэжлээр суралцан дүүргэж, ажил амьдралынхаа гарааг тэндээс эхэлж, олны жишгээр үндэстэн дамнасан томоохон компаниудад ажиллаж сайн л явцгааж байна. Үүнийг би хувьдаа хүүхдүүдийнхээ боловсролд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт гэж бахархан бодож явдаг даа. Хэр баргийн хүнд олдомгүй Америкийн хоёрын хоёр их сургуульд уригдан ажилласан минь миний сайных биш. Аав ээжийн минь буян, амьдралд учирсан сайхан сэтгэлт хүмүүсийн өгөөмөр их тус дэмжлэг, тэднийхээ итгэлийг дааж явсан минь надад ийм ховорхон олдох алтан боломж олгож дээ хэмээн сүслэн залбирч, бахархан дурсаж явдаг даа.

Монголын жир судлаач миний Америк оронд ажилласан он жилүүдийн дурсамжийг сэргээн эргэн дурсан санаж, бодлоо илэрхийлэх боломж олгосон Хойт Америкийн Цахим өртөө холбоо, жичлэн хандсан монгол улсын Гавьяат багш, профессор Пүрэвийн Увш багшид талархал илэрхийлье. Алсын газар монгол түмнийхээ сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн яваа та бүхний маань үйлс арвин, шулуун дардан байх болтугай!

Цэндийн Баатар

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу