МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Индианагийн их сургуулийн дэргэдэх Монгол нийгэмлэгийн 2022 оны ээлжит эрдэм шинжилгээний хуралд алсын Нью Жерси мужаас ирж оролцсон Хэнмэдэхийн Энхсанаатай ярилцаж, энэ хуралд оролцсон сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Х.Энхсанаа өгүүлэхдээ: Монгол нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж, эдний судалгааны ажил, мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч байхыг хичээдэг. Энэ удаа ч гэсэн энэ хурлын талаарх мэдээллийг Монгол нийгэмлэгийн цахим хуудаснаас (https://www.mongoliasociety.org ) авсан. Энэ хурлын Монгол хэл шинжлэл, Монголын уламжлалт анагаах ухаан, Монгол зургийн урлаг болон бусад хэд хэдэн салбар хуралдаанд цагийн боломжоороо оролцож, эрдэмтэд, судлаачдын илтгэл, бүтээлээс шимтэн сонсож суулаа.

Энэ хурлын хэд, хэдэн салбар хуралдаанд Профессор Хар Дорж (Кара Дьёрд) Багшийн эрдэм шинжилгээ судалгааны өвийн үнэ цэнэ, ач холбогдолд зориулсан хамтран зүтгэгчид, эрдэмтэд, судлаачид, шавь нарын илтгэлүүд болон дурсамжууд багтжээ. Үүнээс санаанд тодхон нэг илтгэл бол доктор М.Саруул-Эрдэнийн "Профессор Кара Дъёрдийн хүүрнэсэн хэл шинжлэлийн онигоонууд ба урт хугацааны ой санамж" гэдэг илтгэл байв. Хар Дорж багш хэл шинжлэлийн гүнзгий агуулгатай, мэргэжлийн нарийн мэдлэгийг ч маш энгийн хөгжилтэй хэлбэрээр тайлбарладаг байжээ. Доктор Саруул-Эрдэнэ илтгэхдээ Хар Дорж багшийн энэ заах арга нь, тухайн мэдлэгийг хүний урт хугацааны санах ойд насан туршид нь мартагдахгүйгээр үлдээдгийн давуу талыг дурдаад, олон хөгжилтэй жишээнүүдээс нь ярихад танхимд суусан бидний уур амьсгал энгийн чөлөөтэй байдалд шилжин бүгд л тэсэлгүй инээд алдацгааж сууснаа нуух юун. Тэгээд хуралд сууж байсан бид нар ч бас нэлээн хэдэн хэл шинжлэлийн мартагдахааргүй онигоотой болж үлдсэн шүү. Жишээ нь, өнгөрсөн цаг хугацаанд Монгол хэлэнд “г” болон “х” үсгүүд байр нь солигдон хэрэглэгддэг байжээ. Хар Дорж багш үүнийг тайлбарлахдаа, энэ хоёр үсэг бие биеэсээ хариугаа авч байгаа юм аа хэмээн хошигнон тайлбарласан нь шавь нарынх нь ой санамжид хадаастай үлдсэнийг Саруул-Эрдэнэ багш дурсаж байв. Энэхүү илтгэлийг сонсож суухдаа эрдэмтэн Хар Дорж гэдэг багш бол, багш хүн шавьдаа их нарийн мэдлэгийг ч энгийн хөгжилтэй мартагдахааргүй үлдээн заадаг нандин аргыг эзэмшсэн, багш хүн бүр санаа аван дагамаар, сургахуйн ухааны оньсыг тайлсан эрдэм ухаан цогцолсон хүмүүн байжээ хэмээн бахархаж суулаа.

Улмаар олон орны эрдэмтэд монгол судлалаар өргөн хүрээг хамарсан, олон чухал сэдэв хөндсөн маш сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ. Эндээс Монгол талын судлаачдын илтгэлүүдээс цөөн хэдийг дурдахад, монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр илтгэсэн доктор Ч. Батнайрамдал болон доктор Д. Цэнд-Аюуш нарын илтгэлүүдэд монголын уламжлалт анагаах ухааны онол арга зүйн асуудлуудыг өнгөрснөөс одоог хүртэл хэрхэн уламжлагдан ирснийг тайлбарлахын хажуугаар орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийг оношилгоо, эмчилгээндээ ашиглан, хавсарган хөгжүүлж буйгаа илтгэсэн нь шинэлэг санагдсан.

Бас нэг сонирхолтой сэдэв бол Индианагийн их сургуулийн Төвд судлалын багш Г.Равсал, монгол хэлний багш Л. Цэрэнчунт нарын хамтран судалсан “Хор жи лха” гэдэг үгийн тайлал байлаа. Г.Равсал “Хор уу эсвэл Согпо юу? ” гэсэн асуултад төвдийн эртний судруудад тэмдэглэж үлдээснээс орчуулан тайлбарлаж, харин Г.Цэрэнчунт багш “Хор жи лха” гэдэг үгийн Монголд хэрэглэгддэг зан үйлийг тайлбарласан нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байсан. Учир нь энэхүү судалгааны илтгэлийн дараа АНУ-ын төрийн департментыг төлөөлөн ирж оролцсон судлаач Л.Цэрэнчунт багшаас энэ талаар дэлгэрүүлэн асуулт асууж байсан.

Доктор, профессор Уранчимэг багшийн зураач “марзан” Шарав болон зураач Ядамсүрэн гуайн амьдрал, уран бүтээлийн талаар тавьсан илтгэл бас сонирхолтой байсныг дурдмаар байна. Ялангуяа Ядамсүрэн гуай уламжлалт Монгол Төвд зурах эрдмийг барууны зурах урлагийн эрдэмтэй хослуулан сурсан хос эрдэмтэй зураач байсан нь бахархмаар санагдаж байлаа.

Сүүлд нь хэлэхэд, Роотгерс (Rutgers)-ын Их Сургуулийн багш В.Сайямэн (W. Simon) ерөөлч Жигмэд гуайн 1921-н оны ардын xувьсгалын нийгэм эдийн засагт үзүүлсэн нөлөөг тусган харуулсан найраглалыг орчуулан судалж илтгэл тавьсан. Энэ илтгэлдээ Жигмэд гуайн уран бүтээл нь Монголын тухайн нийгмийн түүхэн үйл явдлыг тодорхой тоочин найрагласан болохыг тодотгон тайлбарлаж уялдаа холбооны гаргалгаа хийхийг зорьсон нь судалгааны арга зүйн талаасаа таалагдсан.

Олон илтгэл сонсож суухад бас санал зөрөх, эргэлзэх ч үе байх юм билээ. Би энэ мэргэжлийн судлаач биш болохоор дотроо тээнэгэлзээд, ганц хоёроос нь лавлаж асуугаад л үлдсэн дээ. Франц докторын илтгэлд төмөр зам гэх хэлц хятад хэлнээс орж ирсэн гэх нь нотолгоо багатай л сонсогдож байсан шүү. Учир нь цаг хугацааны болон түүхийн талаас авч үзэхэд, төмөр зам бол аж үйлдвэрийн хувьсгалын дараа баригдсан, харин Чингис хааны маань төрсөн нэр Тэмүжинг зарим эрдэмтэд Төмөрчин гэсэн үг гэж тайлсан байдаг, бас Чингис хааны удмын Тогоон Төмөр, Доголон Төмөр гээд хаадын нэрсүүд “Төмөр” байсан болохоор төмөр замын “төмөр” гэдэг үг Хятад хэлнээс зээлдсэн үг гэхэд эргэлзэж л суулаа. Бас тухайн багш судалгаандаа үг зээлсэн гэж үзэж буй цаг хугацаагаа аль үеэр таслал болгосныг, ямар үндэслэл дээр тулгуурласныг нь лавлаж асуух гэх мэтээр эргэлзээтэй асуултдаа тэр дороо асуулт авах сайхан боломж гарч байсанд талархаж байна аа.

Хурлын завсар зайгаар Блүүмингтон хотод байрлах Төвд монголын шашин соёлын төвөөр орж, хийдийн гадна, дотнох эд өлгийн зүйлстэй танилцаж, бурхан шүтээнд нь мөргөж, адис авч, бас номын сангаар орж ном зохиолуудыг нь харж, сонирхлоо. Блүүминтон хот Монгол орны маань хээр талыг санагдуулсан сайхан байгальтай, амар тайван сайхан хот байна аа. Их сургуулийн гадуур худалдаа үйлчилгээний газрууд нэлээн харагдаж, залуу оюутан сурагчид, багш, ажилчдын хөл хөдөлгөөн их байгаа нь аргагүй л их сургуулийн, оюутны хот юм гэсэн сэтгэгдэл төрлөө.

Хурлын зохион байгуулалт өндөр хэмжээнд явагдлаа. Монгол, Америк, Франц, Төвд, Хятад, Орос, Польш зэрэг олон орны эрдэмтэн судлаачид оролцсоноор олон арван судалгааны илтгэлүүдийг нэг дороос сонсох боломж олгосноос гадна, сонирхсон асуултууддаа хариулт авах боломж сайн олгосон хурал боллоо. Түүнчлэн хэлэлцүүлгийг чөлөөтэй өргөн хүрээнд явуулсан нь олзуурхууштай байсан. Улмаар зорилго мэргэжил сонирхол нэгтэй эрдэмтэн багш оюутан суралцагчид өөр хоорондоо биечлэн танилцаж, мэргэжил мэдлэгийнхээ хүрээг тэлсэн, ажил хэрэгч уулзалтууд зэрэгцэн өрнөсөн бүтээлч хурал болдог юм байна. Энэ удаагийн хуралд Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ө. Батбаяр гуай Монгол улсаа төлөөлөн оролцож, Монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлж, Блүүмингтон хотын монголчуудын төлөөлөл, монгол хэлний оюутан залуустай найрсгаар уулзаж ярилцсан нь сайшаалтай санагдаж байлаа.

Хурлын дараах уулзалтын үеэр зарим нэгэн хүмүүс монгол судлалын хурлаа ирээдүйд Монголдоо зохион байгуулах нь зүйтэй юм гэсэн саналууд яригдаж байсан ба миний бие энэхүү санааг зуун хувь л дэмжиж байлаа. Ийм төрлийн хурлыг Монгол улсдаа зохион байгуулах нь монголын олон эрдэмтэн судлаачдад өргөнөөр оролцох, судалгааны ажлаа хэлэлцүүлэх өргөн боломж олгохын сацуу олон орны монголч эрдэмтдэд монгол ёс заншил, ахуй байдал, соёлыг бодитоор танин мэдэх сайхан боломж гарах болов уу. Улмаар гадаад дотоодын судлаачид маань хамтын ажиллагаагаа улам бататган хөгжүүлэх сайхан бололцоо бүрдэнэ гэж бодож байна.

Ирэх жилийн хурлаар эрдэм номын хур ихтэй эргэн уулзацгаая.

Яриаг тэмдэглэж, нийтэд хүргэсэн сул судлаач профессор Пүрэвийн Увш

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу