Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хойт Америкийн Цахим Өртөөний “Манайхан” багийнхны нэгэн шинэ дугаар мэндэлж байна. Нэр нь СОДОН ЗОЧИН. Эхний зочноор доктор Ш. Баатар уригдлаа. Ш.Баатар Allstate компанийн ахлах инженер, Бөркли дэх Калифорнийн их сургуулийн зочин судлаач (visiting scholar) болон Стэнфордын их сургуулийн Алберт Дийн багшийн эрдэм шинжилгээний туслах ажилтан (proxy), Бэй Аэриагийн Монголчуудын Холбоог үүсгэн байгуулагч бөгөөд дэлхий даяар тархан суугаа монголчуудын хамгийн түгээмэл Цахим өртөөний нэрийг хайрлаж, үүсгэн байгуулалцаж байсан содон хүн. Тэрээр Хойт Америкийн Цахим Өртөөг бидний хамтаар байгуулалцаж, дэмжин тулж явдаг ачтан. Ш.Баатар эрхэлсэн ажилтайгаа зэрэгцүүлэн тархан суугаа монголчуудынхаа сайн сайхан, гэгээн хэтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, бидний эх орны мэдлэг, соёл, ахуйн мэдрэмж, хүртээмж бүрдэж, тэлэхэд хийж, бүтээж явааг нь энд тоочиж барамгүй.

Түүний зохиосон “Миний өссөн монгол ахуй” ном монголчуудын ахас ихсээ хүндлэх, өдөр тутмын ахуйн арга ухаан, монгол хүний аж төрөхүйн философийг энгийн атлаа цагийн жамаар алсран холдож буй сайхан хэлээр найруулан буулгаснаас гадна нутгийн олон дунд үе уламжлан хэлэлцсээр ирсэн домог хууч, өвөрмөц хүмүүсийн тухай дурсамжийг нэгтгэн илэрхийлсэн билээ.

Ингээд Ш. Баатартай ярилцсан теле ярилцлагаас түүвэрлэн хүргэе.

Ш.Баатар: Сайн байцгаана уу? Амралтын энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрээс цагийн зөрөөг үл ажран цуглаад, нүүр тулан уулзаж байгаадаа тун их талархалтай байна. Манай цахим өртөө гэдэг байгууллага бол анх хэрхэн үүссэн талаар эргэн дурсахад, Өвөр монголын угшилтай, одоо Австрали улсад байдаг Цогтын Мянган ах Монгол холбоо гэдэг байгуулсан. Эхэндээ и- мэйлийн сүлжээ маягтай. Анх байгуулагдахад дэлхийн монголчууд гэсэн утгаараа Японд, Австрали бусад орнуудад байдаг монголчууд холбогдсон. Одоо Англи улсад сууж буй Росси, Цэрэнбат хоёр маань Барбадосоос холбогдож байсан. Тэгээд дээрх холбоонд танилцсан монголчууд монголын Ай-Тигийн залуучуудтай нийлээд Цахим Өртөө сүлжээ байгуулаад, энэ сүлжээгээр дамжуулан дэлхийн монголчууд мэдээлэл солилцох нэгэн орчин боллоо. Энэ сүлжээг ЦАХИМ ӨРТӨӨ гэж нэрлэх санал би гаргаж байсан юм байна. Д.Цэрэнбат маань хоорондоо болон монголд байгаа ахан дүүс, найз нөхөдтэйгөө холбогдож, мэдээллийн гүүр болж ажиллая гэсэн санал гаргаж нээсэн. Цахим өртөөнд анхнаас нь явсан хүмүүс олон байгаа. Нэршлийн хувьд хэд, хэдэн нэр гаргаж ирээд ямар нэр өгөх талаар санал солилцоход “Цахим Өртөө” нэрийг би дэвшүүлсэн. Нэрээ тайлбарлахдаа монголчууд дэлхийгээр тархан сууж, оюуныхаа мэдлэгийг хураагаад эх орондоо оюуны хөрөнгө оруулалт хийе, хаана яваа газраа өртөө гэж бодоод, өөрсдийгөө өртөөний улаачид гэж бодоод энэ нэрийг дэвшүүлсэн, манайхан хүлээж аваад Цахим Өртөө байгууллага ийн нэрших болсон. Цахим Өртөөний Хойд Америкийн салбарыг манай Жагдагдорж, Борчулуун, Увш багш нар авч яваад их баярладаг. Өдөр тутмын ажилд нь тэр бүр оролцож чаддаггүй, савдаг элээ гэдэг шиг савж буусан хүн л явах юм даа. Би 1997-98 онд Бостонд байсан. Түүнээс хойш тасралтгүй Сан-Франциско болон Бэй Аэриад сууж байна. Түмэн олонд тустай яваарай гэсэн өвөг дээдсийн захиасаар залуучууд эв найрамдалтай явах, үр хүүхдээ тэдний уламжлалаар хүмүүжүүлэх хэрэгт бага ч болов тус дэм болохоор өдий болтол ажиллаж явна даа. Нутгаас гараад уджээ. Гэрээ мартсан Гэсэр болоод уджээ. Одоо эндээ нэг хэсэгтээ байх бодолтой байна. Энэ хооронд хүүхдүүд өсөөд, дээд сургууль төгсөөд, ажил мэргэжилтэй болоод, амьдралын захад хүрч байна.

Монголчууд сүүлийн хорин жилд Америкт орж ирээд, эрдэм боловсролтой болж суурьшаад, дараагийн үеийн залуучууд гарч ирэх болж байна. Америкт орж ирсэн монголчуудаас ахмадын тоонд орох боллоо. Хүн ахмад болохоор дурсамжаар амьдардаг гэсэн болохоор дурсамж л ярьдаг болчихсон байна. Асуултад ч гэсэн дурсамжийн хэлбэрээр хариулаад явъя. Миний бичсэн ном бол дурсамжийн ном байгаа. “Миний өссөн монгол ахуй” номынхоо талаар ярих урилгыг манай Цахим Өртөөний андууд урьсан болохоор баяртай байна.

П.Увш: Хамгийн анх сургуульд орсноо дурсаж, ийм бичиг номын хүн болоход суурийг нь тавьсан багш, анх уншсан ном гээд бага нас руугаа жаал өнгийх үү.

Я.Борчулуун: Баатар ахын бичсэн номыг хэвлэгдсэн даруйд нь уншиж байсан. Их сонирхолтой ном. Бид гэхэд хөдөө өсөөгүй болохоор зарим хэсэг сонирхолтой, танин мэдэхүйн чухал сурвалж байсан. Хотын бидэнд ийм байхад одоо америкт өсөж бойжиж байгаа хүүхдүүдэд уншиж, ойлгоход бас бэрхшээлтэй нь ойлгомжтой. Та энэ номоо англи хэлээр товчлоод, хялбаршуулаад ч юм уу, орчуулж хэвлүүлэх бодол байгаа юу?

Ш.Баатар: Миний номоо бичсэн гол зорилго бол одоогоос 40-50 жилийн өмнөх монголын ахуй, монгол хүний хэл яриа, шүтлэг, ертөнцийг үзэх үзэл гэхчлэн бүх зүйлийг базаад цаасан дээр буулгаж үлдээх нь чухал юм байна гэж үзэж, эмэг эхийнхээ дурсамж байдлаар бичсэнд оршино. Тэр үеийн хүмүүс гурван төрийн нүүр үзэх гэхчлэн өмнөх болон социализмын үеийг туулж ирсэн болохоор харсан, үзэж туулсан, тэдний ертөнцийг үзэх үзэл, ахуй гээд бүгдийг нь бичиж үлдээе л гэж бодсон. Хүн гээч амьтан төрөл арилжихаараа өөрийн ахуйгаа, сурсан, мэдсэнээ аваад явчихдаг, дараагийн үе өөр ахуйд аж төрдөг болохоор хүн, хүний ахуй ондоо, ондоо. Миний амьдарч буй ахуй, миний аав ээжийн болон өвөг дээдсийн амьдарч байсан ахуй хоорондоо ялгаатай. Нүүдэлчдийн соёл гэдгийг гаргаж бичих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон болохоор энэ номыг бичихээр сэтгэл шулуудсан даа. Монгол хэлний мартагдсан үг, хэллэгийг хадгалахын тулд энэ номоо бичсэн гэж хэлж болно. Би эхнээсээ монгол хэлээ мартсан юм уу, англиар ярьдаг хүмүүст зориулж энэ номоо бичээгүй болохоор энэ ахуйд дүйхгүй. Миний хэрэглэсэн үг хэллэг англи руу буухгүй, орчуулагдсан ч гэсэн утгагүй орчуулга болно. Бодож байгаад номоо англи хэл рүү орчуулахаа байя гэж бодсон, яагаад гэвэл залуучуудад, хүүхдүүдэд зориулсан ном өөр үг, хэллэгтэй байх болов уу, миний ном бол тэр цагийн үг, хэллэг, ярианы баримт. Энэ сэдвээр бичвэл миний эх сурвалжийг ашиглаж болно. Ойрын үед орчуулчихъя гэсэн бодол алга.

Ц.Азжаргал: Би бас таны номыг уншсан. Та номдоо эмээгээ архийг жигшихийг зүйр, цэцэн үгээр илэрхийлдэг талаар “архичин хүний зүрх алаг цоохор, тамхичин хүний зүрх тал нь цоохор”, “амссаар, амссаар архичин болно, долоосоор, долоосоор долгонцог болно”, “халуун архи уувал хараагүй сохор болно” гэхчлэн олон сургамж айлдаж байсан гэж уншсан. Та энэ сургаалыг хэр мөрдсөн бэ? Таны ойр хавь, хүүхдүүд , залуучуудад эмээгийнхээ эл сургаалыг хэр түгээдэг вэ?

Ш.Баатар: Хөдөөд архи уугаад гэр нураах гээд ч юм уу, гэрийн бүслүүрээс цулбуураа уяад, хаалга, үүд шажигнуулаад, гэрт ороод шүдээ хавираад суух тохиол олон байлаа, тэр үед. Эмээ маань үүнийг жигшдэг байсан уу, архинаас хол байх сургаал, тохиолдол их хэлнээ. Сургаалыг мөрдөж ирсэн. Орос оронд суралцахдаа ч хэмжээтэй хэрэглэж байсан даа. Монголчууд бид оросуудаас сурсан нэг зүйл бол архи уух шүү дээ. Японд очоод харахад хатуу архи уудаггүй юм билээ. Шар айраг, саке нь сул. Амсаж шимшиж үзлээ. Ер нь хүн юм үзээд ирэхээрээ уухаа байчихдаг. Хүүхдүүддээ сургаж хэлнээ. Миний эргэн хавьд ууж, иддэг нь бараг алга. Одоо дарсны соёлтой гэх үү дээ. Манай Калифорний дарсаараа алдартай. Олон дарсны газартай. Дарсны соёлыг жаал судалж хардаг, уух талаасаа биш л дээ. Сайхан амраад, хоол умдандаа зохицуулан дарс хэрэглэн алжаал тайлж суух нь өөрөө соёл юм билээ. Эндэхийн монголчууд ч идэж уугаад сүйд болоод байх нь бага. Харин 2019 онд Монголд очоод харж байхад манай залуучууд аймаар уудаг юм билээ.Чоймаа багш бид хоёр их сургуулийн арын сайхан монгол хоолтой зоогийн газар хооллож байтал хажууд арваад охид, хөвгүүд ирж таараад тэднийг харахад америк вискиг стаканаар уух юм, дээр нь нэмээд хийжүүлсэн ундааг давхарлаж уух юм. Хийжүүлсэн ундаа, архи хоёр нийлэхээрээ элгийг асар их сэмэлдэг. Тэднийг хар байхад бидний оюутан цагийн савах юу ч биш харагдсан. Монголчууд хийжүүлсэн ундааг зохицуулалтгүй хэрэглэж байна, эрүүл мэндэд муу гэдгийг мэддэггүй юм уу, бүү мэд. Түүнээс хойш хийжүүлсэн ундааны хөнөөл, америкийн хэрэглээ гээд нэлээд ярьдаг болж байгаа. Уух соёлтой холбогдуулан хэлэхэд америкийн эмч нарын судалгаагаар эмэгтэй хүн улаан дарсыг 125 граммаас илүүг нэг дор уувал хөхний хорт хавдар үүсэх элементүүдэд нөлөөлдөг аж. Америкт хөхний хорт хавдар тэргүүлэх эрсдэлтэй өвчин. үүсгэгчийг олж тогтоож чаддаггүй байсан. Одоо нэг өдөөгчийг улаан дарснаас олсон гэж яригдаж байна. (Оролцогчдын дундаас хөхний хорт хавдарт үсний будаг, суганд түрхдэг деоздорант нөлөөлдөг талаар яриан өрнөв.)

Т.Цэвэлмаа: Та эмээгээ сурвалжит гаралтай эмэгтэй байсан гээд эхнэр үс хэрэглэдэг байсан гэсэн. Тэр гоёлоо удаан хадгалахын тулд суугаагаараа гэрийн хана түшээд унтдаг байсан, араг тэврээд унтдаг гэсэн сонирхолтой байсан. Тэр талаар дэлгэрүүлж өгнө үү.

Ш.Баатар: Монголд хаан ухаан, хатан ухаан гээд төө, төө зузаан номууд гараад байдаг, алагчлаад харахлаар төгс ойлгоход бэрхтэй, бичлэгтээ ч байдаг байх, бас өөр өнцгөөс нь бичсэн ч юм уу. Миний ижийн тухайд гэвэл Сайн ноён Намнансүрэн гэдэг хүний төрсөн ээж буюу Төгс-Очир ноёны их хатны хажууд өсжээ. Бага байхдаа хатан хүний зан үйлд суралцаж, эхнэр үс хэрэглэдэг байжээ. Эхнэр үсийг жилд нэг л удаа цавуудаж, наадаг байж. Тэр нь монголчуудын “Мэнд байвал Майдараар уулзана” гэж хүлээдэг Майдар эргэх том наадам зун болдог байжээ. Майдараас хоёр долоо хоногийн өмнө ч юм уу тогоо дүүрэн шийр, тагалцаг 2-3 хоног буцалгаад шар цавуу гэдгийг гаргаж авдаг байж. Тогооны ёроолд алга дарам л гарсан цавуугаар үсээ нялж, наадаг байж. Нэгэнт үсэн гоёл хийчихсэн хүн чинь хямгадах, хэвийн байлгах хэрэг гарна даа, хугарчихвал үхрийн далиу эвэр шиг далдганана. Хэвийг нь алдуулахгүй гэж дээрх байдлаар хямгадсаар Майдараа хүрдэг байжээ. Майдараар хүн бүр гоёдог. Эмээгийнхээ толгойн боолтыг өөрийнхөө гараар эвдэж байснаа бодохоор харамсаад байдаг юм. Шүр, сувдыг нь хэмх цохиод хайлуулаад эмээлийн баавар энэ тэр хийгээд л... тэнэг л явж дээ! Эмэг эхийн ярих нь дараа үсээ угаачихдаг, цавуу нь арилаад хэвийн байдалдаа ордог гэсэн.

П.Увш: Та Монголд очоод “Номын жор” гээд нэг ярилцлагад оролцсон санагдана. Хөтлөгч торгууд хүү “Миний өссөн монгол ахуй” номоос 318 шинэ үг мэдлээ гэж байсан. Жишээлбэл, “годрон” гэдэг үгийг дурсаж байсан. Энэ номд хэдий хэрийн эртний үг, хэлц үг орсон байдаг бол? Эдгээр үгс нутгийн аялгуу, хэлцийн үгс үү?

Ш.Баатар: Тийм үгс арай биш. Арай өргөн. Цэвэл гуайн толь болохоор коммунизмын шүүлтүүрээр шигшигдээд ноёд, язгууртны хэрэглэж байсан феодалын үгнүүдийг хасчихжээ. Цэвэл гуайн толь дээр суурилсан Монгол хэлний их тайлбар толь гээд он-лайн тольд хуучны үгийг залуучууд залхуураад оруулсангүй. Хуучны үг хэллэг агуулсан гурван толь бий. Дэ ван буюу Дэмчигноровын үед гаргасан “28-тийн толь” гэх 28,000 үгтэй толь байна. Энэ толь дээр тулгуурлаад соёлын хувьсгалын өмнө болон дараа хийсэн “Норжины толь” гэх дөрвөн хуруу зузаан, хамгийн олон үгтэй толь. Энд бүх үг, хэллэг байгаа. Үүнээс өмнө гарсан “Шагжийн толь” гээд арваад мянган үгтэй толь бий. Шагжийн толийг би чамгүй нямбай эргүүлж, тойруулсан. Монголын толь бичиг хийсэн эрдэмтэд голцуу буриад, хамниган гээд зүүн талын монголчууд гэх төв хэсгийн монголчууд зонхилдог. Баруун монгол хэллэг монгол толиудад бараг ороогүй байдаг. Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий гээд Монголын хангайн хэдэн сумдад өөлдүүд орж ирээд хэдэн зуунаар суурьшчихсан болохоор баруун монголын үг хэллэг ихтэй. Тольд тусгагдаагүй 300-гаад үгсийг зориуд оруулсан. Урсгалаар уран зохиолчилж уншвал үл анзаарагдах, нарийн тунгааж уншвал нүдэнд торох хуучны үг, хэллэг зөндөө бий.

П.Увш: “Миний өссөн монгол ахуй” номыг америкийн монголчууд 1000 гаруйг авч уншсан байдаг. Би энэ номыг Индианагийн их сургуулийн номын санд зохиогчийн хүсэлтээр албан ёсоор гардуулж байсан. Цаашид энэ номыг америкийн монголчуудын гэрт, гарт хүргэхийн тулд зохиогч болон манай цахим өртөөнөөс яавал дээр бол?

Ш.Баатар: Энэ ном 5000 ширхэг хэвлэснээс гучаад ном үлджээ. Дахиж хэвлэх эсэхээ бодоод л сууж байна. Монголчуудад 5000 ном хангалттай ч юм болов уу? Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш маань монголд номыг 300-500 ширхэг хэвлээд, цаашдаа хүмүүс номын сангаас лавлагаа хийнэ биз гэдэг байсан ажээ. Зарим хүмүүс цахим болгох уу гэж асууж л байдаг. Би цахим болгохгүй. Уламжлалт цаасан хэлбэрээ хадгалъя гэж боддог. Би өөрөө цахим мэргэжлийн хүн, цахимаар ном уншихад нүдэнд төдий л сайн биш, бас номын үнэ цэнэ алга болчихдог. Миний номын үнэ цэнэ хэвээр хадгалагдах болно. Үнэ бууруулах, цахим болгох явдал байхгүй. Энэ номыг өвөр монголчууд их сонирхсон. Өвөр Монголын Ардын хэвлэх хорооноос хэвлэх хүсэлт ирж, би өөрөө номоо хуучин бичгийн программ ашиглан хазгай муруй хөрвүүлээд, Чоймаа багшид өглөө. Чоймаа багш шавь Оюундарьтайгаа хамтран бүхнийг хянаад, тэгээд Өвөр Монгол руу явуулсан. Хятадын горим, жаягаар ном хэвлэхдээ нэг жил хүлээдэг юм билээ. Тэгээд жилийн дараа хэвлэсэн. 10,000 ном тутамд 100 ном өгнө гэж тохирсон. Надад 500 ном өгсөн. Өвчин, хорио гээд Америкт 25-ыг л авсан. Цагаа тулахаар манайд хуучин монгол бичгээр уншдаг хүн цөөхөн юм билээ. Цар тахал илаарьшихлаар дүүтэйгээ ярьж байгаад хэвлэнэ дээ. Америкт ном тараах амар юм билээ. Хүсэлт авлаа, номоо илгээлээ, тооцоогоо хийлээ. Аливаа гажуудал гардаггүй. Европ, Японоос гэхлээр зардал өндөр, илгээх боломж хомс юм билээ.

Дашрамд дурдахад, Чоймаа багш миний номыг өөрөөр харж, сурах бичигт оруулах гэхчлэн санаа сэдэж байдаг. Настай хүний үг ч үнэгүй болоо юу, тоодоггүй бололтой. Чой. Баттулга гээд гадаад хүмүүст монгол хэл заадаг багш энэ номыг залуучууддаа түгээе гэхчлэн олон бүтээлч санал, санаа хэлсэн, хэрэгжүүлэх гэж чармайсан.

Т.Цэвэлмаа: Энэ номыг сонсдог ном болгох уу?

Ш.Баатар: Ёстой мэдэхгүй. Энэ сонсоод уяраад байхаар ч ном биш дээ. Өлзийбаатар ахын ном гэхэд сонирхолтой, дараагийнхыг сонсохоор хүлээх ном доо, байлдан дагуулж байна даа. Аудио болгочихвол энэ нэг эмээтэйгээ чалчсан “баагий” юугаа яриад байгаа юм гэх ч юм уу, ер нь би энэ соёлыг хүлээж авахгүй байгаа юм. Надад нэг л эвлэж өгөхгүй л байгаа юм. Янз бүрийн зохиолчдын аудио номыг машин дотроо сонсоод л явдаг. Аудио гэснээс энэ Клабхауз дээрээ “Монгол соёлын өргөө” гээд нэг өрөө нээчхээд эрдэмтэн, мэргэдийг уриад ярилцаад байгаа юм, үүнийгээ харин аудио болгочихмоор санагдаж байна.

П.Увш: Номоосоо “муу нохой цооцогноно” гэдэг шиг жишээ хэлж тайлбарлах уу?

Ш.Баатар: Манай эмээ “Өө, муу нохой цооцогноно” гээд уянгалуулан хэлнэ. Бид ойлгохгүй. Хөгжим нэг хөгтэй, хөглөхлөөр гоё аялгуу цуурайтдаг даа. Тэгвэл одоогийн монгол хэлний хөг байхгүй болчихжээ. Манай эмээ төдийгүй ахмадууд уянгалуулан эвхэж, чихэнд сонсголонтой, хөгтэй ярьдаг сан. Монгол хэлний хэмнэл, толгой холбож ярих, асуулт, хариултын шүтэлцээ, цогц бүрдвэр гээд алга болж байна даа. “Муу нохой цооцогноно” гэдэг үгийн утга нь муу нохойн (санаа) цаад захын оонод гэх утга юм билээ. Нохой ооно хөөж явлаа гэхэд наад захын ооно санаанд нь багтаад, цаана нь яваа ооныг барих сан гэж чавхаддаг байна л даа.

Я.Борчулуун: Та ном бичсэн явцаа хэлэх үү? Ямар хэсэг, бүлэг хамгийн хэцүү байсан бэ? Хэр хугацаа зарцуулж энэ номоо бичсэн бэ? Ямар судалгаа хийсэн хийгээд номыг бичихэд гарсан гол бэрхшээл юу байсан бэ?

Ш.Баатар: Номоо бичихийн өмнө эмээгээ бурхан болсны дараа “манай эмээ ямар хүн байв?” гэж бодсон. Энэ үед нандин сэтгэгдлүүд ургаж, хамт байсан бүх үеийн дурсамж сэргэсэн. Эдгээр дурсамж, сэтгэгдлээ ном болговол хүмүүст хэрэгтэй гэж шуудраад, 6 сарын дотор л бичсэн. Эхлээд бичээд, дараа нь найруулж засаад байх тусам тэр 40-50 жилийн өмнөх зүүд зэрэглээ шиг дурсамжууд утасны үзүүрээс бариад авсан шиг л хөвөрдөг юм билээ. Өглөө, оройд, гадаа, машин дотор гээд санаанд буух бүрд нь уйгагүй тэмдэглэж авдаг байсан. Бичсэний дараа бүлэг, бүлгээр нь хүмүүсээр уншуулсан, санал сонссон, дүгнэлт хийсэн, дахин зассан. Ээжийгээ их сонссон. Ээж маань их хасалт хийсэн. Би багадаа бөө хүн харж байсан, хараал хэрхэн хийдгийг сонссон, хэллэгийг багцаар нь тогтоочихсон болохоор бөөгийн ийм, тийм соёл гэхчлэн оруулсан байсан. Ээж болохоороо “Хараалын үг хар энергитэй, үүнийг уншсан хүн 3 хоног бодоод, гол нь харлаж явна, үүнийгээ номд оруулж ерөөсөө болохгүй, ав!” гээд, би ээжийнхээ заавраар олон зүйл хассан даа. Хүнээр бүтээлээ уншуулах олон давуу талтай. Номонд их тус үзүүлсэн хүн бол аавыг дуурайсан бичгийн ген сайтай, манай бага дүү их тус болсон. Энэ номыг бичихэд хамгийн хэцүү нь барин тавин юм их байсан: үнэнч юм шиг, хэлж байсан ч шиг, ялгаж, салгахад их хэцүү. Зарим нь дутуу алсан могой гэдэг шиг гүйцэд биш, хоёрын хооронд эрээвэр, хураавар санаанууд орж ирдэг юм билээ. Тэр бүрийг оруулаагүй. Энэ ном бол нэгд, надаас хойш хойч үед үлдэнэ, хоёрт, монгол хэлний хэл зүйн, гоо зүйн боловсрол монгол хүнд үлдэх учиртай гэдэг утгаар л бичсэн дээ.

Я.Борчулуун: Одоо ямар ном дээр ажиллаж байна. Энэ номоо үргэлжлүүлэх үү?

Ш.Баатар: Би нэг ном дээр ажиллаад байгаа. Олон жил болж байна. Би нэг зовлонтой хүн: өөрт л таалагдахгүй бол дуусгадаггүй. Манай нутагт Онгийн дээд хүрээ (Сайн ноёны хүрээ) гэж бий. Тэр хүрээний түүхийг нэг ном сайтай хүнээр төвөд хэлнээс орчуулгуулаад, өөрөө найруулаад засамжлаад биччихсэн нэг ном бий. Одоо бараг хориод жил болж байна. Одоо зүүлт, тайлбар хийгээд явж байна. Нийтэд гаргая гэхээр санаанд хүрэхгүй юм. Энд Лувсанхайдав гээд 91 настай өвгөн бий. Түүний намтар, түүхийг олон удаа яриулаад бичээд авчихсан ном байна. Энэ номоор 38-48 оны Өвөр Монголын иргэний дайнд юу болж өнгөрсөн талаар дотроос нь туулаад гараад ирчихсэн хүний амнаас сонсож нэг ном бичээд дууссан. Одоо зүүлтүүдээ хийчихсэн, харин хэдэн том үйл явдлын чигийг тогтоох, магадлах хэрэг байна. Хядан нартай холбоотой судалгааны нэг ном мэрж л сууна. Энд тэнд барин тавин эхэлчихсэн цааснууд их байна. Монголчуудын галын тахилгын судрыг хуучин монгол бичгээс хөрвүүлчхээд зүүлт, тайлбар хийгээд явж байна. Залуу зандан явахдаа сэлэм эргүүлэхтэй адилаар дайраад бичээд, бичээд гарчихсан өгүүлэл нийтлэл байна, байна. Хүн юм мэдэхгүй байх тусмаа зоригтой байдаг бололтой юм билээ. Одоо бол энэ бүтээл үлдэнэ, би үлдэхгүй гэж хандах болсон. Бас хүмүүсийн бүтээлийг харж, нягталж, зөвлөгөө өгдөг.

Я.Борчулуун: Та үндсэн ажлынхаа хажуугаар бичих ажилдаа цаг хэрхэн гаргадаг вэ?

Ш.Баатар: Бага багаар л ахих хэрэгтэй. “Монголчууд дайнд мордохын тулд урд өдөр нь морио тэжээдэг” гэдэг. Монголчууд нэг дайраад цаана нь гарах юм бодох юм. Хятад, Японы соёлыг харахлаар хэл сурлаа гэхэд төөлүүр хорхой шиг зугуухан өдөрт 20-30 үг тогтоох гэхчлэн бага, багаар ахиж харагдана. Өдөрт нэг хуудас бичих, таван хуудас бичих гэхчлэн ахих нь үр дүнтэй санагддаг. Яван чангарна гэдэгчлэн хуримтлагдсаар ахина, үр дүн гарна. Нэг амьсгаагаар дайрах дургүй. Японоор дамжсанаас ч байж магадгүй, би юмыг багаар, зугуухан ахиулдаг. Миний сайн ойлгодог хэл бол монгол хэл. Харин сүүлийн үед монгол номууд ойлгомжгүй болоод байна. Найруулга суларч байна. Орос ном эмх, цэгцтэй илэрхийлэлтэй, найруулга сайтай болохоор юм уу, уншихлаар хурдан ойлгогдоно. Оросын уран зохиол хурдан, төвөггүй уншигдана, багадаа сурснаас ч байж болно. Сүүлийн үед Горькийг их уншиж байна. А. Дюмагийн “Монте Кристо гүн” романыг талд нь оруулсан, их гоё байсан. Би өдөрт 20-30 хуудас уншиж, 2-3 хуудас бичнэ.

П.Увш: Баатар аа, яг одоо ширээн дээр чинь ямар номууд байна?

П.Увш: Зэрэг ашиглаж байгаа номуудаа хэрхэн эргэж хардаг вэ? Бүгдийг нь дэлгээд орхих уу, хуудсыг нь нугалах уу, тэмдэглэх үү, зураад орхих уу? Дараа нь хэрэгтэй санаагаа яаж олж авдаг вэ?

Ш.Баатар: Би ном дээр тэмдэглээ хийхгүй. Илжгэн чих гаргахгүй. Хуудас нугалахгүй. Наадаг (шар) цаасан дээр тэмдэглээд наагаад явчихдаг. Үүнийгээ алга болгочихвол дахиад л уншина гэсэн үг. Нэг уншихдаа 3-4 хуудсаар тойруулж уншаад яваад байдаг.

П.Увш: Зохиолч Б. Номинчимэд 23 ном зэрэг уншдаг гэж хэлсэн байсан. Өөрөө хэдэн ном зэрэг уншдаг вэ?

Ш.Баатар: Би 3-4 ном л зэрэг уншина даа. Уншиж дуусан номоо тавиур дээрээ зөөгөөд, дараагийн номоо авна. Сая Утай Гүмбэний талаар хятад, америк хүний бичсэн хоёр өөр ном олж аваад байгаа. Америк хүн нь Утайг монголчууд, төвөдөөс хамааралтай бичиж байхад хятад нь монгол, төвөдийн талаар нэг ч үг оруулахгүй, дан хятад соёлоос нь аваад бичсэн байна. Хятадчилах соёл гэх үү дээ.

Т.Цэвэлмаа: Таны бичсэн ном унаган монгол ахуйн бодит илэрхийлэл юм билээ. Одоо монгол ахуй маань эрчимтэй өөрчлөгдөж (малаа машин, тэргээр хариулдаг ч гэх юм уу) байна. Энд таны бодол ямар явдаг вэ?

Ш.Баатар: Энд бидний үе, 40-60 насныхан буруутай. Шилжилт болоод энэ насныхан хөдөлгөөнд орсон. Нэг хэсэг нь наймаанд яваад замхарсан. Нөгөө тал нь бид нар шиг гадагшаа сурна гэж тэнээд дашин шог. Гурав дахь бүлэг хүмүүс Өвгөнтөд очоод уусаад төрөл арилжсан. Үлдсэн хэсэг нь 30 жилд улсаа самраад ингээд үеэрээ арчигдлаа даа. Энэ бүхний золиос нь хот, хөдөө ялгаагүй, бидний дараа үе (20-40 насныхан) болчихжээ. Монголд очоод харж байхад бидний алдсан орон зай хөдөө, малчин ахуйд тод ажиглагдаж байна. Манай малчдын амьдрал, бололцоо эрс дээшилжээ. Харамсалтай нь монгол ахуй, уламжлалыг авч үлдсэнгүй. Нэг ургамлын нэр асуувал мэдэхгүй гэнэ, яагаад мэдэхгүйг лавлавал би идэх биш, мал иддэг юм чинь гэж гөжүүдэлнэ. Адуугаа мотоциклоор эргүүлж байгаа залуугаас учрыг асуухад цаг хождог, уулын орой хүртэл мориор явбал өдөржний ажил болно биз дээ, ах аа гэж учирлаж байна лээ. Бидний үед хөгшчүүл ургамал, амьтны нэрийг нухацтай зааж өгдөг байсан, бид зааж, уламжлуулсангүй дээ гэж харамсаж сууна. Хоёрт, малчдын мал нь ихэсчихсэн, мөнгө нь түнтийчихсэн, чинээлэг аж төрж байна лээ. Амьдрал сайхан болжээ. Уулын мухар суугаа айл сансраас зурагт үзээд, хөргөгчөөс махаа аваад хоолоо хийж идээд дэвшил байна. Уламжлалт соёл устаж байна. Энэ бүхний уулзвар дээр нэгэн эрлийзэжсэн соёл хэсэгтээ явах байх. Миний номдоо бичсэн соёл буцаад сэргэнэ гэж байхгүй дээ.

А.Баярмаа: Хүүхдүүддээ монгол соёлоо хэрхэн зааж, эзэмшүүлж байна? Манай хүүхдүүд Японд, Европт амьдраад одоо энд байна. Тэд маань гэртээ монголоор ярихаас хэтрэхгүй байна.

Ш.Баатар: Би хүүхдүүдтэйгээ гадаад хэлээр ярьдаггүй. Ээж нь багш хүн. Манай хоёр хүүхэд яг монголчууд шиг л ярина. Би монгол бичиг заагаад өгчихсөн. Монголоор удаан уншдаг учраас дургүй. Монголоороо бол чөлөөтэй харьцана. Багад нь Монгол явуулдаг байсан. Харин эд нарын дараа үе яана даа л гэж сэтгэл эмзэглэдэг. Улаанбаатартаа монголоор огт ярьдаггүй хүүхэд энд ирээд сурч л байна. Хүн гээч нэг үе болоод хайлаад дуусдаг юм уу даа. Аав, ээж нь хүүхэдтэйгээ англиар ярьж байгаа хараад, сонсоход дотор арзасхийгээд явчихдаг. Би лав түүнийг хүлээж авамгүй ээ. Монгол хэлээ өөрөө хайрлахгүй бол хэн танд хайрлаж өгөх вэ дээ!

А.Баярмаа: Энд суугаа япон, солонгосчуудыг харахлаар амралтын өдрүүдэд хүүхдүүдээ эх хэлний сургуульд явуулдаг.

Ш.Баатар: Оросууд ч тийм. Орос, хятад, солонгос ижий нар их сүрхий юм. Эднийг хараад байхад их гүрний эх хэлээ устгахгүй, хоёр орны соёлд зэрэг суралцах ч гэдэг юм бодол байдаг бололтой. Тэд нар хүүхэдтэйгээ англиар ярьж байгааг би лав сонсоогүй. Манай монгол ээж, аав нар өөрсдөө англиар хагас дутуу ярих атлаа хүүхдүүдтэйгээ англиар ярих гэж хичээгээд хүүхдүүд нь шууд гадаад хүн болчихсон айл манай энүүгээр 70-80 хувь болжээ. Харахад сэтгэл зовох л юм. Гээд яалтай! Бас үр хүүхдэдээ монголоор нь өсгөх гэсэн, монгол соёл, бичгийн нөөцөө ашиглаад аж төрж байгаа монгол залуучууд цөөнгүй.

Т.Цэвэлмаа: Би Баатар ахын номоос нэг асуулт асууя. Хариулж чадахгүй бол Баатар ах туслаарай. “ХАЛИНГАРТАХ” гэж юу гэсэн үг вэ?

Ш.Баатар: Халингар хүн гэж уусан архиндаа хэл ам нь орооцолдсон, хөл нь газар онохгүй, шүд амаа хавирсан хагас согтолтын илрэлтэй согтуу хүн гэсэн үг л дээ. (Манай баруун монголд ийм хүнийг ХАЛИНГАР биш ХАЛАНГАР гэдэг дээ гэж бодож суулаа. П.У.) Халамцуу хүн. Ийм үг цөөнгүй бий. Эхийн агуулгадаа хөтлөгдөөд анзаарахгүй өнгөрч болно л доо. Би энэ номоо Дашням гэж хүний бичсэн “Өлзий Нарангийн өчил” гэдэг номыг чиг барьж бичсэн. Зохиогч нь манай нутгийнх болохоор үг хэллэг, гарч буй ахуй ойролцоо. Энэ номыг Цэндийн Дамдинсүрэн гуай хянан эрхэлсэн байдаг. Дашням гуай бол насаараа бидний уншсан бүх романыг хянадаг, Д.Нацагдоржийн найз явсан хүн юм билээ. Энэ номын хэллэг, агуулга нь манай эмээгийн хүүрнэл, зүйрлэлтэй хэллэг агуулгаар бүрэн нийлж байгаа юм.

Т.Цэвэлмаа: (нийтэд) “Андуу” гэж юу гэсэн үг бол?

Ш.Баатар: Айлд байсан хэрэглээний зүйл. Одоо байдаг эсэхийг мэдэхгүй. Андуу гэдэг нь сэнжтэй, бөглөөтэй, үүрэхэд зориулсан хавтгай модон сав (торх). 40-60 литрийн багтаамжтай.

Т.Цэвэлмаа: “Бозлог” гэж юу гэсэн үг бол?

Ш.Баатар: Бозлог гэж том зурам. Ядуу айл олон бозлог алаад тогоондоо хийгээд буцалгахлаар зурмууд хоорондоо хөөцөлдөөд байгаа юм шиг харагдана.Нэлээд ядмаг айлын хүнс дээ.

Я.Борчулуун: Та номдоо 300 гаруй үг оруулсан гэдэг нь төв халхын үгнүүд үү?

Ш.Баатар: Ойрд, төв халхын холилдсон үгнүүд. Архангай, Өвөрхангайн ихэнх суманд өөлдүүд аж төрдөг. Ойрд, баруун Монголын гарвальтай үгс төв халх хэллэгт нутагшаад нэг үг болчихсон байж болно. Зүүн тийшээ яваад ирэхлээр арай өөр. Зүүн талын хүмүүс Монголын еврей нар. Толь бичиг, бусад олон бүтээл тэдний гараас гардаг. Төв халхууд назгай талдаа. Тэгэхлээр монгол дотроо соёлын ялгаа байна. Энэ хэллэг төв халх гэх Архангай, Өвөрхангай, Булган аймгийнхан иймэрхүү л ярьдаг. Би та нараас нэг үг асууя. “ШААГИН” гэж юу гэсэн үг бол? Шаагин гэж домбоноос арай урт хэлбэртэй зэс сав. Түүнийг тулганы гурван чулууны дунд цог дээр тавиад цайгаа чанахлаар даргиад ирэхээрээ урт хүзүүтэй болохоор шаагиад сонсогддог. Хавчиг цайгаа эсгийн уутанд хийчхээд тэмээнийхээ бөхнөөс дүүжилчихнэ. Энэ бол баруун Монголын гол соёл. Шаагин манай музейд хоёрхон ширхэг үлдсэн. Алшаагийн өөлдүүдийн зан үйлийн музейд 400 орчим бий. Би харамсалтай нь номдоо оруулахаа мартсан байна лээ. Дунхуу, данх гэдгийн жинхэнэ баруун монгол нэр нь “дэвэр”. Дэврэх гэдгээс улбаатай. Одоо хэрэглэхээ байсан. Чийдэн, гэрэл гэдгийг баруун монголчууд шумар гэнэ. Ойрадуудаас хошуудууд авч хэрэглэсэн. Ажаа гэгээн шумар гэдэг үгийг мэдэж байсан. Ийм агуулгаар дүйх, үсэг солигдсон үгс далай, далай. Манай аавын тал Говь-Алтайн Цээл чигийнх. Жишээлэхэд, гурил гэхийг гулир, шарилыг шалир, хөгшин гэхийг хөшгөн гэхчлэн үсэг сэлгэсэн үгс олон. Би буриад, торгууд аялгаар сонсоод ойлгоод байгаа нь нэгдсэн монгол хэл байгаа л гэсэн үг. Галын тахилга, тасмын тахилга, ангийн тахилга, бөөгийн дуудлагад эртний үгс их тогтвортой хадгалагдаж үлдсэн байдаг. Энэ талаар О.Сүхбаатарын “Монгол хэлний харь үгийн толь”, бас Шагж гуайн толийг уншчих хэрэгтэй юм билээ. Би бараг солиороод, Шагж гуайн толийг цээжилж явсан үе бий.

О.Бямбажав: Энэ уулзалтад ирсэн хүмүүсээс би л эл номыг уншаагүй аж. Яриаг сонсоод энэ бүтээлд талархахын зэрэгцээ сэтгэл их эмзэглэж сууна. Бидний хойч үе яана! Хүүхдүүдээ хэл соёлоо мартахгүй байлгах, боловсролын тогтолцоо, ном сурах бичиг гэж юу байдаг бол? Аав маань бид гурвыг суулгаж байгаад амьдралаа, түүхээ их ярьдаг, бид өрөвдөөд уйлаад, монголын амьдрал ийм хэцүү байжээ гэж ойлгоод сонсдог байсан бол манай хоёр хүүхэд, дүүгийн хүүхэд сонсоод “Өвөө нөгөө л ярьдгаа давтаж байна” гэсэн байдлаар хүлээж авч байна. Харин ач нар нь “Өвөө үлгэр ярьж байна” гэнэ. Жинхэнэ амьдрал тэр цагт ямар байсан, ямар үг, хэллэг хэрэглэдэг байсан талаар ямар ч ойлголт байхгүй. Монголын түүх, хэл уран зохиолыг яаж уламжлал, ул өлгийг алдагдуулахгүй заах, хадгалах вэ гэдэгт сэтгэл их эмзэглэж явдаг.

Ш.Баатар: Монгол хэл, уран зохиолын хичээлийг багасгаснаар монгол хүний сэтгэхүйг хязгаарлаж байна гэсэн үг. Шинэ сайдаас хүлээлт их байгаа. Өмнөх сайдуудаас боловсролын системийг самарсан явдал бий. Сурах бичигт хяналт унтарсан. Монгол дээлээ заахгүй мөртөө солонгос эхнэрийн дээл зааж болох уу? Монгол хэлний сурагчдад зориулсан толь бичгийг гаднын хүн зохиож суух нь хэр зохимжтой байх вэ? Ялгаж, зааглаж байгаа юм биш. Монголчууд л монгол соёлоо, монгол хэлээ өөд татаж, ариглахгүй бол харийн соёл эзэмшсэн, харийн бодлого шүтсэн, мөнгөнд хууртсан хүн хуруугаа ч хөдөлгөхгүй дээ. Би хэл шинжээч биш ч сайхан чансаатай хэлний мэргэжилтний үгийг сонсож, нийтэд хүргэж явдаг. Монголд гудамж, албан газрын бүх хаяг англиар болсон байна лээ. Зүүн өмнөд Азийн англи, Америкийн колони орныхтой яг адил харагдаж байна. Орос, Хятад, Японоор яваад харахад бүгд тэдний хэл дээр байна. Тэгэхлээр манайд төрийн бодлого алдагдсаны илрэл шүү дээ. Цагдаа маань яахлаараа “Police” болдог гээд ийм зүйлс ихэссээр, тэлсээр газар авна шүү дээ. Энд эмгэнэл байна. Үүнийг засахын тулд монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.

Я.Борчулуун: Монгол хүний унших ёстой таван ном гэвэл Та ямар номуудыг нэрлэх вэ?

Я.Борчулуун: Америкийн сургуулиудад уран зохиолын ном уншуулахдаа тухайн зохиолыг ойлгоход туслах нэмэлт тайлбар, хөтлөх аргачлал дагалдаад байдаг. Энэ их сонирхолтой, уншигчдад номынхоо хэллэг, агуулгыг ойлгоход нэн тустай харагддаг. Таны номыг залуучууд уншихад дөхөмчлөх, олон уншигчдад хүргэхийн тулд шинэ үг хэллэгийг тайлбарласан, агуулгыг ойлгоход туслах дагалт хөтөч хадаж өгвөл болох уу? Таны номыг уншихад гарах “тугал авхуулах” гэдэг үгийг малын захгүй хүн юу ч мэдэхгүй. Би ч бүдэг төсөөлөлтэй байх жишээтэй. Бас нэг санаа номын үг, үйл явдлыг зургаар нэмж гаргаж өгвөл ойлгоц хурдсах юм уу.

Ш. Баатар: Энэ үнэхээр гоё санаа. Үүнийг хөндлөнгийн шинжээч, мэргэжлийн хүмүүсээр хийлгэхгүй бол би чадахгүй. Хөндлөнгөөс хараад үүнийг ингэж илэрхийлье! гээд хүн гараад ирвэл хамтран ажиллахад бэлэн. Зурагжуулах гэвэл халбагадаж хоол өгсөнтэй адил хялбарчлагдах болов уу.

Э.Жагдагдорж: Энэ сайхан яриаг сонсоод жаал чимээгүй суулаа. Уул нь энэ уулзалтын нэр нь коктейльтой уулзалт, Баатар ахыг Ново-д байснаа, хундага, савны талаар дурсахлаар урам сэргэж, зориг бадармаар ч шиг. Манай хурал зохион байгуулагч охид энэ “коктейль” гэдэг нэр төдийлөн таатай биш. Таны номоос ч асууж байгаа асуултууд ч антиалхагольныи шинжтэй. Ново-д таны мөрөөр тэр марксизмын сургуулийн өрөөгөөр дамжиж, стакан барьж л явлаа. Нарийн яривал манай аав Өвөрхангайн Уянга суманд төрсөн. Ээжийгээ дагавал Хөвсгөлийн буриад. Таны яриа сэтгэлд ойрхон санаанд бууж ирээд байгаа атлаа номд орсон ховор үгнүүдийг ер санахгүй, дээгүүр нь харайлгаад гарчихдаг бололтой. Би лав хоёр уншсан байх аа. Та бусад хүмүүсийн бүтээлийг уншихдаа ямархуу байдлаар уншдаг вэ?

Ш.Баатар: Удаан уншина. Нэг, хоёр хуудас уншаад эргэж харна. Чихрээр бол хүлхэж уншина. Нэг өгүүлбэрээ 2-3 уншина. Би юманд аягүй удаан. Шууд уншаад явчихлаар дараа нь мартчихна. Би тогтож унших гэж их хичээдэг. Зарим хүн жилд зуун ном, бас 300 ном уншдаг л гэлцдэг. Би 30 ном уншиж амждаг уу, үгүй юу, сайн мэдэхгүй юм. Тоолдог ч үгүй. Олны олон таван цэн гэгчээр 20 жилд, 30 жилд уншсан ном гэвэл яваад өгнө биз. Би ер нь шингээж уншдаг. Жишээлэхэд, Сайшаалт гуайн номыг дэргэдээ тавьчхаад уншаад, бодоод, өөрийн гэх үзэл бодол гарч ирвэл тулгаж, тунгаагаад, харьцуулаад л урагшилна даа, Энэ нь миний сурах чиглэлээр уншдаг арга барил юм даа. Хүн хүний унших арга барил өөр өөр л дөө.

Э.Жагдагдорж: Шинэ үеийн гэх үү, 80-90-ээд оноос хойших залуучуудаас тоож, шимтэж уншихаар бүтээлтэй зохиолч хэн байх юм?

Ш. Баатар: Г.Аюурзана байна. Харин сүүлийн үед номын тоо нь олшроод, барилгын цэрэг гэдэг шиг гурилдах маягтай болоод ирж байна уу даа. Эхлээд ном нь нягт судалгаатай бичигдэж, уншууртай, мөлжүүртэй явж байснаа сүүлдээ дуусгахын тулд болоод явчих шиг. Ер нь Аюурзана бол арга барилаа зөв мэддэг, хөдөлмөрч залуу. Мэнд- Ооёо ахын номыг хүндэтгэлтэйгээр уншдаг. Нэрийг нь үл дурдан хэлэхэд зарим түүхчдийн номыг уншиж чаддаггүй. “Муу хүн сонжооч, мухар үхэр сэжээч” гэдэг шиг санаанд нийцэхгүй агуулга, үг хэллэгтэй зохиолыг зүгээр орхидог. Би залуучуудыг ахмад зохиолчдыг, Дамдинсүрэн гуайг, Ринчин гуайг уншаарай гээд байдаг маань тэд өөртөө нэг түвшин (чанарын босго) тогтоогоод аваасай гэсэн санаа. Эдгээрийг уншчихсан хүн бол зохиолын сайн мууг мэддэг.

Г.Эрдэнэбат: Баатар ахыг дагаж Клабхауз-аар олон цагийг өнгөрөөж байна. Бид хэлний олон эрдэмтдийг урьж ярилцсан. Эдгээр ярилцлагаас танд юу бодогдов? Түрүүн та контент гэдийг сөргөж байсан, би ч гэсэн -тэгэлт, -ингэлт гэх үгст бас аллергитай болоод байгаа юм. Зөв хэрэглээ алга болоод, сүүлдээ би ч зөв, зохистой хэрэглэж чадахаа болих шинжтэй. Сая Клабхауз-д их согтолттой хүн гээд л ярих, их согтсон хүн гээд л ярьчихмаар. Сүүлийн үед Клабхауз-д эрдэмтдийн ярьснаас олон нийтэд өгсөн ойлголт, цаашид хэрхэх талаар та шинэ соргог мэдээлэл өгөх үү?

Ш.Баатар: нэгд, -ЛТ хэрэглээ буруу. Монгол хэлний дөрвөн эрдэмтдээр яриуллаа. Тэд маань ч гэсэн өөр, өөрийн судалгаа, эрэл хайгуулын өнцгөөс тайлбарласан. Эрдэмтдээс Д. Заяабаатар ханатай ярьж байна лээ. Хэлний бодлого хариуцсан хүн, бүх асуултад цэгцтэй, нарийн хариулж байсан. М. Саруул-Эрдэнийн орчуулгын, тэр тусмаа дүйцүүлж орчуулах тухай яриа оновчтой байсан. Ж. Бат-Ирээдүй багшийн ярианаас монгол хэл тойрсон асуудлыг бүгдийг нь сонссон. Ж.Ганбаатар багш бичиг, соёл тойрсон асуудлаар ярьсан. Эрдэмтэд (монгол) хэлний асуудлыг өөр, өөрийн өнцгөөс сонирхолтой жишээ, хандлага, бодит байдал ямар байгааг тайлбарласан. Миний хувийн зарим зөрөөтэй ойлголтыг жигдэлж өгсөн. Оролцогчид монгол хэлний үсэг, дүрэм сольж тоглоод байна гэж бухимдаж байгаа нь тэдний асуултуудаас харагдаж байсан. Д.Заяабаатар нэлээд тайлбарлаж, ойлгуулсан гэж бодож байна. Төмөртогоо багш Дамдинсүрэн гуайн дүрмээр анхнаасаа явдаггүй хүн. Заяабаатар Төмөртогоог багшийн хувьд хүндэтгэж байна. Гэхдээ Дамдинсүрэн гуайн дүрмээр явна гэж түс, тас хэлнэ лээ. Би ч санал нийлж баярласан. Заяабаатарын ярианаас хүн өөрийн үзэл бодол, баримтлалдаа үнэнч байх хэрэгтэй юм байна гэж ойлгосон шүү.

Г. Эрдэнэбат: Бас нэг асуулт. “Миний өссөн монгол ахуй” номыг залуучууд уншихгүй байна. Ахимаг насны хүмүүс зонхилон уншиж байна гэж та хэллээ. Манай Клабхауз дээр залуучуудын сонирхдог зүйл их өөр болжээ. Social influencer гээд нийгмийн сүлжээнд нөлөөлөх хүмүүс гарч ирээд залуучуудын дундах үнэ цэний ойлголтыг өөрчлөх, дахин хуваарилах боломжтой юм байна гэдэг ойлгуулж, монгол хэл төгс эзэмшсэн, түвшин сайхан таван үг сольчихдог, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн, гадаад, дотоодын сургууль, соёлыг эзэмшсэн ийм залуусыг шинэ үеийн залуу сэхээтэн гэх үү, боловсон хүчин гэх үү энэ хүмүүсийг шинэ үеийнхний дунд таниулъя, тэгвэл энэ монгол хэл, монгол соёл урагшлах, ахих юм байна. Энэ талаар таны санаа бодлыг сонсох гэсэн юм?

Ш.Баатар: Сургалтын тогтолцооны гажиг байна, арга барил нь өөрчлөгдөхгүй байна. Бид нийгмээ дагаж өөрчлөгдөхгүй байна. Багш нарын арга, ухаан, сургалтын технологи хоцрогдоод байна. Одоо залуучуудад заах их төвөгтэй. Үүнийг 4-6,7-8 насны хооронд л заах хэрэгтэй. Энд л яаж уншдаг, яаж мэддэг, соёлоо гадарлах суурийг тавьж өгнө. Одоо золбин нохой шиг тэнэж, тэнэж яваад нэг юман дотор орж ирээд суралцана гэж их хэцүү, аягүй удаан. Өмнө нь хэрэгтэй, хэрэггүй олон мэдээлэл хүлээгээд авчихсан тархи шинэд зохицох, мэдрэх, хүлээж авах нь төвөгтэй. Гэхдээ хүнээсээ л шалтгаална. Гүүгл байхад таны номоор яах билээ, гүүглдээд л мэдчихнэ гэнэ дээ. Энд хүнийг хүндэтгэж, суралцах хэм хэмжээс алдагдаж байгаагийн жишээ. Нэгэнт суурь ойлголт, ухагдахуунгүй болохоор холхиндог гутал л гэсэн үг. Хөлөө холгуулах хүмүүс давамгайлж байна. Сурах, төлөвших ид насандаа сууриа эзэмшээгүй хүмүүсийн хам шинж юм даа. Энэ хүмүүст уураа бараад нэмэргүй, заах гээд арвитай юм гарахгүй. Тэгэхлээр л сургалтын тогтолцоогоо л өөрчлөх шаардлага байна даа. Энэ хүмүүсийн сэтгэхүй, хандлагыг өөрчлөхүйц сургалтын арга, технологи хэрэгтэй. Миний тийм суурийг эмээ маань тавиад өгчихсөн. Би харийн нутагт 36 жил бадарчилж явна. (Орост 5, Японд 7, Америкт 24 жил) Би монгол хэлтэйгээ, монгол соёлтой, Монголын өв, соёлыг тээгчээрээ байна. Заншлаа мэднэ. Түүхээ хайрлаж байна. Энэ бүхний суурийг 6-7 насандаа л эзэмшиж. Монголд 12-оос дооших насанд гадаад хэл зааж байгаа нь үнэн аюул. Суурийг нь буруу тавьж байгаа юм. Гаргасан алдаагаа засахын тулд бага насныхны сургалтад анхаарах нь зүй. Японд гэхэд япон хүн гэж хэн байх ёстой вэ? гэдгийг бүүр багаас нь цэцэрлэгээс нь системтэй заана. Тэр системээр дамжаад гараад ирсэн хүн өөрөө хөгжөөд явчихна. Замбараагүй сурчихсан хүнийг буцаана, залруулна гэж бараг байхгүй.

Т.Цэвэлмаа: Та төвөд хүмүүсийг бидэнтэй ойролцоо юм уу гэж бодоод сонирхдог, судалдаг гэж ярьж байсан. Тэд зан, заншлаа авч үлдэх талаар яаж ажиллаж байна?

Ш.Баатар: Төвөдүүд шүтлэгтэй улс, сүжигтэй улс. Нэг шашинтай, бүх юм нь шашнаар явдаг. Манайхан шашингүйн үзэлтэй. Шашны зөрөө байна. Тэд үндсэн сууриа тавихдаа шашин дээр үндэслэн сууриа тавьдаг. Шашин зөв суурилбал зөв боловсрол олдог. Миний багад тэгж болохгүй, ингэж болохгүй гээд англиар бол баахан No, No, No гэдэг сургаалаар явчхаж. Миний эмээгийн намайг хүмүүжүүлж байсан арга барил шашинтайгаа яваа төвөдүүдийн арга, ухаан адил байгаа юм. Төвөдүүд надтай яагаад ойролцоо байдаг юм бол гээд бодохлоор тэдний аливаад харьцаж байгаа, аливаад хүндэтгэлтэй хандаж байгаа шашны боловсрол юм. Улс үндэстэн нэг шашинтай байвал дээр. Олон шашинтай, олон үзэл бодолтой болохоороо л хоорондоо шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болдог, өөрсдийгөө хүндэтгэхгүй, өөр шажинтай хүнийг хүндэтгэхгүй юм. Монголчуудын хооронд л ийм юм байна. Америкчууд өөр шашинтай гээд хүндэтгэлээ алддаггүй. Далай ламыг хүрээд ирэхэд католик шашин, бусад шашин хүндэтгэлтэй ханддаг. Аливаа шашинд ороод зан үйлээ аваад явчихсан хүн түүндээ тууштай, аливаад үнэнч, урваж, шарвахгүй, шашин дээрээ тулгуурласан зан үйлээ чиглүүлээд, хөгжүүлээд явчихдаг харагддаг. Монголчуудын дийлэнх нь Буддын шашинтай. Хэл устсаны дараа шашин л үлддэг. Шашин эхлээд уствал хэл нь амархан мөхнө. Еврейчүүдийн хэл нь устсан атлаа шашин нь устаагүй байсан. Шашин дээрээ суурилаад хэлээ амархан сэргээгээд авчихсан. Аливаа шашны хүмүүжил хүний төлөвшилд нэн чухал. Манай эмээгийн сургаал бол бүх зүйлээ өөрөө хийх, бие дааж хийхэд сургадаг байсан. Бидний нийгэм идэж уух, алхах гишгэх нь бусдаас хамааралтай, өөрсдөө хий ярьж, дэмий сэлгүүцсэн нэгэн болж байна даа. Ийм хүн гамшгийн өмнө хүчин мөхсөдөх, бараг амиа золих, амиа хорлох босгонд ч тулж ирдэг. Монголчуудын нүүдэлчин ахуйн амь зуух гэдэг том ухаан юм даа. Болж өгвөл өөрөө хийх, хөдөлмөрч байх чанар л оршин тогтнохын нэг үндэс дээ.

Я.Борчулуун: Муу тал нь болохоор хамтарч ажиллах чадваргүй, тус тусдаа бие даасан, хараат бус байх гэсэн бодол, үзэлтэй. Бүгд өөрийгөө аваад явж чадна гэж боддог. Монгол хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан надад ингэж харагддаг. Нөгөө хүнээ нөхөөд явах чадвар сул, өөрөө л нэг зүйлээ давтаж хийгээд яваад байдаг.

Э.Жагдагдорж: Нэг үеийнхнээ юм уу цугтаа байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрөх чадвар маш муу. Өмнөх үеэ магтах их дуртай. Заримдаа залуу хүнийг дөнгөж гарч ирээд олны нүдэнд өртөнгүүт нь онгироогоод, магтаад, өнөөх нь годройтоод алга болчихдог.

Ш.Баатар: Манайхан буруу тийшээ савлагаа ихтэй.

Г.Эрдэнэбат: Саяын асуултыг гүйцээчихмээр байна. Залуу үеийнхэн, дараа үеийнхэн дотор ийм маргаа явдаг. Баабар мэтсийн номыг уншихлаар түрүүний Баатар ахын хэлдэг шиг монголчууд эрх чөлөөний мэдрэмжтэй, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг тал, тал тийшээ харчихсан гэж ярьдаг. Зарим нь хэдийгээр эрх чөлөөний мэдрэмж өндөр ч гэсэн монгол хүн хамтын, бүлгээр амьдрах мэдрэмжтэй. Жишээлбэл, шуурганд уруудсан айлын адууг тогтоогоод өгчихдөг, эмээ, өвөө нарын хонь, хурганы араас гүйгээд өгчихдөг, тус байна гээд байх. Сүүлд Жанцанноров гуайн гаргасан “Миний л харгуй” номд нүүдэлчид бид нэгдмэл ахуйтай гэж ярьдаг ч гэсэн багад нь тийм бус нөхцөлүүд байсан гэж бичсэн байна лээ. Энэ асуултыг залуу үеийнхэн их сонирхож, байнга асууж байна. Янз бүрээр хариулж байна. Энэ нь нэг үеийн үзэгдэл юм уу, ерөөсөө бидний байгаа соёлын өвөрмөц онцлог уу? Баатар ах та үүнийг юу гэж боддог вэ?

Ш.Баатар: Бид суурин гэхээр суурин биш, нүүдэлчин гэхээр нүүдэлчин биш, соёлын хувьд хямралтай болчхоод байгаа юм. Ахуй нь өөрчлөгдсөн болохоор шинэ ахуйгаа дагаад шинэ ахуй бий болсон. Тэр нь хуучны бие биеэсээ хамаардаг, айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэх үзэл алга болж, хэт аминч, хар амиа бодсон хандлага газар авлаа. Хот газрын хүмүүсийн хувьд нүүдэлчдийн гений илрэл ч юм уу, бие даана гэсэн бодол нь давамгайлаад байдаг атлаа ахуй орчин нь харилцан хамааралтай болчихдог. Тэр хамаарлаа тооцож мэддэггүй. Хамааралтай атлаа хамааралгүй юм шиг нүүдэлчин маягаар сэтгээд байдаг. Монголчууд өлсөж үзээгүй. Нэг хятад хүн ярихдаа тэд нэг зүйл рүү харахдаа үүнийг идэж болох болов уу, идэхээр бол ямар хоол хийх, хоол хийсний дараа амт нь ямар байх бол гэж хардаг гэж хэлж байсан. Бид харсан юм болгоноо хоолоор төлөөлүүлж харах уу? Үгүй дээ. Өргөн цартай асуудалд санаа зовох, хүртээлгүй зүйлийг өөртөө ойртуулан бодох нь оросын соёлын нөлөө юу? нүүдэлчин сэтгэлгээний үлдэц үү? гэдгийг бодъё. Өлсөхгүйн тулд хөдөлмөрлөх, хөдөлмөрлөхийн тулд хамтрах, надаас тэр хүний амьдрал, түүнээс миний ахуй хамаарна гэдгийг мэдэх, суралцах нь зүй. Зовлон туулаагүй болохоор сургамжтай үйл явдал, ой санамж бага үлддэг бололтой. Сүүлийн жилүүдэд манайхан тэжээврийн байдал орж, бие даах чадвараа алдаж байна. Монголчууд хүч тарамдаад нэг л эвлэрч өгөхгүй л байна даа. Харилцан ойлголцох, харилцан итгэлцэх, хамтран ажиллах гэсэн энэ гурван зарчим манайд байхгүй. Манайхан бие, биеэ ойлгохгүй, хүний зовлонг ойлгохгүй болохоор эхний шалгууртаа л унадаг. Байдал иймэрхүү. Гарцыг би сайн мэдэхгүй юм.

Н.Болортуяа: Таны яриа сонирхолтой байлаа. Миний бодож, төсөөлж явдаг олон зүйл давхцаж байна. Хүүхдийг 12 нас хүрээд монгол хүн болсных нь дараа гадаад хэл үзүүлнэ гэдэг туйлын зөв. Би том хүүгээ 12 настай Америкт авчирсан, Охиноо америкийн иргэн ч гэсэн монголд сургуульд сургаж байгаа. Тэндээ монгол хэл сураад, монгол ахуйд хүмүүжээд монгол сэтгэхүйтэй болсных нь дараа Америкт авчирна гэж боддог. Тантай ижил бодогдож явдаг зүйл бол дэлхийд устаж үгүй болж байгаа хэл, соёл хайран санагддаг. Та еврейчүүдийн хэл нь устсан байсан ч шашин дээрээ тулгуурлаа хэлээ сэргээсэн гэж хэллээ. Би бас еврей хүмүүстэй ажилладаг, тэдний түүх, соёл, хүүхдээ хүмүүжүүлж байгаа байдал зэргийг сонирхож судалдаг. Би таны номыг уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцах боломж гарна гэж найдаж байна.

Ш.Баатар: Хүмүүс цаг зав багатай болохоор тодорхой асуудлыг судалсан хүмүүсээр яриулчихвал сонсогчид богино хугацаанд түлхүү мэдлэг олж авах болов уу? гэж бодоод 4 сарын 18-ны хүртэл хуваариа гаргалаа. Өнөөдөр 41 дэх хүн ярих гэж байна. Өдөр, өдөрт өөр эрдэмтэд ярина. Залуучуудаа дэмжиж, хамтарч ажиллаж ирсний буян нь ирж, залуучууд миний урилгыг хүлээн авч яриа, уулзалт хийж байгаад нь талархаж байна.

Э.Жагдагдорж: Баатар ах уйгагүй, амласан л бол түүнийгээ заавал хийдэг. Анх Ковид гарч ирж байхад өдөр бүр тэмдэглэл хөтөлнө гээд л 90 хоног Сан-Франциско хот, Калифорний мужаас өдөр болгон бичиж, бид “Манайхан” сайтад тавьж байсан. Баатар ахын бичвэр ямар ч үг, үсгийн алдаагүй. Өдөр болгон тэмдэглэл бичих нь асар их тэвчээр, уйгагүй ажиллагаа шаардах юм билээ. Одоо энэ Клабхауз бас өдөр бүрийн тууштай ажил, зүтгэл шаардана. Олонд танигдсан эрдэмт, мэргэд, ажлаа мэддэг хүн олох нь амаргүй. Энэ бүхнийг Баатар ахаас өөр хүн хийж чадахгүй л гэж бодож байна.

Ш.Баатар: Урд өмнө танил байсан хүмүүс (Жагдагдорж, Баасандорж, Борчулуун, Эрдэнэбат нарын нэрийг дурдав.) их тусална. Би 120 хүнтэй ярихад 40 хавьцаа нь зөвшөөрнө дөө. Үүнээс ч олон хүн байна, боломж, бололцоо нь тэр бүр таарахгүй юм. 60 хоног тасралтгүй ажиллуулаад цаашдаа давтамждаа өөрчлөлт оруулах бодол бий. Гэхдээ таслахгүй. Ер нь хэлэхэд, хүнд хүндэтгэлтэй хандаж сурах нь зөв. Бусдыг эрэмбэлэх, дугаарлах, хүний үгээр хаалт, хориг үүсгэх, хүний муу, муухайг харах, сайныг нь олж чадахгүй байх нь буруу. Хоёрын хооронд юманд бачуурах, гомдоллох буруу. Тэвчээр, боломж л чухал. Хүнийг өөрийнхөөрөө байлгахыг бүү зорь. Хүнийг алдаатай, оноотой нь харах хэрэгтэй. Монгол хүнд онгироо зан бий. Ямар сайндаа монгол хүний онгирох нь хятад хүний галзуурахаас долоон дор гэж байх вэ. Монгол хүний онгироо зан цагаан. Шидийг олоод нисэхийг шахав, шидэмсээр боолгоод үхэхийг шахав гээд гүзээний таавар байдаг даа. Монголчуудын хуучны үг айхтар, айхтар.

Т.Цэвэлмаа: Номтой нөхөрлөхийн ач тусыг тайлбарлаж хэлнэ үү.

П.Увш: Бид нартай санал бодлоо хуваалцсан доктор Баатарт баярлалаа. Энэ уулзалт өгөөжтэй, үлдэцтэй боллоо. Ийм уулзалтын дараагийн содон зочноор хэнийг урих саналтай байна вэ?

Ш.Баатар: Доктор М. Саруул-Эрдэнийг уриагүй бол дараагийн уулзалтын зочин байх боломжтой.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу