Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

БИД БАГШИЙН ДЭЭДИЙНХЭН

Монголд маань Монгол улсад боловсролын тогтолцоо бий болсны 100(!) жил, Монгол улсын Боловсролын их сургууль байгуулагдсаны 70 жилийн ой тэмдэглэх ажил, бүтээл өрнөж байгаа юм билээ. Тийм болохоор манай Хойт Америкийн Цахим өртөөний МАНАЙХАН баг Монгол улсын Боловсролын их сургууль төгсөөд Америкийн Нэгдсэн улсад ажиллаж, аж төрөн суугаа сургууль нэгтнүүдтэй цуврал яриа, хэлэлцүүлэг өрнүүлэн оюутан ахуй цаг, тэр цагийн сургуулийн, сургалтын сонин сайхнаас уншигчидтайгаа хуваалцахаар шийдсэн. Энэ удаа УБДС-ийн Физик математикийн факультетын Математик мэдээлэл зүйн ангийн1994 оны төгсөгч, Америкийн Колумбиа хотод оршин суугаа НАМНАНСҮРЭНГИЙН БААСАНДОРЖтой хүүрнэснээ толилуулъя.

Сайн байна уу, Бааскаа? Сайхан намаржиж байна уу? Бид Америк газар Хойт Америкийн Цахим өртөө гэх байгууллагын удирдах зөвлөлд хамт ажиллаж олон ажил, бүтээл, үйлс хийж, бүтээлцэж явснаас гадна хоёулаа Улсын багшийн дээд сургууль төгссөн гэхээр нэгэн эерүү сэтгэл төрдөг. Өөрийн чинь оюутан цагийн дурсамжаас яриагаа эхлэх үү. Хаана дунд сургууль төгсөж, яаж УБДС-ийн оюутан болов?

Та амар байна уу? Сайхан намаржиж байна уу? Би Төв аймгийн Эрдэнэ сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 10-р ангийг 1990 онд төгссөн. Төгсөхийн өмнө УБИС-ын хавар урьдчилаад болдог элсэлтийн шалгаруулалтаар Математик-мэдээлэл зүйн ангид шалгарч орсон.

Тэр үеийн сургалтын онцлог юу байв?

1990 онд намайг хотод орж ирсний дараа цаг төр эргэж, улс орны эдийн засаг хямарсан, хүнс бараа ховордсон, картын бараанд орчихсон, автобусны жолооч нарын ажил хаялт гээд л нэлээн хэцүү цаг үед оюутан болсон. Гэхдээ их сургуулийн сургалт хямраад, сүйд болсон зүйл бол гарч байгаагүй санагддаг. Багш нар маань бид нарыгаа сургах гээд цаг наргүй зүтгэсэн хэвээрээ л байж гэж бодож явдаг. Ер нь бол социалист нийгмийн зарчимч, өндөр ёс суртахуун, дэг жаяг хэвээрээ л байж.

Бас оюутан цагийн хөгтэй, сургамжтай дурсамж олон үлдсэн дээ?

Намрын ажилд явах, оюутны байранд, хичээлийн анги танхимд гээд ангийнхаа хүүхдүүдтэй хөгжилдөх гээд олон зүйл болж байсандаа. Тэр дотроос багшийнхаа компьютерыг вирусдүүлчихээд дэлгэцэн дээр гарч ирсэн бичгээс айгаад их сандарч явсан үе бий. Тэр нь “Your PC is now Stoned” гэсэн бичиг гараад таг гацаад зогсчихдог дээр нь багш маань чи миний компьютерыг чулуужуулчихлаа гээд загнахаар чинь нээрээ л тийм юм болчихлоо гээд ойлгочихсон. Тэгээд алхаар нүдэж тэр чулууг нь хагалах ухааны юм бодож явснаа бодохоор их инээд хүрдэг юм.

Багшийн дээд сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?

1994 онд аав маань Төв аймгийн засаг даргын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Нутагтаа ирж ажилла гэсэн хатуу үүрэг өгсөн учир ааваас юу гэж зөрөх вэ. Бид нар чинь тэгж л хүмүүжсэн улс шүү дээ. Тэгээд Төв аймгийн ЗДТГ-т компьютерын мэргэжилтэн болж байлаа.

Та төгссөн сургууль, Монголд ажиллаж байсан байгууллагатай хэр холбоотой байдаг вэ?

Одоо ч амар болж дээ. Цуг сурч байсан, хамт ажиллаж байсан найз нөхөдтэйгээ нүүр номын групп үүсгээд зураг, мэдээлэл солилцох, яриа, лекц хийхээс эхлээд байнга холбоотой явдаг.

Монгол улсын боловсролын их сургууль эндэхийн төгсөгчдийн хооронд хамтран ажиллах ямар боломж, бололцоо байна гэж та хардаг вэ?

Би мэдээлэл зүйн багшийн анги төгссөн болохоор энэ чиглэлийн сургалтын талаар бодож явдаг санаа оноогоо хэлье. Компьютерын сургалтыг онол заахаас гадна дадлагатай хослуулах нь үр дүнтэй болдог. Дадлагын ажлыг явуулахад онлайн лаборатори, онлайнаар болдог тэмцээн уралдаан гээд олон боломж бий. Тэр бүгдийг сайн ашиглах хэрэгтэй. Тухайлбал мэдээлэл зүйн багш нар алгоритмын чиглэлээр буюу компьютерын шинжлэх ухааны суурийг сайн хөгжүүлж өгөх боломжтой https://spoj.com/RGB7/, https://leetcode.com/-д тавигддаг бодлогуудыг бодож, ур чадвараа байнга хөгжүүлэх, шавь нартаа бас хэрхэн ашиглахыг заагаад өгчихвөл маш том ахиц гарна. Иймд энэ тал дээр хамтран ажиллах боломж их бий гэж харж байна.

Одоо МУБИС-ийн төгсөгч Н.Баасандоржийн Америкийн ажил, хөдөлмөрийн талаар ярилцъя. Та 2010 онд алсын Америкийг зорьсон. Энд ирээд монгол хүн бүрийн нэгэн адил "халбага, сэрээ боогчоос IBM хүртэл шантралгүй зүтгэсэн". Энэ талаараа дэлгэрүүлж ярина уу.

Би 2010 онд бусдын нэгэн адил энд ирээд мэргэжлээрээ сургуульд сурах төлөвлөгөөтэй ирсэн. Тэгээд ч Виржина мужийн Арлингтон хотын олон нийтийн коллеж болох “Northern Virginia Community College”-д мастерт орохын тулд хэлээ сайжруулах зорилгоор “English Second Language Academic” хэлний бэлтгэлд найман сар сурсан. Учир нь хүү Арлингтон хотын ахлах сургуульд сурч, гэр бүлийн хүн маань анагаахын оюутан болсон учраас гурвуулаа зэрэг сурах нь бидэнд хүндрэлтэй байв. Иймээс өрхийн тэргүүний хувьд сургуулиа орхиод, ажил хийсэн. Эхэндээ янз бүрийн л ажил хийсэн. Шууд IT компани, IBM-д ороогүй. Яг л Америкт ирсэн бусдын адил. Энд ирээд хамгийн эхэнд хийсэн ажил гэвэл ресторанд халбага сэрээ боох байв. Дараа нь жолооч, байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилтан болсон. Миний ажилладаг сүүлийн компанийн захирал намайг нэг л өдөр IT-гийн мэргэжилтэн болохыг мэдээд “Чи манай программ дээр байгаа нэг юмыг засаад өгөөч” гэж хүсэв. Тэгээд программыг нь цоо шинээр бичиж, кассаас эхлээд агуулахын бүртгэл хүртэлх бүх ажлыг нь программчилж өгснөөс гадна barcode уншигч, хэвлэгчээр баримт хэвлэдэг болгохоос эхлээд зарим технологийг нь хүртэл шинэчилсэн. Тэгсэн захирал маань шинэ бизнес эрхлэхээр болж намайг IT инженерээр авсан. Энэ хооронд ажилд орох ярилцлагын сургуулилт их хийсэн. Маш олон мэргэжлийн компанид хандаж уйгагүй, туршлага хуримтлуулан шалгаруулалтад орсон. Үүний үр дүнд IBM-д орсон түүхтэй.

Таны эндэхийн ажлын байрыг харахад ихэвчлэн IBM компани байдаг. “Бууж өгдөггүй чанар минь аймгийн захиргааны ажилтнаас IBM-ийн инженер болоход хөтөлсөн” гэж дурссан. Энд анх ажилд орсноо, хэрхэн ахиж, хөгжиж ажилласнаа хуваалцах уу.

Анх энэ компанид ажилладаг монгол залуу хэл дуулгаж, эхний шат нь хүний нөөцийн, дараа нь техникийн гурван түвшний ярилцлага өгч анх орч байлаа. Үүний хажуугаар Verizon, Sony зэрэг газруудаас ажлын санал хүлээж байсан цаг хугацаа бас таарсан байсан. Гэхдээ оюутан цагаасаа мөрөөдөж явсан компани маань байсан учир IBMийг сонгоод орсон. За, тэгээд энэ хугацаанд чанарын шинэ стандартыг тогтоохоос эхлээд 10 орчим шагнал, мэргэжлийн зэрэглэлээ 2 шат ахиулсан зэрэг амжилт гаргаж өнөөг хүртэл ажиллаж явна даа.

2017 онд байх. Манай Блүүмингтон хотод М.Саруул-Эрдэнийн зохион байгуулдаг америкийн монгол хүүхдийн зуны зуслан-сургалтад манай Хойт Америкийн Цахим өртөөний судлаачдын багаас Жагдаг, Борчулуун та хэд STEAM сургалт зохион байгуулж, хүүхдүүдэд роботын хэрэглээ, хиймэл оюун ухааны талаар биет хичээл зааж, сонирхол татаж байсан. Та нэгэн ярилцлагадаа "Хиймэл оюун ухааныг шууд утгаар нь бүтээх боломжгүй" гэсэн. Яриагаа үргэлжлүүлэх үү?

Харин тиймээ тэр их гоё ажил болсон шүү. Хамгийн хөгжилтэй нь анх удаа хийсэн болохоор жаахан сандраад Жагтай ярьсан яриагаа мартаад өөр аргаар заагаад явчихсан асуудал гарсан явдал болсон шүү. Гэхдээ үр дүнтэй болж, хүүхдүүдэд жаахан ч гэсэн юм ойлгуулж чадсан гэж боддог. Хиймэл оюун ухааны талаарх байр суурь хэвээрээ байгаа. Хүний тархины болон таван мэдрэхүйтэй өрсөлдөх өөрөө сэтгэдэг үйл ажиллагаатай программыг хийх боломжгүй. Харин робот бол өөр хэрэг шүүдээ. Нэгэн хэвийн зааварчилгаа, дарааллын дагуу хүнээс өндөр бүтээмжтэй, алдаа байхгүй ажиллах программыг хийх боломж бол харин их бий. Энийг л улсууд андуураад байх шиг санагддаг.

Би таны хамгийн том мөрөөдөл бол хувийн сургуулиа байгуулаад хичээл заах, Америкаар зогсохгүй дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн компаниудад олон залуусыг ажиллахад нь гүүр болж, Монгол орныгоо хөгжүүлэхэд туслах явдал гэж байсан. Бас Монголдоо очоод морио унаад, сайхан айргаа уугаад таваараа ээж, аавынхаа дэргэд байх сан. Гэвч надад монгол залуустаа үлгэр болж эх орныхоо нэрийг мандуулах, энхийн элч нь болж явахаас өөр сонголт алга гэж сүүрс алдаж байсан. Эдгээр зорилтууд биелж байна уу?

Энд IT-ийн салбарт амжилттай ажиллаж буй монгол залуучуудтайгаа хамтраад “Mongolian IT Professionals in USA (MITPU)” 300 гаруй гишүүнтэй групп байгуулсан. Гол зорилго нь өөрийнхөө туршлагыг залуучууддаа хуваалцахыг хүссэн юм. Сонирхуулахад, энд “Apprenticeship” гэх хөтөлбөрөөр мэргэжлийн бус хүмүүсийг ажилд авч, нэг жил сургасны эцэст шалгаруулалт хийж, IT-ын ажилд авч эхэлсэн. Манай MITPU https://mitpu.org групын залуучууд харин маш их үр дүнтэй олон ажил хийгээд яваа. Жишээлбэл ажилд хэрхэн бүртгүүлэхээс эхлээд, ярилцлагад хэрхэн орох, хэрхэн амжилттай ажиллах хүртэл маш олон сэдвийг хөндсөн цуврал подкаст https://soundcloud.com/humans-mitpu бэлтгэн хүргэсэн. Эдгээр ажлуудын үр дүнд олон залуучууд эндэхийн компаниудад орж амжилттай яваа. Мөн маш олон монгол залуучууд том зах зээл дээр хэрхэн ажиллах талаар туршлага сууж байгаа. Үүний үр дүнд ч улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах олон стартап компаниуд бий болж байх шиг байна. Эд нарын дундаас дэлхийд данстай олон компани бий болно гэдэгт итгэж явдаг. Хөдөө өссөн хүүхэд болохоор Монголдоо очоод тааваараа нэг сайхан явахыг маш их хүсдэг, гэхдээ дэлхийд үнэлэгдсэн шилдэг компанид шалгарч ороод энэ олон жил амжилттай ажиллаад, олон шагнал, урамшуулал аваад, үнэ цэнтэй мэргэжилтэн болоод явах бас тийм амар биш гэдгийг ойлгосон. Сайнаар ч муугаар ч МИНИЙ нэр гарахаас илүү МОНГОЛЫН нэр л гардаг юм шүү дээ. Үүний хажуугаар энд ажилладаг хүн бүр л Монгол улсаа, өөрсдийн хоол унд, хувцас, дуу хуур гээд олон соёлыг бас сурталчилж яваа. Тийм ч утгаараа мэргэжлийн чиглэлээр ажиллаж амжилттай яваа монголчууд олон болох тусмаа дэлхий нийтэд Монголыг ойлгуулах, дэмждэг, итгэлцэл үзүүлдэг, хийсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг болох тал дээр илүү хурдан ахиц гарах болов уу.

Дараагийн том зорилтоо хэлнэ үү?

Мэргэжлийн чиглэлээрээ архитекторын түвшинд хүрэх зорилт тавьсан. Яагаад гэвэл тодорхой хэмжээний ачаалал даах бүтээгдэхүүнийг зохиож сурах, гаргах нь маш их чухал болоод байна.

Та нарын олонтоо явуулсан STEAM сургалтаас үүдэж асуухад монгол хүүхдүүдийн IT мэдлэг боловсрол олгох, хойч үеэ бэлтгэх талаар АНУ-д ажиллаж байгаа IT мэргэжилтнүүд ямар ажил төлөвлөж, хийж байгаа вэ?

Яаг одоогоор цаг үеийн байдлаас болоод STEM чиглэлээр тодорхой ажил төлөвлөөгүй зогссон байдалтай байгаа. Ер нь том хотод монгол хүүхдүүдтэй ойр байж сургалт хийвэл онлайнаар хийснээс илүү үр дүн гарна гэж бодох болсон. Цаашдаа мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил сонгон ажиллах дунд сургуулийн хүүхдүүдийг MITPU групд байгаа залуучуудтайгаа холбож ментор олж өгөх бодол бий. Ингэж холбох нь бас нэлээн үр дүнтэй арга ч байх болов уу. Яагаад гэвэл нэг хүний цаг хугацаа, зав зай бас бүх хүнд хүрэхгүй хэцүү. Иймд багаараа олуулаа хийвэл илүү амар байх юм. Дээр нь хүүхэд залуучууддаа хэлэхэд хүн өөрөө хүсээд, өөрөө хичээгээд хайгаад үзвэл чиглэл, чиглэлээр гарсан сайн багш менторуудын хичээл, ном их болсон байна. Тэгэхээр хэн нэгнийг аманд хоол халбагадаж өгөхийг хүлээх хэрэггүй шүү дээ.

Яриа хөгжөөсөн УБДС-ийн 1977 оны төгсөгч, профессор Пүрэвийн Увш
Колумбиа, Миссури - Блүүмингтон, Индиана, 2021 он

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу