Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Австрали тивийг нээхээс өмнө хүмүүс хун шувуу цагаан өнгөтэй л гэж боддог байжээ. Харин шинэ тивд очоод харсан ганцхан хар хун тэр бодлыг өөрчилсөн түүхтэй. Энэ нь шувууны өнгө судалдаг эрдэмтдийн хувьд тэдний хэдэн арван жилийн турш хийсэн ажиглалт судалгааны үр дүн, дүгнэлтийг няцаасан хэрэг. Хамгийн гол нь хар хунгийн түүх хүн төрөлхтний цуглуулж хуримтлуулсан мэдлэг бүрэн бүтэн бус, өрөөсгөл, хэврэг гэдгийг харуулж байгаа нь чухал хэсэг нь аж.

Нассим Николас Талеб “Хар хун” хэмээх номондоо энэ талаар бичжээ. Тэрбээр дараах гурван чанарыг агуулсан үйл явдлыг “хар хун” хэмээн тодорхойлсон байна. Үүнд:

  • Өмнө нь огт болж байгаагүй, санаанд оромгүй, төсөөлөмгүй
  • Үр дагавар нь үгээр илэрхийлэхийн аргагүй өргөн хүрээг хамарсан
  • Санаанд оромгүй тэр үйл явдлыг болоод өнгөрсөн хойно нь л учрыг нь олж, цааш нь таамаглахад хүрдэг.

Хөл хорио тогтоох шийдвэр танилцуулсан захиандаа их сургуулийн ерөнхийлөгч дэлхий дахиныг сүйрүүлж буй титэмт цар тахлыг “хар хун”-тай зүйрлэсэн нь анхаарал татсан. Докторын хөтөлбөрт сурч байхад судалгааны арга зүйн нэгэн хичээл дээр “Хар хун” номын тухай ярилцаж байсан санаанд орлоо. Жон Бадд гэдэг мундаг багшийнхаа уншсан номыг гүйцэх гэж оюутан бид бардаггүй, ихэнх ярьж буй зүйлийг нь гүйцэд ойлгохгүй өнгөрдөг байж. Тэр л гольдролоор даалгавартаа дарагдаад номыг тухтай уншиж амжаагүй. Харин одоо болж буй явдал тэр номын хуудсыг эргэж сөхөхөд хүргэлээ. Талеб "хар хун"-гийн зүйрлэлээр дэлхий ертөнцөд болсон маш олон үйл явдлыг олон талаас тайлбарласан нь ихийг бодогдуулна. Америкт болсон есдүгээр сарын 11-ий үйл явдлаас эхлээд 2004 онд Энэтхэгийн далайд болсон цунами бүгд “хар хун” гэжээ.

Яг одоо болж буй цар тахлын халдвар, түүний уршиг, үр дагаврыг урьдчилан таамаглаж, бэлтгэлтэй байж болох байсан уу, үгүй юү? Таамаглал, судалгаа хэр байсан бэ? Энэ талаар олон хүн сонирхож, Гүүглээс “Хар хун ба корона” үгсээр хэдэн сая хайлт хийжээ.

Өдөр ирэх тутам олон хүний амь насанд хүрч, огт дарагдахгүй байгаа аюулт цар тахал үнэхээр урьдчилан таамагламгүй гэнэтийн үйл явдал байв уу гэвэл үгүй юм. Иймэрхүү айхтар өвчин хүн төрөлхтний өмнө тулгарах гэж байна гэдгийг Билл Гэйтсээс эхлээд олон хүмүүс, судлаачид сануулсаар байсныг огт тоогоогүйн гор гарч байна. Тиймээс одоо болж буй үйл явдлыг “саарал хирс”-тэй зүйрлэх нь бодит байдалд илүү ойр байж болох. Мишээл Уэскэр 2016 онд бичсэн “Саарал хирс” хэмээх номондоо "тохиох магадлал тун өндөр, олон дахин сануулга дохио өгсний эцэст болдог" гэнэтийн үйл явдлуудын тухай бичжээ. Тэрбээр АНУ-д 2008 онд болсон байрны үнийн уналт, Катрина хар салхи болон бусад байгалийн олон гамшгийг энэ ойлголтоор тайлбарласан байна.

Титэмт вирус хар хун уу? Саарал хирс үү? Та бүхэн юу гэж бодож байна?

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу