Шинжлэх Ухаан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өчигдөр SpaceX компаний бүтээсэн Falcon 9 пуужин сансарт нислээ. Ийнхүү Америкийн газар нутгаас 9 жилийн дараа анх удаа хувийн компани NASA-тай хамтарсан нислэг үйлдсэн нь цар тахал, арьс өнгөний үзлээс болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотой үймээнийг түр зуур мартагнуулж, дэлхий даяар олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо. NASA-ийн шаттл хөтөлбөр зогссоны улмаас Америк сансрын нисэгч бүрийн суудалд Орост 90 сая доллар төлж нисгэж байсан юм байна.

Хоёр өдрийн өмнө цаг агаарын байдлаас болоод пуужин хөөрч чадаагүй билээ. Тэр өдрийн маргааш нь машинаар хол зам туулан давхихдаа охиныхоо санал болгосон "Сансрын хүн" хэмээх онц сонирхолтой номыг сонсож, сансарт нисэх үйл ажиллагаа өчнөөн олон хүний хүч чармайлт, асар их хөрөнгө мөнгөөр бүтдэг болохыг улам ихээр мэдэрлээ.

Номын зохиогч Майк Массимино долоон настайдаа Аполло 11 хөлөг саран дээр буухыг хараад сансрын нисэгч болохыг хүсчээ. Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд олон бэрхшээл саадыг даван уйгагүй хөдөлмөрлөсөн нь хүүхэд багачуудад үлгэр дуурайлал болмоор түүх байна. Колумбын их сургуульд аж үйлдвэрийн инженерчлэлийн мэргэжлээр бакалаврын зэрэг авсныхаа дараа тэрбээр IBM компанид ажиллажээ. Сансрын нисэгч байхын тулд цааш сурах нь чухал гэдгийг ойлгосны үндсэн дээр Массачусэтсийн Технологийн их сургуульд механик инженер болон технологи, бодлогын асуудлын чиглэлээр магистрын хоёр зэрэг хүртээд ч сурах үйл явцаа зогсоосонгүй. Сансрын нисэгч болохын тулд докторын зэрэг авах хэрэгтэй гэдгийг ойлгож сургуульдаа үргэлжлүүлэн сурчээ. Америкт докторын зэрэг хамгаалах бүх оюутнуудын өгдөг хүнд шалгалтад байдаг чадлаараа бэлдсэн боловч эхний удаа бүдэрсэн хэсэг нь сонирхолтой санагдав. Зорилгодоо хүрэхийн тулд шалгалтад бэлдэх аргаа өөрчлөн уйгагүй чармайсны эцэст даван гарч байна. Дараа нь сансрын нисэгчдийн ангид элсэхийн тулд олон жил бэлдэнэ. Гэвч нүдний хараанаасаа болоод хасагдахаар нь ингээд зорилгодоо хүрэх нь өнгөрлөө дөө гэж бодтол байдал шал өөрөөр эргэнэ. Нүдний эмч нараар хараандаа засал хийлгэж, нүдээ амраах дасгал хийсний хүчээр түүний сансрын нисэгч болох хүсэл биелж буй мөч гайхалтай түүх. Жингүйдлийн орчинд, задгай сансарт 100 гаруй эрэг шурагтай ганц тагийг хэрхэн нээж, зайг нь солиход бэлдэж буй нь хамгийн сонирхолтой хэсгийн нэг байв. Том зорилготой байж, түүндээ хүрэхийн тулд болохоосоо болохгүйг нь хүртэл зүтгэхийн чухлыг зохиолч өөрийн түүхээр харуулжээ.

Массимино хоёр удаа (2002, 2009) нисч, задгай сансарт Хаббл телескопыг засах ажилд оролцжээ. Робот гараар сансрын хөлгийн үйл ажиллагааг удирдах чиглэлээр судалгааны ажлаа практикт нэвтрүүлсэн хэсэг бас тун сонирхолтой. Өнөөдөр сансарт ниссэн нэг нисэгчийн эхнэр болох Меган түүнтэй хамт 2009 онд Хаббл дуранг засах ажилд оролцсон юм байна. Энэ номыг монгол хэлээр орчуулбал хүүхэд залуучуудад тун ч өгөөжтэй санагдлаа. Эцэг эхчүүд энэ номыг өсвөр насны хүүхдүүддээ уншуулж ярилцвал сонирхолтой. Хүүхдэд зориулсан хялбаршуулсан хувилбар бас хэвлэгдсэн юм байна.