Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Одоогоос жил гаруйн өмнө Орегоны эрэгт байдаг Яахатс нэртэй жижиг cуурины ойролцоо соло аялал хийж явахдаа нэг муу хуучин ном хаанаас ч юм олоод зорилгоо умартан өдөр шөнөгүй шимтэн уншиж билээ.

Тэр ном бол Лаури Гарретийн 1994 онд хэвлэгдсэн “The Coming Plague: Newly Emerging Diseases in a World Out of Balance” буюу махчилж орчуулбал “Ирж Буй Тахал: Тэнцвэр Алдагдсан Дэлхийд Гарах Шинэ Өвчнүүд” гарчигтай. Тухайн бүтээлд эрүүл мэндийн шинжлэх ухаанаар дагнан мэргэшсэн Пулицерийн шагналт сэтгүүлч Лаури Гаррет дэлхий даяар сүүлийн 50 жилийн хугацаанд гарсан халдварт өвчнүүдийн тухай маш сонирхолтойгоор сурвалжилсан байдаг. Номонд ДОХ, хумхаа, хантавирус, холер, хэдхэн цагийн дотор хүний амь нас авч одох токсик шок синдром гээд олон төрлийн халдварт өвчний тухай ярина.

Судалгааны явцад Лаури Гаррет вирус судлаач, молекулын биологич, өвчний экологич гэх мэт олон орны анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтнүүдтэй уулзаж, Зайрын (Congo) ширэнгэн ойгоос авхуулаад Сахарын цөл, Баруун Европ, Төв Америк, Боливийн саванна хүртэлх газруудаар дэгдсэн цар тахлуудын эсрэг тэдний хийсэн баатарлаг тэмцэл, ялалт, ялагдлыг нүдээр үзэж, биеэр туулсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн байдаг. Түүнчлэн шашны моралист улс төр, анагаах ухаан хоёр зам нийлэх цагт ард түмэн хэчнээн их хохирол амсдагийг Америкт 80-аад онд гарсан ДОХ өвчнөөр жишээлэн үзүүлсэн байж билээ.

Номын төгсгөлд аливаа шинэ өвчин бол амьд байгалийн зохицлын эсрэг хүний хийсэн үйлдлийн хариу гэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлаад сэргийлэх аргуудыг жагсаасан байна.

Тухайн үед жилийн дараа дэлхий даяар шинэ цар тахал гарна гэхэд итгэх үү гэвэл итгэнэ гэж хариулах байсан харин энэ номыг Америкчууд дахин шимтэн уншина гэж төсөөлсөнгүй. Учир нь 1994 оны энэ ном Amazon дээр өндөр эрэлттэй байна. Уржигдар мөн New York Times зохиолч Лаури Гарреттэй уулзаж Ковид-19-н талаар ярилцлага хийсэн байна.

 

Ц.Очмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу