Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүүлийн хэд хоног Америкт цар тахлаас илүү дуулиан тарьж, үй олныг бужигнуулсан хөдөлгөөн өрнөж байна. Цар тахлаас болоод Хьюстон хотод рестораны ажлаа алдсан 46 настай Жорж Флойд хэмээх өнгөт арьст залуу Миннеаполис хотод нүүж очжээ. Тавдугаар сарын 25-д дэлгүүрээс 20 долларын хуурамч дэвсгэртээр тамхи аваад машиндаа найзын хамт сууж байхад нь худалдагч тамхиа буцааж өг гэсэн шаардлагыг нь биелүүлсэнгүй. Хэдхэн минутын дараа цагдаа нар иржээ. Флойдыг цагдаа нар хэрхэн чангалж, машинаас гарган хүзүүн дээр нь 8 мин 47 секундын турш өвдөглөсөөр аминд нь хүрснийг хэд хэдэн хүн утасны камераараа хийсэн бичлэг сошиал медиа, хэвлэл мэдээллийн байгууллагын сувгаар дамжин тарсан нь зөвхөн АНУ-аар зогсохгүй дэлхий даяар сая сая хүний жигшил зэвүүцлийг төрүүллээ. Энд тэндгүй өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, цуглаан хөдөлгөөнийг зогсоохын тулд ерөнхийлөгч Трампын авч буй арга хэмжээ дайран дээр давс нэмнэ гэгчээр асуудлыг улам хүндрүүлж байна.

Эрх чөлөөний орон гэгдэх Америкт арьс өнгө, гарал үүслээс үүдэлтэй ялгаварлал ямар гүнзгий хямралд хүрснийг энэ үйл явдал харуулж байна. Хар арьст америкчуудыг хэрэг төвөгт байнга орооцолддог, хар тамхи мансууруулах бодис хэрэглэж, дандаа болохгүй бүтэхгүй зүйл хийдэг гэсэн нийгмийн хэвшсэн ойлголт бүрэлдсэн нь олон зүйлээс харагддаг. Чухам тийм шалтгааны улмаас цагдаа нар хар арьстнуудыг буудах, гэмтээх, шоронд суулгах, улмаар амь насыг нь хөнөөх нь шийтгэлээс ангид, нүдэнд үл үзэгдэх асуудал болжээ. Харин энэ удаа камерт үлдсэн бичлэгүүд баримт нотолгоо болсноороо ноцтой асуудлыг олны анхаарлын төвд хүргэлээ. “Black Lives Matter” буюу “Харуудын амь ч үнэтэй” гэсэн хөдөлгөөн энд тэндгүй явагдаж байна.

Хэдэн зуун жилийн өмнө Африкаас боолчлолоор ирсэн хар арьст Америкчуудын хувь заяа үнэхээр өрөвдөлтэй байсныг, тэгш эрхийнхээ төлөө хэрхэн тэмцсэнийг олон киноноос үзэж, зах зухаас нь ойлгосон. Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн кинонуудыг эргэн санавал “The Great Debaters”, “Freedom Writers”, “Hidden Figures”, “The Help”, “Greenbook”, “Self Made”, хамгийн сүүлд үзсэн “Marshall” орно. Гэхдээ өчигдөр орой Нэтфликс дээр үзсэн “13 дугаар” хэмээх баримтат кино хүчтэй сэтгэгдэл төрүүлж, хар арьстнуудын өнөөгийн байдлыг үндэс сууриар нь ойлгох хэрэгтэйг мэдрүүллээ. АНУ-ын үндсэн хуульд 1865 онд оруулсан “Боолчлол болон албадан хөдөлмөр эрхлэлт нь гэмт хэрэгт зохих ёсоор ноогдуулсан ялаас бусад тохиолдолд Нэгдсэн Улс болон түүний хууль зүйд хамаарагдах өөр бусад газарт байх ёсгүй” гэсэн 13 дугаар нэмэлт өөрчлөлтийн хуулийн цоорхойноос болж, хар арьст Америкчуудын хувь заяа өнөө үед ч ямар хүнд хэцүү нөхцөлд байгаа тухай энэ кинонд маш сонирхолтой байдлаар үзүүлжээ. Боолчлолыг халсан ч хар арьст Америкчуудыг шоронд суулгаж, эрх чөлөөг нь хориод, хөлс хүчийг нь шулж байгаа системийн тухай энэ кино олон тодорхой жишээ баримт дэлгэнэ.

Африк Америк гаралтай эрэгтэйчүүдийн хувьд дөрвөн хүн тутмын нэг нь амьдралдаа нэг буюу түүнээс олон удаа шоронд суудаг гэсэн статистик мэдээллээр кино эхэлнэ. Иргэний дайны дараа хамаг боолоо алдсан АНУ-ын өмнөд нутгийнхан хар арьстнуудыг шоронд суулгах замаар эргээд хөлс хүчийг нь сорох арга хайж эхэлжээ. Энэ арга өнөө үеийг хүртэл Африк гаралтай Америкчуудыг ямар хэрэгт буруутгаж шоронд суулгах вэ хэмээн илүү нарийсч ирсэн байна. Жим Кроу, Никсоны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажиллагаа, Роналд Рейганы хар тамхитай хийсэн дайн, Билл Клинтоны хар тамхитай холбоотой хэргээр шоронд хийх хууль энэ үйл ажиллагаанд багтана.

Америкт өнөөдөр хэдэн мянган хувийн шорон ажиллаж байна. Энэ утгаараа шорон гэдэг өөрөө том бизнес болсон. Тэр шоронд суудаг гол хүмүүс нь өнөөх л хар арьстнууд. Америкт ирсэн хүмүүс дэлгүүр хэсэхдээ “Жинхэнэ АНУ-д үйлдвэрлэв” гэсэн шошготой бэлэг авна гэж хайдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэр барааг Америкийн шоронгийн хоригдлуудаар хийлгэдэг аж. Викториа Секрет дэгжин хувцаснуудаа, Жэй Си Пэнни болон бусад олон компаниуд бараагаа шоронд хоригдогчдоор маш хямд үнээр хийлгэдэг байжээ.

Хар арьст Америкчууд муу нэртэй, луу данстай болсны нэг том шалтгаан нь Америкийн хуулинд байгаа нь үнэхээр харамсалтай санагдлаа. Цагаан Америкчуудыг өршөөгөөд тоохгүй өнгөрөөдөг өчүүхэн жижиг хэргээс болоод л тэд шоронгийн хаалга татах нь олонтаа. Тэдэнд барьцаа төлөөд гарах, эсвэл хуульч авах мөнгө байхгүй. Шоронд ороод гарсан ч гэсэн тэр хүмүүс ажилд орох боломжгүй. Сонгуульд саналаа өгөх ч эрхгүй. Тийм болохоор өөрсдийнхөө эсрэг ажиллаж буй хуулийг өөрчлөх ямар ч нөхцөл үгүй аж. Ийм шударга бус байдлын тод томруун жишээ нь Жорж Флойдын эмгэнэлт үхэл байлаа. Өнөөдөр түүний оршуулга дээр Ал Шарптоны хэлсэн үг “13 дугаар” киноны үргэлжлэл мэт санагдав.

“Жорж Флойдын түүх хар арьст хүмүүсийн түүх байлаа. Аль тэртээ 401 жилийн өмнөөс бид юу хүссэнээ хийж, мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаагийн учир нь та нар бидний хүзүүн дээр өвдөглөсөөр байна. Бид та бүхний өгсөн санхүүжилт тааруу сургуулиас илүү ухаалаг. Гэвч та нар бидний хүзүүн дээр өвдөглөсөөр байна. Бид корпораци ажиллуулж чадна. Гэвч та нар бидний хүзүүн дээр өвдөглөсөөр байна. Бид бүтээлч сэтгэлгээтэй. Бусдын хийж буй бүхнийг бид хийж чадна. Гэвч та нар бидний хүзүүн дээр өвдөглөсөөр байна” гэж Шарптон хэллээ.