Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрсөн 2 сард Вашингтон Ди Си-д Монгол судлалын бага хурлын үеэр олон судлаач, мэргэдтэй “нүүр хагарч”, номын зам мөрийн гэгээ, бартаа, гэрэл, хонгил гээд ярилцах, санал солилцох, мэтгэлцэх, шүүх мөч цөөнгүй байлаа. Тэдэн дотроос эндэхийн, тэндэхийн хоёр эрхэм нүдэнд гоц туссан. Эндэхийн буурлын талаар М. Саруул-Эрдэнээс лавлаад нэг бичил тэмдэглэл тэрлэж нийтэд хүргэсэн билээ. Тэндэхийн гэх шоволзуур цагаан залууг нүд өнцөгдөх болсны учир гэвэл алс баруун хязгаараас ирсэн, бас сонирхолтой байж болохоор илтгэлийн сэдэвтэй байсанд оршино. Нэр Халхын Эрхэмбаяр.

Илтгэлийн сэдэв: “20-р зууны Монголын нийгмийн хөгжилд дууны урлагийн нөлөөлж ирсэн түүхэн үүрэг”. Илтгэл олны сонирхол татаж, асуулт хариулт, мэтгэлцээн, содон санаа бодол дагууллаа. "Шивээ Хиагт" гэж дуу олны аманд хоногшин аялагдах болсныг 8 талаас нь шинжиж, тайлбарлаж, сонсогчдыг өөртөө татаж чадаж байгаа нь олны өмнө нүүр улайхгүй бодол, тэмүүллээ ойлгуулж чадаж байгааг илэрхийлнэ. Хурлын зав чөлөөнөөр уулзан ярилцаж явсаар энэ хүнийг “Манайхан” сайтаар дамжуулан нийтэд танилцуулах нь зүй гэж үзлээ. - Пүрэвийн Увш

Сайн байна уу, Эрхэм ээ? Сайхан хаваржиж байна уу? Америкт ирсэн зорилго, амжуулсан ажлаасаа хуучлаач?

Миний бие Улаанбаатар хотын Багшийн сургууль, УБДС-ийг дүүргээд Архангай, Ховд аймгуудад ажиллаж, амьдарч ирсэн эгэл сэхээтнүүдийн нэгэн бөгөөд Америк дахь Монгол соёлын төвөөс удирдан зохион байгуулсан монгол судлалын хуралд оролцох зорилгоор ирж, “20-р зууны Монголын хөгжилд нийтийн дууны гүйцэтгэж ирсэн түүхэн үүрэг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн маань амжилттай болсны дээр судлаач, эрдэмтэдтэй уулзан танилцаж, авах гээхийн ухаанаар их зүйлийг хөөрөлдөж, сонсож,үзэж, мэдэж авлаа.

1. Конгрессийн номын сантай танилцаж явахдаа дэлхийн шилдэг номын санг үзээд оюун сэтгэл бишрэхийн сацуу монгол хүний бүтээсэн номыг дэлхийн номын бүртгэлийн санд, орчин үеийн стандартын шаардлагад нийцүүлэн, үнэн зөвөөр тохируулан байршуулах нь хичнээн чухал болохыг олж харахын зэрэгцээ энэ ажлыг монголоо гэсэн чин сэтгэлээрээ гүйцэтгэж байгаа залуу эрдэмтэн М. Саруул-Эрдэнийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг хараад бахархах сэтгэл төрж байснаа нуух юун.

2. Смитсонианы Үндэсний байгалийн түүхийн музейн цогцолборт Монгол соёлын төв СУИС-иас хамтран монголын нүүдэлчин ахуй, аж төрөхүйн соёл, зан заншил, ардын урлагийн төрөл, хэв шинж, тэдгээрийн судалгаа, хөгжлийн түвшинг олон нийтэд тайлбарлан таниулж, дэлгэсэн нь Монгол маань дэлхий дахинд гайхуулах давтагдашгүй өвөрмөц шинж төрхтэй болохоо батлан харуулж байна даа! гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

3. Филаделфиа хотын Пеннсилваниагийн их сургууль дээр зохион байгуулсан “Цагаан сар”-ын баярт оролцож байхдаа монгол золголтын ариун ёс, дэг жаяг, идээ ундны амт чанар, онцлог байдлыг оролцогч олон хэлтний зүгээс үнэлэн сайшааж, хамтран дуулж, бүжиглэж байсныг нь хараад монголчууд бидний өвөг дээдэс дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх өвөрмөц зан заншил, дэг жаяг, хоол унд, дуу хуурыг хойч үе бидэндээ өвлүүлэн авч ирж дээ хэмээн бодож суув.

4. Бас нэгэн сонирхолтой аялал бол уран зураг дүрслэх урлагийн “Торпедо Фактори” урлангийн төвтэй танилцсан явдал байлаа. Монгол соёлын төвийн гишүүд зураач Дамбын Цолмон, гэргий Уянгаа нар намайг нэгэн өдөр Потомак голын эрэг дээр байрлах тэрхүү алдартай урлангийн газарт хүргэж аялуулав. “Торпедо Фактори” гэгч энэ цогцолбор урьд өмнө нь шумбагч онгоцны сөнөөгч сум зэргийг үйлдвэрлэдэг хар муу үйлийн газар байжээ. Харин одоо цагт сайныг сэтгэгч шилдэг урчуудын ур ухаанаа сорьж, содон бүтээлүүдээ туурвидаг, шигшмэл уран бүтээлийг шимтэн сонирхдог, наймаацдаг, зөв сэтгэлтний олон хөлийн газар, урлан, соёлын төв болон өөрчлөгджээ. Америкийн хэдэн зуун шилдэг уран бүтээлчдийн эгнээнд миний монголын залуу зураач шалгаран сууж, дэлхийн нүднээ монгол зургийн гайхамшиг, монгол зураачийн өвөрмөц сэтгэлгээ, ур чадвар, нөр их хөдөлмөрийг харуулан үнэлүүлж байгааг үзээд монголоороо л омогшиж билээ.

5. Цагаан сарын үе таарч, Вашингтон Ди Си-д суугаа өндөр настан эрдэмтэн багш Гоогийн Бадан, яруу найрагч СГЗ Чойсүрэнгийн Дагвадорж гуай, Ажиа Рэнбүчи гэгээнтэн нартай мэнд мэдэн золгох аз завшаан тохиосон ба сайн үйлст монголчуудын удирдаж явуулсан Ажиа Рэнбүчи гэгээнтэн тэргүүтэй Төвд, Монгол лам нарын зүгээс Ди Си орчмын монголчуудад төмөр хулгана жилийн засал хийж ном айлдах үйл ажиллагаанд монгол хүнийхээ сүсгээр оролцож, сэтгэлээ засаж авав.

 

Өөрийн чинь энд цар тахлын улмаас гацсан эгзгийг Саруул “Эрхэмээ ах боогдсон биш нээгдэв” гээд чиний Америкт байхдаа хийсэн ажлаас дурдаж байсан. Энд байхдаа хийсэн хүмүүнлэгийн болон гэгээрүүлэх ажлаасаа хуваалцана уу.

“Боогдсон биш нээгдэв” гэдэг чинь Саруул намайг: -Тэр болгон олон нийтийн сүлжээнд гараад байдаггүй нуугдмал, хийсэн бүтээснээ дараад байдаг хүн байна. Хэлэх үгтэй, хийсэн бүтээсэн юмтай хүн ингэж байж болохгүй гээд л хэлсэн үг шүү дээ! Хөл хорионд ороод хийх юмгүй зүгээр суултай биш, Ц. Наранцэцэг багштай ярилцан гадаадад төрж өсөж байгаа монгол хүүхдүүдэд дуугаар дамжуулан өв хэлийг нь зааж сургах боломжийг хамтран туршиж, анхныхаа дамжааг амжилттай хичээллүүлж дуусаад хоёр дахь удаагийнхаа дамжааг хичээллүүлээд төгсгөлийнхөө шат руу ороод явж байна. Монголчуудынхаа сүү, цагаан идээ боловсруулах уламжлалт аргыг зааварчлан үзүүлж хойч үеийнхэндээ хүргэх зорилгоор М, Саруул-Эрдэнийн судалгааны бүтээлийн санд хадгалуулж байгаа. Америкийн сэтгүүлч, аялал жуулчлалын гарын авлага туурвигч Руперт Исааксоны “Морьтой жаал”, Данийн нэрт аялагч Хеннинг Хаслунд- Кристенсений бүтээл “Явна аа!” нэртэй номуудыг уншиж Монголд учирсан адал явдлуудыг сонирхон эх орноороо туйлын ихээр бахархаж байна. Хеннинг Хаслундын тэмдэглэсэн 40 гаруй дуунаас 4 дууг Германы хөгжмийн зохиолч Гүнтэр Рафаэл сонгон авч бүтээл туурвилдаа ашигласан тухай судлаач М.Саруул-Эрдэнэтэй хамтран нийтлэл гаргахаар бэлдэж байна.

Хорионд байхдаа хийсэн нэг дориун ажил бол Арлингтон хотод боогдоод байгаа яруу найрагч, судлаач Чойсүрэнгийн Дагвадорж багштай хамтран зохиосон “Арын гурван дүмбэн” дуу. Энэ дуу бүтсэн түүхээсээ хуваалцана уу?

1. Яруу найрагч, хөгжмийн зохиолч хүмүүс бие биетэйгээ тааралдах болгондоо л чамаар, таниар сонин сайхан, сонсож дуулмаар шинэ содон бүтээл юу байна? гээд л нэг нэгнээ хоргоодог зантай улс юм хойно…

Цагаан сарын шинийн нэгэнд Саруул, Нараа хоёрын хамт Дагвадорж багшийн мэндийг мэдэхээр очиход маань мэндийн зөрөө өгөв үү, үгүй юу л ах хөгшин “За хамтарч дуу хийх үү?” гээд гэрийнхээ төгөлдөр хуур руу зааж байна шүү! Би ч мөчөөгөө өгсөнгүй тэгэх л гэж ирлээ гээд тавьчихлаа. Гараад явахдаа жаахан зовсхийж байснаа нуух юун. Удсан ч үгүй хоёулаа хөл хорионд орж хөөрхий бидэн хоёрын ганзага яалт ч үгүй нийлэх нь тэр дээ. Нэг өдөр шүлэгнээсээ сонсгохыг багшаас хүстэл чатаар хоёр шүлэг ирүүлсэн юм. “Өрхтийн гурван Дүмбэн” нь сэтгэлд буулаа. Тэгээд л хичээлдээ ашиглахаар дэлгүүрээс авсан хүүхдийн сургалтанд зориулсан даралтат хөгжим дээр аялгуугаа шүлгэндээ тохируулаад буруу харчихсан аялж суутал компьютер дээр хичээлээ бэлдэж суусан Нараа маань “Эрхэм ээ ах аа! Та ямар дуу аялаад байна аа? Нэг л сонсголонтой дотно” гэж асуухад нь “Шинэ дуу” гэв. Дууг маань манай хоёр сонирхон хэд, хэд сонсоод дагаад л дуулаад эхэлсэнд урам орон, Дагвадорж багшид сонсгоход, багш ч батлан, маргааш нь цахим сүлжээнд гарч сонсогч олноос талархал хүлээсэн дээ.

2. Ганц дуу хийсэнгүй ээ! Өвгөөдэй Дамдинсүрэн гуайн гэрээслэн үлдээсэн туулайн бөжинг нэрлэдэг гурван нэрийг /ногоолай, давиалай, хяруулай/ хүүхэд багачуудад хүргэж үлдээх зорилгоор М. Саруул-Эрдэнийн шүлгээр “Бөжинхөн” гэдэг хүүхдийн дуу хийсэн. Мөн хүмүүнлэгийн үйлсийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ-ын захиалгаар М. Саруул-Эрдэнэтэй хамтарч “Ид шидийн орон”, СУИС-ийн багш Д. Даваасүрэнгийн шүлгээр “Ээж минь та бурхан шүү дээ” гэх мэт хэд хэдэн дууны аялгуу хийж л сууна.

 

Нүүр номоос чинь харахад Саруулын охинд дээс тоглонгоо хэл сурахыг заах, гэргийг нь хөгжимд зүгшрүүлэх, Саруултай хамтарч дуу бүтээх гээд завгүй л харагдах юм. Өөр хамтарч хийсэн бүтээсэн ажил их байна уу?

Аливаа амьтан амьд явахын утга учир нь өөртөө зохицсон ямар нэгэн зүйл бүтээхэд оршдог юм шиг байгаа юм.

Хөл хорио бол зүгээр суу гэсэн үг биш вирус тараах өвчин дэгдээх явдлыг хязгаарла гэсэн үг болов уу?

Учир тиймээс бид зүгээр сууж эс чаднам. Монгол хүн бэлэн хоол идээд сууж байсан түүх үгүй. Идэх хоол, уух ундаа, өмсөх зүүхээ өөрсдөө боловсруулж ирсэн арвин туршлагатай. Ийм учраас хойч үедээ хэрэг болж магадгүй гээд өөрийн мэдэх хэмжээний сүү цагаан идээ боловсруулах, мал махаа төхөөрөх, арьс ширээ элдэж боловсруулах ойр зуурын ажил төрөл арга саам зэргийг үзүүлж л байна. Бас нэг зүйл нь Саруул-Эрдэнэ хэл шинжээч хүн учраас миний мянгад аялгыг их сонирхон, хэл зүйн хэлбэр, өвөрмөц сонин үг зэргийг тэмдэглэн авч байгаа. Өөрөөр хэлбэл хэл судлаач хүний нутгийн аялгууны эх сурвалж нь болж буй хэрэг.

Гэрээсээ алсад байхад ямархуу зүйл бодогдож байх юм. Санал бодлоо өөртэйгээ адилхан хорионд орсон хүмүүс, тэдний гэр бүлтэй хуваалцана уу?

Эх орон, нутаг ус, гэр бүлээ маш их санаж байна. Хүү маань эр цэргийн албанд мордлоо. Хэнзхэн охин минь ой хүрлээ, энхрийхэн хань Б. Оюунхүү минь “Алдарт эх” одонгоор шагнуулж байгаа. Амьдрал өөрөө баян болохоор …самсай шархирах мөч таарч л байна. Миний энхрий өөрөө уран бүтээлч хүн тул алсын алсаас бие биедээ дуу хийж, нисгээд л,

Б. Оюунхүү:

Туналзан урсдаг Буянт минь
Түмэн олныг ундаална даа
Түвшин сайхан хань минь
Тун чиг холд оо сууна л даа

Түүнийг нь сонсоод Эрхэмбаярын бичсэн хариу:

Эрчлэн урсдаг Буянтаа
Эргэн эргэн дурсана аа хөө
Энхрий л жаахан чамайгаа
Энэ л газраас санана даа хөө гээд л...

Хэнзхэн охин үрийнхээ нэг насных нь ойд зориулаад ээж нь шүлгээ ирүүлж, аав нь аяыг нь бүтээгээд “Амин зүрхний үр минь” нэртэй дуу хийсэн байгаа.

Гэр орноосоо хол хязгаарлагдмал орчинд байгаа хэдий ч өөртөө зөв хандаад, өрөөлтэйгээ зөв ойлголцоод явах нь л бэрхшээлийг даван туулах гол арга.

“Хүн зовлон даадаг, Нохой гуринга даадаг”, “Хүн өнчнөөр үхдэггүй, Нохой гурингаар үхдэггүй” гэж ардын үг.

Бүү санаа зовогтун!!
Сайхан өдөр ирнэ!!
Бууршгүй их буян дааж
Сааршгүй их сан хадгалж
Санаа амар
Сайхан мэндийн жаргалаар
Жаргаж явах болтугай!

Нэг л өдөр эх орон минь хилээ нээгээд, биднийгээ авах байх аа. Тэр болтол сэтгэл санаагаар унаж болохгүй, өөрөө өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй.

Ярилцлагынхаа төгсгөлд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Халхын Эрхэмбаярын зөвшөөрснөөр түүний уран бүтээлээс гурван дууг сонгон авч, та бүхний сонорыг мялааж байна.


1. Х.Эрхэмбаяр алтай нутаг, халуун ам бүлээсээ алсад түр суухдаа энэ л дууг амандаа аялан гэгэлзэн суудагаа хэлсэн. Яруу найрагч Р.Батмөнх шүлгийг бичиж, Х.Эрхэмбаяр маань хөгжмийг зохиож, өөрөө дуулж амилуулсан “Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” гэх дууг болгоон сонсоно уу.

2. Х. Эрхэмбаяр энд байхдаа Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Дагвадорж багштай хамтран “Арын гурван дүмбэн” дууг амилуулсан. Энэ бүтээлийн анхны сонсогчийн нэг нь Та боллоо.


3. М.Саруул -Эрдэнэ, Х.Эрхэмбаяр хоёр хүүхдийн “Бөжинхөн” дуу бүтээсний линк нь энэ байна. 

Хүний газар гэр бүлээсээ хол, хөл хорионд орсон ч хорио тавигдаж эх орондоо буцаж, халуун бүлтэйгээ учрах өдөр мөд ирэхийн ерөөлийг Эрхэмбаяр дүүдээ хүсэн ерөөе.

 

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу