Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ, Индианагийн Их Сургууль, Төв Евро Ази Судлалын Тэнхмийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунт. Малчны хотонд, малын захад хурга ишиг хариулж өссөн, дэггүй жаахан охин хожмоо дэлхийд алдартай их сургуульд багшлах хүртлээ юуг даван туулж, санаж сэдэж, мөрөөдөж, бүтээж ирсэн нь үлгэр мэт. Хичээнгүй хүний хүсэл хэзээ нэгэн цагт биеллээ олдгийн тод жишээ Л.Цэрэнчунт багштай ярилцахад зорилготой, зүтгэлтэй, утга учиртай, урлагтай амьдрах тухай бүхэл бүтэн хичээлд суусан мэт өгөөжтэй байлаа.

Сайхан хаваржиж байна уу та? Төрж өссөн нутаг, бага насныхаа тухай бидэнд ярьж өгөөч?

Сайхан хаваржиж байна. Би Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. Малчин айлд төрж өссөн. Дэрэн сумдаа бага боловсрол эзэмшиж, Дэлгэрцогт сумын дунд сургуульд 8-р анги төгссөн. Хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил хурдан морь унаж, сумынхаа наадамд уралдана. Хонь хурга хариулж, мал саан, ар гэртээ дэм болж зуны амралтаа өнгөрөөнө. Хичээл эхлэхээр сурагчдын байранд ирж хичээллэдэг байлаа. Үдэш бүр эжий аавынхаа ярьж сургадаг үлгэр домгийг ургуулан бодож, тэнгэрийн хаяа ширтэн юуг ч юм бодон мөрөөдөх дуртай хүүхэд байсан. Тэр үеийн малчид их мундаг байжээ. Монгол ардын үлгэр домог, дуу хуураа хүүхдэдээ сонсгож, оньсого таавар  хэлэлцэн, ардын аман зохиол, үлгэр туулиа өвлүүлэн үлдээх тал дээр их бодлоготой ханддаг байж гэж боддог шүү. 1976 онд Дундговь аймгийн төв Мандалговь хотод 10-р ангиа төгсөөд, Эрхүүгийн Багшийн Дээд Сургуульд суралцахаар нутаг орноо орхин явсан даа.

Сумын төвийн сурагчдын дотуур байранд эжий ааваасаа хол эрдэм номд шамдан суралцаж байсан тэр охин өнөөдөр Индианагийн Их Сургуулийн багш болтлоо хол замыг туулжээ. Индианагийн Их Сургуультай хэрхэн холбогдсон хийгээд яагаад хэлний багш болсон тухайгаа бидэнтэй хуваалцаач? 

Би санамсаргүй байдлаар хэлний хүн болсон. 10-р ангиа алтан медальтай төгссөн хүүхдүүд их сургуулийн хуваариас түрүүлж сонголт хийдэг байсан юм. ЗХУ-д суралцах дөрвөн хуваарь байсныг тод санаж байна. Өөрөө бол физик, математикт сонирхолтой, гэвч алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэж байтал, тэнд элсэтийн комисс ахалж явсан ХААДС-ийн Жамбал гэж настай багш энэ ангиуд дундаас орос хэлний анги Москвагийн Их Сургууль гэж хэлэхэд нь шууд л тэр ангийг авчихсан. Намар Боловсролын Яаман дээр очоод сургуульдаа бүртгүүлэх гэтэл Москва биш Эрхүүд орос хэлний багшийн ангид хуваарилагдсан болж таарсан. Явах ёстой зам минь болоод л ингэж таарсан юм байлгүй дээ гэж бодон сургуульдаа явсан даа. Эрхүүд дөрвөн жил суралцаж төгсөөд Намын Дээд Сургуульд багшаар ирж байлаа. Тэндээ 12 жил багшилсны дараа нэгэн гадаад хүний байгуулсан Монгол хэлний сургуульд багшилж, хожим нь Монгол хэл сургалтын “Гүүр” төв, коллежийн багш, захирлаар хэсэг ажилласан. Энэ хугацаанд Шарон Люти гэж шавьтайгаа хамтраад гадаад хүнд зориулсан “Сайн байна уу 1,2,3” гурван цуврал, монгол хэлний сурах бичиг бичиж, сургалтандаа ашиглаж байсан юм. Тэр шавь маань намайг урьж, 2001 онд анх Америкт хөл тавьж байлаа. Тэгэж явахдаа Индианагийн Их Сургуультай танилцах боломж таарч, өөрийн бичсэн сурах бичгээ бэлэглээд Монголдоо буцаж байсан юм. Тэгтэл 2004 оны хавар 3-р сард гэнэтхэн нэг өдөр Индианагийн Их Сургуулиас холбогдож,  “Монгол хэл заах багшийн ажил байна та сонирхох уу” гэж санал тавьсан. Ингэж л Индианагийн Их Сургуультай холбогдсон түүхтэй.

Дэлхийн хэмжээний том сургуулиудад багшаар үлдэхэд ямар шалгуур, босгыг давдаг юм бэ? Заах арга зүйн ямар шинэ арга барилыг ашиглаж байна вэ?

Нэг багшлаад эхэлсэн бол тэр чигээрээ багшилна гэж ойлгож болохгүй. Ер нь бол хамгийн удаандаа манай тэнхмийн гадаад хэлний багш нар гурван жил ажиллаад буцдаг дүрэмтэй байсан. Миний хувьд аз дайрсан  гэх үү, хэлний багш нараа байнгын болгох зарчим мөрдөж эхэлсэн үе таарсан. Мэдээж хэрэг шалгууртай, тийм амар байгаагүй. Оюутны санал асуулга, ажлын үнэлэлт дүгнэлт, олон талаас нь хэлэлцүүлсний эцэст байнгын багш болж үлдэнэ. Ингэж үлдлээ гээд бас санаа амарч болохгүй. Зургаан жил ажилласны дараа ахлах багш болох ёстой. Ахлах багш болох шалгуурыг хангаагүй бол цаашид энэ сургуульд ажиллах боломжгүй.

Сургуульдаа төдийгүй тухайн салбартаа танигдсан байх, хичээлийн хөтөлбөр, сургалтын материал боловсруулах, эрдмийн ажил, хурал цуглаанд илтгэл тавих, мэргэжлээ дээшлүүлэх сургалт семинарт суусан байх, хичээлээс гадуур ажил зохион байгуулах гээд ахлах багш болохын  тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Индианагийн Их Сургууль дэлхийн 70 шахам хэл заадаг, орчин үеийн сургалтын техник технологи, сургалтын материал боловсруулах нөөц бололцоо маш сайтай, орчин үеийн заах арга, техник технологийн тухай хурал семинар байнга зохион байгуулдаг газар. Багш нарт сургалтын материал хийх боловсруулахад туслах төвүүд байдаг. Миний хувьд хоёр ч төвтэй хамтраад монгол хэлний портал бий болгож, дунд шатны монгол хэлний оюутнуудад хэрэглэх унших, сонсох материалуудыг шинээр боловсруулсан.

Хэл заах аргын тухайд  манай тэнхмийн хэлний багш нар “Америкийн Гадаад Хэл Заах  Зөвлөл”-ийн (The American Council on the Teaching of Foreign languages (ACTFL)) орчин цагийн гадаад хэлийг заах арга зүйн зарчмыг баримталдаг. Би өөрөө бас энэ зөвлөлийн аман ярилцлага авах эрхийн гэрчилгээ олгох сургалтанд сууж,  монгол хэлний ярилцлага авах эрх (Full Certification of Mongolian Oral Proficiency Interview Tester)-ийн гэрчилгээг авсан. Хичээлийн хөтөлбөрийн хувьд backward design буюу оюутан сураад төгссөний дараа ямар хэлний чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ (Can Do Statements) гэдгийг сургалтын хөтөлбөртөө тусгаж, хэрэглэж байгаа материал, заах арга маань энэ сургалтын зорилго, зорилтоос урган гарч байх ёстой байдаг. Оюутны шалгалт шүүлэг ч энэ зарчмын дагуу явагдана. Сүүлийн үед зуны сургалтын оюутнуудаас сургалтаа дуусгасны дараа хэлний чадварыг тодорхойлох ярицлагыг (Oral Proficiency Interview) заасан багш нь биш, өөр энэ шалгалтыг авах эрхтэй хүн оюутан бүрээс утсаар ярилцлага авдаг болоод байгаа.

Цагаан сараар шавь нарын хамт

Индианагийн Их Сургууль  монгол судлалаар дэлхийд алдартай. Монгол судлал хэр зэрэг хөгжиж байна гэж та боддог вэ? Голдуу энэ чиглэлийн хүмүүс монгол хэлийг сонирхон судалдаг уу?

Тиймээ, монгол судлалаар сурч байгаа оюутнууд монгол хэлний хичээлийг зайлшгүй үзэх шаардлагатай байдаг. Бусад оюутнууд өөрийн дур сонирхлоор сонгон үздэг. Ерөнхийдөө судалгааны ажил нь  ямар нэгэн байдлаар Монголтой холбоотой хүмүүс монгол хэлийг дор хаяж хоёр жил суралцана. Манай тэнхим Төв Евро-Азийн бүс нутгийн судлалаар Америкт хамгийн нэр хүндтэй  тэнхим гэж хүлээн зөвшөөрөгддөг. Дөрвөн жилийн өмнөөс манай тэнхим бакалаврын оюутнуудыг бүс нутгийн судлалаар мэргэшүүлдэг болсон. Манай Төв Евро-Ази судлалын тэнхим 1963 оноос эхлэн монгол хэл зааж эхэлсэн арвин туршлагатай. Монгол хэлээс гадна төвөд, уйгар, эстони, фин, мажар зэрэг 13 орны хэл заадаг. Монгол хэл бол нэлээд сонирхон судалдаг хэлний нэг. Зарим анги оюутан бүртгүүлээгүй семестер өнжих тохиолдол байдаг бол монгол хэлний хичээл оюутангүй, завсарласан тохиолдол намайг энд байх хугацаанд лав гараагүй. 

Монгол судлалын хувьд сэргэлтийн үе тохиож байна гэж би хувьдаа боддог.

Сүүлийн үед Монголыг сонирхон судалдаг судлаач, эрдэмтдийн тоо нэмэгдэж, монгол судлалын чиглэлээр олон ном, бүтээл гарч байна. Үе үеийн судлаач, эрдэмтэн багш нарын ачаар Индианагийн Их Сургуулийн монгол судлал амь бөхтэй оршсоор ирсэн. Профессор Хангины Гомбожав, Жон Кругер, Джордь Кара, Кристофер Этвүүд зэрэг нэртэй эрдэмтэд энэ л сургуульд багшилж, монголч эрдэмтдийг бэлтгэж ирсэн уламжлалтай. Профессор Кара буюу Хар Дорж гэж нэрээрээ алдаршсан буурал багш маань одоо хэр нь монгол судлалын хичээлүүдээ заасаар байна. Эдгээр монгол судлаачдын ачаар Монголчууд зөвхөн эзлэн түрэмгийлэгчид биш дэлхийн соёл иргэншилд үнэтэй хувь нэмэр оруулсан оюунлаг ард түмэн төдийгүй, Монголчуудын олон зууны түүх, торгоны зам, нүүдлийн соёл, иргэншил эрдэмтдийн судалгаа бүтээлд тусгагдаж, судалгааны ажлууд хийгдсээр байна. 

Сайхан мэдээ байна. АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хувьд хүүхдүүддээ монгол хэл заах чухал хариуцлагыг үүрч явдаг. Гэвч монголоор ярьж чадахгүй шинэ үеийнхэн нэлээдгүй байна. Ээж аав нарт та ямар зөвлөгөө өгөх вэ? 

Харь оронд амьдарч байгаа хүмүүс үр хүүхдэдээ эх хэлээ өвлүүлнэ гэдэг маань “Identity”-тай холбоотой асуудал. “Identity” гэж юу гэсэн үг вэ? “Ижилсэл” гэж зарим эрдэмтэд тодорхойлдог. Бид нар юугаараа ижилсдэг юм? Монгол хүмүүсийг ижил болгож байгаа зүйл юу вэ гэхээр хамгийн түрүүнд бид хэлээрээ ижилсдэг. Бид нэг ижил хэлээр ярьдаг. Тэгэхээр монгол ижилслийг хадгалахыг хүсч байгаа бол бид хүүхдүүддээ монгол хэл заахаас өөр замгүй. Хаана төрсөн нь хамаагүй, монгол болж үлдэх үндэс бол тэр хүний хэл гэж би ойлгодог. Хүүхдийг монгол хэлтэй болгох хамгийн эхний алхам  бол төрсөн цагаас нь эхлээд монголоор ярих. Байгалийн жамаараа хүүхэд сонсож байгаа хэлээ өөрийн болгож авдаг. Би одоогийн байдлаар ганц зээтэй. Зээ хүү маань энд төрсөн. Төрсөн цагаас нь эхлээд бид гэр бүлээрээ зорилго тавьж, дан монголоор ярьж, монгол ном уншиж өгч байв. Одоо гурван настай, Монголоор хэлд орсон. Тавьсан зорилго биеллээ олсонд их баяртай байгаа. Цаашид ч үргэлжлүүлэн анхаарах ёстой. Гадаад орчинд өсч байгаа хүүхэд хар зөнгөөрөө монгол хэлтэй болно гэж байхгүй. Эцэг эх, эмээ өвөө бүгд хичээх хэрэгтэй.

Том болсон хүүхдэдээ монгол хэл заах гэж байгаа бол эхлээд бичиг үсэг тайлуулж, уншдаг болгоод авах хэрэгтэй. Ингэхдээ бага багаар, алхам алхмаар, нэг дор их даалгавар өгч залхааж огт болохгүй. Зөв бичгийн дүрэм заах бол хоёрдугаар асуудал. Тийм түвшинд очих гэж яарах хэрэггүй. Сайн уншуулж байхад аяндаа нүдлэгднэ. Одооны хүүхдүүд монгол үлгэрийг төдийлэн сайн ойлгохгүй байх. Өөрсдийнх нь мэддэг үлгэрийг монголоор уншуулж болно. Би ч мөн ялгаагүй оюутнууддаа үлгэрийн цаг гаргадаг. Алтан үст охин ба гурван баавгай, Улаан малгайт, Нугасны муухай дэгдээхэй зэрэг мэддэг үлгэрийг нь уншуулж, сонсгоод ирэхээр ойлгоц нь хурдан, нэг бүрчлэн үг өгүүлбэрийн утгийг барьж авч, их урамтай байдаг. Сонирхолтой байвал сурдаг, урамшдаг бас мартдаггүй. Дараа нь монгол үлгэр уншуулах мэдээж тустай. Учир нь тэнд монгол ахуй, соёл туссан байдаг.

Бага хүүгийнхээ төгсөлтөөр гэр бүлийн хамт

Та өөрөө нэгэн цагт гадаадад сурч байсан хүн орос, англи хэлийг яаж сурсан бэ?  

Хөдөөний 10 жил төгссөн хүүхэд шууд л Эрхүүд Багшийн Дээд Сургуульд оров доо. Уг нь бол эхний жил хэлний бэлтгэлд суух учиртай байсан. Миний хувьд бэлтгэл байхгүй шууд орсон. Эхэндээ юу ч мэдэхгүй үнэхээр хэцүү байсан шүү. Хамгийн эхний хичээл биеийн тамирын лекц байсан санана. Нэг ч өгүүлбэр бичиж авч чадаагүй. За энэ ер нь дийлэхгүй юм байна гээд хэдэн оюутнуудтай нийлээд хэлний бэлтгэлд шилжих гээд хөөцөлдөж үзлээ, бүтсэнгүй. Яах учраа олохгүй, эхний сар уйлж унжиж, гуних, гутрах, шантрах  юм юм л болсон доо. Нутаг буцья гэж хүртэл бодож үзсэн. Очоод хийх ажил байхгүй, мал дээр гарна. Ээж аав, ахан дүүс, найз нөхдийнхээ бахархал болоод явсан хүн чинь сурч чадахгүй, эргээд ирж гэнэ гээд нутаг усныхан ярина гэж бодохоос айх ичих зэрэгцээд ер нь хичээхээс өөр замгүй юм байна гэж өөртөө хатуу шийдэж билээ.

Шийдвэр гаргасан тэр өдрөөс эхлэн ойлгохгүй ч гэсэн бүх хичээл дээрээ хамгийн урд очоод суучихна. Нэг ч хичээл таслахгүй. Чадлаараа сонсоно. Тэгсэн ч юу ч ойлгохгүй. Манай ангийн Света гэж их сайн хүүхэд байсан. Надад их тус хүргэсэн дээ. Тухайн өдрийн лекцний гол утгыг надад хэдхэн өгүүлбэрт бичиж өгдөг байлаа. Тэр хэдхэн өгүүлбэрийг ойлгох гэж нэг бүрчлэн толь бичгээс орчуулна. Бүх үгээ мэдээд байгаа хэр нь өгүүлбэрийн утгыг сайн ойлгохгүй. Тэгээд орхичихно, эргээд хоёр долоо хоногийн дараа харахад ойлгож эхлэх жишээтэй. Хэл сурах процесс гэж тийм сонин. Ингэж л ойр зуурыг гадарлахтайгаа болж эхэлсэн. Хүнд урам их хэрэг болдог юм билээ. Багш нар намайг ямар түвшинд байсан, яаж тэмцэж хичээж байгааг мэдээж хэрэг харж л байгаа, хөөрхий чадах чинээгээрээ хичээж байгааг үнэлсэн үү ямар ч байсан тэр улиралд хэд хэдэн хичээл дээр онцтой, ганц нэг сайн дүнтэй гарч билээ. Их урам авсан шүү. Тэр эрчээрээ явсаар төгсөхдөө Сүхбаатарын цалинтай төгсөж байсан. Хүн ер нь өөрөө хичээвэл, бас хүсвэл аливаад арга зам нь олддог юм билээ. Одоо ч гэсэн би зарим оюутнаасаа өөрийнхөө оюутан ахуйн дүр зургийг олж хардаг. Хичээл зүтгэл гаргаж байгаа оюутан андашгүй. Тэднийгээ аль болох дэмжихийг хичээдэг дээ. Англи хэлийг ч ялгаагүй сүүлд гадаад хүмүүст монгол хэл зааж эхлэх үедээ мөн Америкт ирээд өөрөө хичээж сурсан, сурсаар л байна. 

Эргээд таны ажил мэргэжил рүү ороход Коронавирусээс болж их дээд сургуулиуд хичээлээ цахим хэлбэрээр үргэлжлүүлж, сүүлийн улирлыг дуусгалаа, энэ хугацаанд ямар нэгэн хүндрэл эсвэл давуу тал нь юу байв? Бага ч гэсэн цаг зав гарч байгаа бол энэ хооронд юуг амжуулж байна? 

Цахимаар хичээл заах, ангид хичээл заахыг бодвол мэдээж учир дутагдалтай. Бидний хувьд онлайнаар хичээл заах туршлага, материаллаг бааз байсан учраас харьцангуй хүндрэл гарсангүй. 2009 оноос эхлэн зайнаас хичээл зааж, Охаяа, Висконсин, Чикагогийн Их сургууль, Австралийн Их сургуулийн оюутнуудад цахим сургалт явуулж байсан. Хичээл дууссаны дараа хичээлийн явц ямар байсныг дүгнэж асуухад оюутнууд маань сэтгэгдэл их өндөр байдаг. Багаар ажиллах, хос хосоороо хамтарч ажиллах тал дээр бага зэргийн бэрхшээл байсан, гэхдээ багшийн дуудлага тод, бараг ганцаарчилсан сургалт авч байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэж дүгнэсэн хүмүүс байсан. Миний хувьд гэрээсээ ажиллахад цаг хэмнэх давуу талтай байлаа. Зай завгүй байсан хүн чинь цахимаар хичээл зааж эхэлснээс хойш, эцэс төгсгөлгүй хурдан давхиж байснаа гэнэтхэн амсхийж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Үр дүнд нь өдөр болгон алхаж, дасгал хөдөлгөөн хийж, амжуулаагүй олон ажлынхаа ард гарч байна. Тухайлбал “Төв Азийн Хэлнүүдийн Төвтэй” хамтраад монгол хэлний сурах бичиг бичих ажлаа урагшлуулж байна. Миний хань П.Увш энэ төсөл дээр хамтран ажилладаг. Эхний ном бэлэн болж байна. Удахгүй хоёрдох ном руугаа  орно. 

Л.Цэрэнчунт багш, П.Увш багш нар охиныхоо хурим дээр

Зуны сургалтууд үргэжлээд онлайн хэлбэрээр явах нь тодорхой байна. Намраас хичээл сургууль яаж явагдах чиг хандлагатай байна. Индианагийн Их Сургуулийн хувьд ямар чиглэл барьж байгаа юм бол? 

Өнгөрсөн долоо хоногт тэнхмийн хурал болж, энэ тухай танилцуулсан. Одоогийн байдлаар цөөхөн оюутантай ангиуд сургуулийнхаа кампуст хичээллэж магадгүй,  харин олноор суудаг, том лекц хичээлүүд цахим хэлбэрээр үргэлжлэн явна гэсэн чиглэлтэй байх шиг байна. Гүйцэд шийдвэр гараагүй хүлээж байгаа. Мөн зөвхөн өөрийн сургуулийн оюутнууд гэлтгүй сонирхсон хэн бүхэнд нээлттэй цахим хичээлийн төрлүүдийг шинээр нэмж, сургалтандаа хямдрал зарлах зэрэг өөрчлөлтүүд хийгдэж байна. Манай тэнхим гэхэд хэлний цахим сургалтандаа тодорхой хөнгөлөлт зарласан байна лээ.  

Таны ажлын сайхан тал, бахархал тань юу вэ? 

Шавь нараараа бахархдаг. Монгол хэл сонирхон судлаад монгол судлал руу хөл тавьсан шавь нар минь бий. Монгол судлаачдыг бэлтгэхэд өчүүхэн ч атугай хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг. Ердөө өнгөрсөн хавар нэг шавь маань эрдмийн зэргээ хамгаалаад Охаяагийн Оберлин коллежид багшлахаар болсон. Кип Хатчинс /түүний нэр/ 16 настай ахлах сургуулиа төгсөж, Индианагийн Их Сургуульд ирээд монгол хэлийг эхлэн суралцаж, улмаар монгол судлалыг сонирхон судалж, Висконсины их сургуулийг сая дүүргэлээ.

Бас нэг оюутнаа дурсахад математикийн ангийн оюутан байсан санана. Их дуугай, хичээл номоо мундаг хийдэг оюутан байсан. Нэг зохион бичлэгтээ “Монгол хэл сурснаараа би өмнөд Индианагийнхаа намхан толгодыг хайрлах сэтгэлтэй болсон” гэж бичсэн байсан нь одоо хэр санаанаас гардаггүй юм.

Монгол хэл, соёл гэж агуу юм байдгийг тэр хүн ойлгосон байгаа юм. Миний хичээлийг дүгнэсэн олон сайхан санал сэтгэгдлээс хамгийн үнэтэй нь гэж би боддог. Монголчууд бидний нутаг усаа дээдэлдэг, унасан газар, угаасан усаа эрхэмлэн шүтдэг агуу соёл, монгол зан заншлыг оюутнууд монгол хэлээр дамжин давхар суралцаж, ойлгож байгаа нь үнэхээр сайхан санагддаг. Нөгөөтэйгүүр хүний газар олон жил ажиллаж амьдарсных, энэ нийгэмд тэнцэж үлдэх гэж хичээж, зүтгэсний минь дүнд үр хүүхдүүд маань өндөр боловсрол эзэмшиж, сайн ажилтай, сайхан амьдарч байна. Энэ бүхэн миний хань П.Увш, үр хүүхдүүдийн маань хайр халамж, тус дэм, ажил хөдөлмөрийн минь үр шим юм даа. 

Таньд баярлалаа, таны гэр бүл, ажил амьдралд тань сайн сайхныг  хүсье.
                                                                                                                                                                                                                                                Т.Цэвэлмаа
                                                                                                                 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу