Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ дахь Монголчуудын “Манайхан” вэбсайтын ах эгч нарын зүгээс бяцхан дүү нартаа, хүүхдүүддээ “Эх үрсийн баяр”-ын мэнд дэвшүүлье. Монгол хүүхдүүд хаа байгаа газраа гайхагддаг, хичээл сурлагаараа тэргүүлдэг гэж ярихыг олонтаа сонсож байсан. Монгол ген гэхээс илүү монгол уламжлал, эцэг эх, ахмад настныхаа үг сургаалийг хүндлэн сонсдог монгол чанар энд илүү хамаатай байх. Бидний хойч ирээдүй болсон шинэ үеийн монгол иргэд юу санаж боддог, ямар хичээл зүгтэл, чармайлт гаргаж байгааг сонирхон уншаарай. Нэг ижил асуултанд нас, сонирхол өөр өөр хүүхдүүд хэрхэн хариулж, үеийн найзууддаа ямар зөвлөгөө өгч байгаа нь тун сонирхолтой байлаа. 

 

 

Гомболүүдэвийн Энхжин

Техас, Мкенни, Г. Энхжин: 16 настай, аялах дуртай. Талбайн теннис, шатрын спортоор хичээллэдэг, франц, герман, англи хэлтэй. Бага наснаасаа шатрын спортоор хичээллэж, Герман улсын Вуртэмбүрг мужын аварга (2017), Калифорни муж, өмнөд бүсийн охидын хошой аварга. (2018) Талбайн теннисний хувьд Албани ахлах сургуулийн шилдэг тоглогч (2018), Аллен ахлах сургуулийн багт тоглож багаараа дүүргийн аварга болсон. (2019) Франц хэлний үндэсний олимпиадад 4-р төвшинд оролцож 4-р байр эзэлсэн. (2020)

Амжилт гаргахад нөлөөлсөн зан чанар: Хамгийн сайнаараа хичээх, уйгагүй хөдөлмөрлөх зан чанар нөлөөлсөн гэж боддог. Гэхдээ хийж байгаа зүйлдээ дуртай, хүсэл тэмүүллээр дүүрэн байх нь чухал.

Дараагийн зорилго: Сурч мэдсэн зүйлээрээ дамжуулан цаашдын зорилго, өсч хөгжих талбараа зөв сонгохыг хичээж байна.

Хүссэн мэргэжил:  Одоогоор сайн шийдээгүй байна. Түүх, франц хэл, хүн судлал сонирхдог. Эм зүй, биохимийн чиглэл рүү анхаарлаа хандуулж магадгүй.

Найзууддаа уриалах зүйл: Жижиг ч гэсэн алхам хийж эхлэх нь том үр дүнд хүргэж болно. Зорилгодоо хүрэхийн тулд юунаас ч бүү ай. Гэхдээ хэт их хариуцлага үүрч, төгс төгөлдөр байх гэж хичээхийн оронд өөртөө зөөлөн хандаж, өөрийгөө сонсож, бага багаар зорилгынхоо төлөө урагшлаарай.

Ээж аавдаа хандаж хэлэх үг: Миний ирээдүйн сайн сайхны төлөө үргэлж хичээж, тусалж байдагт маш их баярлалаа.


 

Пүрэв-Эрдэнийн Хангэрэл

Калифорни, Лос-Анжелес, П. Хангэрэл: 14 настай. Мэтгэлцээнд оролцох, адал явдалт ном унших дуртай. Зохиолч Мари Лу-ийн зохиол бүтээлүүдийг унших дуртай. 3,4-р ангидаа Аркадиа хотын сургуулиудын Номын клубээс зохион байгуулсан тэмцээнд 2-р байр эзэлсэн. Сургуулийнхаа Хөгжимт Драмын Театрын тоглолтонд гол дүрд тоглосон. 5-р ангидаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн. Оны шилдэг сурагч, Nova 42 илтгэл-мэтгэлцээний цомын эзэн.

Амжилт гаргахад тус болсон зан чанар: “Үргэлжлүүлэн хийгээд бай” гэсэн зан байх хэрэгтэй гэж боддог. Үүний ачаар би бууж өгөхийн оронд үргэлжлүүлэн ажилладаг. Жишээлбэл, хэрэв надад маш их гэрийн даалгавар байвал тууштай хийсээр дуусгадаг. Юу ч болж байсан хамаагүй, хэзээ ч зогсож болохгүй гэсэн зарчим баримталдаг.

Дараагийн зорилго: Миний дараагийн том зорилго бол ахлах сургуулиа амжилттай дүүргээд, нэр хүндтэй, MIT, UC Berkeley эсвэл Stanford University зэрэг их сургуульд элсэн орох. Зорилгодоо хүрэхийн тулд надад хийх олон жижиг алхмууд байдаг. Үүнд хүрэхийн тулд одоо хийж буй зүйлдээ хамгийн их хичээх хэрэгтэй гэж боддог.

Хүссэн мэргэжил: Би компьютерийн инженер эсвэл ямар нэг инженер болох хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл надад компьютер хэрхэн ажиллаж багаа нь сонирхолтой байдаг. Ирээдүйд бүх юм ухаалаг болж, олон ажлын байрыг роботууд орлох боловч компьютерийн инженерүүдэд ажлын байр, хаана ч ажиллах боломж хэвээр байх болно гэж бодож байна.

Найзууддаа уриалах зүйл: Аливаа зүйлийг битгий хойш тавьж байгаарай гэж хэлье. Хойшлуулахгүй л байвал сурах тийм хэцүү биш. Зарим үед би ч хойшлуулдаг, харин дараа нь хийхэд бүр хэцүү болсон байдаг. Цаг тухайд нь хийж байвал сурах үнэхээр амархан.

Ээж аавдаа хандаж хэлэх үг: Аав ээждээ намайг олон төрлийн сургалтанд хамруулж, өөрийгөө хөгжүүлж амжилт гаргахад минь үргэлж тусалж дэмждэгт баярлалаа гэж хэлмээр байна. Бид тэдний тусламжтайгаар хэцүү зүйлсийг даван туулдаг. Тэд хүүхдүүдийнхээ төлөө юу хийхээ мэдэж байгаа, яагаад гэвэл тэд намайг болон дүү нарыг маань ирээдүйд хамгийн шилдэг нь байгаасай гэж хүсдэг.


 

Одсэрийн Өлзийхутаг

Калифорни, Саут Пасадена, О.Өлзийхутаг: Долоон настай, усанд сэлэх, ном унших, хөгжим тоглох, мөн янз бүрийн туршилт хийх дуртай. Лос-Анжелес хот орчмын Монголчуудын 2018 оны шилдэг сурагч, Rose Bowl Aquatics улирлын шилдэг сэлэгч, багийн шилдэг тамирчин, "Кумон математик" оны шилдэг сурагч 2018, 2019.

Амжилт гаргахад тус болсон зүйл: Би их том амжилт гаргаагүй байгаа л даа гэхдээ би хичээл, бэлтгэлээ хэзээ ч тасалдаггүй. Манай аав ээж намайг үргэлж хичээ гэж захидаг. Ээж аавынхаа хэлснээр хичээж байвал амжилтанд хүрнэ гэж боддог.

Мөрөөдөл: Би Rose Bowl-ийнхоо шилдэг, том тэмцээнд оролцдог багт тэнцээд удаагүй байгаа. Хөл хорионоос болоод бэлтгэл түр завсарласан ч манай багийнхан өдөр бүр Зүүм-р ярьж хуурай газрын бэлтгэл хийж, дасгалжуулагч өдөр бүр биднийг дасгал хийлгэн, урам өгөх видео хичээл үзүүлж, мөн багийнхантайгаа найрсаг харилцаатай байх тухай заадаг. Миний дараагийн зорилго бол мужийн том тэмцээнд оролцож, амжилт гаргах. Би багийнхан дотроо хамгийн бага тамирчны нэг. Тэгсэн ч гэсэн хичээх болно. Мөн би "Хуруундай" гээд Монголын Оюун Ухааны Академийн хичээлд суудаг. Тэр хичээлдээ их дуртай. Оюун ухааны спортын (Memory sport)-ын ангид орох хүсэлтэй байгаа. Удахгүй "Кангароо" математикийн олон улсын олимпиадад оролцохоор бэлдэж байгаа.

Ирээдүйд ямар хүн болмоор байна: Би Michael Phelps шиг мундаг тамирчин болохыг хүсдэг. Бас том болоод шинжлэх ухааны ажилтан/судлаач (Scientist) бас эртний судлаач (Paleontologist) болохыг мөрөөддөг. Надад маш их сонирхолтой санагддаг.

Найзууддаа хэлэх үг: Хөдөлмөрлөвөл юу ч чамд саад болохгүй.

Аав ээждээ хэлэх үг: Аав ээждээ маш их хайртай шүү. Намайг өсгөж том болгож, хүссэн сургалтууддаа явах боломжоор хангаж өгдөгт маш их баярлалаа. Би улам их хичээн аав ээжийгээ баярлуулан, надаар бүр ч их бахархаасай гэж хүсч байна.


 

Пүрэвдоржийн Баттөр

Калифорни, Лос Aнжелес, П. Баттөр: 11 настай усанд сэлэх, рубик шоо эвлүүлэх, хуруугаар хурдтай тоо бодох (mental math) дуртай. Математикийн олимпиадаас хошой мөнгөн медалтай. Өсвөрийн усчин, аврах багийн гишүүн. Усанд сэлэлтээр муж, хотын чанартай олон тэмцээн уралдаанд оролцож, тэргүүн байр, шагналт байранд удаа дараалан шалгарч байсан. Тухайлбал шилдэг хүүхдүүдийн ширүүн өрсөлдөөн өрнөдөг “Los Angeles City of Championship”, “City of Los Angeles, Citywide Aquatics” тэмцээнд өөрийн насны ангилалд тэргүүн байр эзэлж, клубийн шилдэг тамирчины нэг болсон. Лос Анжелес хотноо “Хүүхдийн баяр”-аар зохиогдсон “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдаанд 3-р байр, хүүхдийн бөхийн барилдаанд 2-р байр эзэлж, Монголчуудийн Холбооны 2019 оны шилдэг хүүхдээр шалгарсан.

Амжилт гаргахад тус болсон зүйлс: Гомдол гаргадаггүй, хийж байгаа зүйлээ олон дахин давтан хийх.

Мөрөөдөл: Ангийнхаа шилдэг сурагч болох.

Хүссэн мэргэжил: Инженер (math science)

Найзууддаа юу хэлэх вэ: Don’t give up so early! Эрт битгий бууж өгөөрэй! Үргэлж давтаж байгаарай.

Ээж аавдаа хэлэх үг: Намайг үргэлж дэмжиж байдагт баярлалаа. Хайртай шүү.


 

Ганзоригийн Саяан

Калифони, Бриа, Г. Саяан: 11 настай. Xөгжим сонсох, загвар өмсөх, төгөлдөр хуур тоглох дуртай. Компьютер, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцдаг. Энэ жил GATE (Gifted and Talented Education)- гоц авьяастан сурагчдад зориулсан тусгай хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж, зорьсондоо хүрсэндээ баяртай байгаа. “Why my mom deserves diamond”- бичлэгийн уралдаанд түрүүлж ээждээ эрдэнийн чулуу хожиж ээжийгээ баярлуулсан. Таван настайдаа төгөлдөр хуур сурч эхэлсэн төдийгүй усан сэлэлт, илтгэл-мэтгэлцээний чиглэлээр хичээллэдэг. Сүүлийн үед загвар өмсөх сонирхолтой болсон. ОC Runway болон хэд, хэдэн загварын шоунд амжилттай оролцсон. Сүүлд Азийн Модель Агентлагийн сэтгүүлийн зураг авалтанд монгол үндэстний хувцас өмсөж оролцсондоо маш их баяртай байгаа. Монгол хувцас, өвөрмөц гоё санагдсан шүү.

Амжилт гаргахад тус болсон зүйл: Өөртөө итгэх итгэл. Би олон хүний өмнө гарахад маш их ичдэг байсан. Өөрийн дуртай зүйлээ суралцаж, загвар өмсөх, зураг авахуулах зэрэг зүйлс намайг өөртөө улам итгэлтэй болгосон.

Дараагийн зорилго: Чадах чинээгээрээ хичээж олон шинэ сонирхолтой зүйл сурмаар байна.

Хүссэн мэргэжил: Эмч болно гэж боддог. Миний хоёр эмээ мундаг сувилагч байсан. Ээжийн надад уншиж өгсөн Найтенгел гэдэг мундаг хүний тухай түүх, эмээгийн Найтенгел тэмдэг надад эмч болох мөрөөдлийг өгсөн.

Найзууддаа хэлэх үг: Дуртай зүйлээ хийгээрэй, бас шинэ зүйлийг сонирхон, үргэлж суралцаж байгаарай!

Ээж аавдаа хэлэх үг: Миний хамгийн дуртай газар бол миний гэр. Аав надтай байнга хамт байж дэмждэг бас хамт тоглодог. Ээж надад олон зүйлийг зааж сургадаг. Аав, ээждээ хайртай.


 

Содтуяагийн Содонгоо

Калифорни, Лос-Анжелес, С. Содонгоо: 12 настай, бүжиглэх, жүжиглэх, төгөлдөр хуур тоглох, хөгжим сонсох, найруулан бичих, аялах, усанд сэлэх, мэтгэлцээнд оролцох, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ зүйлийг суралцах дуртай. Гурван настайдаа “Barbie Miss Mongolia” тэмцээнд оролцож түрүүлснээс эхлэн мисс, модель, фото моделийн чиглэлээр Хятад, Турк, Солонгос, Тайланд, Орос, Америк зэрэг гадаад улс оронд олон тэмцээн уралдаанд оролцож тэргүүн байр, шагналт байр, цомын эзэн болсон. Найман настайдаа “ Professional Model in Asia “, хүүхдийн мэргэжлийн загвар өмсөгч болсон.11 настайгаасаа мэтгэлцээний клубт хамрагдаж, дунд сургуулийн сурагчдын мэтгэлцээний шигшээ байр, төгөлдөр хуураар “Outstanding Performance Award 2020” шагналын эзэн болж байсан. Мөн телевизийн зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүний нүүр царайгаар сонгогдон ажиллаж, хүүхэд болон амьтан хамгаалах сайн үйлсийн аянд нэгдэн оролцож байсан.

Амжилт гаргахад нөлөөлсөн зан чанар: Тэмцээнд уралдаанд оролцох бүртээ маш их зүйлийг суралцдаг. Тайзан дээрх сэтгэл догдуулсан мөч, тэндээс суралцсан туршлага бүхэн маш үнэ цэнэтэй. Өрсөлдөж байгаа хүүхдүүд надаас хэд дахин илүү байсан ч өөрийнхөө бүх нөөц бололцоог шавхан оролцдог. Бууж өгдөггүй зан чанар маань их нөлөөлдөг.

Дараагийн зорилго: Мэтгэлцээн, жүжиглэх ур чадвар, төгөлдөр хуур, гадаад хэл зэргийг гүнзгийрүүлэн суралцаж, ур чадвараа сайжруулах зорилготой байгаа.

Хүссэн мэргэжил: Би бүжиглэх, жүжиглэх, загвар үзүүлэх, олон нийтийн өмнө ярих дуртай. Тийм болохоор улс орондоо алдартай урлаг соёлын хүн болно гэж боддог.

Найзууддаа хэлэх үг: Өрсөлдөгчөө битгий дутуу үнэл. Бүү бууж өг. Хажууд байгаа хүмүүстээ үргэлж талархаж байгаарай.

Ээж аавдаа хэлэх үг: Гэр бүлдээ үргэлж талархдаг. Намайг дэмжиж, ойлгож, хийж байгаа зүйлсийг минь талархан хүлээж авдагт маш их баярлалаа.


 

Гомболүүдэвийн Анужин

Техас, Мкенни, Г. Анужин: 10 настай, гимнастикийн спортоор хичээллэх, шатар тоглох дуртай. Гимнастикийн 3,4-р төвшний мужийн аварга. Улмаар 7-р төвшиний болзлыг бүрэн хангаж, одоо 8-р төвшинд өөрийгөө бэлдэж байгаа. Ирээдүйн од тамирчин. Шатрын спортоор мөн хичээллэж, Герман улсын Вуртэмбүрг мужын охидын аварга болсон. (2017)

Амжилт гаргахад тусалсан зүйл: Зоригтой, итгэлтэй байдал мөн хөдөлмөрч зан.

Дараагийн зорилго: Гимнастикаар үргэлжлүүлэн хичээллэж, олон улсын чанартай тэмцээнд оролцон, амжилтаа ахиулах зорилго тавьж байна.

Хүссэн мэргэжил: Спортын эмч болохыг хүсдэг.

Найзууддаа хэлэх зүйл: Хэрвээ хөдөлмөрлөж чадвал бүх  зүйл боломжтой.

Ээж аавдаа хэлэх үг: Намайг үргэлж дэмжиж, сайн сайхныг хүсч байдаг ээж аавдаа маш их баярлалаа.


 

Лувсанбатын Мишээл

Калифорни, Санфранциско, Л. Мишээл: 13 настай. Уран нугаралт, гадаад хэл сурах, гар урлал хийх дуртай. Зургаан настайдаа маш их бэлдэж хичээсний хүчинд Монголдоо сургалтын чанараараа тэргүүлдэг орос 3-р сургуульд 1000 гаруй хүүхэдтэй өрсөлдөн тэнцэж чадсан. Дунд сургуульдаа гүйлтийн тэмцээнд 1-р байр, мөн биеийн тамирын хичээл дээр хамгийн сунгалттай сурагчаар шалгарсан. Голч дүн 4.00-тэй сурсаар байгаа. Хоёр жил дарааллан Монгол Уран Нугаралтын Төвийн тайлан тоглолтонд уран нугараач Б.Сэрчмаа багшийн удирдлаган дор амжилттай оролцсон.

Амжилт гаргахад нөлөөлсөн зүйл: Амжилт гаргахад миний тэвчээртэй, хүсэл тэмүүлэлтэй аав, ээж, багш нарынхаа үгийг сайн хүлээж авах чанар маань нөлөөлсөн.

Дараагийн зорилго: АНУ-ын шилдэг их дээд суруульд элсэж орох. Үүний тулд хичээлээ анхааралтай сонсож, багшийн өгсөн даалгаварыг гүйцэд сайн хийж байгаа. Хичээлээс гадуурх математикийн монгол багштай болон хонконг багштай сургалтанд хамрагддаг. Уран нугаралтаар хичээллэх нь миний хобби. Цаашдаа улам сайн хичээж суралцаад Монголынхоо гайхамшигтай урлагийг бусад орны найзууддаа таниулах зорилготой.

Хүссэн мэргэжил: Ирээдүйд багш болохыг хүсдэг. Яагаад гэвэл би бусдад туслах дуртай ялангуяа дүү нартаа өөрийнхөө мэддэг зүйлсийг хуваалцах дуртай. Багш хүн хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг гэж би боддог.

Найзууддаа юу гэж хэлэх вэ: Яг одоо электрон хэрэгслүүдээ унтраагаад аав ээжтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Өөрийнхөө зорилгын төлөө хичээгээрэй. Сайхан сэтгэлээр үргэлж хүмүүст тусалж байгаарай гэж хэлье.

Аав ээждээ хэлэх үг: Үргэлж цаг зав гаргаж, анхаарал халамж тавьж байдагт баярлалаа, маш их хайртай шүү гэж хэлье.


 

Жавхлангийн Энхмэнд

Вашингтон, Бэллүвэ, Ж.  Энхмэнд: 10 настай, уран гимнастикаар хичээллэх, зураг зурах дуртай. “Snow Queen Winter Cup-2020” уран гимнастикийн тэмцээнд дээсний төрөлд алтан медаль хүртсэн.

Амжилт гаргахад тус болсон зан чанар: Хүнтэй өрсөлдөхөөр намайг стрессдүүлээд байдаг болохоор зөвхөн өөртөйгөө л өрсөлддөг. Давтлага дээр хийж байснаасаа илүү сайн хийх юмсан л гэж хичээдэг. Өөртөө итгэх чанар бас их тус болсон гэж боддог.

Дараагийн зорилго: Гимнастикаар үргэлжлүүлэн хичээллэж, түвшин ахиж, үзүүлбэрүүдээ илүү сайжруулах.

Хүссэн мэргэжил: Уран гимнастикийн дасгалжуулагч эсвэл тамирчдын сэтгэл зүйч. Яагаад гэвэл би хүнд юм зааж, урамшуулж дэмжихдээ сайн. Дүүгээ дасгалжуулдаг.

Найзууддаа хэлэх үг: Нэг зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд битгий бууж өгөөрөй. Хэцүү санагдаад байвал бүр илүү хичээх хэрэгтэй.

Аав ээждээ хэлэх үг: Надад цаг гаргадаг бас намайг дандаа дэмждэгт баярлалаа.


 

Цогтбаатарын Молор

Оклахома, Тулса, Ц. Молор: 13 настай, мэргэжлийн балетийн урлагаар долоон настайгаасаа хичээллэж эхэлсэн. Дэлхийн сонгодог, бүжгэн жүжгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьдаг АНУ-ын нэртэй театруудын нэг Тулса Балет-д дөрвөн жил хичээллэсэн. Энэ хугацаанд өсвөр үеийн балетчин охидын мөрөөдлийн дүр “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн гол дүр Мариягийн бага насны дүрд сонгогдон тоглосон. Дороти & Визард оф Оз, Донкихот зэрэг бүжгэн жүжигт хүүхдийн хэсэгт бүжиглэсэн. “Жофрэй Балет” олон улсын эрчимжүүлсэн хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцож 50 хувийн тэтгэлэг хожсон. Хоёр жилийн өмнөөс Стефани Муришш багшийн удирдлаган дор хичээллэж байгаа.

Амжилт гаргахад тус болсон зүйл: Бууж өгөх дургүй зан чанар маань нөлөөлсөн байх гэж боддог.

Дараагийн зорилго: Өсвөрийн балетчидийн олимп гэж нэрлэдэг YAGP-д амжилттай оролцож, байр эзлэх, мөн хичээл номоо давхар орхигдуулахгүй хичээж, шамдах зорилго тавьж байгаа.

Хүссэн мэргэжил: Лондонд байдаг “Royal Ballet” театрын бүжигчин болно гэж боддог.

Найзууддаа хэлэх үг: Бууж өгөлгүйгээр өөртөө итгээрэй. 

Ээж аавдаа хэлэх үг: Намайг үргэлж дэмжиж, олон зүйлийг миний төлөө золиосолж байдагт баярлалаа.


Томчууд бид ч тэднээс суралцах, авч хэрэгжүүлэх, мөрдлөг болгох зүйлсийг хүүхдүүд өдий насандаа ярьж хэлж байгаа нь үнэхээр бахархалтай. Эцэг эхчүүд бид үр хүүхэддээ үргэлж сайн сайхныг, өөрийнхөө хүрээгүй оргилыг тэдэндээ ерөөдөг. Тиймдээ ч эх нутгаа орхин, үр хүүхдийнхээ ирээдүй, боловсрол мэдлэгийн төлөө хичээн ажиллаж, зарим нь ажлыг хар гэж гололгүй, хүний нутагт ханцуй шамлан зүтгэхдээ үр хүүхдүүдийнхээ амжилт ололтыг харж баясан, сэтгэлийн жаргал эдэлдэг болов уу? Ийнхүү ээж аавынхаа дэмжлэг, тусламж, заавар чиглүүлэлт, өөрийн хүсэл сонирхол, хичээл зүтгэлийн ачаар хүүхдүүд өөрийгөө нээн, хөгжүүлж, хүний газар чамлахааргүй амжилт гаргаж байгаа олон монгол хүүхдүүд бий. Хүүхэд бүр зорисон зорилгодоо хүрч, эх орон, эцэг эхээ баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

T.Цэвэлмаа 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу