DANIEL ACKER/BLOOMBERG NEWS

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Вакцин Британид таригдаад эхэлсэн. Америк 2 дахийнхаа зөвшөөрлийг өгөх гэж байх шиг байна. WSJ өнөөдрийн сонинд бичсэнээр Pfizer вакцин нь эхний тарилтаар дархлаа 52%, 2 дахь тарилтаар 95%-тай тогтож байгаа гэжээ. Дархлаа тогтож байгаа байдлыг нас, арьс үндэстнээр нь харахад цагаануудад 95%, хар арьстнуудад 100, Ази, номхон далайн гаралтайнуудад 89%, 55 дээш насныханд 94%, эрүүл мэндийн асуудалтай хүмүүст 95% -ийн үр дүнтэй ажиллаж байна. За болж дээ. Хамгийн хүнд тусч байгаа нь Харууд латинонууд байгаа юм.

Дагуул шинж тэмдэг нь түгээмэл боловч бага хэмжээнд гарч байгаа. Үүнд эхний 1,2 өдөртөө ядрах (туршилтанд орсон хүмүүсийн 63%-д илэрсэн), толгой өвдөх (55%-д нь), бие арзайх (32%-д), булчин хөндүүрлэх (24%-д нь), халуурах (14%-д) оржээ. Биед дархлаа суулгаж байгаа тул хүүхэд байхад вакцин хийлгэхэд гардаг энэ ч гарах л ёстой шинж тэмдэг л дээ. Мөн орчин үеийн хүмүүсийн аливаа зүйлд харшил ихтэй болсон тул харшил өгөх хүмүүс гарах л байх.

Хүнд, хөнгөн туссан олон хүнд шинж тэмдгүүд нь жишээ нь амьсгал давхцах, толгой өвдөх, юм бодож чадваргүй болох, ядрах, үнэрлэх чадваргүй болох хэдэн сараар үргэлжилж байгааг нь бодохоор 1,2 хоногийн зөөлөн шинж тэмдэг гайгүй санагдах бизээ. Тусаад эдгэрсэн Чикагод сурдаг том хүү маань нэг хэсэгтээ үнэр ерөөсөө мэдрэхгүй байсан.

Ямартаа ч энэ 7 хоногт Америкт Pfizer, BioNTech 2 компани зөвшөөрөгдөж 50 мужууд уруу тарааж эхлэх гэж байна. Муж бүрт ноогдсон тооны вакциндаа хэнийг эхэлж дархлаажуулах вэ гэсэн жагсаалт гарсан байгаа. Мэдээж хамгийн түрүүнд фронтод ажиллаж байгаа эмч, сувилагч, бусад эмнэлгийн ажилтнуудад олгогдоно. Хөөрхий хичнээн нь ч олон эмч, сувилагч нар дэлхий даяар нас барав. Үүний дараа хөгшчүүлийн асрамжийн газарт хийгдэнэ.

Манай мужид гэхэд 327 мянган тун эхний ээлжинд ирнэ гэсэн. Энэ нь хүн ам ихтэй, нийт 2.4 сая эрүүл мэндийн салбарыхантай, асрамжийн газраа 145 мянга орчим хөгшчүүлтэй гэхээр энэ нь манай мужид бага хэмжээ юм. Жирийн иргэдэд хавраас л тариулах боломж олдох бололтой.

Хийлгэсэн хүмүүс дархлаатай гэсэн паспорт өгөх тухай бичигдсэн байсан. Тусаад эдгэсэн хүмүүст өгөх болов уу яах бол. Тэрийгээ бариад ийш тийшээ яваад, ажлаа хийгээд явах нь дээ.

Вакцины талаар олон conspiracy онол тархаж байгааг үндэслээд зарим хүмүүс тариулахгүй гэсэн бодолтой байгаа. Хэрэв бусаддаа, нийгэмд аюул, хохирол авчрахгүй тохиолдолд хувь хүний өөрийнх нь л шийдвэр юмдаа. Бусад хүүхдийн амь нас, эрүүл мэнд яригдах болохоор сургуульд явдаг сурагчид, оффистоо ирэх ажилчдаас шаардах байх.

Мэдээж өөрийн биеийн дархлаа вакцинаас хамаагүй дээр. Гэхдээ өөрөө тусч байж л дархлаатай болно.
Тэгэхээр үнэхээр тухайн улс оронд, хувь хүнд аз болоод сайн вакцин нь олдож оногдоход хийлгэх хийлгэхгүй нь хувь хүний ухамсар, хариуцлага, рационалаар юмыг харж үнэлэх, сонголтон дээр л тогтох юм байна.

Ёстой тавилан юм даа.
(Заяа биш шүү. Цаанаасаа хүнд төрөхөд өгөгдсөнийг заяа, зан чанар, үг, үйлдлээрээ өөрчилж, сайжруулж болохыг нь тавилан гэдэг юм билээ)

Хэдийгээр миний бие элдэв эм, химийн бодис биендээ ихээр оруулахдаа болгоомжилдог нэгэн нь ч улаан бурхан, саа, дээр нь энэ совид гэхчилэн дэлхийг хамарсан айхтар өвчнүүд, ялангуяа ядуу буурай, эсвэл эрүүл мэнд муутай хүмүүст амь насанд нь аюул учруулдаг өвчнүүдийн эсрэг вакциныг хийлгэх нь хүний өөрийн эрүүл мэндээс гадна нийгмийн гишүүний хувьд бусад хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодмой.

Хэрэв надад удахгүй хийлгэх боломж олдвол эхлээд антибоди тест өгч тусаад эдгэрсэн эсэхээ мэдэж аваад, үгүй бол хийлгэж орхино доо. Тэгээд дархлаатай гэсэн бичгээ бариад л тэнэж өгнө дөө яахав хэ хэ

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу