Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бүтэн сайн өдөр гэртээ бүтээлээр өнжив. Хийнэ гээд бодоод явсан пад эрхиэ хийлээ дээ. Ойр мод бариагүйг хэлэх үү гар эвлэж өгдөггүй. Багаж хэрэгсэл маань ч бараг зэврэх дээрээ тулсан байна. Пад эрхи хийсэн энэ модыг Brazilian cherry гэдэг, хүрэн занданаас хатуу мод байна. Бодвол ум хар хавьцаа ч очих хатуу мод биз ээ. Энэ модыг Ganbold Tsoodol дүү юм хийгээд илүү гарсныг нь надад өгсөн юм. Бараг шагайн зурхай хийгээд илүү гарсан эд байх. Би л лав энэ модыг аваад 4-5 жил дарсан байх аа.

Тэр бөөрний хашлага зааны соёог зах ( flea market) дээр тэнэж яваад олж авсан билээ. Хуучин төгөлдөр хуурны хэдэн эвдэрхий зааны ясан даруулыг нэг цагаан арьстан хүн зарж байхад нь таарч авсан хэрэг. Их хуучны төгөлдөр хуур зааны ясан даруултай байдаг. Тэр хэдэн даруулын ихэнхээр нь Ганболд маань хөөрөгний халбага хийж олон хүнд буян болсон доо. Энд зааны соёо ер олддоггүй. 1966 онд зааны соёог дэлхий нийтээр хориглосон боловч түүнийг дагадаггүй ганц орон нь Хятад юм. Африк, Энэтхэг Хятадын хойгт хулгайн анчдын гарт алагддаг зааны соёог Хятад руу л нууцаар гаргадаг. Сүүлийн үед Сибирийн мөстлөгөөс илэрсэн арслан зааны соёогоор хийсэн зүйлс харагдах болсон ч өнгө нь шаравтар юм билээ.

Харин энэ монгол гортигийг ойрд хэрэглээгүй билээ. Уг нь уран Лувсан гэдэг садангийн бурханч ламын хэрэглэж явсан эд. Надтай хамт насан туршид минь яваа боловч хэрэглэнэ гэж нэн ховор. Харах бүртээ монгол дархны бурхан ухааныг биширдэг юм. Монголчууд олон зууны турш төмөр эдлэлийг ямархүү чанарын өндөр түвшинд хийж ирсний нэг баримт энэ болно. Монгол дархан, сийлбэрч, зураач өөрсдөө багаж хэрэгслээ эхлээд хийж сурдаг уламжлалтай. Харамсалтай нь тэр сайхан уламжлал мартагдаж орхижээ.

Пад эрхины оосрыг Алшаад суугаа садангийн эгч Алтанцэцэг цар тахлаас өмнө явуулсан билээ. 1930 оны үймээнээр Монголоос дүрвэж очсон халхуудын үр сад одоо ч тэнд олноороо амьдарсаар байна. Ингээд пад эрхи хийх бүх тохироо нь бүрдсэн болохоор нэг барьж аваад дуусгасан нь энэ билээ. Хүн хааяа дуртай зүйлээ, чаддаг юм аа хийх уг нь сайхан л даа.

Монголд маань Улаанбаатар номын баяр болоод өнгөрлөө. Алс холоос зохион байгуулсан Б.Сувд дүүд баярлалаа. Миний номыг зорьж очиж авсан андуудад баярлалаа. Ирэх 7 хоногтоо эрч хүчтэй байна шүү бүгдээрээ.

Ш.Баатар
2020.6.7

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу