Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За хүүхдүүдийн сургуулиуд онлайнаар хичээл заасан болоод амарлаа. Монголд маань зурагтаар заасан юмаа даа. Хаа сайгүй л хүүхдүүдийн сургууль завсардлаа гэж хэлэхэд болох байх. Ерөнхийдөө урьдчилсан судалгаагаар хүүхдийн чадварын ахиц бусад жирийн хичээлийн жилүүдийг бодвол унших дээр 70 хувьтай, математик дээр 50-аас бага хувьтайгаар ирэх намар сургуульдаа очихоор гарчээ.

Аргагүй аргагүй нэгд багш, сургуулиуд бэлтгэлгүй байсан, хоёрт, тийм олон хүүхэдтэйгээр виртуал сургалт хийхэд хүрэлцээгүй, гуравт, хэрэв багшийн царайг хардаг уламжлалт сургалт аваагүй тохиолдолд коллежийн оюутнууд хүртэл аргацаах шинжтэй хичээлээ дуусгадаг тул жаахан хүүхдүүд мэдээж бие дааж сурах, ойлгох тал дээр өөрийгөө тийм ч сайн дайчлахгүй нь ойлгомжтой билээ. Иймээс зарим сургууль дистриктүүд 3 сард орхисон газраасаа эхэлж хичээл орох уу, эсвэл тест авч хаанаас зааж эхлэхээ тогтоох талаар хэлэлцэгдэж байгаа аж. Өдөр болгон ордог байсан хичээл 2, 3 сар орсон болоод өнгөрчихөөр хүүхдүүдэд нэлээд хэмжээний хоцрогдол үүсэх нь гарцаагүй. Дээр нь хүүхэд өөрөө жаахан хоцролттой явж байсан бол энэ зөрүү улам нэмэгдэнэ гэсэн үг.

Аав ээжүүд маань энэ тал дээр санаа зовж надтай их холбогдож байнаа. Ямартаа ч khanacademy.org дээрээс энэ жилийн ангийн, эсвэл бүр түрүү жилийн ангийнх нь түвшний математикийн хичээлийг нь тогтмол даалгавар болгоод хийлгээрэй. ядаж л үзсэн юмаа давтаж сэргээж яваг. Ойлгоогүй зүйлээ видео хичээлээр нь үзчихнэ. Хамгийн гол нь үнэгүй. Сайн дураараа ном уншдаггүй хүүхдүүдэд өдөр бүр тодорхой хугацаанд ном унших даалгавар өгнө дөө. Тоо, унших 2-ыг нь бариад явж байхад арай учиртай байх болов уу.

2-т, Калифорний ИС (UC university system) элсэлтэндээ SAT, ACT тестүүдийг ирэх 5 жилийн хугацаанд хэрэглэхээ болих шийдвэр гаргасан билээ. Гэхдээ энэ саналыг түлхэж батлуулсан UC ерөнхийлөгч нь энэ 8 сард ажлаа өгөх юм. Тэгээд энэ шийдвэрт өөрчлөлт гарч болох талтай. Ямартаа ч ирэх жилд сургууль төгсөх хүүхдүүдэд энэ нь үйлчилнэ. Үндэслэл нь боломжтой айлын хүүхдүүд (цагаан, азиуд энэ тестэн дээр өндөр оноо авдаг) мөнгө төлж тусгайлан бэлдээд бусад айлын хүүхдүүдэд (хар, латино) боломж олгохгүй, ялгаварлагдах нөхцөлийг үүсгэдэг гэж зарим эцэг эхчүүд үзэж шүүхэд хүртэл зарга мэдүүлсэн учраас тэр билээ. Миний бодлоор бол энэ тестүүд харин нь ч эсрэгээрээ монголчууд гэх мэт жирийн бидний үр хүүхдүүдэд бусад боломж сайтай айлын хүүхдүүдээс илүү гарч сайн сургуульд орох боломжийг олгодог. Тэгэхээр аав ээж нараа хэдийгээр эдгээр тестүүд optional буюу заавал хавсаргах шаардлагагүй болсон нь ч хүүхдүүдээ сайн бэлдүүлж өгүүлээрэй. Тэгээд ч ихэнх сургуулиуд энэ оноог шаардсан хэвээр байгаа шүү. GPA, SAT эсвэл ACT оноонуудын нийлбэрээр жагсасны дараа бусад үзүүлэлтүүд, чадваруудыг нь харьцуулж элсүүлдэг. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу