Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хурдны зам хэдий сэлүүхэн ч огтоно барьдаг муур шиг цагдаагийн машин энд тэнд гэтэж буй харагдана. Нэг замаараа олон удаа явахаар хаана, хэдийд, цагдаагийн ямар машин отдогийг андахгүй болчихно. Хурд хэтрүүлэн давхиж яваад цагдаагийн машин харангуутаа хурдаа сааруулбал ээлтэй шүү. Зарим нэг үйл нь ирсэн хулгана анзааргагүй давхиад баригдсантай хааяа таарна. Энэ улсад та ямар ч алдаа гаргаж болно, алдаа бүр тань мөнгөөр үнэлэгдэнэ гэдэг зарчмаар явдаг тул буруу үйлдэл бүр их бага хэмжээний мөнгөн төлбөртэй тэнцдэг билээ. Америкчууд түүнтэй дүйцүүлэн Их Монгол улсын Их засаг хуулиас жишээ авч ярих дуртай. "Морин дээр аян дайн хийж явдаг улс тул бүх хууль нь товч тодорхой, аман зарлиг байдаг. Татварын хууль гэхэд Та татвар төлөх ёстой. Төлөхгүй байж болно. Тэгвэл хөрөнгийг чинь хураана. Хөрөнгөгүй бол хүүхдийг чинь, хүүхэдгүй бол эхнэрийг чинь, эхнэргүй бол зөвхөн толгойг чинь авна" хэмээн Харвардын нэгэн профессор ярих дуртай байв. Аминд өлзийтэй гэж бодоод анхааралтайхан шиг замаа хараад, раажав хүүгээ сонсож явлаа.

Трамп Ерөнхийлөгч Хятадын дарга Ши Жинпинтэй ярьж сайн тохироо хийсэн гээд ам сайтай магтаад, хятад вирус, ухань вирус гэж ярихаа бүр байжээ. Тэгэхээр энэ бачир өвгөн айхтар заль гаргаж, айлын эзний хулхийг ёстой буулгаж авчээ. Арга ч үгүй дээ бидний дээдэс хүчирхэг байхдаа суу залийг уралдуулж, дэлхийн олон орныг атгандаа оруулсан гэдэг. Түүнтэй л агаараа нэгэн зүйл болсон буй за. Хятадаас тусламжийн онгоц 90 тонн эм, элдэв хангамжтай буусныг мэдээлэв. Мөн Оросын тусламжийн онгоц буусныг Оросын зурагтаар харуулж байна. Харин Америкийн мэдээлэл дүйвээгээд өнгөрөх шиг боллоо. Орост цар тахал бас дэлгэрч эхэлсэн юм билээ. Оросууд бэлтгэлтэй, бас дэг журамтай харагдаж байна. Ямар ч аюул зовлонг тэсээд гардаг түүхтэй ард түмэн дээ.

Америкт түргэний, сэхээний эмч, сувилагч нар халдвар их авч буйг "олон өвчтнөөс ээлж дараагаар корона вирус өндөр тунгаар хүртэхээр биеийн эсэргүүцэл хэт зочирч, бүх биед нь вирус-дархлааны дайн дэгдэж, учиргүй хямраад, зарим хүн вирустээ дийлдэж өөд болж байна" хэмээн тайлбарлав. Европт ч мөн адил юм байх аа. Тэгэхээр маск, хамгаалалтын хувцас бүрэн тус болохгүй байна, хэрвээ халдвар авсан эмч сувилагч олшроод ирвэл эмнэлгүүд боловсон хүчний дутаглалд орно, үүнийг онцгой анхаарах хэрэгтэй, тавиад туучих юм бол Эквадор улс шиг юм болно гэж анхааруулав. Том том эмнэлэг, мооргыг газар бэлдээд байдаг ч учиртай эд байна, базарваань.

2 долоо хоногийн дотор 10 сая хүн ажилгүй болсон тул тэдний эрүүл мэндийн даатгалын асуудал бүрхэг болж байна. Түүнээс өмнө 27 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй явж иржээ. Эрүүл мэндийн даатгалын гурван хэлбэрийг санал болгов. Ажиллаж байгаад халагдсан бол юуны түрүүнд КОБРА даатгалд хандах, болохгүй бол ОбамаКэйр даатгалд (сэргээх бололтой), бүр болохгүй бол бага орлоготой хүмүүст зориулсан Медик-Эйд даатгалд хандах хэрэгтэй гэнэ. Өрхийн жилийн орлого 3 түмэн доллар хүрэхгүй бол Медик-Эйд даатгалд бөглөөрэй, түр буй хүмүүс аялалын даатгал аваарай гэнэ. Ковид-19 вирусын шинжилгээ нь үнэгүй, эмчилгээ нь даатгалаар төлөгдөөд явах бололтой. Сайн судлаарай даа, та минь.

Цар тахлыг дарах цаад хугацаа тодорхой бус тул дор бүрдээ зоос мөнгөндөө ариг гамтай байгаарай. Энэ бол зөвхөн хувь хүнд биш ямар ч улс оронд бас хамаатай. Дэл сул дэмий юманд бүгдээрээ мөнгө бүү зараарай. Ороо бусгаа энэ цагт усан оргилуур бүр хэрэггүй шүү!

Ш.Баатар
2020.4.3

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу