Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Та нэгэн ярилцлагадаа "Адууны чанасан хүйтэн мах, сэнгэнэсэн сайхан айраг байвал ч гэж гүн санаа алдсан байсан. Нээрээ ч дундаа айраг сөгнөчхөөд хуучилж суух ч сайхан шүү. Тэр цаг удахгүй ирнэ гэдэгт гүн итгэж байна. Манай Хойт Америкийн Цахим өртөө ТББ-ын “Манайхан” сайтын Номын өргөөгөөр зочилж, өөрийнхөө номын ертөнцтэй танилцах боломж олгосон Танд их баярлалаа. За, ингээд асуулт, хариултдаа орох уу?

Баярлалаа. За тэгье.

Өөрийнхөө бага нас, анх бичиг, номтой танилцсан дурсамж, түүхээсээ хуучлах уу?

Би Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Хэнмэдэх, Төв аймгийн Өнжүүл сумын харьяат Цэндсүрэн гэдэг хоёр хүний ууган охин байгаа юм. Бага нас маань голчлон хөдөө, мал ахуй дээр өнгөрсөн. Зуны цагт хүүхэд ном унших нь бүү хэл хоорондоо ч ярих, хэвтэх ч (томчуул хэвтэж байгаа хүүхэд харвал бөөр нь уначихсан юм шиг хэвтээд, бос л гэнэ.) завгүй ажиллана. Хөдөөгийн малчид гэр бүлээрээ үүр цайхаас үнэгэн харанхуй болтол борви бохисхийхгүй байгалийн гэрлээр цагаа баримжаалан ажиллана даа. Энд хүүхэд ч ялгаагүй. Харин хичээл сургууль эхлэхээр ном, дэвтэр, үзэг, цаасандаа эргэж ирнэ дээ. Миний багад манай өвөө, эмээ манайд байдаг, аав, ээж оюутан болохоор эмээ, өвөөгийн гарын хүүхэд байсан гэх үү дээ. Би номон дотор өссөн хүүхэд. Эмээ, өвөөгийнхөө ардын ухааны яриа, үлгэр хууч, уншдаг бурхан, шашны судар номоос их юм сурсан. Тэд маань өглөө, оройд судар номоо уншина, би маань мэгзмээс нь цээжилнэ, тэднийгээ дагаж судраа бариад гэр, байшингаа гороолон тойрно. Цэцэрлэгт ороод хүүхдүүд уншиж сураад байгааг хараад аавдаа би уншиж сурмаар байна гэж эрхэлсэнд, аав 35 үсэг бичиж өгөөд бас Цагаан толгой аваад өгчихсөн. Дээр нь хөгжим сур гээд мандолин хөгжим аваад өгсөн гэж байгаа. Ингээд л би таван настай уншаад сурчихсан. Би зургаан дүүтэй л дээ. Тэгэхэд би дороо дөрвөн эрэгтэй дүүтэй байсан юм (хоёр ихэр дүү Х.Мөнхсанаа, Х.Мэндсанаа, улсын начин Х.Амраа, Х.Түвшинсанаа). (Хэнмэдэхийн Батсанаагийн талаар дэлгэрүүлж эндээс уншина уу: https://www.facebook.com/uranzul.dorj/posts/1168308496608447 )

Хоёр ихэр дүүгээ тэврээд, Амраа намайг хормойдоод л цэцэрлэгтээ явдаг байлаа. Аав бас уртын дуу заана. 5 настай хүүхдэд “ Хэрлэнгий баръяа” зааж байтал, ээж бага хүүхдэд ийм хүнд дуу зааж болохгүй гэж хориглосон санагдана. Би нэгэнт уншаад сурчихсан болохоор унших хорхой хүрээд гэрийнхээ номын санг онгичиход нэг бол ээжийн эмнэлгийн голцуу орос хэл дээрх номууд, эсвэл аавын МАХН-ын түүх, үйлдвэрчний эвлэлийн ажилтны гарын авлага гээд ойлгомжгүй улс төрийн номууд гарна. Тэднийхээ зургийг хараад байрныхаа хүүхдүүд, дүү нартаа уншина, үс гэзгийг нь самнана, тэрүүхэндээ багшилна. Сургуульд орохдоо би солгой байсан, багш маань зөв гараар бичүүлж сургах гэнэ, би тавын, гурвын тоог буруу харуулаад биччихнэ. Тэр үед манайх Их хайрхны уурхайд хэсэг байсан. Уурхайд номын сан гэж байх биш, ном гэвэл манай гэрийн ном сан байсан даа. Миний анх уншсан ном “Улаан малгайт” гэдэг ном байсан санаанд бууж байна.

Яг одоо Таны ажлын ширээн дээр ямар ном(нууд) байна? Тэдгээрийг ширээн дээрээ хадгалахын учир юу бол?

Яг одоо миний бичгийн ширээн дээр Journeys of Lifetime 500 of the World’s Greatest Trips гэдэг ном байна. Нэгэнт энэ нутагт аж төрж байгаагийнх олон газраар зорчих, зочлох хүсэл тээн эхнээс нь хэрэгжүүлж байгаа болохоор энэ лавлагааны ном их тус болдог. Бас америкийн уугуул индианчуудын тухай People: Visions of the American West ном сонирхол татдаг. Би эмч учраас эмнэлэг, эрүүл ахуйн номууд ширээн дээрээс салахгүй дээ. Би оршин байгаа орчин ахуй, тойрон аялал, эрүүл аж төрөхүйн талаар найз нөхөд, орж гарсан хүмүүст зөвлөж, чиглүүлж байдаг болохоор эдгээр танин мэдэхүйн номууд гарын дор байх нь надад болон сонирхсон хүнд их тус болдог.

Та аялах, шинэ газар нутагтай танилцах хооббийтой болохоор аялал, жуулчлалын ном, зохиол, лавлагааны эх сурвалжуудыг түлхүү унших юм аа даа?

batsanaa 02Миний амьдралын нэгэн жарны гуравны хоёр нь гадаадад өнгөрсөн байдаг. Орос оронд хоёр арван минь, энд бас л хоёр арван өнгөрч байна. Би биеэ боловсруулна, улс орон үзнэ гээд гэрээсээ нэлээд эрт хөндийрсөн. Оросод оюутан байхдаа жил болгон Хар далайд амраад, оюутны тойрон аялалд багтаад явж өгсөөн. Ямар сайндаа аав маань: - Манайд арслан тайж толгойлсон нэг л хүн байна гэж байхав. (инээв.) Би юм, юм л сонирхдог хүн гэлтэй. Анагаах төгсөөд эмч болж байхдаа ч л тийм байсан санагдана. Америкт буурь сэлгэснээсээ эхлээд энэ ард түмний түүх, соёл, ахуй амьдралтай танилцах, үзэх гэсэн газраа хүрээд үзчих бодлоо мөрөөдөл биш бодит, адал явдалт аялал байлгах гэж төлөвлөөд захаас нь хэрэгжүүлж байгаа. Ийм аялал сонин содон ном цуглуулах, ховор ном олж авах нэг боломж байдаг. Лав л дахиад арван жил аялах, сүлжих боломж харагддаг.

Та одоо ямар ( мэргэжлийн, уран зохиолын) ном уншиж байгаа вэ?

Би нэгд, мэргэжлийн, хоёрт, танин мэдэхүйн, гуравт, түүх, газар зүйн, бас нэр, алдартай хувь хүмүүсийн намтар, хөргүүд унших дуртай. Утга зохиол, урлаг уран сайхны бүтээл туурвилд цаг зарна даа. Түүхийн талаар гэхэд хамгийн сүүлд гурван ном уншсан юм байна. Америкийн 31 дэх ерөнхийлөгч асан Herbert Hoover-ийн тухай ном уншжээ. Хайчилбарч, зураач С.Төрбурамын ”Бодлын цөл”, Жеремайя Куртины “Монголчуудын түүх” номуудыг уншихад сонирхолтой байсан. Монголын уран зохиолын номыг тэр бүр хил, гааль давуулж авч уншиж завдахгүй юм.

Та номыг хэр хурдан уншдаг вэ? Бас унших номоо хэрхэн сонгож, шилдэг вэ?

Ямар ном уншихаас хамаарна. Зарим санал болгосон номыг бол эргүүлж, тойруулж, өмнө, хойно, дундаас нь алагчилж хараад миний унших ёстой ном биш гэж бодвол тэгээд л орхидог. Заавал унших хэрэгцээтэй ном байгаад сэтгэлд нийцвэл удаахан, бичээд, тэмдэглээд, үг үсэг, содон хэлц хэллэгийг тусгайлан багцлаад дахин, дахин уншдаг. Дэлгэрүүлж ухна гэсэн үг. Уншиж байгаа номоосоо санаа их авдаг. Унших номоо сонгохдоо урсаж, хөвөрч байгаа мэдээлэл, цаг үеийн нөхцөл байдал, эрхэлсэн ажлын шаардлага, онцлог, гэр ахуйн хэрэгцээ гээд олон зүйлээс хамаарна. Дээр нь бас оюуны хэрэгцээ, нийгмийн тус өгөөж гэж бий. Найз нөхөд, ажил нэгтнүүдийн шагшиж байгаа, муулж байгаа ном ч бас сонирхол татдаг. Гэхдээ сонголтоо би л хийнэ. Ер нь миний давын өмнө сонгож унших дуртай ном бол дээр хэлсэнчлэн мэргэжлийн чиглэлийн шинэ соргог бүтээлүүд, танин мэдэхүйн охиуд, хүмүүний тусын тулд биеэ зольж, өөрийгөө таниулсан эрхмүүдийн хөрөг зураглал юм. Унших гэсэн ном өөрөө л гарт ороод ирдэг юм даа.

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн ном бий юу? Яагаад?

Миний амьдралд нөлөөлж, зүглүүлсэн ном гэвэл өвөө, эмээ нарынхаа уншиж, тайлбарлаж өгдөг байсан судар, шашдируудыг нэрлэнэ. Тэд маань хүн байхын утга учир, эх дэлхийгээ хайрлахын ухаан, байгаль, хүн, амьтны гурвалсан шүтэлцээ, нүүдэл, суудал, монгол ахуйн үндсийг судраараа дамжуулан намайг хүн болгон төлөвшүүлж, ухаажуулах, амьдралд зүтгэх, ачаа даах, өөрийнхөөрөө байх баримжаа, хат суулгаж байжээ гэж би одоо санан бодож залбирч явдаг юм.

Ном унших зав чөлөө хэрхэн гаргаж, зохицуулдаг вэ?

Хэдийгээр бид энд цаг наргүй зүтгэн хөдөлмөрлөж байгаа ч хүн дуртай зүйлдээ хэзээд цаг зав гаргадаг хойно ажлаа харж байгаад ном унших цагаа боддог. Ном унших нь надад амралт болдог. Голцуу оройн цагаар ном унших цагаа төлөвлөдөг. Би өдөрт 3 орчим цаг, долоо хоногт 30 гаран цаг ном уншихад гаргадаг. Энэ жил чинь Ковид-19 гээд гэрийн хорионд байгаа болохоор уул хадаар явна гэх биш, үзвэр, олон нийтийн ажил хаалттай учир ном л унших юм даа. Гадуур гарч алхаад, усанд сэлээд, ажлаа хийсний хойно орой таваас хойш номын сандаа ороод түшлэгээ налан тухалж аваад нэг сайхан уншууртай ном бариад “тасрах” ч бас жаргал, таашаал шүү дээ! Америкт унших ном, боломж асар их. Манай гурван өрөөний номын тавиураар дүүрэн ном. Уншиж дуусгах сан гэсэн ном ч байна. Миний цуглуулсан ном хураагдаад л уншигдах мөчөө хүлээсээр. Уншиж завдахгүй юм. Зах зухаас нь "эмтэлж" л сууна.

Аль хэл дээр ном түлхүү уншдаг вэ?

Миний орчин америк ахуй, унших гэсэн ном маань англи хэл дээр болохоор сонирхсон номоо англи хэл дээр голцуу уншина. Би Оросын Эрхүү хотын Анагаах ухааны их сургууль төгссөн учир мэргэжлийн чиглэлийн зарим номыг орос хэл дээр уншина. Энд North руу явахлаар орос найзууд элбэг бий. Тэдэнтэйгээ хамт загасчлах, уул, усаар аялах, цана, чаргаар гулгах, гэр бүлийн баяр тэмдэглэх гээд явж өгнө. Тэдний амьдралын хэв маяг, иддэг уудаг нь ойролцоо болохоор амар байдаг юм. Далимд нь орос хэлээ сэргээж, тэднээсээ шинэ, сэргэг мэдээллээ авчихна. Америкт орос радио 24 цагаар янз бүрийн сувгаар явж байгаа болохоор орос радио сонсоно. Монголын зохиолчдын бүтээл туурвилыг бол монголоор уншина.

Ер нь ном, ном унших гэж юу болохыг энгийн үгээр хэлнэ үү.

batsanaa 03Хүн бүхнийг номоос л олж авдаг (байлаа). Эртний мэргэдийн айлтгал “Ухаан далай номоос эхтэй” гэж алдарт үг бий дээ. Бас бидний хүүхэд байхад “Ном бол ертөнцийг харах цонх мөн”, “Сур сур бас дахин сур” гээд том, том уриалга анги болгонд байлаа. Ном бичиж, туурвиж байгаа хүн тухайн сэдвээрээ судалгаа, дүгнэлт хийчихсэн, асуудал хөндсөн, шийдлийг эрж хайсан байдаг бөгөөд номын талбар дээр уншигчийг татан оролцуулж, мэтгэлцэх, санал солилцох дүрийг танд үлдээдэг. Мэргэжлийн ном бол шинжлэх ухааны онол, тайлбарлал, бодит хэрэгцээ, хэрэгжилтийг холбох том гүүр юм. Би чинь хорьдугаар зуун, хуучин мянганы хүн болохоор бүхнийг номоос олж авч, олж мэдэж, номын агуулгад хөтлөгдөн тэмүүлж, эрж хайж явсан гэж хэлж болно. Одоогийнх шиг интернэт сүлжээ, ухаалаг гар утас гэх зүйлс ор бараагүй байхад ном л бүхэнд хөтлөх, чиг заах, чирэх хүч байлаа шүү дээ. Ном бол одоо ч миний үнэнч нөхөр.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн агсан та нар ойрхон ахан дүүс. Лхагвасүрэн гуайн ном танайд бүгдээрээ байгаа даа? Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиолоос сэтгэлд хоногшсон үг, сургаал, шүлгээс нэрлэх үү (унших уу).

Бүгдээрээ байна. "Уянгын тойрог", "Морин зэрэглээ", "Гашуун өвс", "Ангир уураг", "Хос уянга" гээд бүгд бий. Олон хувиар ч байна. Сүүлд гарсан “Морин зэрэглээ” нь нэг тавиур дүүрэн байна. Сонирхсон, хэрэгцээтэй хүмүүст өгөхөд бэлэн байгаа. Лхагваа ахын алтдаж хэвлээн 3 боть шилмэл зохиол (2008), Хүнд манан” (2016), Зовсон сүү” (2013) бүтээлийг магнайдаа барин адис хүртэх ч багадам санагддаг. Хүмүүс надаас шүлэг бичдэг үү гэж их асуудаг, би шүлэг бичдэггүй. Харин миний бага дүү Нью-Йорт суудаг. Хөөрхөн шүлэг бичнэ. Ардын хувьсгалын болон Төв аймгийн 100 жилийн ойгоор шүлгээ түүвэрлэн хэвлүүлэхийг зөвлөдөг. Ахын “Ил үгтэй хүн, ил гал хоёр хамгийн сайхан” гэж үг бий. Лхагваа ахын “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлэг миний хүүхэд насны алтан дурсамжийн мөнхрөл гэж тоодог. Энэ шүлгийн:

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг, нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам

гэсэн мөрүүд багадаа ээжийгээ хормойдож явахад наадмын худалдаанаас ээжийн авч өгсөн чихрийн амт одоо ч надад амтагддаг.

Одоо энэ Нүүр номоор давлагаалах, нэгдэх, урих, уриалан дуудах гээд нэгэн зүйл савлагаа яваад байна. Тэгвэл Хойт америкийн Цахим өртөөний гишүүдээс хэнийг “Цахим өртөөчдийн номын өргөөний" ярилцлагад дараагийн зочноор уримаар байна?

Миний бодож явдаг нэг цэг дээр та тоншчихлоо. Манай Америкт суугаа монголчуудын төлөөнөө ихийг хийж, олон сонин, содон үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлж байдаг ч олонд төдийлөн ил харагддаггүй нэг хүн бол Э.Жагдагдорж гэж боддог.

Энэ удаад та Э. Жагдагдоржийн номын ертөнцөөр нэг шагайвал тун сонирхолтой яриа, хүүрнэл өрнөх байх.

П. Увш: Танд их баярлалаа.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу