Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“Цахим өртөөчдийн номын буян” буланд зочноор “Хойд Америкийн Цахим Өртөө” АББ-ын гишүүн, палеонтологич Минжингийн Болорцэцэг уригдлаа. Монголын газар нутгаас олдсон үнэт олдвор “Батаар”-ыг буцаан авчирахад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн гэдгийг манайхан андахгүй байх. Олон зуун сая жилийн тэртээх амьдрал, организмыг нээн илрүүлж, судлан шинжилдэг судлаач, доктор профессор хүний номын санд зочилж, номын ертөнцөөр аялах бас нэгэн сонирхолтой мөч байлаа.

Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Номын тухай ярилцахаас өмнө та өөрийн ажил мэргэжил, сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийнхөө талаар, мөн яагаад энэ салбарыг сонирхон судлах болсон тухайгаа манай уншигчдад сонирхуулаач? 

Өдрийн мэнд хүргэе. Миний мэргэжил палеонтологич, АНУ-ын Нью-Иорк мужид ажиллаж амьдарч байна. Америкийн Байгалийн Түүхийн Музейд судлаач,  National Geographic байгууллагын судлаач мѳн ментор хийдэг. Америкт анх докторын зэрэг хамгаалахаар ирж байсан. Хэдэн жилийн өмнөөс “Монголын динозавр судлалын хүрээлэн”-г байгуулж, энэ байгууллагынхаа шугамаар Монголд шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр сургалт явуулах, хууль бусаар монголын хил давсан динозавр буцаах, монгол нутгаас олдож байгаа байгалийн ховор өвөө хэрхэн хамгаалах, цаашлаад аялал жуулчлалын салбар монголын эдийн засагт ямар ач холбогдолтой байж болох, олон улсын стандартын шаардлага хангасан үзвэр, музейг бий болгох гээд сүүлийн үед ашгийн бус чиглэлийн үйл ажиллагаан дээр илүү төвлөрч ажиллаж байна. Энэ салбарын хүн болох эхлэл маань яалт ч үгүй миний аавтай холбоотой. Аав маань мөн палеонтологич, геологич хүн. ШУТИС-д мэргэжлээрээ 40 гаруй жил багшилсан Монголоос олддог, 400 сая жилийн настай, эртний далайн шүр судалдаг судлаач хүн байсан. Аавынхаа ажлыг үргэлжлүүлж, эртний шүрийг судлан магистраа хамгаалж байлаа. Энэ чиглэлээр ажилласан боловсон хүчин тухайн үед их дутагдалтай байсан учир аав маань миний ажлыг удирдаж байсан. Бага байхад аав маань зунжин хөдөө байгалийн сайханд ажиллана, хааяа аавыгаа дагаад явах их дуртай, ингэж явахдаа аавыгаа дуурайн ажиглалт хийж байгальд улам л татагдах болсон доо. Ингэж л аавынхаа нөлөөгөөр энэ салбарын хүн болох эхлэл маань тавигдсан. 

Судлаач хүний номын сан мэдээж хэрэг салбарын ном материалаар дүүрэн байдаг байх, яг одоо мэргэжлийн номноос гадна ямар ном зохиол уншиж байгаа вэ? 

Book 1Палеонтологиос гадна музейн чиглэлээр бичигдсэн ном материал унших дуртай. Зөвхөн байгалийн түүхийн гэлгүй бүх чиглэлийн музейн тухай сонирхон уншдаг. Музейн нэг үзмэрийн ард бүхэл бүтэн нэгэн цаг үеийн төлөөлөл болохуйц мэдээлэл түүх агуулагдаж байдаг учраас их сонирхолтой санагддаг.  Тухайлбал Чингис хааны дуулга олдлоо гэхэд зөвхөн дуулганы тухай биш, дуулгатай холбоотой тэр цаг үе нь ямар байсын, нийгмийн байдал, хүмүүсийн аж амьдрал ямар байсын гэхчлэн олон сонирхолтой баримт дэлгэгддэг. Музейн чиглэлээр бичигдсэн сүүлийн үеийн ном зохиолыг алгасахгүй уншихыг хичээдэг дээ. Хамгийн сүүлд “Behind the Crimson Curtain, The Rise and Fall of Peale’s Museum” гэж  найзынхаа бэлэглэсэн номыг уншиж байна. Аль 1700 онд Америкийн Филаделфиа хотод байгуулагдсан эртний музейн тухай ном.  Одоогоос 250 жилийн өмнө байгуулагдсан энэ музей эхлэл сууриа хэрхэн тавьсан, олдвор, сан хөмрөгөө яаж бүрдүүлсэн гээд музейн хөшигний ард өрнөсөн үйл явдлыг их сонирхолтой байдлаар бичсэн. Ердөө энэ есөн сард хэвлэлтээс гарсан шинэхэн номыг амтархан уншиж байна. Бидний мэдэх Америкийн Байгалийн Түүхийн Музей бол 1869 онд байгуулагдсан. Бас л эртний музей. Энэ жил 150 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Гэтэл миний уншиж байгаа номон дахь Музей Байгалийн түүхийн музейгээс даруй 100 жилийн өмнө байгуулагдсан гэхээр маш их сонирхол татаж байгаа. Зохиогчийн өмнө нь бичсэн номыг бас уншиж байсан, их сонирхолтой сэдвийг барьж авч бичдэг. Тухайлбал үнэгийг яаж, гэрийн тэжээмэл амьтан болгох вэ гэсэн сэдвээр Оросын үнэгний фермд эрдэмтэд нууцаар шинжлэх ухааны туршилт хийж байсан тухай их сонирхолтой ном байсан. 

Таньд хамгийн их нөлөө үзүүлсэн, ямарваа нэг зүйлийг эхлүүлэхэд, амьдралаа өөрчлөхөд түлхэц өгсөн номоо нэрлээч гэвэл та ямар ном нэрлэх бол? 

Book 2Мэдээж олон ном зохиол бий, тэр дундаас “Foreign Devils on the Silk Road” буюу Монголоор орчуулбал “Торгоны зам дээрх гадны чөтгөрүүд” ном санаанд бууж байна. Торгоны замын талаар бас их сонирхон уншдаг. Тухайн үеийн соёл хөгжил, зам дагуух орнууд яаж өөр хоорондоо холбогдож, соёлын солилцоо хийж байсан, мөн торгоны зам дагаад маш их хэмжээний үнэт олдворууд олддог. Элсний нүүдэлд дарагдсан бүхэл бүтэн суурин газар байдаг гэж судлаачид үздэг. Номонд олон улсын судалгааны экспедицүүд их хэмжээний үнэт олдворыг гадагш зөөж байгаа тухай, Хятадууд энэ байдалтай тэмцэж, зарим хайгуул судалгааны ажлыг зогсоож өөрийн эд юмаа хөөцөлдөн олж авах оролдлого хийж, багагүй амжилт олсон тухай бичсэн байдаг. Энэ номыг уншсанаар олон жилийн турш дотроо бодож явдаг асуудал, хөндүүр сэдвийг хөндөх шиг л болсон. Зөвхөн Монгол ч биш том гүрэн Хятад хүртэл эд юмаа алддаг, эргээд олж авахын төлөө тэмцдэг бол бид ч гэсэн алдсан зүйлээ өөрийн болгох тал дээр дорвитой ажил эхлүүлэх цаг нь болжээ гэсэн бодлыг улам их өдөөсөн, түлхэц өгсөн ном гэж боддог. Гадаадад ажиллаж байх хугацаанд Монголынхоо асуудлыг тодорхой харах боломж илүү бүрддэг юм шиг санагдсан. Дотор нь байхад асуудалтайгаа эвлэрч, дасах сѳрѳг зүйл байдаг байх гэж боддог. Мөнгөөр үнэлэшгүй үнэт зүйлсээ бид алдчихаад ялангуяа салбарын хүмүүс бид зүгээр сууж яавч боломгүй санагдаж эхэлсэн. Ингэж л “Батаар”-ыг өөрийн болгож авах ажлын эхлэл тавигдахад уншсан ном хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн байдгийг дурсахад таатай байна. 

“Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг” гэж ардын зүйр үг байдаг. Бид ер нь өөрт юу байдгаа сайн мэддэггүйтэй холбоотой юм болов уу?  Биднийг жаахан байхад Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь номонд цөөн тооны үлэг гүрвэлийн тухай зурагтай мэдээлэл байдаг байсныг санаж байна. Өнөө цагт шинээр хэвлэсэн, сонирхсон хүнд хангалттай мэдээлэл өгөх ном материал бий юу? 

ISMDНом материалууд одоо хэр нь хангалтгүй байна. Орчуулгийн мэр сэр ном байхаас оргинал бүтээл одоогоор байхгүй. Аялал жуулчлалын салбарт хүртэл хуучирсан, өнгөц мэдээлэлтэй байна. Манай улс орноос дэлхийд гайхагдах ховор олдворууд олддог байхад бид гадны орчуулгаас өөр гарын авлагагагүй байна гэдэг харамсалтай. Палеонтологийн чиглэл дээр түлхэц өгөх онолын чухал зүйлийг бататгаж өгсөн олдворууд Монголоос нэлээд хэд хэд гарч байна. Үүнийг Монголчууд бид мэддэг байх хэрэгтэй. Бидний амьдардаг, гэрийн бууринаас дэлхийн том нээлтүүд олдож байхад бид мэддэггүй. Ер нь бараг хамгийн сүүлд хэн сонсдог уу, Монголчууд сонсдог гэж хэлэхэд буруудахгүй. Энэ бол яах аргагүй мэдлэг мэдээлэл, ном, гарын авлага материал хомс дутуу байгаагийн илрэл. Олдвор гараад явчихаар мэдлэг гараад явж байна л гэсэн үг. Тиймээс манай “Монголын динозавр судлалын хүрээлэн” яг энэ асуудлыг анхааралдаа авч шинэ үеэ бэлтгэх, нутгийн иргэд хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл өгөх, сургалт семинар зохион байгуулах, чанартай ном, гарын авлага материал бэлдэх, хэвлэх зэрэг ажлыг эхлүүлээд явж байна. Ойрын хугацаанд зөвхөн Монголын газар нутгаас олдож байгаа динозавруудын тухай ном гаргахаар бэлдэж байна. Динозавруудын гаднах дүр төрхийг илүү тод томруун, бодитойгоор харуулахын тулд мэргэжлийн зураачидтай хамтран ажиллаж байгаа.  Одоогийн байдлаар Монголын газар нутгаас 80 гаруй төрлийн динозавр олдсон байдаг, бүгдийг нь зуруулахаар төлөвлөж байгаа. Ганц номноос мэдээлэл авахаас гадна нүүдлийн музей үзэсгэлэн аялуулж байна. Одоогоор 12 аймгаар явсан. Яг энэ ховор олдворууд ихээр олддог сум, орон нутгийн иргэд, хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгохыг зорьдог. Цаашдаа 21 аймгаар явах бодолтой байгаа. Эрдэмтэн судлаач гэхээр олон нийтээс тусгаарлагдсан, зөвхөн судалгаа шинжилгээн дээр төвлөрдөг биш, иргэд олон нийттэйгээ холбоотой ажиллаж мэдлэг мэдээлэл түгээх нь эрдэмтэн судлаачдийн бас нэг чухал үүрэг шүү дээ. Энэ соёлыг бий болгох гэж манай баг хамт олон хичээн ажиллаж байгаа.

MobileMuseum

Та болон танай байгууллагын хүчин чармайлтаар бид өөрийн болгож авсан “Батаар” нэртэй үлэг гүрвэлийн мөрөөр Америкийн нэгэн сэтгүүлчийн бичсэн номд таныг ярилцлага өгсөн гэж сонссон энэ тухайд бидэнд сонирхуулаач? 

Тиймээ яг манай “Батаар”-ыг тойрсон асуудлаар бичсэн ном. Нэр нь “The Dinosaur Artist”. “Батаар”-ыг яаж хөөцөлдөж олж авсан тухай надаас яриа авч байсан. 2018 онд хэвлэгдсэн ном бий. “Батаар”-ыг хулгайлсан АНУ-ын иргэний тухай энэ номд голлон өгүүлдэг. Энэ хүн яагаад динозавр сонирхох болсын, тэр нь яагаад бизнес ашиг хонжооны хэрэгсэл болсон, дуудлага худалдаа хөшигний ард юу болдог, ямар зам дамжлага, туулж байж “Батаар” Монголчууд бидний гар дээр ирсэн гээд бүх мэдээлэл байгаа. Англи хэл дээр бичигдсэн уншихад их сонирхолтой. Гол нь асуудлын мөн чанартай танилцах, ямар учраас ийм асуудал гардаг гэдийг таньж мэдэх давхар ач холбогдолтой ийм ном байдаг. Олж уншвал их зүгээр.  

Та ер нь ном унших зав хэрхэн гаргадаг вэ? номын ач тусын тухайд та өөрийнхөө үгээр тайлбарлавал? 

Ном унших цаг завыг зориуд гаргахыг хичээдэг. Хагас, Бүтэнсайнд ажилтай холбоотой ямар ч зүйл төлөвлөхгүй, мэйл, мэссэж ч хүлээн авдаггүй, фэйсбүүк нийгмийн сүлжээнээс бүрэн татгалздаг. Яг ингэж өөрийгөө тусгаарлахаар бага ч атугай хувийн цаг олдож, тэр үед ном унших боломж бүрддэг дээ. Ном уншихын ач тусын тухайд мэдлэгийн хүрээ тэлнэ. Шинэ сонирхолыг бий болгоно. Аль нэг газрын тухай уншсан бол тэр газраа очиж үзэх юмсан гэж боддог. Хэзээ нэгэн цагт очдог.  Шинэ боломж шинэ хаалга нээгддэг. Бас нэг сайхан тал нь ном уншихаар тархи амарна. Энгийн үед өнөөдөр яах билээ, маргааш яах билээ гэж байнга ажил бодож явдаг миний хувьд оюун санаа зөвхөн нэг зүйл дээр төвлөрөөд ирэхээр тархи оюун бодолд амралт болдог. Өнөө цагт хүмүүс асар их мэдээллийг нэгэн дор өндөр хурдтайгаар, олон хэрэгслээр зэрэг зэрэг авдаг болсон. Тэр хэрээр хүний тархи маш их ачаалалтай ажиллаж байгаа ийм цаг үед бид амьдарч байна шүү дээ. Тэгэхээр ном уншина гэдэг нэг төрлийн тархины бясалгал. Олон бодол зэрэг орж ирэх сувгийг түр ч гэсэн амрааж санаа тавьж байсан олон асуудлаас хэсэг хугацаанд ч болов ангижрах эм юм даа.

Сонирхолтой яриа өрнүүлсэн таньд маш их баярлалаа, ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. 

Т.Цэвэлмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу