АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ хэт яаран хөл хориог цуцлах нь өндөр эрсдэлтэй талаар Фаучи анхааруулж байна

Коронавирусын цар тахлын үеэр хэт яаран хөл хориог цуцлах нь уг вирусээр өвчлөгсөд болон нас барагсдын тоог нэмэгдүүлэх эрсдэлтэй хэмээн доктор Энтони Фаучи анхааруулж байна. 

КОВИД-19-ын эсрэг хариу арга хэмжээ авахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн тэрээр шат дараатайгаар хөл хориог цуцлахад засгийн газраас гаргасан заавруудыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай гэсэн юм. Үүнд хоёр долоо хоногийн хугацаанд вирусээр шинээр өвчлөгсдийн тоо буурах, вирусын тархалтыг хяналтад байлгах, асрамжийн газар гэх мэт вируст өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээнүүд багтаж байгаа аж.

Эдгээр зааварчилгаанд дурдсан арга хэмжээнүүдийг авалгүй орхигдуулах нь улс даяар өндөр эрсдэл дагуулж, хэвийн байдалд ороход хүндрэл учруулна гэдгийг тэрээр мөн онцолсон байна.

Эх сурвалж: Associated Press

Тесла компани хөл хориог үл хайхран Фремонт хотод байрлах үйлдвэрээ нээлээ

Тесла компани Бэй Ареа дахь үйлдвэрээ нээж буй талаар тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Даваа гаригт мэдэгдлээ. Энэ нь тус газарт хэрэгжиж буй захирамжийг үл ойшоосон алхам болсон юм. Маск өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан холбогдох хүмүүс шаардлагатай бол өөрийг нь баривчилж болно хэмээн жиргэсэн байна.

Мужийн хуулиар эрүүл мэндтэй холбоотой захирамжийг зөрчсөн тохиолдолд өдрийн 1,000 хүртэл доллараар торгох эсвэл 90 хүртэл хоног хорьдог байна. 230,000 хүн амтай Фремонт хотод байрлах тус компанийн үйлдвэр гуравдугаар сарын 23-ны өдрөөс хойш хаалттай байжээ.

Тесла компани ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарч, ажилчиддаа маск зүүлгэн, бээлий өмсгөхөөс гадна ажлаа эхлэхээс нь өмнө халууныг нь хэмжих зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөөд байгаа талаараа мэдэгдсэн байна. Мөн Маск хотын удирдлагууд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс хамаарч, шаардлагатай бол компанийнхаа төв байр болон ирээдүйн төслүүдээ Техас, Невада мужуудруу нэн яаралтай нүүлгэх болно хэмээн Бямба гаригт Твиттер хуудаснаа жиргэжээ.

Эх сурвалж: NBC

Хятад улс АНУ-ын импортын зарим бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөхөөр боллоо

Хоёр талын худалдааны асуудал хурцадмал үед оногдуулаад байсан татвараас 79 бүтээгдэхүүнийг чөлөөлөх тухай Хятадын тал Мягмар гаригт мэдэгдлээ. Эдгээр бүтээгдэхүүний жагсаалтад газрын ховор металын хүдэр, алтны хүдэр, мөнгөний хүдэр болон баяжмалууд багтаж байгаа аж.

Хятад улсын сангийн сайд мэдэгдэлдээ энэхүү татвараас чөлөөлөх ажиллагаа тавдугаар сарын 19-нд хэрэгжиж эхлэх ба 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй гэжээ. Импортын үнийн дүнгийн талаар тэрээр мэдээлэл өгөөгүй байна.

Хоёрдугаар сард Бээжингийн удирдлагууд АНУ-ын 696 бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх талаар мэдэгдэж байсан ба эдгээрт шар буурцгийн шош болон гахайн мах зэрэг гол бүтээгдэхүүнүүд багтаж байсан юм.

Бээжин болон Вашингтон хотын худалдааны хэлэлцээрийнхэн өнгөрсөн долоо хоногт утсаар холбогдох үеэрээ нэгдүгээр сард хийгдсэн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн байна. Энэхүү хэлэлцээрээр  Хятад улс АНУ-аас худалдан авах бараа бүтээгдэхүүний хэмжээг хоёр жилийн хугацаанд 2017 оныхоос 200 тэрбум доллараар нэмэгдүүлэх ба ингэхдээ худалдан авалтыг эхний жилд 77 тэрбум доллараар, хоёр дахь жилд 123 тэрбумаар нэмэгдүүлэхээр зөвшөөрч байжээ.

Эх сурвалж: Reuters

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу