АНУ-д коронавирусын тархалт энэ долоо хоногт хамгийн дээд цэгтээ хүрнэ хэмээн CDC байгууллагын удирдлага мэдэгдлээ
АНУ-д КОВИД-19 вирусээр нас барагсдын тоо 4-р сарын 13-ны Даваа гаригийн байдлаар 22,000 даваад байна. Сүүлийн 4 хоногт уг вирусээр нас барагсдын тоо өдөрт 2,000-аар нэмэгдээд байгаа юм. Тэдний дийлэнх нь Нью-Йорк хотын ойролцоо бүртгэгджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ тоо илүү өндөр байх магадлалтай аж. Учир нь уг вирусээр гэртээ нас барагсдын тоо статистик үзүүлэлтэд ороогүй байна. CDC байгууллагын удирдлагын хэлж буйгаар вирусын тархалт хамгийн өндөр цэгтээ хүрч байна.
Эх сурвалж: Reuters
Улаан өндөгний баярын өдөр хуй салхи 19 хүний аминд хүрчээ
Цаг агаарын ноцтой үзэгдлийн улмаас Louisiana орчмоос Appalachian Mountains хүртэл 19 хүн амь насаа алдаж, хэдэн зуур айл гэр хохирол амсаад байна. Mississippi мужид 11, Georgia мужийн баруун хойд хэсэгт 6, Arkansas болон South Carolina мужуудад тус бүр 1 хүн амиа алджээ.
Хүчтэй салхины улмаас Texas мужаас Maine муж хүртэл ойролцоогоор 1.3 сая иргэд тоггүй болсон байна.
Эх сурвалж: Associated Press
Хөл хорионы удирдамжийг сулруулахгүй байхыг Өмнөд Солонгос улс анхааруулж байна
Өмнөд Солонгос болон АНУ-д коронавирусын анхны тохиолдол зэрэг бүртгэгдэж байжээ. Өмнөд Солонгос улсын засгийн газар иргэдээ шинжилгээнд эрчимтэй хамруулж, вирусын тархалтыг хяналтад авсны үр дүнд халдвар шинээр авагсдын тоо буурсан юм. Тус улсад вирусээр нас баралтын хувь АНУ-ын үзүүлэлтээс 3 дахин бага бөгөөд нэг хүнд ногдох шинжилгээний тоогоор АНУ-аас 3 дахин их байна.
Өмнөд Солонгосын ерөнхий сайдын хэлж буйгаар вирусын тархалтыг удаашруулахын зэрэгцээ эдийн засгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг тодорхой түвшинд зөвшөөрөх тухай шинэ удирдамжийн талаар албаны хүмүүс хэлэлцэж байгаа аж. Хэт яаран хөл хориог сулруулах нь буцаах боломжгүй нөхцөл байдалд хүргэх тул энэ асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй хэмээн тус улсын эрүүл мэндийн дэд сайд хэлжээ.
Эх сурвалж: Washington Post
Одоогоор 70 вакцин дээр ажиллаж байгаа талаар ДЭМБ мэдээллээ
Коронавирусын эсрэг дэлхий даяар нийт 70 вакцин дээр ажиллаж байгаагаас 3 вакциныг аль хэдийн хүн дээр туршиж эхэлсэн талаар ДЭМБ мэдээлжээ. Тэдний нэг нь Хонг Конгд бүртгэлтэй CanSino Biologics Inc. болон Бээжингийн Биотехнологийн Институтын бүтээсэн 2 дахь шатандаа яваа вакцин юм. Үлдсэн 2 вакцин нь АНУ-ын эмийн үйлдвэрлэгчид болох Moderna Inc. болон Inovio Pharmaceuticals Inc. компаниудын тус тусын бүтээсэн вакцин юм байна.
CanSino компани вакцинаа хүн дээр турших зөвшөөрлийг өнгөрсөн сард Хятадын захиргаанаас авчээ. Massachusetts мужид байрлалтай Moderna компанийн хувьд хүн дээр туршилт хийх зөвшөөрлөө гуравдугаар сард авсан бол Inovio компани өнгөрсөн долоо хоногт туршилтаа эхлүүлсэн байна.
Эх сурвалж: Bloomberg
Амазон компани цахим хүнс худалдан авагчдаа хүлээлгийн жагсаалтад оруулж эхэллээ
КОВИД-19 вирусын тархалтын үеэр хүнс хүргэлтийн үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж байгаагаас үүдэн Амазон компани цахимаар хүнс шинээр худалдан авагчдаа хүлээлгийн жагсаалтад орууллаа. Тус компани Amazon Fresh болон Whole Foods Market үйлчилгээнүүдэд шинээр бүртгүүлж буй харилцагчиддаа уг хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх сонголтыг өгч байгаа аж.
Тус компани үйлчлүүлэгчдийнхээ онлайн хүнс худалдан авалтын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд өнгөрсөн долоо хоногуудад хүнс хүргэлтийн 80 дэлгүүрээ 150 болгон нэмэгдүүлсэн ба цаашид ч энэ тоог нэмэхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: TechCrunch