CDC

АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага: Коронавирус хэзээ ч устахгүй байж болзошгүй

Шинэ коронавирус устахгүй бөгөөд хүн төрөлхтөн энэхүү вирустэй зохицон амьдрах шаардлагатай болж болзошгүй талаар ДЭМБ анхаарууллаа.

Вирусыг тархахаас сэргийлэн зарим улс орнууд хөл хориог бага багаар сулруулж байгаа ч ДЭМБ-ын зүгээс вирус бүхэлдээ устахгүй байх магадлалтай гэсэн юм. Анхны тохиолдол Хятад улсын Вуханд өнгөрсөн оны сүүлээр илэрсэнээс хойш нийт 4.2 сая хүн уг вирусээр халдварлаад байгаа бөгөөд 300,000 хүн уг вирусээр амь насаа алдаад байна. 

ДЭМБ-ын онц байдал хариуцсан захирал Майкл Райн хэлэхдээ “Хүн төрөлхтөн бид анх удаа уг вирустэй нүүр тулж байгаа учир хэзээ үүнийг даван туулахыг тааж хэлэхэд хэцүү байна” гэсэн юм. Тэрээр мөн уг вирус бусад вирусын адил бидний дунд байсаар байж болзошгүй хэмээн Женевт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Түүнчлэн ДЭМБ-ын удирдлагууд улс орнуудыг сонор сэрэмжээ өндөр байлгах хэрэгтэй бөгөөд хэвийн байдалд эргэн ороход маш урт хугацаа шаардана гэдгийг дахин дахин сануулсаар байна.

Эх сурвалж: AFP

 

Найман долоо хоногийн дотор АНУ-д 36.5 сая иргэн ажилгүй боллоо

Өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор 3 сая иргэн ажилгүйдлийн тэтгэмжид бүртгүүлсэнээр сүүлийн найман долоо хоногт ажилгүй болсон иргэдийн тоо 36.5 сая болсон талаар Хөдөлмөрийн Яам мэдээллээ. Өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 14.7% хүрсэн нь Их Хямралын үеэс хойш хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Харин хоёрдугаар сард буюу хөл хорио тогтоохоос өмнө ажилгүйдлийн түвшин 50 жилийн хугацаан дахь хамгийн бага буюу 3.5% байжээ.

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жероме Павелын хэлж буйгаар эдийн засгийн энэхүү уналтын цар хүрээ болон хурд өмнө нь тохиолдож байгаагүй бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи эдийн засгийн бүх хямралаас дор байгаа талаар мэдэгдсэн юм. Тэдний хийсэн судалгаагаар жилд 40,000 доллараас бага орлоготой айл өрхийн ажил эрхлэгчдийн 40% нь гуравдугаар сард ажилгүй болсон байна.

2020 оны эхний улиралд эдийн засаг 4.8%-иар агшсан ч ирэх саруудад энэ тоо хоёр орон тоод хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: NPR

 

CDC байгууллагаас шинэ зөвлөмж гаргалаа

Сургууль, цэцэрлэг болон ресторан, бар зэрэг газрууд үйл ажиллагаагаа явуулж эхлэхтэй холбоотойгоор CDC байгууллага зөвлөмж гаргалаа. 

Тус зөвлөмжид байгууллагууд эрсдэлтэй бүлгийн, тэр дундаа 65 болон түүнээс дээш насны болон эрүүл мэндийн хүнд нөхцөлтэй бүх насны ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ автлаа бизнесээ эргэн нээхгүй байхыг зөвлөжээ. Энэхүү нөхцөлийг ханган, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бол цэвэрлэгээ, ариутгалыг сайжруулж, гар угаах, амны халхавч зүүх зэргийг мөрдлөг болгохыг мөн зөвлөсөн байна.

Сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон хүүхдийн зуслангийн газрууд ажилчид болон хүүхдүүдийг өдөр бүр шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг болон өмнө нь вирусээр халдварласан эсэхийг бүртгэж, хянах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж болохгүй талаар уг зөвлөмжид мөн тусгажээ. Бар, ресторан, нийтийн тээврийн хэрэгсэл болон бусад газруудыг ч мөн ижил хяналтын системтэй байхыг зөвлөжээ.

Эдгээр зөвлөмжөөс гадна өөрийн хот болон мужид хэрэгжиж буй захирамжийг дагаж мөрдөх нь зүйтэйг CDC байгууллага дурдсан байна. Учир нь тэдний гаргасан эдгээр зөвлөмжийг дагаж мөрдөх эсэх нь тухайн мужийн тус зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх эсэх шийдвэр болон Трампын засгийн газар мөн дэмжих эсэхээс хамаарах аж.

Эх сурвалж: NPR

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу